| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0267/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/330 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Н.Ш,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Хулан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***ийн М-т холбогдох эрүүгийн 2038001340278 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овогт *****ийн М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвийн уулзвар дээр 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ***** загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ш-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвхэн худалдааны төвийн уулзвар дээр 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ***** загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ш-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-14 хуудас),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл ( хх-ийн 15-16-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл (хх-ийн 96-р хуудас),
Шүүгдэгч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2024 оны 12 дугаар сарын 06-ны 19 цагийн үед би Мөрөн сумын 8-р багт байрлах Тэвхэн худалдааны төв рүү орох явж байсан чинь миний машины баруун талыг нэг зүйл шүргэж байгаа юм шиг тийм зүйл мэдрэгдэхээр нь би машинаа зогсоогоод миний машиныг хүүхдүүд л зурах шиг болсон гэж бодоод толиндоо харсан чинь надад юм харагдаагүй тэгээд би яасан сахиллагүй хүүхдүүд вэ гэж бодоод машинаа хөдөлгөөд жоохон явсан чинь миний машинд нэг зүйл тулаад байхаар нь би машинаасаа буугаад харсан чинь миний машины урд талд нэг эмэгтэй хүн хөлөө жийсэн сууж байсан тэгээд та намайг мөрөгчихлөө гэж надад хэлэхээр нь би сандраад эхлээд шууд түргэн дуудаад араас нь цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд тэр эмэгтэйг аваад явсан харин цагдаа нар ирээд намайг согтолт хэмжих багажаар хэмжиж үзээд мөн тухайн газар үзлэг хийгээд явсан. Намайг машинаас буухад та намайг мөрөгчихлөө ш дээ энэ талаар зөндөө зай байхад та намайг мөрөгчихлөө гээд байсан. Мөн тэр эмэгтэй нь би таныг харсан та харин шууд ирээд намайг мөрөгчихлөө бас надад би маш их өртэй би яах юм бэ гээд орлиод байсан...Үзэгдэх орчин бол муу байсан тэр эмэгтэй надад бол харагдаагүй замын гэрэлтүүлэг байхгүй байсан миний машины гэрэл хэвийн байсан хурд бол 5км цагийн хурдтай л явж байсан...Ш-ийн банкны зээл болон байрны түрээсийн нь мөнгийг нь би хийсэн байгаа надад баримт бол байгаа. Би өөрөө хүн гэмтээсэн болохоор эмчилгээний зардал болон өр төлбөрийг нь өөрийнхөө чадах чинээгээр төлбөрийг хийж байсан...Нийт 11,845,930 төгрөгийн хохирол төлсөн үүнээс 2,624,782 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын санд төлсөн...хохирогчийн одоо нэхэмжилж байгаа 1,059,829 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ харих замаараа Мөрөн сумын 8 дугаар багт байдаг Тэвхэн худалдааны төв орох гэж байгаад болиод гэрлүүгээ орох гээд замын хажуу талд явган хүний зам дээр зогсож байсан чинь цаанаас нэг цагаан машин ирж байсан тэрийг би өнгөрөөгөөд зам гарна гэж бодоод зогсож байсан чинь тэр машин шууд ирээд миний зүүн хөлөн дээгүүр гараад би газар унаад байж байсан чинь ахиад нөгөө машин ухраад миний хөлөн дээгүүр ахиад гарсан тэгээд нөгөө машины жолооч бууж ирэхээр нь би та яаж байгаа юм гэж асуусан чинь би хүн дайрсанаа бол мэдээгүй нэг юман дээгүүр гараад буцаад ухарсан юм гэж надад хэлсэн. Тэгээд тэр жолооч эмэгтэй өөрөө цагдаа эмч дуудсан. Гэрэлтэй байсан жолоочид бол харагдах бүрэн боломжтой байсан...Миний зүүн хөлний бүдүүн нарийн хоёр шилбэ бяцралтай хугарсан би гэмтэлийн эмнэлэгт хагалгаанд орж хөлөө хадуулсан байгаа....Эрүүл мэндийн даатгалын санд өгсөн мөнгийг нь хасаад надад 9,221,150 төгрөгийг шүүгдэгч өгсөн. Би эмчилгээний зардал, байрны түрээс, зээл зэрэгт нийт 10,280,979 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн төлсөн 9,221,150 төгрөгийг хасаад үлдэх 1,059,829 төгрөгийн хохирол болон сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... ” гэв.
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай:
1. Н.Ш-ийн биед зүүн шилбэ болон тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Н.Шийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн: “...***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл авто үйлчилгээний мэдээллийн сан дахь мэдээллээр япон улсад 2001 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад импортлогдсон. Ангилал В, суудлын тоо 7, арлын дугаар ***** жолооны хүрд баруун хурдны хайрцаг автомат тээврийн хэрэгсэл болно... ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл нь салхины шил цуурсан, урд гупер хагарсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2024 оны техникийн хяналтын үзлэгт 6 дугаар сард орсон. ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл нь тоормосны системийн ажиллагаа 1 болн 2 тэнхлэг дээр тоормосны хүч зөрүүтэй стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байна. 1 дүгээр тэнхлэгийн зүүн урд дугуйн хүч 2,4 кН баруун урд дугуйн тоормосны хүч 1,7 кН Зөрүү нь 29 хувь, 2 дугаар тэнхлэгийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 2,2 кН баруун хойд дугуйн тоормосны хүч 1,5 кН, зөрүү нь 32 хувь. Жолооны мехниз тэнхлэг тохиргоо 14,9 мм алдаатай байна. Гэрэл дохио бүрэн ажиллагаатай байна. Шинжээчийн дүгнэлт гаргах үзлэгийн явцад тогтоолоор тавигдсан асуултад тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-р хуудас),
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/444 дугаартай: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад ***** ***** маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Ц.М Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч ... замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зам тээврийн осол замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигч Н.Ш Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ***** ***** маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Ц.М Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт (хх-ийн 38-40-р хуудас),
*************** сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн: “...***** ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 заалт буюу Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна...Уг замд явган хүний гарцийн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан нь нөлөөсөн гэж үзэж байна... ***** ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 заалтыг зөрчсөн нь зам тээврийн олсын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),
Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1348 дугаартай: “...Н.Шийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000170310 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож хохирогчид олгуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Харин сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож хохирогчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна
Эрх зүйн дүгнэлт:
Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Хохирогч Н.Ш нь зам тээврийн ослоос зүүн шилбэ болон тахирзуур ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.М нь ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн болох нь ********** сургуулийн тээврийн салбарын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 45-р хуудас)-ээр нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал шүүгдэгч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч улмаар Н.Ш-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан.
Дээрх хуулийн тайлбараас үзвэл шүүгдэгч Ц.М нь жолооч гэх ойлголтод, түүний жолоодож байсан ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэл гэх ойлголтод тус тус хамаарч байна.
Шүүгдэгч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхтэй болох нь жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 103-р хуудас)-ээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Ш-ийн эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-р хуудас)-ээр тогтоогдсон.
Хохирогч Н.Ш эмчилгээний зардал, байрны түрээс, зээл зэрэгт нийт 10,280,979 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн нөхөн төлсөн 9,221,150 төгрөгийг хасаж үлдэх 1,059,829 төгрөгийн хохирол болон сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.
Шүүгдэгч нь хохирогч Н.Шт нийт 9,221,150 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн болох нь *****ны мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 112-117,119-122, 124, 126-р хуудас), *****ны орлогы баримтын хуулбар (хх-ийн 118,123,125-р хуудас) болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн 1,059,829 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1,059,829 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Шт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.
Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1348 дугаартай: “...Н.Ш-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт гарчээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Н.Ш-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн хувьд тогтворгүй өдөр тутмын стресс бухимдал үүсэх, өдөр тутмын амьдралд оролцоход хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар, ажил хөдөлмөрөө хэвийн хийхэд гэмтлээс шалтгаалан хүндрэлтэй зэргийг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000 төгрөг)-г 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт (660,000x15)=9,900,000 төгрөгөөр
тооцож шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Шт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 2,624,782 төгрөгийг төлсөн болох нь *********** банкны 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт (хх-ийн 128-р хуудас) хэрэг авагдсан байх тул шүүгдэгч Ц.Мыг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Н.Ш нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Мыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн харилцлагын талаарх дүгнэлтдээ: “...Тусгайлан гаргах саналгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 64 настай, эрүүл мэндийн шалтгаанаар хот руу явах шаардлага гардаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.М: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 101-105-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 105-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, охины хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн шалтгаанаар өөр аймаг, хот руу явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг зэрэг нөхцөл байдлуудлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000170310 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт *****ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ц.М-аас эрүүл мэндэд учирсан хохирол 1,059,829 (нэг сая таван есөн мянга найман зуун хорин ес) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) төгрөг, нийт 10,959,829 (арван сая есөн зуун тавин есөн мянга найман зуун хорин ес) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ш-т олгосугай.
7. Эрүүгийн 2538000170310 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ш нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР