Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00666 дугаар шийдвэртэй М.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-т холбогдох гэм хорын хохиролд 7 450 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Найгал, өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим “Эстима” маркын авто машин жолоодож явахдаа миний охин М.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан. Уг хэрэгт нь зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл ногдуулсан бөгөөд миний охины биед бүсэлхийн 3, 4, 5 дугаар нугалмын жийргэвчний цүлхийлт гэмтэл тогтоогдсон. Өвөрхангай аймгийн Хөх Манал эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны хооронд 15 хоног хэвтсэн бөгөөд бүтэн биеийн доргилт, тархины хаван зэрэг өвчин шинээр илэрсэн, цаашид 3 сар уламжлалт болон гэмтлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай болсон. Иймд ослоос шалтгаалж зайлшгүй эмчилгээ, сувилгаа хийлгэсэн тул Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн бичсэн эм 220 000 төгрөг, Өвөрхангай аймаг явж эмнэлэгт хэвтүүлсэн ирж очсон унааны зардал 92 800 төгрөг, Хөх Манал эмнэлэг рашаан сувилалд эмчлүүлсэн 600 000 төгрөг, 2 сар ажлаа хийж чадаагүй учир цалин 2 000 000 төгрөг, Хужиртын амралтад 3 жил шавар эмчилгээ хийлгэхэд гарах зардал 4 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авсан эмийн үнэ 38 097 төгрөг, нийт 7 450 897 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн осол гарсан даруйд М.Э-ыг гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлэхэд ясны хугарал байхгүй, нуруу аарцагны хэвийн цочрол зөөлөн эдийн гэмтэл гэж оношилж, эмч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өвчин намдаах эм өгөхийг зөвлөж, одоохондоо нурууны бүслүүр зүүлгэ гэсэн тул 40 000 төгрөгөөр бүс авч өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэмтлийн эмнэлэгт дахин үзүүлэхэд ясанд гэмтэл байхгүй, зөөлөн эдийн бага зэргийн гэмтэлтэй өвчин намдаах эм ууж, зургаа гэмтлийн эмчид үзүүлж зөвлөгөө ав гэсэн. Эмнэлгийн рентгенийн төлбөрт 270 000 төгрөг төлсөн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 624 740 төгрөгийг төлсөн, унааны мөнгө 55 000 төгрөг, мөн аав н.Мөнхбатад утасны нэгжний мөнгө гэж 3000 төгрөг, эмийн мөнгө 200 000 төгрөг гээд нийт 1 177 740 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 642 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 808 097 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 934 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт тус тус заасны дагуу хэрэгт авагдсан баримтад хууль зүйн үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 642 800 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.Э-ын хууль ёсны төлөөлөгч Ө.Найгал нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа М.Э нь Өвөрхангай аймгийн Хөх манал эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны хооронд 15 хоногт хэвтсэн гэж тайлбар гаргадаг боловч энэ нь тухайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх зардал нь биед учирсан гэмтлийн улмаас зайлшгүй хийлгэх эмчилгээний зардал мөн эсэх нь тодорхойгүй байгаа. М.Э нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 10 хоногт хэвтэж эмчлүүлсэн байдаг бөгөөд тухайн эмнэлэгт ямар төрлийн эмчилгээ хийлгэсэн эсэх, мөн М.Э-ын биеийн байдал болон цаашид эмчилгээ, сувилгаа авах шаардлагатайг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй. Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, амбулаториар эмчлүүлэгчдийн карт зэрэг шаардлагатай нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хэрэгт авагдсан “Натур Эмнэлэг”-ийн М.Э-ын биед хийсэн бүсэлхийн томографийн шинжилгээний баримтад “гэмтлийн эмчээс зөвлөгөө авах” тухай зөвлөсөн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэмтлийн эмчид хандаж зөвлөгөө авсан талаарх баримт хэрэг байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төр хариуцан төлөх, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ” гэж заасан байтал нэхэмжлэгч өөрөө сайн дураараа Өвөрхангай аймгийн Хөх манал эмнэлгийг сонгосон болох нь нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Найгалын тайлбараар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хангалттай баримт байхгүй байхад 642 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч С.Б-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 7 450 897 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2, 80/ хариуцагч эс зөвшөөрч эмчилгээний зардалд нэхэмжлэгчид нийт 1 177 740 төгрөг төлсөн гэж маргажээ. /хх.30/

2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс таурын урд замд 3679 УНП дугаартай “Toyota Estima” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж нэхэмжлэгч М.Э-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас нэхэмжлэгчийн биед 3,4,5 дугаар нугалмын жийргэвчийн цүлхийлт үүсч, хөнгөн гэмтэл учирсан болох нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12442 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх.13, 23/

Хариуцагч нь зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болох нь Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудас болон торгуулийн мөнгө болох 100 000 төгрөгийг төлсөн “Капитал банк” ХХК-ийн орлогын баримт зэргээр тогтоогдсон. /хх.14, 24/

Иймд хариуцагч С.Б нь зам тээврийн осолтой холбоотой нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй.  

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөр, эмийн мөнгө, нурууны бүс зэрэгт 1 177 740 төгрөг төлсөн тул дахин төлбөр төлөхгүй гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна. Хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирч, үүний улмаас нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн “Хөх манал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн, 642 800 төгрөгийн зардал гаргасан болох нь уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх Өвчний түүх /хх.83-92/, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /хх.9/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Уг зардал нь зам тээврийн ослын улмаас зайлшгүй хийгдэх эмчилгээ, сувилгаанд зарцуулагдсан байх тул дээрх мөнгийг хохиролд тооцон, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй нэхэмжлэгчид өмнө нь төлсөн гэх 1 177 740 төгрөгийн зардлууд нь дээрх эмчилгээний зардалтай давхцаагүй болно. Иймд хохирлыг нөхөн төлсөн, дахин төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж буй нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. М.Э нь “Crystal skin” гоо сайхны газар гоо сайханчаар ажилладаг гэж эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилалд 3 жил эмчилгээ, сувилгаа хийлгэхэд гарах зардал нь цаг хугацааны хувьд дээрх осолтой холбоотойгоор зайлшгүй гарах зардал эсэх нь тодорхой бус байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 808 097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/00666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 19 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ