Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар  2021/ДШМ/682

 

 

 

 

 

 

   2021             7             20                                        2021/ДШМ/682                             

 

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/966 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн С.Бд холбогдох эрүүгийн 2105 00000 0671 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овогт Сын Б, ..... оны .... дугаар сарын ...-ний өдөр ..................... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ................. дүүргийн .... дугаар хорооны .... дугаар байрны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:..................................../;

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Г.Пийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар байрны 5 тоотод Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа Г.Пийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлэн улмаар хутгаар зүүн гарын сарвуу хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар нугалмын сарвуу хэсэгт зүсэгдсэн” шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч С.Б нь прокурорын сонсгосон ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтийг гаргаж, улсын яллагчаас шүүх хуралдааны үед шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд оруулсныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогдсон ба гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан нөхцөл байдлыг дүгнэхэд улсын яллагч болон шүүгдэгчийн гаргасан торгуулийн ял, ялын хэмжээ, торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх тухай хүсэлт, санал нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ... тохирсон байна...” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй,

2. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн орлогыг нотолсон дансны хуулгыг дүгнэхэд шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон 3.300.000 төгрөгийн торгуулийн ял биелэгдэх боломжгүй,

3. Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхээр шүүгдэгчид ял оногдуулах тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох зэрэг нөхцөл байдал үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-г шүүх хянахад энэ нөхцөл байдал прокурорын шатанд хянагдаагүй, шүүгдэгч торгуулийн ял нь шүүхээс заасан хугацаанд биелэгдэх учиртайг ухамсарлаагүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй байх үндэслэлийг бий болгож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь ажил эрхэлдэггүй гэж биеийн байцаалтад мэдүүлсэн болохыг дурдаад шүүхийн хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн “хувиараа онлайн шоп ажиллуулдаг, барилга дээр ажилладаг” гэх нөхцөл байдлуудыг дахин нягтлан улсын яллагчаас шүүгдэгчид сонсгосон торгуулийн ял нь биелэгдэх боломжтойг харуулсан нотлох баримтыг нэмж бүрдүүлж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр С.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурорын шатанд яллагдагч С.Б болон хохирогч Г.П нар нь “сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” талаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу хэргийг хянаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэн хялбаршуулсан журмаар хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байхад анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байтал анхан шатны шүүхээс тогтоосон хугацаанд биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шүүгдэгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” талаар бичгээр баталгаа гаргасан бөгөөд энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр атал дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдал прокурорын шатанд хянагдаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна.

Үүнээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “хувиараа бригад болж ажиллаж барилгын засал хийдэг, сард дунджаар 1 сая төгрөгийн орлого олдог” талаар мэдүүлсэн ба хэрэгт авагдсан 88 хуудас дансны хуулгаар тэрээр орлого олдог талаараа нотолж, илэрхийлсэн байтал шүүхээс “торгуулийн ял биелэгдэх боломжтойг харуулсан нотлох баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргах” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс прокурорын сонсгосон 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх талаар дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 2021/ШЗ/966 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчсөн байна.

Учир нь, шүүгдэгч С.Б нь прокурорын сонсгосон торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн ба түүний тогтмол орлого олдог талаарх баримтууд эрүүгийн хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг дээр өөрөө энэ талаар илэрхийлсэн байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаа олгосон тохиолдолд ял биелэх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргажээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/966 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног гэдэг заалтыг ойлгохдоо хэсэгчлэн төлөх хугацааг шүүхийн шийдвэрийн биелэгдэх талын хугацаатай андуурч, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгчид торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тусгай журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүх санал оруулсан. Шүүх үүний биелэгдэх хугацааг 90 хоног гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч тодорхой эрхэлсэн ажилгүй гэдэг боловч хувиараа онлайн шоп ажиллуулдаг, улирлын чанартай барилгын ажил хийдэг талаараа мэдүүлсэн. Энэ бүх байдлыг харгалзан үзэж прокуророос 1 жил гэж тогтоосон. Шүүгдэгчийн цалин хөлс, орлоготой талаар дансны хуулга нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан. Иймээс эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурор Г.Билгүүжингийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, С.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, С.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноо хойш 90 хоног байхаар хуульчилсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан нөхцөл байдал шүүгдэгч С.Бгийн хувьд тухайн хэрэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/966 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ