Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00656

 

 

 

 

 

 

 

 

2023 01 26

101/ШШ2023/00656

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А а и ХХК гаргасан,

 

Хариуцагч: Ч.У-д холбогдох,

 

9,280,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч Ч.У-той 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгиийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч нь зээлээ төлөөгүй тохиолдолд УБО тоот улсын дугаартай тоёото алион маркийн тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон.

 

Гэтэл хариуцагч Ч.У нь зээлийн гэрээг зөрчиж зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг огт төлөөгүй ба 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан фидуцийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч тэрээр ашиглах эрхтэйгээр байгуулсан бөгөөд манай компанийн зүгээс өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг гаргуулан авахыг түүнээс удаа дараа шаардса ч авч чадахгүй байна.

 

Иймд, 2022 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар үндсэн зээл 4,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,280,000 төгрөг, нийт 9,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг сонсвол фидуцийн гэрээ биш, харин барьцааны гэрээ байгуулах ёстой байсан гэж тайлбарлаад байна. Талууд нэхэмжлэл гаргахдаа өөрийнхөн ямар эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа гэдэг нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээг бус фидуцийн гэрээг байгуулснаар хариуцагч яаж хохирсон нь тодорхойгүй, манай компанийн хувьд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор ямар нөхцөл байвал үүсэх вэ гэдэг асуултын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар үүсэх үр дагавар нь тодорхойгүй байна гэв.

 

Хариуцагаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 4,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба хариуцагч нийт 4,960,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч А а и ХХК нь Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуульд заасан зохицуулалтыг зөрчиж туахйн гэрээг байгуулсан байна. Мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлага болох 6,960,000.00 төгрөгийг хэрхэн яаж бодсон нь эргэлзээтэй, зээл, хүүгийн тооцоолол байхгүй, зээлийг сарын 4 хувийн хүүтэй гэдгийг хэрхэн тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, үүнийг зээлийн үйл ажиллагааны дүрэмд тусгасан эсэх, аль эсхүл хариуцагчтай харилцан тохиролцож хүүгийн хэмжээг тогтоосон зэрэг нотлох баримт байхгүй байна.  

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй боловч хуулийн зүйл заалтыг буруу ойлгож нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч тухайн зүйл нь Банк, зээлийн үйл аижллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаанд үйлчилдэг.

 

НэхэмжлэгчА а и ХХК-ийн үндсэн чиглэл нь барьцаалан зээлдүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн дээрх гэрээг байгуулсан гэх боловч угтаа нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд гэдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна.

 

Барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааг Иргэний хуулиар тухайлан зохицуулсан ба Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймээс талуудын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хуульд зөрчсөн гэж үзэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль эрх зүйн мэдлэг дутууг далимдуулж, мөн өөрсдийн үйл ажиллагааны үндсэн зорилго буюу барьцаалан зээлдүүлэх газрын хуулиар зохицуулсан үүргийг зөрчиж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Зүй нь, барьцааны гэрээ байгуулах ёстой байтал зээлдэгчийн өмчлөлийн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан үйлдэл нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд, талууды 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 126,310.00 төгрөг төлсөн баримт,

2.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

3.            Итгэмжлэл,

4.            Зээлийн гэрээ

5.            Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

6.            Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            Итгэмжлэл,

2.            Хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Голомт банк ХХК дахь дансны хуулга,

2.            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-153/24918 тоот албан бичиг,

3.           А а и ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/2 дугартай захирлын тушаал,

4.            Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ,А а и ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/112 дугаартай албан бичиг.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчА а и ХХК-иас хариуцагч Ч.У-д холбогдуулан 9,280,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигч нарын нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчА а и ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ч.Утой зээлийн гэрээ байгуулж 4,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон ба зохигчид хариуцагчийн өмчлөлийн тоёото алион маркийн  УБО тоот улсын дугаартай автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулжээ /х.х-ийн 6-11 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчА а и ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн 286.2-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж тус тус зааснаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдээс хариуцагчид зээл олгох харилцаа үүсэх учиртай /х.х-ийн 75 хуудас/.

 

Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Ингээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчА а и ХХК-иас хариуцагч Ч.Уд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний зүйл болох 4,000,000.00 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч буцаан төлсөн гэж тайлбарлаж байна /х.х-ийн 71 хуудас/.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч буюу зээлдэгчийг 4,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байна гэж үзэх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

2.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Тус зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зээлийг ашиглах хугацаа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу 6 сар, зээлийн хүү сарын 4 хувь бөгөөд зохигчид эргэн төлөлтийн хуваарь буюу зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг гэрээний хавсралтаар тохирчээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 6 сар, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг тухайн сарын тохирсон өдөр байхаар тохирч, хариуцагч нь үндсэн зээлийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгахдаа зээлийн хүүнд нийт 960,000.00 төгрөгийг төлөх ёстой байжээ /х.х-ийн 9 хуудас/.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан. Тодруулбал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар зохигч нарын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байна.

 

3.            Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 4,000,000.00 төгрөгийг зээлийн хүү 960,000.00 төгрөгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг 4,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдэд төлсөн гэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ч.У нь 4,000,000.00 төгрөгийг 960,000.00 төгрөгийн хүүгийн хамт төлсөн гэсэн тайлбараа нотлох үүрэгтэй боловч баримтаар нотолсонгүй.

 

4.            Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл буюу 33 сарын хугацаанд ашигласан гэсэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 5,280,000.00 төгрөг, нийт 9,280,000.00 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй боловч хариуцагчийг ашигласан хугацааны хүүг заавал төлөх ёстой гэсэн. Гэвч зохигчид гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан сарын 4 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа нь иргэний эрх зүй дэхь эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг зохигчид гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.

 

Гэтэл зохигчид гэрээний хугацааг тухайлан сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцлөөр шинээр тоолж эхэлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэгчА а и ХХК-нд хариуцагч Ч.У-гоос гэрээний хугацаа дууссан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг шаардах эрх байхгүй тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000.00 төгрөг, зээлийн хүү 960,000.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

5.            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч А а и ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллага болохын хувьд энэхүү үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангахаас аргаас гагцүү хөдлөх хөрөнгийг барьцаанд авах эрхтэй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулах эрхгүй юм.

 

Үүнээс үзвэл барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох үйл ажиллагаа, тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэж тухайлан зохицуулжээ.

 

Тийм ч учраас тус хуулийн 286 дугаар зүйлийн 286.6-д Барьцаалан зээлдэх газраас зээл олгоход энэ хуулийн 157.1.3, 157.2.1, 157.2.2, 157.3, 159.2, 159.5 дахь заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцаалсан хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдах журмыг энэ харилцаанд хэрэглэхээр тухайлан зохицуулсан нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулах эрхгүй болохыг илэрхийлж байна.

 

Гэтэл нэхэмжлэгчА а и ХХК нь хариуцагч Ч.У-той 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, түүний өмчлөлийн Тоёото аллион маркийн УБО тоот улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 

6.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэж, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хийсэн гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хэдийгээр нэхэмжлэгчА а и ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага болохын хувьд үндсэн зорилгынхоо дагуу хариуцагч Ч.У-д 4,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн боловч харин хуулиар тогтоосон журмын дагуу хариуцагчийн хөдлөх хөрөнгийг барьцаалах ёстой байтал дээр дурдсанаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Тоёото аллион маркийн УБО тоот улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан аваагүй боловч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг ийнхүү эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлсэн байгааг үр дагавар үүсгэсэн гэж үзэж болохоор байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 4,960,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,320,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1тус тус заасныг үндэслэн хариуцагч Ч.У-гоос 4,960,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчА а и ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,320,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчА а и ХХК, хариуцагч Ч.У нарын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,380.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 94,310.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР