Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

2025          09            15                                          2025/ШЦТ/237

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***ын ***ад холбогдох эрүүгийн 2539000000263 дугаартай хэргийг  2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *** нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг “***” гэх газарт хохирогч ***тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас биед баруун нүдний доод зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт хохирогч ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч ***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрийнхээ гадна хонио хайчлаад байж байтал эгч *** над руу утсаар яриад "Чамайг хулгайд сэрдээд байна, ирж учраа ол" гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр ***ийн хамт эгч ***ийн гэрийн гадна очсон. Тэгээд очиход хоорондоо хэл амаар маргалдсан байдалтай, *** над руу “Гадуур явахдаа сандал хулгайлдаг, хулгайч” зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би “Яагаад байгаа юм, юу болоод байгаа юм” гэхэд *** над руу “Гадуур явахдаа сандал хулгайлдаг” зэргээр хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Тэгээд муудалцаж байгаад ***, *** нар явах гээд машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөх гэтэл машиных нь урд нь ***ийн хүү *** зогсож байсан. Тэгээд ***ийг дайрах гэж байхаар нь эгч *** “Хүүхэд дайрлаа. Цагдаа дуудна” гээд жолооч талын цонхоор нь гараа хийгээд явуулахгүй байсан. Тэгэхээр нь би ***ыг машиндаа сууж байхаар нь ***ыг машинаас нь татаж буулгасан. Тэгсэн ***, ***ын хүүхэд нар машинаас бууж ирээд “Манай аав, нөхрийг хэрэггүй бие муутай” гээд орилоод хүрээд ирсэн. Тэгээд машины гадна маргалдаж байтал *** дундуур нь орсон. Тэгсэн би зүүн гараараа ***ийн баруун хацарт нэг алгадсан. Тэгсэн *** “Эмэгтэй хүн цохичихлоо” гээд орилохоор нь салцгаасан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 28-29),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...Тэгээд би эргээд хартал манай нөхөр ***ыг *** газар унагаачихсан цохих гээд ***ын эхнэр *** дундуур нь салгах гээд байж байсан. Тэгэхээр нь би ***ыг “Боль наадах чинь бие муутай хүн байгаа юм” гэж хэлэхэд *** “Бүгдийг чинь ална” гээд миний баруун нүд хэсэг рүү 2 удаа цохисон. Эхний цохилт нь намайг оноогүй хоёр дахь цохилт нь намайг оносон. Тэгээд *** босож ирээд болиулаад салцгаасан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 8-10),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.***ын “...*** ***ийн баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би ***ад "Чи эмэгтэй хүн цохилоо, цагдаа дуудна" гээд машиндаа суусан. Тэгсэн *** явуулахгүй гээд хүү ***оос зуураад, *** нь миний хаалгыг онгойлгоод надаас зуураад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.***ийн “...машины гадна маргалдаж байтал *** дундуур нь ороод манай нөхөр ***ад толгойн тус газраа 1 удаа алгадуулсан. Тэгээд *** "Намайг цохичихлоо, эмэгтэй хүн цохисон" гэж орилоод салцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-20),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.***ийн “...*** машинаас буугаад ***, *** 2 дээр очоод "Манай нөхрийг хэрэггүй, бие муутай" зэргээр орилсон. Тэгсэн удалгүй *** "Эмэгтэй хүн цохичихлоо, чамайг цагдаад өгнө" зэргээр орилсон. Тэгээд маргалдаж байсан хүмүүс больцгоож салцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-25),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ХЭН0725/454 дугаартай “...1. 2. ***ийн биед баруун нүдний доод зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлээс баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 34-35), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2), ***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3), шүүгдэгч ***ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 69) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч *** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***ад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР