| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 321/2025/0013/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг,
улсын яллагч: Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
хохирогч Ж.Г
хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Г.Баярсайхан,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох 2139002800105 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Б сумын Х багийн нутаг “Ханхрын даваа” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 88-22 ХЭҮ улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, 88-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас, зорчигч Я.Б тээврийн хэрэгслээс унаж, түүний эрүүл мэндэд “гавлын чамархай яс, суурь яс, ухархайн дотор хана, дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн суурийн хэсэг, баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан дээр, доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, баруун тохой, сарвууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хохирол учруулж, амь насыг хохироосон,
Мөн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн Б сумын Б багийн нутаг “Бархын дов” гэх газар Ж.Г-тай автомашин засварлах асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар өөрийн эзэмшлийн 53-10 УБӨ улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслээр хохирогчийг дайрч, түүний эрүүл мэндэд “хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4, 5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:
-Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 37-40, 45-47 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 48-52 дахь тал), мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (I дэх хавтаст хэргийн 68 дахь тал), хохирогч Ж.Г-ын мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 89-92 дахь тал), хохирогч Ж.Г-ын дахин өгсөн мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 95-97 дахь тал), хохирогч Ж.Г-ын дахин өгсөн мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал), гэрч М.Т-гийн мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 103-105 дахь тал), гэрч М.Т-гийн дахин өгсөн мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал), гэрч Р.Б-ын мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал), гэрч Э.З-ын мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал), гэрч Л.Н-ын мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх (I дэх хавтаст хэргийн 184-210 дахь тал), “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21338345 дугаартай дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал), хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 219-221 дэх тал), шинжээч Н.Т-гийн мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 227-228 дахь тал), Хэнтий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай албан бичиг (I дэх хавтаст хэргийн 249 дэх тал) зэрэг баримтуудыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 16-19 дэх тал), мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 20-24, 25-28 дахь тал), Б.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгасан тэмдэглэл (II дахь хавтаст хэргийн 31 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-гийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал), гэрч Г.М-ын мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал), насанд хүрээгүй гэрч М.Ц-гын мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 55-57 дахь тал), гэрч Ж.Э-ийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал), гэрч А.Э-гийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 68-70 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 85-89 дэх тал), Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх (II дахь хавтаст хэргийн 94-114 дэх тал), Техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/20 дугаартай дүгнэлт (II дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал), шинжээч И.Б-гийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал), нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (III дахь хавтаст хэргийн 123-127 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (III дахь хавтаст хэргийн 128-132, 133-139 дэх тал), гэрч Г.М-ын дахин өгсөн мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал), Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай албан бичиг (III дахь хавтаст хэргийн 153 дахь тал), “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт (III дахь хавтаст хэргийн 159-162 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.О-ын мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал), гэрч А.Э , Б.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг;
-Хохирогчийн өмгөөлөгч: Эмчилгээтэй холбоотой баримтууд (I дэх хавтаст хэргийн 239-245 дахь тал), шүүх хуралдаанд шинээр гаргаж 23 хуудас баримтууд, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой эмчийн тодорхойлолт (I дэх хавтаст хэргийн 184-206 дахь тал), шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг;
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: Гэрч Б.Б-гийн мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал), гэрч Г.М-ын мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал), гэрч Б.Б , А.Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл (III дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал), гэрч Г.М , А.Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл (III дахь хавтаст хэргийн 212-213 дахь тал), гэрч Г.М-ын мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал), шүүгдэгч Б.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал), Б.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал), гэрч Г.М-ын мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 81-82 дахь тал), шинжээчийн 05 дугаартай дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн тэмдэглэл (II дахь хавтаст хэргийн 179 дэх тал), Хэнтий аймаг дахь томограф шинжилгээний дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 186 дахь тал), Хэнтий аймаг дахь хүзүүний тодосгогчгүй томографын шинжилгээний хариу (I дэх хавтаст хэргийн 187 дахь тал), Гэмтэл согог үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлсэн компьютерт томографын оношилгоо (I дэх хавтаст хэргийн 189 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлуулсан бол хохирогч Ж.Г , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б , шүүгдэгч Б.М нар хавтаст хэргээс нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс “Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай дүгнэлт эргэлзээ бүхий тул дахин шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай байна. Шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай захирамж гаргасан болно.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн” бол шүүх хуралдааныг хойшлуулж болохоор хуульчилсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжилгээ хийлгэхээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах талаар дээрх хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 37-40, 45-47 дахь тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 48-52 дахь тал),
-Мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал),
-Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (I дэх хавтаст хэргийн 68 дахь тал),
-Хохирогч Ж.Г-ын “...Бид гурав эхлээд маргалдаад зодолдсон. Тэгээд намайг тэр хоёр машин руу шахаад Э боохоор нь би Э ы хажуу талаас хутгалчихсан. Тэгсэн Э ы хэвлийн хажуу талаас нь цус гарахаар нь би “эмнэлэгт явж үзүүлье” гэхэд М машинд ороод суучихсан. Тэгээд би санаанд оролгүй М-ыг хүргэж өгөх гээд машинаа асааж байгаа юм байлгүй гэж бодоод М-ын машин руу дөхөөд алхтал шууд миний өөдөөс машинтайгаа ирэхээр нь би машиных нь хамар дээр үсрээд гарах санаатай үсэртэл машиных нь хамран дээр бөгсөөрөө хальт суугаад барих барьц байхгүй халтираад унахад машин нь миний дээгүүр гараад явчихсан. Тэгээд босож ирэхэд толгойгоо дийлэхгүй ухаан балартаад унасан...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 89-92 дахь тал),
-Хохирогч Ж.Г-ын дахин өгсөн “...Би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө М ахыг машинаар намайг шууд дайрсан гэж буруу хэлчихсэн байна лээ. Тухайн үед М ах машинаа асаагаад хойш нь ухарч байгаад урагшаа хөдлөөд намайг шууд дайрсан, нэг үгээр хэлбэл тухайн үед М ах машиндаа хүчийг нь авхуулж байгаад намайг дайрсан юм. Мөн би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө М ахын машиных нь хамран дээр үсрээд гарах санаатай үсэртэл машиных нь хамран дээр бөгсөөрөө хальт суугаад барих барьц байхгүй халтираад унасан гэж хэлж яриагүй. Миний тухайн үед энэ талаар ярьсан зүйлийг маань утга найруулгын хувьд алдаатай байдлаар мэдүүлэгт маань тусгачихсан байна лээ. Тухайн үед миний бие маань өвдөөд байсан учир энэ талаар сайн анзаарахгүй гарын үсэг зурчихсан... Би М ахад дайруулахдаа босоо байрлалтай зогсож байсан. Тэгээд М ах машинаа ухрааж байгаад хүчийг нь авхуулаад намайг дайрах гээд ирэхээр нь би машинаас холдох гээд хажуу тийшээ гарахаар машиных нь салхины шилнээс барьж авах гэж байгаад чадалгүй машинд нь дайруулсан...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 95-97 дахь тал),
-Хохирогч Ж.Г-ын дахин өгсөн “...Би тухайн үед өөрийн эмчилгээндээ 4,856,949 төгрөг зарцуулсан... Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө Б.М-с нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),
-Гэрч М.Т-гийн “...Тэгээд машинаас гараад харахад М-ын машинаас ертөнцийн зүгээр зүүн талд 3-4 метрийн зайд Г гэх залуу замын хажуу талд газар хэвтэж байсан. Замынхаа зүүн талд нэг ногоон өнгийн машин зогсож байсан. Тэгсэн М цагдаа эмнэлэг удаж магадгүй юм шиг байна амдаад явъя гээд Г гэх залууг М нөгөө залуу хоёр ногоон машинд өргөөд арын суудал дээр нь суулгасан. Тэгсэн нөгөө залуу машинаа асаагаад хөдөлсөн. М бид хоёр араас нь хөдлөх гэж байхад З эмч, цагдаа нар ирээд юу болсон гэж асуухад М нөгөө машиныг зааж өгсөн...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 103-105 дахь тал),
-Гэрч М.Т-гийн дахин өгсөн “...М-ын машинаас буухад замын хажуу талд Г нь хэвтчихсэн эмнэлэг дуудаач ээ гээд орилсон. Тэгэхээр нь би сандраад гар утсаа М-д өгсөн. Тэгэхэд М миний гар утсаар эмнэлэг, цагдаа дуудах шиг болсон... М нь надад хэлэхдээ Г миний машиныг мөргөсөн тэгээд Г бид хоёр хоорондоо маргалдаж, муудалцсан юм гэж хэлж ярьж байсан... Тухайн үед М-ын биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл учраагүй байсан...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал),
-Гэрч Р.Б-ын “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад ойролцоогоор 23 цаг өнгөрч байх үед их эмч З ж над руу яриад “би хоёр хүнд хүнтэй очиж байна” гэсэн... Тэгээд уг хоёр хүнийг тус тусад орон дээр хэвтүүлээд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн... З ж эмч бид хоёр Г гэх хүний биед 2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 00 цагт хавсарсан үзлэг хийж Г гэх хүний хүзүүнд бэхэлгээ хийн, цээжний битүү гэмтэл, гавал тархины хууларсан шарх, өвдөлтийн шок гэсэн оношийг тавьж Г гэх хүнд ...эмчилгээнүүдийг хийж, өвчний түүх нээж эмнэлэгт хэвтүүлсэн... Тухайн үед М гэх хүний биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл учраагүй байсан. М нь манай эрүүл мэндийн төвөөс ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал),
-Гэрч Э.З-ын “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан... Г гэх залууг үзэхэд цээжээр их эмзэглэлтэй, зүүн мөр тэмтрэхэд эмзэглэлтэй, толгойн орой хэсэгт хагарсан шархтай биеийн байдал хүнд байсан, өвчин намдаах тариа болон толгойнд боолт хийж Эрүүл мэндийн төвд авчирсан...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),
-Гэрч Л.Н-ын “...Тухайн үед М нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн ирээд нэг танихгүй залуутай маргалдаж байгаад Бархын голын гүүрээр урагшаагаа гараад явсан дараа нь нэг машинтай залуу ирээд М-ыг сураад араас нь явсан...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГазрын ахлах шинжээч Н.Т-гийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10247 дугаартай “...1.Ж.Г-ын биед хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4,5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, өвчүү ясны хугарал, баруун талын 3-р хавирганы хугарал, зулайд сорви, баруун гарын сарвууны 2-р үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт, өвчний түүхийн хуулбар (I дэх хавтаст хэргийн 184-210 дахь тал),
-“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21338345 дугаартай дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал),
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай дүгнэлт (I дэх хавтаст хэргийн 219-221 дэх тал),
-Шинжээч Н.Т-гийн “...Ж.Г-ын биед учирсан хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4,5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, өвчүү ясны хугарал, баруун талын 3-р хавирганы хугарал, зулайд сорви, баруун гарын сарвууны 2-р үеийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөж унах үед үүсгэгдсэн гэмтлүүд байна. Хохирогчид үүссэн бүх гэмтэл нь Тээврийн хэрэгсэлд мөргөгдөж унах үед үүсэх боломжтой. Хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4,5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (I дэх хавтаст хэргийн 227-228 дахь тал),
-Хэнтий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай “Х багийн харьяат Б овогтой М нь 2021 оны 9 дүгээр сарын 19-2-ны өдрүүдэд манай Эрүүл мэндийн төвөөр ирж үйлчлүүлж тусламж үйлчилгээ аваагүй нь үнэн болно” гэх албан бичиг (I дэх хавтаст хэргийн 249 дэх тал),
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 16-19 дэх тал),
-Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 20-24, 25-28 дахь тал),
-Б.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгасан тэмдэглэл (II дахь хавтаст хэргийн 31 дэх тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б-гийн “...Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дүү Я.С , дүү Я.Б-г бие нь тааруу байгаа гэх мэтээр ярьж байгаад тэр оройдоо бид нар дүү Я.Б-г нас барсан гэдгийг түүний мал маллаж байсан айлын эзэн гэх хүнээс утсаар мэдсэн... Би хэрэг учрал болсны дараа миний дүү Я.Б-г тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдаж, муудсаны улмаас машинаас буух гэж байх үед нь дүүгийн нөхөр С /Э / талийгаачийг араас нь тэвэрч татаж байх үедээ жолооч /М /-д машинаа зогсоо гэж хэд хэдэн удаа хэлсээр байтал тэр жолооч тээврийн хэрэгслээ зогсоогоогүйн улмаас миний дүүгийн амь насанд хүрсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал),
-Гэрч Г.М-ын “...Бид нар М-ын гаднаас сумын төв рүү хөдлөөд “Ханхрын даваа” гэх газар явж байтал М Б нар маргалдаад байсан... Тэгээд бид нар Ханхрын даваанаас уруудаад замын хажууд зогсож Б , М , С нар машинаас бууж хэсэг маргалдаж байгаад эргээд машинд суухдаа М жолоо бариад Байгалмаа хажууд нь суугаад явсан, М-ыг жолоо бариад Бархын голоос урагш явж байтал Б нь гэнэт машины хаалга онгойлгон машинаас уначихсан. Тухайн үед Б гийн хамар амнаас цус гараад хоолой ам нь хүржигнээд дуугараад байсан...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал),
-Гэрч Б.Б-гийн “...Би машин жолоодоод явж байхад М , Б нар маргалдсан. Тэгтэл Б намайг машинаа зогсоо гэхээр нь би зогссон. Тэгтэл Б болон түүний нөхөр мөн М нар машинаас буугаад хэсэг гадаа байж байгаад юу ярьсныг нь би мэдэхгүй. Эргээд машинд суухдаа М машинаа бариад би хажууд нь суугаад явсан. Тухайн үед Б жолоочийн арын суудал дээр суусан, түүний хажууд нөхөр нь, нөгөө талын хаалганы дэргэд М ах сууж явсан. Тэгтэл Б М-д хандан “О би үсэрлээ шүү, зогсооч” гэсэн. Тэр хооронд машин зогсоогүй бөгөөд Б хаалгаа онгойлгон машинаас уначихсан. Тухайн үед намайг машинаас буугаад харахад Б машинаас 10 орчим метрийн зайтай газар дээшээ харсан хэвтээ байрлалтай хамраас нь цус гарсан байсан. Бид нар сандралдан Б г дамжилдан өргөж машинд суулгаад Б сумын төв орж эмнэлэгт хүргэж өгсөн... М халамцуу байсан, нөхөр нь архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал),
-Насанд хүрээгүй гэрч М.Ц-гын “...ээж нь О /М / ахынх нь машинаас унаад ухаангүй байдалтай эмнэлэгт ирээд байна гэж ярьсан... Б.М нь ээж, Э ах хоёрыг зүй бус үгээр байнга л хэлж байдаг...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 55-57 дахь тал),
-Гэрч Ж.Э-ийн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил тарах үе буюу 17:00 цагийн орчимд нутгийн зүс мэддэг ах /М / эхнэртэйгээ, бас танихгүй хоёр хүний хамт өвчтөнтэй нийлээд таван хүн манай эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед авчирсан хүмүүс нь ухаангүй байдалтай хүн авчирсан үзүүлэх гэсэн юм машинаас унасан гэж ярьж байсан. Харин би тухайн өвчтөнийг /Я.Б / анх хүлээж аваад анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн... Тухайн өвчтөн анх орж ирэх үедээ ухаангүй байдалтай, хамар амнаас нь цус гарсан, бөөлжсөн байсан. Тэгээд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 23:05 минутад бүрэн амьсгал хураасан. Би тухайн үед хүргэж ирсэн машины жолооч /М / гэгчийг зүс мэднэ. Я.Б гэх хүний нөхөр гэх залуугаас бусад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртэж байсан... Харин Я.Б гэгчийн нөхөр нь би дийлэхгүй машинаас алдчихлаа гэж ярьсан” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал),
-гэрч А.Э-гийн “...Тухайн үед машины арын суудлын голд нь би, миний баруун гар талд миний хамтран амьдрагч Я.Б , зүүн гар талд Мянгаа сууж явсан... Тэр үед М миний хамтран амьдрагч руу эргэж хараад “энэ муу их даварсан хүүхэн” гэж хэлэхэд хариуд нь Я.Б “юу гэж хуцаад байгаа пизда вэ?” гэж хэлсэн чинь М урд талын суудлын дундуур нь зүүн гараараа миний хамтран амьдрагч Я.Б гийн энгэрээс нь заамдаад баруун гараараа далайсан чинь эхнэр уурлаад маргалдаад Я.Б машинаа зогсоо гэж хэлээд Байгалмаа гэх эмэгтэй машинаа зогсоосон чинь Я.Б “харья” гээд намайг “машинаас буугаарай” гэж хэлээд бид хоёр түрүүлээд машинаас буусан... М эхнэртэйгээ ардаас ирээд бид хоёрыг “гэр рүү хүргэж өгье” гэхээр нь буцаад машинд нь суусан. Тэр үед М өөрөө машинаа бариад хөдлөхдөө кноп дарж хаалгаа түгжээд сумын төв рүү чигтээ шууд хөдөлж явсан чинь Я.Б “машинаа зогсоо, гэртээ харимаар байна” гэж хэлэхэд М үгэнд нь орохгүй сумын төв рүү чигтээ яваад байхаар нь Я.Б зүүн гараараа хаалганы бариулаас бариад, баруун гараараа хаалганы түгжээг онгойлгоод баруун талаараа хаалгаар буух гэхэд нь би Я.Б гийн хоёр гарынх нь доогуур гараа хийж арагш татсан боловч Я.Б доошлоод машинаас унах гээд байсан ба тухайн үед би дийлэхгүй байсан учраас алдчихсан. Тухайн үед машинаа зогсоогооч гэж хоёр, гурван удаа М-д хэлсэн чинь тоохгүй чигээрээ замаар яваад байсан учраас би М-ын мөрнөөс нь татаад зогсооч пизда минь эхнэр алчихлаа гэж хэлэхэд М нь машиныхаа хурдыг багасгасан ба машин гүйцэт зогсож амжаагүй байхад нь би үсэрч буугаад газар унаад, босож ирээд Я.Б руу очсон чинь Я.Б нь хоёр гараараа толгойгоо бариад ёо гэж нэг дуугараад л ахиж дуу гаргаагүй, хоёр хамраас нь цус гарч байсан. Тэгээд л би яаралтай эмнэлэг авч явахгүй бол болохгүй гэж хэлээд Я.Б-г машинд суулгаад сумын төв рүү эмнэлэгт хүргэж очсон. Замдаа Я.Б нь цусаар бөөлжсөн чинь М наад пизда чинь бөөлжөөд байгаа юм уу гэж байсан... М , Мянгаа хоёр л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед 40-50 км цагийн хурдтай явсан байх...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 68-70 дахь тал),
-Гэрч Б.Б-гийн дахин өгсөн “...би талийгаачийг нөхөртэйгөө маргалдаж муудсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Учир нь тэр хоёр хөдөөгөөс сумын төв рүү явж байх замд машинаас буугаад буцаад суухдаа талийгаач төв явна гээд нөхөр явахгүй гэж байснаа буцаад хоёулаа машинд суугаад бидэнтэй хамт төв рүү явсан...М бид хоёр жолоо сольж хөдлөөд удаагүй байхад талийгаач өөрөө гэнэт хаалга онгойлгоод үсрээд буучихсан. Тухайн үед 30 км цагийн хурдтай л явсан...Талийгаачийн нөхөр гэх залуу нь эхнэрийгээ үсэрч буусны дараа юу ч хэлээгүй. Харин тэр эмэгтэй жолоочид хандаж би үсэрлээ гэж хэлээд л машинаа зогсоож амжаагүй байхад нь үсрээд буучихсан. Харин нөхөр нь эхнэртэйгээ татаж чангаасан зүйл огт байгаагүй талийгаач шууд л хаалга онгойлгоод буучихсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-78 дугаар тал),
-Гэрч Г.М-ын дахин өгсөн “...Тухайн үед би унтчихсан байсан ба гэнэт л машины хаалга онгойгоод талийгаачийн нөхөр хүүе гэж хашхирах үед би сэрсэн. Тэгсэн чинь М машинаа зогсоогоод буцаад эргэж очсон чинь Б ухаан алдсан байдалтай замын хажууд хэвтэж байсан. Жолооч тэр доороо зогсоод эргэсэн ер нь бол удаагүй гэж бодож байна. Мөн талийгаачийн унасан газраас хол явж чадаагүй...” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 81-82 дахь тал),
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II дахь хавтаст хэргийн 85-89 дэх тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ээр “...1.Талийгаач Я.Б гийн цогцост гавлын чамархай яс, суурь яс, ухархайн дотор хана, дагз ясны хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн суурийн хэсэг, баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан дээр, доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун хацар, баруун тохой, сарвууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд илрээгүй байна. Талийгаач нь согтолтгүй ба хоёрдугаар бүлгийн цустай байжээ. 5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсан доор цус харван нас баржээ. Б сумын эрүүл мэндийн төвийн өвчний түүхэнд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 23:05 минутад нас барсан гэж тэмдэглэжээ...” гэх дүгнэлт, өвчний түүх (II дахь хавтаст хэргийн 94-114 дэх тал),
-Техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/20 дугаартай “...Toyota succeed маркийн 88-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно”, 12.3 заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Toyota succeed маркийн 88-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 12.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон...” гэх дүгнэлт (II дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал),
-Шинжээч И.Б-гийн “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүний эрүүл мэнд хохирсон тохиолдолд энэ нь зам тээврийн осолд тооцогдоно... Тээврийн хэрэгсэл явах бололцоотой бүхий л газар замд тооцогддог. Ингэж тооцохгүй тохиолдолд тусгайлан зассан замаас бусад нь зам биш болж тээврийн хэрэгслүүд явах бололцоогүй болно. Өөрөөр хэлбэл, тусгайлан хориглосон газраас бусад тээврийн хэрэгсэл явах бололцоотой буюу замд тооцно. Тухайн осол нь 88-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй гарсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болж хөдөлгөөнийг нь хаах зүйлс бусдын амь нас, эд хөрөнгөд учрах нөхцөл бий болох тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нөхцөлийг аюул саад гэж тооцно. Тээврийн хэрэгслээс унаж эрүүл мэнд, амь насаараа хохирохыг замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж зам дээр аюул саад бий болсон гэж үзнэ. Улмаар зам тээврийн осолд тооцогдоно. Жолооч Б.М нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдэх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглээд тээврийн хэрэгслийг жолоодох нь аюултай байдал үүсэж зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэхийг тээврийн хэрэгслийн жолооч болж тусгай сургалтад хамрагдаж ур чадвараа шалгуулсан хүн мэдэх ёстой. Жолооч нь тээврийн хэрэгслээс зорчигч унах, буух үед аюул саад учирч болохыг урьдчилан таамаглаж түүнээс сэргийлэх ёстой. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үед аюулыг таньж мэдэж чаддаггүй учир согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг жолоо барихыг хориглодог. Аюултай байдал үүсэх гэдгийг жолоочийн орон зайн байдлыг таньж мэдэх чадвар алдагдах дотор сууж яваа хүмүүсийн яриа, үйлдэл жолоочид мэдрэгдэх тээврийн хэрэгслийн хаалга онгойх чимээ, хөдөлгөөн зэргээр ойлгоно. Гэвч согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч эдгээр зүйлийг мэдэхгүй аюултай байдлыг таньж мэдэхгүй байх нь бий... Зорчигч тээврийн хэрэгслээс үсрэх үе хүртэл ямар ч хугацаа өнгөрсөн байж болно. Эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй жолооч зорчигчийг тээврийн хэрэгслээс үсрэхээс өмнө аюулыг мэдэрч эсрэг арга хэмжээ авч амждаг. Жолоочийн реакцийн хугацааг 0.8 секунд гэж нормчилдог бөгөөд аюул саад бий болохыг мэдсэнээс хойш энэ хугацааны дараа эсрэг арга хэмжээ авдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн үүнээс урт хугацааны дараа, эсвэл аюулыг мэдрэхгүйгээсээ болоод эсрэг арга хэмжээ авч чаддаггүй. Энэ нь МУ-ын ЗХД-ийн 12.3-p заалтад хамаарна” гэх мэдүүлэг (II дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал),
-Гэрч Г.М-ын дахин өгсөн “...Тэгээд Б буулаа шүү гээд байх шиг байсан. Тэгээд Э М-д машинаа зогсоо энэ буух гээд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал),
-гэрч А.Э , Б.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан:
| Гэрч Б.Б : Б нь машинд явж байхдаа М оо үсэрлээ шүү зогс гэж хэлсэн. Тэгээд М машинаа зогсоохын завдалгүй үсэрчихсэн. Би машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан болохоор Э Б г араас нь татсан үгүйг мэдэхгүй байна. М , Б г машинаас үсэрснээс хойш төд удалгүй машинаа зогсоосон. Эргээд бөөнөөрөө дамжилдаад өргөж машин дотроо суулгаад сумын төвийн эмнэлэг рүү явсан. Түргэн дуудъя гэхээр сүлжээгүй байсан... | Гэрч А.Э : Би Б г машинаас буух гэж байхад нь араас нь татсан. Б шууд хаалга онгойлгоод буух гэж байхад нь би 2 гараараа тэврээд авсан. Тэгээд машины хаалга онгойлгоод шууд хөл нь газар чирэгдчихсэн. Машинаас гарах гэж байхад нь би гараараа тэвэрчихсэн байсан чинь тавь гэж хэлээд шууд хөл нь машинаас чирэгдээд байгаа хүнд хүнийг би дийлэхгүй алдчихсан. Тэгээд М-д би “авгай алчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд машин нэлээн хол явж байгаад М машиныг зогсоосон... |
гэх мэдүүлэг (III дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3.Хэргийн үйл баримтын талаар;
3.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
2021 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим шүүгдэгч Б.М , хохирогч Ж.Г , энэ хэргийн гэрч Н.Э нар Хэнтий аймгийн Б сумын Б багийн нутаг “Бархын дов” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар Б.М-ын гэрт очиж амрахаар тохирч Б.М өөрийн машинаа жолоодож, Н.Э машинаа Ж.Г аар жолоодуулан хөдөлсөн бөгөөд Б.М түрүүлж явж байгаад гэнэт зогссоны улмаас түүний ард машин жолоодож явсан Ж.Г нь Б.М-ын машиныг мөргөжээ. Энэ асуудлаас болж хоорондоо маргалдан муудалцсан ба Ж.Г ыг Б.М өөрийн машинаар санаатайгаар дайрч унагаасан үйл баримт болсон. Энэхүү санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-ын биед “хүзүүний 5-р нугалмын хугарал, мултрал, хүзүүний 4,5-р нугалмын зөөлөвчийн урагдал, нугас дарагдал, зүүн дал ясны хугарал, өвчүү ясны хугарал, баруун талын 3-р хавирганы хугарал, зулайд сорви, баруун гарын сарвууны 2-р үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн талаар хохирогч ярихдаа намайг машинаар мөргөөд гэмтэл учруулсан гэдэг. Гэмтлийг Б.М учруулсан юм уу? Э гэх хүнтэй маргах явцдаа гэмтэл авсан юм уу гэхээр би тэрийг мэдэхгүй, ялгах боломжгүй гэж хариулдаг. Шинжээчийн дүгнэлтээр ийм ийм гэмтэл учруулсан гэдэг дүгнэлт гарсан болохоос биш тухайн гэмтлүүдийг ялгаж зааглаагүй. ...Э гэх хүн мэдүүлэгтээ Ж.Г ыг би машиныг чинь мөргөсөн, янзалж чадахгүй, нэг жил суугаад гарна биз, биеэрээ эдэлье гэдэг байдлаар яриад байсан, маргалдаад намайг хутгалсан, эргээд харахад хутга бариад дахиад хутгалах гэхэд нь би өөрөө хутганаас нь бултсан. Ж.Г руу хартал хутга бариад Б.М той хөөцөлдөх маягаар явж байсан гэх зүйлийг хэлдэг. Хүн харанхуйд хальт цохихыг харахгүй байж болно. Гэхдээ машин асаагаад ухраад хүн мөргөж байгаа асуудлыг Э харахгүй байх боломжгүй. Хохирогч нь Э ыг худал мэдүүлэг өгсөн гэж байгаа боловч Э ыг худал мэдүүлэг өгсөн гэх шүүхийн шийдвэр гараагүй учраас Э ы мэдүүлгийг үнэлэхээс өөр арга байхгүй. Ж.Г нь Б.М-ыг намайг мөргөөд дээгүүр маань хурдтай гараад явчихсан гэж ярьдаг, хаагуур чинь гарсан юм бэ гэж асуухаар мэдэхгүй гэж хариулдаг. Приус-30 машин хүний дээгүүр гарлаа гэхэд нэлээн хүнд гэмтэл гарна шүү дээ. Бид хохирогч Ж.Г-ын мэдүүлэг үндэслэлтэй эсэх дээр зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. Машинд мөргүүлсэн гэх үйл баримтын талаар тухайн хэргийн газарт байсан гэрч мэдүүлэг өгөөгүй. Иймээс хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж Ж.Г ыг мөргөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Ж.Г-ын мэдүүлгээр шүүгдэгчийг санаатай мөргөсөн гээд байгаа боловч санаатай гэдэг үйл баримт, хууль зүйн фактыг хэн нотлоод байгаа юм. Үүнийг нотолж байгаа баримт байхгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү” гэж мэтгэлцжээ.
Хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд хохирогч Ж.Г удаа дараагийн мэдүүлэгтээ “Б.М машинаараа дайрсан” гэх үйл баримтыг тогтвортой мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн энэхүү санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн 10247 дугаартай дүгнэлт болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар, шинжээч Н.Т-гийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, шинжээчийн 10247 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй, хохирогч тухайн гэмтлийг хэн учруулсан талаар тогтвортой мэдүүлсэн зэргээр өмгөөлөгчийн мэтгэлцсэн үндэслэл бүрэн няцаагдаж байна.
3.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн тухайд:
2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Б сумын Х багийн нутаг “Ханхрын даваа” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 88-22 ХЭҮ улсын дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Я.Б машины хаалгыг онгойлгон тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Б.М нь согтуу машин бариад явж байгаа үйлдэл нь амь хохирогч Я.Б хаалга онгойлгоод унаж байгаа үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой вэ? Согтуу машин барьж яваад замын хажуу руу орох, юм мөргөх зэргээр шууд холбоотой үйлдэл хийгээгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл бариад явж байхад ард нь сууж байсан хүн хаалга онгойлгоод буусан үйлдэл дээр согтуугаар машин барьсан үйлдэл ямар байдлаар холбогдож байгаа юм гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Ард суугаад явж байгаа хүн гэнэт л буулаа гээд хаалга онгойлгоод буухад эрүүл хүн ч байсан, согтуу хүн ч байсан арга хэмжээ авах боломж байсан эсэх дээр дүгнэлт хийхэд Б.М-ын хор уршиг, шалтгаант холбоо бүрэн тогтоогдоогүй байна. Шинжээчийн 05 дугаартай дүгнэлтэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан зогсоох арга хэмжээ аваагүй гэх дүрмийг зөрчсөн байна, гэхдээ зорчигч Я.Б нь явж байгаа машинаас бууж байгаа үйлдэл нь гол осолд нөлөөлсөн байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Бид шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлгүүдийг харьцуулан Я.Б үсрээд унахад Б.М-ын үйлдлийн улмаас ямар шалтгаан байгаа юм, ямар буруутай ажиллагаа байгаа юм гэдэг дээр дүгнэлт хиймээр байна. Энэ үйлдэл, хор уршгийг тогтоосон шууд нотлох баримт байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн бол шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “Б амиа хорлосон” гэж мэдүүлсэн.
Юуны өмнө хохирогч Я.Б гийн хувийн байдлын тухайд тэрээр 5 хүүхэдтэй, бусдын малыг харж амьдрал ахуйгаа залгуулдаг, хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг “эх” хүн, хүүхдүүдээ өнчрүүлэн, амиа хорлох ямар ч шаардлага байхгүй талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлснийг онцлох нь зүйтэй.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд амь хохирогч Я.Б нь машинд зорчиж явах замдаа шүүгдэгч Б.М той маргалдаж муудалцсан. Ингээд буцаж “гэртээ харья” гээд машинаас буухад Б.М гэрт нь хүргэж өгөхөөр ярилцаж машиндаа суулгасан атлаа буцаан хүргэж өгөхгүйгээр цааш явснаас болж Я.Б “бууна” гэх шаардлага тавьж, улмаар машины хаалгыг онгойлгосныг Б.М анзаарч зогсох арга хэмжээ аваагүйгээс Я.Б унаж амь хохирсон үйл баримт болсон бөгөөд энэ талаар гэрчүүд мэдүүлсэн байна.
Тодруулбал, гэрч Г.М-ын “...Бид нар М-ын гаднаас сумын төв рүү хөдлөөд “Ханхрын даваа” гэх газар явж байтал М Б нар маргалдаад байсан... Тэгээд бид нар Ханхрын даваанаас уруудаад замын хажууд зогсож Б , Мөнх- Оргил, С нар машинаас бууж хэсэг маргалдаж байгаад эргээд машинд суухдаа М жолоо бариад Байгалмаа хажууд нь суугаад явсан, М-ыг жолоо бариад Бархын голоос урагш явж байтал Б нь гэнэт машины хаалга онгойлгон машинаас уначихсан...” гэж, гэрч Б.Б-гийн “...Би машин жолоодоод явж байхад М , Б нар маргалдсан. Тэгтэл Б намайг машинаа зогсоо гэхээр нь би зогссон. Тэгтэл Б болон түүний нөхөр мөн М нар машинаас буугаад хэсэг гадаа байж байгаад юу ярьсныг нь би мэдэхгүй. Эргээд машинд суухдаа М машинаа бариад би хажууд нь суугаад явсан. ...Тэгтэл Б М-д хандан “О би үсэрлээ шүү, зогсооч” гэсэн. Тэр хооронд машин зогсоогүй бөгөөд Б хаалгаа онгойлгон машинаас уначихсан...” гэж, гэрч А.Э-гийн “...Тэр үед М миний хамтран амьдрагч руу эргэж хараад “энэ муу их даварсан хүүхэн” гэж хэлэхэд хариуд нь Я.Б “юу гэж хуцаад байгаа пизда вэ?” гэж хэлсэн чинь М урд талын суудлын дундуур нь зүүн гараараа миний хамтран амьдрагч Я.Б гийн энгэрээс нь заамдаад баруун гараараа далайсан чинь эхнэр уурлаад маргалдаад Я.Б машинаа зогсоо гэж хэлээд Байгалмаа гэх эмэгтэй машинаа зогсоосон чинь Я.Б “харья” гээд намайг “машинаас буугаарай” гэж хэлээд бид хоёр түрүүлээд машинаас буусан... М эхнэртэйгээ ардаас ирээд бид хоёрыг “гэр рүү хүргэж өгье” гэхээр нь буцаад машинд нь суусан. Тэр үед М өөрөө машинаа бариад хөдлөхдөө кноп дарж хаалгаа түгжээд сумын төв рүү чигтээ шууд хөдөлж явсан чинь Я.Б “машинаа зогсоо, гэртээ харимаар байна” гэж хэлэхэд М үгэнд нь орохгүй сумын төв рүү чигтээ яваад байхаар нь Я.Б зүүн гараараа хаалганы бариулаас бариад, баруун гараараа хаалганы түгжээг онгойлгоод баруун талаараа хаалгаар буух гэхэд нь би Я.Б гийн хоёр гарынх нь доогуур гараа хийж арагш татсан боловч Я.Б доошлоод машинаас унах гээд байсан ба тухайн үед би дийлэхгүй байсан учраас алдчихсан” гэж тус тус мэдүүлсэн.
Техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/20 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй, дээрх дүгнэлттэй холбогдуулан гаргасан шинжээч И.Б-гийн мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь “зам тээврийн осол” гаргасан нь эргэлзээгүй тогтоогдож байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг.
Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус гэдгийг аливаа жолооч мэднэ. Энэ үед тээврийн хэрэгсэл жолоодоход жолоочийн орон зайн байдлыг таньж мэдэх чадвар алдагдах, дотор сууж яваа хүмүүсийн яриа, үйлдэл жолоочид мэдрэгдэх нь сул, тээврийн хэрэгслийн хаалга онгойх чимээ, бусад хөдөлгөөнийг анхаарах чадвар багасдаг. Хэрэв жолооч эрүүл /согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй/ байсан бол тээврийн хэрэгслийн /хөдөлгөөнд оролцож яваа/ хаалга онгойхыг мэдмэгцээ тээврийн хэрэгслийг зогсоох, аюулгүй байдлыг хангах, самбаачлах бүрэн боломжтой.
Гэтэл шүүгдэгч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зорчигчийн аюулгүй байдал алдагдаж байгааг мэдэх чадваргүй явсан үйлдлээс болж хүний амь хохирсон нь шалтгаант холбоотой байна.
4.Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.Г ыг тээврийн хэрэгслээр зориуд санаатайгаар дайрч түүний биед хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шинжээчийн 10247 дугаартай дүгнэлтээр (I дэх хавтаст хэргийн 208-210 дахь тал) нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн идэвхтэй үйлдэл байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэртэй байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокуророос тус хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулсан бөгөөд энэхүү хуулийн өөрчлөлтөөс өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн тул тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй.
5. Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Ж.Г аас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд нийт 5,950,059 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд уг баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 2,717,659 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, 3,232,400 төгрөгийн баримтыг буюу задалбал:
-1 дэх хавтаст хэргийн 241 дэх талд авагдсан №7 гэж дугаарлагдсан 2,000,000 төгрөгийн баримт нь Ж.Ганбаярын данснаас гарсан зарлагын баримт бөгөөд чухам эмнэлгийн ямар үзлэгт хамрагдахаар зарцуулсан нь тодорхойгүй баримтыг;
-1 дэх хавтаст хэргийн 243 дахь талд авагдсан №16 гэж дугаарлагдсан баримт нь №12 гэж дугаарлагдсан 360,000 төгрөгийн баримттай ижил буюу и-баримтыг хавсаргасан;
-Хавтаст хэрэгт шинээр тусгуулахаар өгсөн баримтаас /4 дэх хавтаст хэрэгт байгаа/ 799,900 төгрөгийн баримт нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баримт байх бөгөөд энэхүү зарцуулсан мөнгөөр ямар шинжилгээ хийлгэж, үзлэгт хамрагдсан талаарх баримтыг хамт хавсаргаагүй, ямар шалтгаанаар үзүүлсэн нь тодорхойгүй,
-Амбулаториор эмчлүүлэгчийн картыг нотариатчаар гэрчлүүлсний хөлсөнд төлсөн 49,500 төгрөг+23,000 төгрөг=72,500 төгрөгийн баримтыг хохирогч өөрийн хүсэлтээр хэргийн материалд хавсаргуулахаар өгч байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж үзэж дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэх үндэслэлгүй баримт гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хохирогч Ж.Г сэтгэл санааны хор уршигт 25,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч дээрх нэхэмжилж байгаа дүнтэй холбогдуулан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тэдэнд нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчээс хохирогч Ж.Г ад 2,717,659 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсны дараа шүүгдэгчээс хохирогч Ж.Г ад 2,717,659 төгрөгийг бэлнээр нөхөн төлж, энэ талаарх баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасан тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Б.Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт
Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж дээрх ялуудыг нэмж нэгтгэж нийт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ...Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон байдал, гэмт хэрэгтээ хандсан хандлага зэргийг харгалзаж Б.М-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн шинж чанар зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэж, түүний үйлдэлтэй эрүүгийн хариуцлага таарч тохирохоор байна” гэж,
Хохирогч Ж.Г-ын өмгөөлөгч Л.Наранчимэг: “...Улсын яллагчийн зүгээс оногдуулахаар санал гаргасан ялын төрөл нь шүүгдэгчийн гэмт хэргийн гэм буруугийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тодорхой нөхцөл байдал хувийн байдалд нь тохирсон байна гэж үзэж байгаа тул улсын яллагчийн санал болгож буй ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амь насанд аюултай хүнд гэмтлийг ...насанд туршдаа хүзүүндээ бэхэлгээтэй байна. Иймээс хохирогчийн хор уршиг бүрэн арилсан гэж үзэхгүй байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байна” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгч чадаагүй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал дээр нэмж хэлэх санал байхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: “...Б.М-ыг гадна талаас нь харахад эрүүл саруул юм шиг боловч ойлгоц удаан, хүний асуултыг ойлгох чадвар муу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа тус тусад нь ял оногдуулах эсвэл нэгтгэж оногдуулах талаар заасан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг нь санаатай биш болгоомжгүй гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульд заасан. Гэмт хэрэг гарах нөхцөл байдлын хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байдаг. Зам тээврийн ослын дүгнэлтээр машинд зорчиж явсан амь хохирогч машины хаалга онгойлгоод үсэрсэн асуудал нь зам тээврийн осол гарах шалтаан нөхцөлд нөлөөлсөн гэж байгаа тул 100 хувь Б.М-ын буруу гэж дүгнэх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Мөн Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзээч гэсэн саналтай байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хүний амь нас хохирсон гэдэг асуудлыг хүндрүүлэх нөхцөл байдлаар үзэж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж болохгүй гэж заасан. Б.М нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг рүү орж байгаа, мөн нас барсан гэдгээрээ 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг рүү орж байгаа учраас үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал гэж ойлгож болохгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөн өрх толгойлсон 2 хүүхэдтэй эцэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт саналаа хэлье. Энэ хэрэг дээр анх маргаан гарсан шалтгаан юу вэ гэвэл хохирогч Ж.Г согтуугаар машин барьж яваад Б.М-ын машиныг араас нь мөргөсөн асуудал байдаг. ...Яллагдагчийн эрх үүрэг дээр та мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээх ч гэдэг юм уу бүх эрхүүд нь байгаа. Гэтэл шүүгдэгчийг энэ эрхээ эдэлснийх нь төлөө та гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнгүй, хэрэгт хандаж байгаа хандлага ийм байна гэдэг байдлаар эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж болохгүй. ...Тухайн хэргийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан ч гэсэн хамгийн сүүлд үзүүлсэн эмчийн картаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн байснаас хойш 3 жилийн хугацаанд хохирогч Ж.Г-ын биед зовуурь үүссэн, байнгын эмчийн хяналтад орох ёстой, эм уух ёстой, хор уршиг арилаагүй гэдэг ямар нэгэн баримт авагдаагүй байна. Хохирогчийн маш их зовуурьтай, хэцүү байгаа гэдэг нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байгаа тул үүнийг харгалзан миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан: “Б.М нь 8-12 насны 2 хүүхэдтэй мөн 65 насны ээжтэйгээ хамт амьдардаг учраас энэ байдлыг ялын бодлогодоо тусгаж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын хувьд С.Нарангэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна” гэж тус тусын дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Учир нь, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч хохирогчийг машинаараа дайрч, мөргөж унагааснаас тухайн хүний эрүүл мэнд хохирч, амь насыг хохироох боломжтой гэдгийг мэдсээр байж санаатайгаар дайрч хүнд хохирол учруулсан, энэ үйлдлээ ухамсарлан ойлгож дахин ийм үйлдэл гаргахгүй байх ёстой атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас машинаас хүн унаж амь насаа алдсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамааруулах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь хохирогч Ж.Г ад хохирол нөхөн төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, амь хохирогч Я.Б гийн амь нас хохирсон нь нөхөж болшгүй хор уршиг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол /оршуулгын зардал/-оос төлсөн гэх баримт байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хүнд хор уршиг учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага болон бусад хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусад хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд нэгэнт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул дээрх хуулийн заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
В.Бусад хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дуусмагц хугацааг тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х ургийн овогт Б ын М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 (долоо) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусмагц тоолсугай.
7.Хохирогч Ж.Г аас баримтаар нэхэмжилсэн хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан 2,717,659 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг дурдаж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хэрэгсэхгүй болгосугай.
8.Хохирогч Ж.Г , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шүүгдэгч Б.М-с шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН