Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/00245

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06 101/ШШ2023/00245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Г.Б, шүүгч Л.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 дугаар баг, Уртбулаг,0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, М овогт Б.Б /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Нарт хотхон, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, И овогт А.Ц /РД:000/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 3,825,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Хариуцагч А.Ц,

Иргэдийн төлөөлөгч Д.Оюунсан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Ариунтэнгис миний бие нэхэмжлэгч Б.Бийн хамтаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим Тоёота Клугер маркийн00 ОРО дугаартай суудлын автомашинтай явж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны УС15-ын 3 байрны автомашины зогсоолын замд өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөн зөрөх үйлдэл хийхийг хүлээж байх үед Мазда Бонго маркийн 00УАМ улсын дугаартай автомашины жолооч Алтанхуягийн Цэнгүүн нь ирж машиныг мөргөсөн.

Уг зам тээврийн осол нь А.Ций урдаа яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасах зогсох үед мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан тохируулан сонгож яваагүй гэх дүрмийг зөрчсөнөөс болсон.

Түүний буруутай үйлдлийн улмаас Тоёота Клугер маркийн00 ОРО дугаартай автомашинд их хэмжээний хохирол учирсан. А.Ций буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгэл ноогдуулсан.

Миний унаж явсан Тоёота Клугер маркийн00 ОРО дугаартай тээврийн хэрэгсэлд 2,665,000 төгрөгний хохирол учирсныг хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээчин тогтоосон. Энэ үнэлгээг А.Цд танилцуулсан боловч одоог хүртэл төлөхгүй байна.

Үнэлгээний байгууллага руу хамт явах гэсэн боловч А.Ц өөрөө даатгал явна, намайг үнэлүүлчих гэсэн, тэгээд үнэлгээ хийлгэчихээд төлбөрийг төлөх болоход удахгүй очно, төлбөрийг төлнө гэснээ ирэхгүй байгаад байхаар нь би төлбөрийг төлсөн.

Тухайн үед Орхон аймгаас ахыгаа яаралтай хагалгаанд оруулахаар хүргэж ирэн эмнэлэг гэр хооронд зөөж байсан болно. Ослоос хойш ахыгаа ч зөөх боломжгүйгээс гадна уг хэрэг даамжирснаас болж харих боломжгүй болсон.

А.Ц нь өөрийн буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээн нэн даруй хохирлыг арилгаж өгөөгүйн улмаас олон хоногийн ажил, олох байсан орлого, нааш цааш явах замын зардлаар хохирсон болно. Тиймээс гэм буруутай нь тогтоогдсон талаас машинд учирсан хохирол болон өөр бусад хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гарсан.

Тухайн үед машины копут дотор талаас нугаларсан, түүнийг засварлахаас өөр аргагүй болсон байсан ба А.Ц нь 1,100,000 төгрөгийн гэрэл, их гэрэл, крыло авч өгсөн боловч крыло засварлах болчихсон, бас копутыг Өгөөмөр захаас авч өгнө гэснээ болиод засуулаад янзлуулчихна гээд байхаар нь буцаагаад түүнд өөрт нь өгсөн. Мөн засварын мөнгийг явуулна гэсэн боловч явуулаагүй. Гэтэл одоо ослоос хойш бүтэн 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад эвдэрсэн эд анги байгаа эсэхийг асууж байгааг ойлгохгүй байна, машиныг засварласан.

Энэ ослын улмаас 2022.01.07-ны өдрөөс 2022.01.12-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллагад дуудагдсан. Цагдаагийн ажилтан А.Ций хамт яваад дахин үнэлгээ хийлгэд ир гэсэн боловч түүнийг шөнийн 23 цаг хүртэл хүлээгээд ирээгүй, гэтэл одоо үнэлгээг зөвшөөрөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй.

Хариуцагч А.Ций буруутай үйлдлээс болж машинд учруулсан хохирол болох 2,665,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 138,000 төгрөг, үнэлгээний тайлан дахин хэвлэсэн 5,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 8,500 төгрөг, тухайн өдрөөс хойш хариуцагчтай уулзахаар, хохирлоо барагдуулах зорилгоор хэдэн хэдэн удаа уулзахад зарцуулсан бензиний зардал болох 231,040 төгрөг, Орхон аймаг руу явж ирсэн замын зардал болон бензин болох 275,060 төгрөг, гэнэтийн шалтгаанаар Улаанбаатарт байх хугацаанд зарцуулсан хоол унд, бусад зардал болох 103,260 төгрөг, осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд миний өөрийн олох ёстой орлого болох 10 хоногийн /1 хоногх40,000/ төлбөр 400,000 төгрөг, нийт 3,825,860 төгрөгийг нэхэмжилсэн.

Миний бие багаар ажиллаж хөдөлмөрлөдөг бөгөөд олох ёстой орлогыг өдөрт 40,000 төгрөгөөр тооцсон, орлоготой холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй.

Иймд гэм хор учруулсны хохиролд 3,825,860 төгрөгийг А.Цээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие А.Ц нь нэхэмжлэгч Б.Бийн гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцсан.

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн орчимд болсон Тоёота клугер загварын00 ОРО улсын дугаартай суудлын автомашин, Бонго загварын 00 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн явдал юм.

Дээрх 00 УАМ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний ажилладаг компанийн өмчлөлийн, бетон зуурмагийн машин бөгөөд гэртээ оччихоод ажил руугаа буцаад явж байсан юм.

Уг осолд замын цагдаагийн байцаагч ирж шалгасан ба ослын акт тогтоогоогүй. Ослын актыг надад танилцуулаагүй атал намайг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн осол шалгах явцад зам тээврийн улмаас учирсан хохирол нь нэг талыг барьж үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Тухайн үед байцаагч нь 2 машины жолоочийг хамтад нь явж хохирлын үнэлгээг гаргуулаад ир гэсэн боловч миний оролцоогүй үнэлгээг гаргасан.

Тухайн үед даатгалтай байсан учир даатгал 2 хоногийн өмнө дуусчихсан байсан, тийшээ оччихоод ирэх хооронд үнэлүүлчихсэн байсан.

Үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн нь ашиг сонирхол зөрчигдөж байна. Ослын дараа 2 жолооч хамт яваад гэрлийн үнэлгээг 220,000 төгрөг гэдгийг мэдсэн боловч үнэлгээгээр 800,000 төгрөг гэж үнэлсэн байна. Тухайн үед тээврийн хэрэгсэлд ашиглагдаж байсан гэрэл Хятад улсад үйлдвэрлэгдсэн гэрэл байсан ба үнэлгээгээр Япон гэрэл гэж үнэлсэн байсан. Зах зээлд худалдаалагдаж байгаа япон гэрэл 550,000 төгрөг байсныг 2 жолооч хамт явж байхдаа бодит байдлыг газар дээр нь судалж үзээд 1,000,000 төгрөг болох юм байна гэдгийг мэдсэн байсан.

Гэхдээ 1,000,000 төгрөгийн үнэтэй гэх сэлбэгийн баримтыг авчраагүй.

Ослыг шалгасан байцаагчид үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гарсан байна гэж дахин үнэлүүлэх талаар санал хүсэлтийг амаар гаргасан. Тэгэхэд миний эрхийг хангасан эсэх талаар тодорхой хариу өгөөгүй, бүр эсрэгээрээ зүй зохисгүй харьцаж намайг төлбөрөө төл гэж дарамталж шаардан төрийн албаны үүргийг ёс журамгүй гүйцэтгэж байсан. Ослын акт гаргуулах талаар мөн хэлэхэд "юу яриад байгаа юм бэ 2 жолооч тохиролцсон үндэслэлээр хаасан, одоо акт гаргах боломжгүй, би дуугүй төл" гэсэн атал нэхэмжлэгч шүүхэд ослын акт баримтаар өгсөн нь миний мэдэхгүй зүйл байна.

Энэ ослын улмаас намайг Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгосон, торгуулийг төлсөн.

Нэхэмжлэгч нь машины үнэлгээ 2,665,0 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр, 138,000 төгрөг, үнэлгээ дахин хэвлэсэн 5,000 төгрөг, нотариатын үнэ 8,500 төгрөг, хохирол барагдуулахаар уулзахад явсан бензиний зардал 231,040 төгрөг, Орхон явсан ирсэн замын зардал бензин 275,060 төгрөг, Улаанбаатар хотод зарцуулсан хоол унд бусад зардал 103,260 төгрөг, олох ёстой орлого 10 хоног 400,000 төгрөг, нийт 3,825,860 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хохирол барагдуулахаар уулзахад явсан бензиний зардал 231,040 тегрег гэсэн нь Баянзүрх дүүрэг дээр байж байгаад Шархад руу хамгийн уртаар бодоход 5км газарлуу 2 удаа явахад дээрх шатахуун зарцуулагдах эсэх нь тодорхой бус. Буруутай үйлдлээс учирсан хохирол нь ослын улмаас үүсэх болохоос олох орлого алдагдсанаар үүсэхгүй, мөн хотод зарцуулсан хоол унд 103,260 төгрөг гэсэн нь огт үндэслэлгүй. Хүн амьдрахын тулд хүнс тэжээлээр хангагдаж, идэх зайлшгүй шаардлага гардаг ба осолд өртсөний улмаас хоол идэж зардал гаргасан гэдэг нь ойлгомжгүй. Орхон аймаг руу явсан ирсэн замын зардал бензин 275,060 төгрөг энэ осолд огт хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь зам тээврийн зөрчилтэй холбоотойгоор авто машинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Гэвч нэхэмжлэгч нь 3,825,860 төгрөгийн, хариуцагч нь 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хангалттай нотлох баримтгүй байна.

Иймд хариуцагч А.Ций буруугаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан тул Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээ 2,665,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Б.Бээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.Ат олгосон итгэмжлэл, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, шатахуун худалдан авсан тасалбар, Шөлөндөө хоолны газрын тасалбар, Efes supermarkem тасалбар, CU тасалбар, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, №0 дугаартай шийтгэлийн хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, 00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-19/

Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар /хх-ийн 26-27/,

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээчээр томилогдсон Мөнх Эстимэйт ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тайлан /хх-ийн 48-54/,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.Цд холбогдуулан гэм хорын хохиролд 3,825,860 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, УС 15-ын 3 дугаар байрны автомашины зогсоолын замд хариуцагч А.Ц нь Мазда Вонго маркийн 00 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс С.Аийн жолоодож явсан Тоёота Клугер маркийн00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн магадлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэлд Их Монгол овогт Алтанхуягийн Цэнгүүн нь Мазда Вонго маркийн 00 УАМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөнөөс Тоёота Клугер маркийн 00 ОРО улсын дугаартай автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан гэжээ. /хх-ийн 15-16/

Цагдаагийн байгууллагаас А.Ций гаргасан дээрх зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсгийн 51-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. /хх-ийн 17-18/

Дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэлийн талаар А.Цд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан байх ба тэрээр торгуулийг төлсөн гэж тайлбарласан, энэхүү шийтгэлийн талаар гомдол гаргасантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар хариуцагч А.Ц нь Мазда Вонго маркийн 00 УАМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж, нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлийн, Тоёота Клугер маркийн 00ОРО улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн үйл баримт тогтоогдсон байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч А.Ц нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар өөрийн бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад Тоёота Клугер маркийн00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Ашид Билгүүн ХХК-иар тогтоолгоход 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,665,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний хөлсөнд 5,000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 10-14,19/

Хариуцагч А.Ц нь дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэж маргасан.

Түүний хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШТ2022/00250 дугаар тогтоолоор Тоёота Клугер маркийн00 ОРО улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, хохирлын зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Мөнх Эстимэйт ХХК-ийг томилсон. /хх-ийн 41-46/

Шинжээчээр томилогдсон Мөнх Эстимэйт ХХК нь дээрх тээврийн хэрэгслийн эд ангийг засварласан, зам тээврийн осол гарсан үед ямар байдалтай байсныг зургаас харж тодорхойлох боломжгүй гэх улмаас дүгнэлт гаргах боломжгүй талаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагч нь мэтгэлцээгүй. /хх-ийн 54, 73-75/

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д:Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, 228.2 дахь хэсэгт Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно гэж заажээ.

Зам тээврийн ослын улмаас Тоёота Клугер маркийн00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Ашид Билгүүн ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,665,000 төгрөг гэж үнэлсэн, үнэлгээний төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5,000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэгч ирүүлсэн тул энэхүү тогтоогдож буй үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2,670,000 төгрөгийг хариуцагч А.Ц хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэв.

Харин тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад учруулсан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй бензиний зардал /231,040 төгрөг/, замын зардал /275,060 төгрөг/, хоол унд болон бусад зардал /103,260 төгрөг/, баримтаар нотлогдохгүй үнэлгээ хийлгэсний төлбөр /138,000 төгрөг/, нотариатын төлбөр /8,500 төгрөг/, олох ёстой орлого /400,000 төгрөг/, нийт 1,155,860 төгрөгийг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс уг хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлаа тус тус баримтаар нотлоогүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч А.Цээс Тоёота Клугер маркийн00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 2,665,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 5,000 төгрөг, нийт 2,670,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,155,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь зам тээврийн осол гарахад хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм буруугийн талаар тэрээр маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул тэрээр учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирлын хэмжээг үнэлгээний компанийн үнэлгээгээр тооцох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Цээс 2,670,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,155,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 57,160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

Л.ЭНХЖАРГАЛ