Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

 

 2025           08          26                                          2025/ШЦТ/226

 

 

                               

              

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч ***

Улсын яллагч Н.Амгалан

Шинжээч эмч ***

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***т холбогдох эрүүгийн 2439003040406 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “***” гэх газар “***” гэх жоншны нөхөрлөлийн талбайд байх гэрт ***той согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тухайн архиндаа согтуурхаж маргалдан, уг гэрт байсан хутгаар түүний зүүн өгзөгт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн *** сумын уурхайд нэг сар ажиллачихаад наашаа ирсэн. Би өөрт байсан архиа дүүдээ өгчихөөд ажлаа дуусгаад гэр лүү ортол *** талыг нь уучихсан байсан. Намайг ороход мах чаначихсан байсан болохоор бид хоёр хоолоо идсэн. Дүү маань нэлээн согтчихсон, сэтгэл санаагаар уначихсан, амьд явахад хэцүү байна, амиа егүүтгэмээр байна, судсаа ханана гэж хэлэхэд нь би тэгж болохгүй гэдгийг хэлсэн. Дүү нь очих ч газаргүй байна, гэрийнхэн маань намайг шүүхэд өгсөн, түүнээс зугтааж яваа гээд байсан. *** нэлээн согтчихсон, данхтай цайгаа асгаад тэрэндээ халтирч хутга дээрээ унасан. Намайг “та экскаватораа буулга, би давгүй” гээд гэр орноо цэвэрлээд үлдсэн. “Чи зүгээр биз дээ” гэхэд “зүгээр, зүгээр одоо яах ч үгүй” гээд гэрээ цэвэрлээд үлдсэн. Би экскаватораа буулгачихаад өглөө очтол бөөн цус болчихсон нас барсан байдалтай байсан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай дүүг ах, дүү нар нь хайхрахгүй байсан болохоор амиа хорломоор байна гэж ярьсан гэлээ. Бид нарыг бага байхад эцэг маань салж, бид тусдаа байдаг байсан. Хүнд сэтгэлийн гэмтэл аваад багаасаа тусдаа өссөн болохоор нэг нэгэндээ гомдож, гомдол мэдүүлээд байдаггүй, хөндий өссөн гэхэд болно. *** гэдэг хүний ***, ***, *** гээд 3 хүүхэд байдаг. *** дүү маань *** гэх хүний дүүтэй сууж байсан. Гэхдээ одоо нас барчихсан. *** дүү маань нас барж бидэнд маш хүнд хохирол амсууллаа. Хэрэв шүүх, цагдаагийн дүгнэлт үнэн зөв гараад төлбөргүй, хохиролгүй гэж гарвал түүгээр болно биз гэж бодож байсан. ...Амиа хорлох хэмжээний, сэтгэл санаагаар унахаар байгаагүй. Амиа хорломоор байна гэж ярихгүй л гэж бодож байна. Зүгээр ирж очоод, заримдаа утсаар ярьдаг. Ер нь архи уухаараа агсан тавьж, хүнтэй муудалцаад байдаггүй. Байнга ном уншиж, шүлэг зохиож бичдэг хүүхэд байсан. Гэр орныхоосоо болоод амиа хорломоор хэмжээний байгаагүй гэж бодож байна ...сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй.” гэв.

 

Шинжээч эмч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...амь хохирогч өөрөө хутган дээр унах үед тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Яагаад вэ гэхээр хатгагдаж зүсэгдсэн шарх нь нэмэлт зүслэг үүсгэгдээгүй байсан. Нэмэлт зүслэг гэдэг нь энэ хүн хутган дээрээ унаад арагшаа ойчсон мэтээр ярьж байна. Хэрэв тэгж ойчсон байсан бол нэмэлт зүслэг үүссэн байх боломжтой гэсэн үг. Гэтэл шархны хувьд босоо байрлалтай байгаа. Хэрэв тэгж ойчсон байлаа гэхэд арай ташуу байрлалтай байх боломжтой. Хутгаа дарж ойчсон тохиолдолд хутганы чиглэл өөрчлөгдөнө гэсэн үг. Нэмэлт зүслэг гэдэг нь хатгагдаж зүсэгдсэн шархны төгсгөл болон төгсгөлийн ойролцоох газарт нэмэлт зүслэг үүсгэгдэх ёстой. Хутганы ажлын хэсгийн урт 13 см, шархны гүн 7 см байгаа. Хэрэв хутгаа дарж унавал ажлын хэсэг бүхлээрээ орох боломжтой. Хэрэв хутгаа зүүн гартаа барьж байгаад ардаа бариад уналаа гэж бодоход  шархны чиглэл өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Тийм учраас боломжгүй гэж дүгнэсэн. Шархны гүн 7 см орж хутгалагдсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ шинжилгээний явцад цочмог цус алдалт илэрсэн гэж бичсэн байгаа. Эрхтэнд илэрсэн өөрчлөлтөөс зүрхэнд минакомын толбо гэж илэрсэн бөгөөд цочмог цус алдалт буюу их хэмжээний цус алдалтын улмаас үүсдэг. Бөөр их хэмжээгээр цус алдсаны улмаас хүрэн шаргал болж цус багадалтын шинж тэмдэг илэрч цайвар цагаан өнгөтэй болж өөрчлөгддөг. Иймээс цочмог цус алдсан гэж үзсэн. Баруун гартай хүн зүүн өгзөг рүүгээ баруун гараараа хатгаж болох ч 7 см гүн оруулах боломжгүй..” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний дүү *** нь 1976 онд Хэнтий аймгийн *** суманд ***ын 3 дахь хүү нь болж төрсөн. Дээрээ хоёр эгчтэй байсан. Харин эх нэгтэй эцэг ондоотой бөгөөд 5 дүүтэй байсан. Бага насандаа *** сумандаа цэцэрлэгт явдаг байсан бөгөөд арван жилийн сургуульд Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр арван жилийг төгсөж бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж, сургуулиа төгссөн цагаас хойш *** сумандаа амьдардаг байсан. Тухайн хугацаандаа сумын сайн дурын уран сайханч ажилтай, дуу дуулж, шүлэг бичдэг байсан. Харин би хүнтэй сууж 20 жилийн хугацаанд хилийн цэрэгт ажиллаж амьдарч байгаад талийгаач дүүтэйгээ бараг уулзалдаагүй, хааяа л утсаар холбогдож ярьдаг байсан. Талийгаач зан аашийн хувьд төлөв даруу, зөөлөн хүн, гэхдээ хааяа нэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж сонсогдож байсан. Мөн дотогшоо зантай, хүнтэй тэр бүр харилцаж, элдвийн зүй бус үг хэлж ярилцаад байдаггүй. Ном их уншдаг. Хааяа энд тэнд ажил хийж байгаа гэж ярьдаг байсан. Миний дүү гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан ... Миний дүү *** нь урьд өөрийнхөө амь насыг хохироох оролдлого хийж байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 36-37, 40-41),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*** ганцаараа гэртээ амьдардаг. Харин 2024 оны 06 дугаар сарын 28-ны өглөө түүнийг нас барсан гэдгийг мэдсэн. Уг нь би 06 дугаар сарын 27-ны өдөр талийгаачийн гэрт орох үед тус жоншны компанид экске маркийн техник авчирсан гэх нэг эрэгтэй хүн ирсэн байсан ба намайг ороход тэр хоёр хоол хийж идээд сууж байсан. Архи ууж согтуурсан зүйл байгаагүй. Эрүүл байсан. Ер нь талийгаач *** нь хүчтэй эмчилгээ хийлгэж байгаа гээд огт архи дарс хэрэглээд байдаггүй. Ганцаараа л байдаг байсан...” гэжээ. (1-р хх-ийн 43-45),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *** сумаас *** сумын 8 дугаар багт байдаг жоншны талбай руу миний экскаваторыг урьд нь авсан байсан *** гэх залуу намайг Улаанбаатар хотод байх үед манай жоншны талбайд авчирч үлдээсэн ба тухайн үед *** нь экскаваторыг хариуцаад жоншны талбайд үлдсэн байсан. Тэр үед жоншны талбайд байх гэрт *** ганцаараа *** очоод тэр хоёр хоёулаа хоносон. 2024 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хоёулаа байсан. Харин би тэр хоёрыг хоёулаа байх хугацаанд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярихад *** нь “Би эндээс унаа олдвол аймаг явлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд явахыг нь зөвшөөрсөн. Тэгээд орой нь би ***ыг аймаг явна гэж байсан болохоор явсан эсэхийг нь тодруулахаар *** дугаар залгасан чинь *** утас авсан. Тэр үед нь би ***ыг явсан уу? яваагүй байна уу? гэж асуухад *** “Ово /***/ ах байгаа” гэж хурдан хурдан яриад байсан. Тухайн сүлжээ унаад байгаа юм байна гэж бодсон. Өөр хэрэгтэй зүйл байгаа эсэх талаар нь асуухад “Хоол ундны зүйл дуусаж байгаа шүү ах” гэж хэлээд бид хоёр яриагаа дуусгаж би дахин түүнтэй холбогдож яриагүй. Харин маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ унтаж байхад *** хөдөө гэрийн *** дугаараас миний *** дугаар залгаад “Би экскаваторынхоо хажууд унтаж байгаад сая ороод ирсэн чинь *** энд нил цус болоод нас барчихсан юм шиг байна” гэж ярьсан. Тэр үед нь би түүнийг сонсоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нарын хамт хөдөө гэрт очиход *** нас барчихсан байсан...” гэжээ. (1-р хх-ийн 48-50),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач *** нь миний төрсөн ах байгаа юм. Манайх эхээс нийт есүүлээ, дээрээс 4 дэх ах маань юм. Эцэг ондоо эх нэгтэй ах дүү нар байгаа юм. 1992 онд байх бид нартай Хэнтий аймгийн төвд 8 дугаар анги хүртлээ цуг байж байгаад төрсөн аав руугаа буюу Хэнтий аймгийн *** сум руу явсан. Хааяа ээжтэй уулзах гэж ирдэг байсан. 2021 онд манай төрсөн эгч бие нь муудаад Хэнтий аймгийн төв дээр байхад ирж 1 жил асарч байсан. Ингэхэд уулзаж байсан. Тэрнээс хойш тодорхой хаана оршин суудаг хаагуур ямар ажил хийдгийг сайн мэдэхгүй байна. Ээж дээр хааяа ирээд хэлээд уулзаад явсан байдаг. Тэгээд би ээжээс л сонсдог байсан. Сая хавар ээж надад уурхай дээр ажиллаж байгаа гэсэн гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл сайн мэдэхгүй. Ингээд өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээжийн утас руу хүн залгаад юм асуусан юм шиг байна лээ. Тэгээд ээж ойлгохгүй байхаар нь би аваад ярьтал цагдаагийн байгууллагаас ярьж байна гээд нас барсан талаар хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 53-55),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14 цагт Хэнтий аймгийн *** сумын “***” уурхайгаас “***” нөхөрлөлийн эзэн ***ийн эзэмшлийн экскаваторыг жолооч ***ын хамт *** сумын 8 дугаар баг “***” гэх газарт байрлах жонш олборлолтын талбайд хүргэж өгсөн. Тухайн үед *** ах бид хоёр хоёулхнаа явсан. Бид хоёрыг нөхөрлөлийн уурхайд очиход талийгаач *** ганцаараа байсан. Харин би экскаваторыг нь тус талбайд үлдээгээд буулгасан. Тэр үед талийгаач ***од *** ах өөрийнхөө хөнжил пүүгээг машинаас авч өгөх үед талийгаач *** ахад “Их хүнд байна даа. Дотор нь өөр юм байна даа. Надад юм авчирсан юм биш биз” гэж хэлсэн. Тэр үед *** ах цүнхнээсээ 1 ширхэг 0.5 граммын савтай лаазтай пиво гаргаж өгч байхаар нь би талийгаач ***, *** хоёрт “Та хоёр архи дарс битгий уугаарай. Гялс ажлаа амжуулаарай” гэж сайн захиж хэлээд би ганцаараа Хэнтий аймаг руу буцсан. Тухайн үед тэр хоёрт хоёр хоног хийх ажил байсан ба би ***, *** хоёрт “Та хоёр ажлаа хийгээд байж байгаарай. Би хоёр хоногийн дараа эргэж ирнэ” гэж хэлээд л явсан...” гэжээ. (1-р хх-ийн 64-66),

 

Шинжээч эмч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Судалгаагаар хүн амиа хорлох тохиолдолд өөрийнхөө харах болон гар хүрэх талбайд өөрийгөө гэмтээдэг. Харин энэ тохиолдолд амь хохирогч нь зөв буюу баруун гартай гэж хууль ёсны төлөөлөгчөөс мэдээлэл авсан. Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь зүүн өгзөгт босоо байрлалтай, ардаас урагш, доош чиглэлтэй, ир нь дээрээ, мөр нь доороо, 7 см гүн хэмжээтэй хутгалсан байсан. Энэ тохиолдолд баруун гартай хүн зүүн өгзөгт хутгалвал, тохойн нугалах хөдөлгөөнөөр чиглэл өөрчлөгдөх боломжтой ба 7 см гүн хутгалагдсан байдал нь хүч үйлчилсэн байх боломжтой байсан тул дээрх дүгнэлтийг гаргасан...” гэжээ. (1-р хх-ийн 71-72),

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *** бид хоёр гэртээ хоёулхнаа байх хугацаанд *** нь хоол хийсэн. Харин би экскегээ байрлуулаад гэрт орж ирэх үед *** нь гэрт оруулаад тавьсан байсан хоёр шил архины нэгээс нь задалж уугаад жаахан халамцуу сууж байсан. Тэр үед цаг 17-18 цаг болж байсан. Тэгээд бид хоёр хоолоо идчихээд үлдсэн архиа хувааж уугаад сууж байхад *** “Дүү нь ер нь юмнаас зугтааж яваад хэцүү байна. Амиа хорломоор байна. Судсаа ханамаар байна” гэж яриад нааш цааш яваад байснаа янз бүрийн юм яриад уйлаад л эргэлдэж явж байгаад данхтай цайгаа асгачихсан байснаа мартаад хойд талд байдаг наар /ор/-ны зүүн талд сууж байгаад босоод явахдаа хальтирч унаад, босоод ирэхдээ “Ах аа би өөрийгөө хутгалчихлаа. Өгзөгнөөс цус гарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед би баруун талын нааран дээр хэвтэж байсан ба цаг нилээн орой /ойролцоогоор 21 цаг/ болсон байсан бөгөөд босож очоод ***ын шархыг нь харахад зүүн талынхаа өгзөг хэсэгт хутгаар хатгачихсан байхаар нь би өөрийнхөө цүнхнээс бинт, марль гаргаж өгөхөд *** өөрөө тухайн шархаа дарж боогоод цус нь тогтох шиг болсон. Харин *** надад хэлэхдээ “Ах аа зүгээрээ гайгүй болчихлоо” гэж хэлээд миний бинт, марль зэрэг зүйлийг буцааж надад өгсөн. Харин тухайн үед ***ын гэрт байдаг суурин утас дуугарсан чинь *** тухайн утсыг аваад яриад надад хэлэхдээ “Таныг экскаватороо буулгаад бэлдэж бай. Галшар сум руу ажил гарлаа гэж байна” гэж хэлэхээр нь би гэрийнх нь гаднаас буюу овоолттой шорооноос өөрийнхөө экскаваторыг доош нь болгож буулгаад дэргэд нь ороо засаад унтчихсан. Тэгээд өглөө нь 07 цагийн орчимд дээшээ гэр лүү орж утсаар ярих гэхэд *** нь хажуу талаараа харсан байдалтай, хамаг бие нь хөхөрчихсөн, хувцастайгаа ухаангүй хөшчихсөн байхаар нь би *** рүү утсаар залгаад чи нөхөрлөлийн газартаа ирэх хэрэгтэй байна гэж болсон асуудлын талаар хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 211-213),

 

Гэрч ***ын мэдүүлэг (1-р хх-ийн 57),

Гэрч ***ийн мэдүүлэг (1-р хх-ийн 60-61),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай “...1.2.3.4.5. Талийгаачийн цогцост зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

6. Үүссэн гэмтэл нь ардаас урагш доошоо чиглэлтэй үйлчилсэн байна.

7. Үүссэн гэмтлийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй гэмтэл байна.

8. Хэвтээ болон босоо аль ч байрлалд үүссэн байх боломжтой.

9. Багаж мэсний хэлбэр мөр нь доороо ир нь дээрээ байрлалтай байна.

10. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

11. Цусанд 2.7 промилли спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэг байна.

12. Зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Гадна үзлэгээр нас бараад 24-с дээш цаг болсон байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 116-120, 121-124),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2451 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд үүссэн 19 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал өнгийн майканд үүссэн 158 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар саарал өнгийн өмдөнд үүссэн 4х5 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, саарал өнгийн цамцанд үүссэн 755 мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 35х15 мм, 33х28 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролтууд, хөх өнгийн дотоожинд үүссэн 60 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, 20 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 54х8 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хос оймс гэмтэлгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн цооролт, урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 76-79, 80-83),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 87-88, 89-91),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “1,2,4,5,6,7,8,9,10,11,12” гэж дугаарласан 11 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн “3” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь *** /СТ68052917/-ын баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 97-99, 100-103),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 134 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цогцосны гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “Папилон” санд бүртгэлтэй сэжигтэн, яллагдагч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 108-109, 110),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4487 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уут, тариурнаас цус илэрсэн.

2. Гялгар уутнаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.***ын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 129-130, 131),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4486 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гарын арчдаснаас биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Биологийн гаралтай ул мөр илрээгүй учир ДНХ-ийн тогтцыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 136-137, 138),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4488 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн.

2. Шинжилгээний үр дүнгээр хутганаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.***ын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 142-143, 144),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4488 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бинтнээс цус илэрсэн.

2. Шинжилгээний үр дүнгээр бинтнээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.***ын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 148-149, 150),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4490 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 гарын 10 хурууны хумснаас биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Биологийн гаралтай ул мөр илрээгүй учир ДНХ-ийн тогтцыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 153-154, 155),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1004 дугаартай “...1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** овогтой *** ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 41-43),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 082 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд үүссэн 19 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, саарал өнгийн майканд үүссэн 158 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар саарал өнгийн өмдөнд үүссэн 4х5 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, саарал өнгийн цамцанд үүссэн 755 мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 35х15 мм, 33х28 мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролтууд, хөх өнгийн дотоожинд үүссэн 60 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, 20 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 54х8 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн оймс гэмтэлгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн цооролт, урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 62-65, 66-69),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 083 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 4х5 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин цооролт, эрээн өнгийн өмдөнд үүссэн 5х10 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 7х8 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамц, хар хөх өнгийн богино саравчтай малгай, хүрэн бор өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, саарал өнгийн оймс, ногоон хар өнгийн гутал гэмтэлгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн цооролт, гогдолтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 76-78, 79-83),

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 7),

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 8-12, 13-22),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23, 24-26),

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 27-28, 29-31),

            Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 47, 50-51, 55),

            Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл (2-р хх-ийн 48, 52-53, 56-57),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2-р хх-ийн 92, 93, 84),

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 98),

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, мэдээлэл (1-р хх-ийн 161),

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 162),

            Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 164),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 179, 219),

            ***ын жолоочийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 220, 221, 222, 223, 224) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт ажлын хэсэгтэй, 8 см урт бариултай, нийт 21 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, амь хохирогч ***ын хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар саарал өнгийн майк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн 1 хос оймс, шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гэх ногоон өнгийн богино саравчтай малгай 1 ширхэг, урт ханцуйтай хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, хүрэн бор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, түрийндээ алаг судалтай саарал өнгийн 1 хос оймс, хар өнгийн үдээстэй 1 хос пүүзэн гутал зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт *** *** нь 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт байх “***” гэх жоншны нөхөрлөлийн талбайн монгол гэрт ***той согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдан, түүний зүүн өгзөг хэсэгт хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амиа хорлох хэмжээний, сэтгэл санаагаар унахаар байгаагүй. Амиа хорломоор байна гэж ярихгүй л гэж бодож байна. Зүгээр ирж очоод, заримдаа утсаар ярьдаг. Ер нь архи уухаараа агсан тавьж, хүнтэй муудалцаад байдаггүй. Байнга ном уншиж, шүлэг зохиож бичдэг хүүхэд байсан. Гэр орныхоосоо болоод амиа хорломоор хэмжээний байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг, шинжээч эмч ***ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...амь хохирогч өөрөө хутган дээр унах үед тухайн гэмтэл үүсэх боломжгүй. Яагаад  вэ гэхээр хатгагдаж зүсэгдсэн шарх нь нэмэлт зүслэг үүсгэгдээгүй байсан. Нэмэлт зүслэг гэдэг нь энэ хүн хутган дээрээ унаад арагшаа ойчсон мэтээр ярьж байна. Хэрэв тэгж ойчсон байсан бол нэмэлт зүслэг үүссэн байх боломжтой гэсэн үг. Гэтэл шархны хувьд босоо байрлалтай байгаа. Хэрэв тэгж ойчсон байлаа гэхэд арай ташуу байрлалтай байх боломжтой. Хутгаа дарж ойчсон тохиолдолд хутганы чиглэл өөрчлөгдөнө гэсэн үг. Нэмэлт зүслэг гэдэг нь хатгагдаж зүсэгдсэн шархны төгсгөл болон төгсгөлийн ойролцоох газарт нэмэлт зүслэг үүсгэгдэх ёстой. Хутганы ажлын хэсгийн урт 13 см, шархны гүн 7 см байгаа. Хэрэв хутгаа дарж унавал ажлын хэсэг бүхлээрээ орох боломжтой. Хэрэв хутгаа зүүн гартаа барьж байгаад ардаа бариад уналаа гэж бодоход  шархны чиглэл өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Тийм учраас боломжгүй гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ын “...*** ганцаараа гэртээ амьдардаг. Харин 2024 оны 06 дугаар сарын 28-ны өглөө түүнийг нас барсан гэдгийг мэдсэн. Уг нь би 06 дугаар сарын 27-ны өдөр талийгаачийн гэрт орох үед тус жоншны компанид экске маркийн техник авчирсан гэх нэг эрэгтэй хүн ирсэн байсан ба намайг ороход тэр 2 хоол хийж идээд сууж байсан. Архи ууж согтуурсан зүйл байгаагүй. Эрүүл байсан. Ер нь талийгаач *** нь хүчтэй эмчилгээ хийлгэж байгаа гээд огт архи дарс хэрэглээд байдаггүй. Ганцаараа л байдаг байсан...” гэх, гэрч ***ийн “...Тэр үед жоншны талбайд байх гэрт *** ганцаараа *** очоод тэр хоёр хоёулаа хоносон. 2024 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хоёулаа байсан. Харин би тэр хоёрыг хоёулаа байх хугацаанд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярихад *** нь “Би эндээс унаа олдвол аймаг явлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд явахыг нь зөвшөөрсөн. Тэгээд орой нь би ***ыг аймаг явна гэж байсан болохоор явсан эсэхийг нь тодруулахаар *** дугаар залгасан чинь *** утас авсан. Тэр үед нь би ***ыг явсан уу? яваагүй байна уу? гэж асуухад *** “Ово /***/ ах байгаа” гэж хурдан хурдан яриад байсан. Тухайн сүлжээ унаад байгаа юм байна гэж бодсон. Өөр хэрэгтэй зүйл байгаа эсэх талаар нь асуухад “Хоол ундны зүйл дуусаж байгаа шүү ах” гэж хэлээд бид хоёр яриагаа дуусгаж би дахин түүнтэй холбогдож яриагүй. Харин маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ унтаж байхад *** хөдөө гэрийн *** дугаараас миний *** дугаар залгаад “Би экскаваторынхоо хажууд унтаж байгаад сая ороод ирсэн чинь *** энд нил цус болоод нас барчихсан юм шиг байна” гэж ярьсан. Тэр үед нь би түүнийг сонсоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нарын хамт хөдөө гэрт очиход *** нас барчихсан байсан....” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...Ээж дээр хааяа ирээд хэлээд уулзаад явсан байдаг. Тэгээд би ээжээс л сонсдог байсан. Сая хавар ээж надад уурхай дээр ажиллаж байгаа гэсэн гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл сайн мэдэхгүй. Ингээд өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ээжийн утас руу хүн залгаад юм асуусан юм шиг байна лээ. Тэгээд ээж ойлгохгүй байхаар нь би аваад ярьтал цагдаагийн байгууллагаас ярьж байна гээд нас барсан талаар хэлсэн....” гэх мэдүүлэг, гэрч *** “...би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14 цагт Хэнтий аймгийн *** сумын “***” уурхайгаас “***” нөхөрлөлийн эзэн ***ийн эзэмшлийн экскаваторыг жолооч ***ын хамт *** сумын 8 дугаар баг “***” гэх газарт байрлах жонш олборлолтын талбайд хүргэж өгсөн. Тухайн үед *** ах бид хоёр хоёулхнаа явсан. Бид хоёрыг нөхөрлөлийн уурхайд очиход талийгаач *** ганцаараа байсан. Харин би экскаваторыг нь тус талбайд үлдээгээд буулгасан. Тэр үед талийгаач ***од *** ах өөрийнхөө хөнжил пүүгээг машинаас авч өгөх үед талийгаач *** ахад “Их хүнд байна даа. Дотор нь өөр юм байна даа. Надад юм авчирсан юм биш биз” гэж хэлсэн. Тэр үед *** ах цүнхнээсээ 1 ширхэг 0.5 граммын савтай лаазтай пиво гаргаж өгч байхаар нь би талийгаач ***, *** хоёрт “Та хоёр архи дарс битгий уугаарай. Гялс ажлаа амжуулаарай” гэж сайн захиж хэлээд би ганцаараа Хэнтий аймаг руу буцсан. Тухайн үед тэр хоёрт хоёр хоног хийх ажил байсан ба би ***, *** хоёрт “Та хоёр ажлаа хийгээд байж байгаарай. Би хоёр хоногийн дараа эргэж ирнэ” гэж хэлээд л явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тэгээд өглөө нь 07 цагийн орчимд дээшээ гэр лүү орж утсаар ярих гэхэд *** нь хажуу талаараа харсан байдалтай, хамаг бие нь хөхөрчихсөн, хувцастайгаа ухаангүй хөшчихсөн байхаар нь би *** рүү утсаар залгаад чи нөхөрлөлийн газартаа ирэх хэрэгтэй байна гэж болсон асуудлын талаар хэлсэн....” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2451 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4487 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4486 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4488 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4490 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1004 дугаартай дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 134 дугаартай, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 082 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 083 дугаартай дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч *** нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч *** нь амь хохирогч ***ын зүүн өгзөгт хутгалж алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч ***ы “...шүүгдэгч *** нь гэм буруугүй...” гэх дүгнэлт үндэслэлгүй, харин иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч гэм буруутай байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ***ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 13 жилийн хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нь хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ***ын амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Оршуулгын зардал нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1004 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг гэж үзэв.

 

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг арван дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,088,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт ажлын хэсэгтэй, 8 см урт бариултай, нийт 21 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, амь хохирогч ***ын хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар саарал өнгийн майк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн 1 хос оймс, шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гэх ногоон өнгийн богино саравчтай малгай 1 ширхэг, урт ханцуйтай хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, хүрэн бор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, түрийндээ алаг судалтай саарал өнгийн 1 хос оймс, хар өнгийн үдээстэй 1 хос пүүзэн гутал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** *** 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 230 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 11,088,000 (арван нэгэн сая наян найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нийслэлийн *** дүүргийн 22 дугаар хороо *** *** тоотод оршин суух *** д олгосугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урт ажлын хэсэгтэй, 8 см урт бариултай, нийт 21 см урттай шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, амь хохирогч ***ын хар өнгийн зузаан өмд 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг, цайвар саарал өнгийн майк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн 1 хос оймс, шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гэх ногоон өнгийн богино саравчтай малгай 1 ширхэг, урт ханцуйтай хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хөх саарал өнгийн фудволк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг, хүрэн бор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, түрийндээ алаг судалтай саарал өнгийн 1 хос оймс, хар өнгийн үдээстэй 1 хос пүүзэн гутал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР

 

 

                         ШҮҮГЧИД                                 А.МӨНХСАЙХАН

 

 

                                                                       А.ЭНХБААТАР