Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/56

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч С.Отгонбаатар,

шүүгдэгч А.Хишигдалай

шүүгдэгч Г.Алтанбаатар

хохирогч Г.Алтанбаатар

хохирогч С.Отгонбаатар

хохирогч Б.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Сүхбаатарын Отгонбаатар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Амарзаяагийн Хишигдалай, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Гэлэгжамцын Алтанбаатар нарт холбогдох 201708000061 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 09 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт,Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Малхын гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овгийн Сүхбаатарын Отгонбаатар /РД: ХЙ87090211/

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, мужаан, хүнд машин механизмын засварчин, операторчин, уурын зуухны машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, Замчины гудамж точекын байрны 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овгийн Амарзаяагийн Хишигдалай /РД:ЕА90082114/

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум дахь Дашваанжил газ ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэр гудамжны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овгийн Гэлэгжамцын Алтанбаатар /РД:ЕЙ77012812/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч С.Отгонбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэрийн 16 тоот хашааны үүдэнд Г.Алтанбаатарыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч А.Хишигдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэрийн 18 тоот хашаанд Г.Алтанбаатар, Б.Цэрэнпунцаг нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

 

Яллагдагч Г.Алтанбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сүмбэрийн 16 тоот хашааны үүдэнд С.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Шүүгдэгч А.Хишигдалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

3. Шүүгдэгч Г.Алтанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

4. Хохирогч Б.Цэрэнпунцаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч миний бие Г.Алтанбаатар, С.Отгонбаатар, А.Хишигдалай бас нэг залуу байсан. Тэр хүний нэрийг нь сайн санахгүй байна. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Би өөрийн хийж байсан ажлаа өгөөд жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд туслах аж ахуй эрхэлж амьдарч байгаа. Хэдэн гахай өсгөж үржүүлээд зарж ар гэрээ тэжээх, зээл төлөх гэх зэрэг амьдарч байна.  Улаанбаатар хотоос бизнесийн хамтрагч гэх хоёр залууг дуудсан байсан. Гахай зарах наймааны ажил хийгдэнэ гээд ярьсан байсан учраас Г.Алтанбаатар нь А.Хишигдалай, С.Отгонбаатар 2-ыг шөнө 22 цаг 00 минутын үед явуулсан. Тэгтэл энэ 2 залуу удалгүй буцаж хашаанд орж ирсэн байсан. Г.Алтанбаатарын хүүхэд нь аав хүн цонхон доогуур яваад байна гэж хэлсэн. Тэгээд Г.Алтанбаатар бид хоёр гарч явсан чинь туулайны хашаан дотор нь А.Хишигдалай сууж байсан. Тэгээд Г.Алтанбаатар, А.Хишигдалай хоёр зууралдаад авахаар нь би яв гээд салгаад энэ хоёр явчихшиг болсон. Бид хоёр гэр лүү ороод хэсэг байж байтал Г.Алтанбаатарын хүүхэд нь аав дахиад хүн ирцэн цонхон доогуур гүйгээд байна гэж хэлсэн. Тэгээд Г.Алтанбаатар надаас түрүүлж гарсан тавчигтай байсан учраас би араас нь гуталаа өмсөөд гарсан. Намайг гараад очиход Г.Алтанбаатар намайг цохиод унагчихлаа гээд А.Хишигдалайд хэлээд босож байсан. Тэгээд А.Хишигдалай гүйгээд гараад явахаар нь би араас нь гүйж очоод баруун мөрөн дээрээс нь барьж авсан. Тухайн үед Г.Алтанбаатар босож ирээд цагдаа дуудая намайг тоосгоор цохьчихлоо гэж хэлж байсан. Би А.Хишигдалайг барьж аваад 4 удаа цохиулсан. Би үүнийг хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Намайг гараар цохиогүй, миний өгсөн мэдүүлэг гарын үсэгтэй байдаг юм байлээ. Би мэдүүлгээ сайн уншаагүй юу? эсвэл өөрчлөгдсөн талаар мэдэхгүй байна. Сүүлийн мэдүүлэг өгөхдөө Дашдондог мөрдөн байцаагчид хэлж байсан би танд хэлсэн шүү дээ намайг гараар цохьсон гээл бичсэн байна. Намайг тоосгоор 4 удаа цохьсон түүнээс хойш би ухаан алдаад унаад юм сандаггүй гэдэг тайлбараа хэлж байсан. Холбогдогч А.Хишигдалайгаас цаашид гарах эмчилгээний зардалыг нэхэмжилнэ гэж бодож байгаа. Нүдний хараанд имплан суулгах хагалгаанд ороод 2.014.000 төгрөг нь гараад авсан. Одоо бол эм тариа авч уудаг. Хамрын хагалгаанд орох заалттай. Хамрын хагалгаанд хувийн эмнэлэгт 2.250.000 төгрөгөөр орно. Улсын эмнэлэгт 750.000 төгрөгөөр орно, нүдний шил авч зүүх шаардлагатай байгаа. Миний хүүхэн хараа гэрлийн урвалд орохоо больсон. Гэрлийн урвалд орохоо больсон гэдэг нь гэрэлд гарахаар гялбана, машинаа шөнө орой барьж явдаг байж байгаад одоо шөнө явж чадахаа байсан. Надад илэрч байгаа зовиур нь зурагт үзэж байгаад юмыг 2 болгож хараад байдаг. Тархины доргилтод физам гэдэг эмийг авч уу гэж эмч хэлж байсан. Тэр эмч нь Монгол улсад тасарцан байгаа. Манай аав Сэлэнгэ аймагт байдаг мөнгөний бололцоогоор өгж явуулдаг. Нэг хайрцгандаа 10 ширхэг байдаг. Мөнгөний бололцоо байхгүй учраас бага багаар өгч явуулдаг. Тэгээд Сэлэнгэ аймгаас Говьсүмбэр аймагт миний гар дээр ирэх үедээ нэг эм нь 1000 төгрөгөөр ирж байна гэж тооцоолсон. Энэ эмийг өдрийн гурваар 1 жил уух ёстой. Дараа жилээс насан туршдаа 3 сараар уух ёстой гэж эмч хэлж байсан. А.Хишигдалай гарсан зардал мөнгийг минь гаргаад өгчөөрэй тухайн үед 2 хагалгаанд орох байсан. Тэгтэл эмч чи цус их алдсан учраас 2 хагалгаанд орох боломжгүй бие чинь дийлэхгүй гэдэг зүйл хэлж байсан. Тэгээд нүдний хагалгаанд ороод хамрын хагалгааг намраас бие чинь тэнхэрхээр ороорой гэж хэлсэн. Одоо бид 2 гэрээ байгуулсан байгаа. Хагалгаанд орсон зардалын 50 хувийг би өөрөө гаргасан гэв.

 

5. Хохирогч Г.Алтанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 04 дүгээр сарын 03-нд С.Отгонбаатар, А.Хишигдалай, Б.Цэрэнпунцаг бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай охин хэлэхдээ туулайны хашаан дотор хүн яваад байна. Туулай барьх гээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гараад А.Хишигдалайг юу хийж наанаа байгаа юм бэ? гэж хэлэхэд туулай барьж үзэж байна гэж хэлсэн. Би А.Хишигдалайг хашаанаасаа гаргаад явуулсан. Тэгтэл удалгүй ороод ирсэн байсан. Би гараад очтол хөл рүү хавираад тоосгоор цохиод унагасан. Би гэр лүү ороод гутлаа өмсөөд гарч иртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сүмбэр 16 тоотын гадаа цус болчихсон хэвтэж байсан. С.Отгонбаатар хашааны хажуугаар явж байхаар нь би очоод С.Отгонбаатар чи яаж байгаа юм Б.Цэрэнпунцагийг хэн зодсон юм гэж асуухад С.Отгонбаатар муу гөлгийг ална эсгий төрүүтэй гуталаараа нэг удаа намайг өшиглөхөөр нь би С.Отгонбаатарыг хамар хэсэгт цохиж унгаад дээрээс дараад авсан. Удалгүй манай ах ирээд цагдаагийн байгууллага дуудаад бүгдийг нь бариад авсан. Нэхэмжлэж байгаа зүйл байхгүй. С.Отгонбаатар найз нөхөд болсон гэв.

 

6. Хохирогч С.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой Г.Алтанбаатарын гэрт А.Хишигдалай бид хоёр очсон. Г.Алтанбаатарын гэрт очохоос өмнө би уусан байсан. Тэгээд ууж сууж байгаад нэг пиво авч өгөөд байшингийх нь хажууд тасраад унтаж байсан байлээ. Нэг сэрсэн чинь харанхуй болсон байсан. Г.Алтанбаатарын хашаанаас гараад явж байтал Б.Цэрэнпунцаг зам дээр хэвтэж байхаар нь татаад ясан юм бэ? гэтэл нүүр нь цус болсон яагаад ийм болчихов гэтэл Б.Цэрэнпунцаг дуугарч чадахгүй байсан. Би өргөх гээд босгох гэтэл дийлэхгүй байж байхад нэг хүн ирээд цохьсон. Эхлээд мэдээгүй байсан чинь Г.Алтанбаатар ирээд цохьсон байсан. Тэгээд хажуу хашааны айлых нь 2 залуу ирээд залгаж авч явсан. Би тасарчаад дөнгөж босоод хөл дээрээ тогтоод гарч байгаад хашааны хажууд зодуулсан. Хохирол гомдол санал гэх зүйл байхгүй гэв.

 

7. Хохирогч Б.Цэрэнпунцаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“... Тэгээд гэрт ороод удаагүй байхад /5-10 минут/ Алтанбаатарын хүү нь аав дахиад хүн хашаан дотор цонхон доогуур яваад байна гэж хэлсэн. Тэгэхэд ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан. Тухайн үед би цаг хараагүй санахгүй байна. Тэгээд Алтанбаатар ганцаараа тавчиктай гараад явчихсан. Тэгээд би түүний араас шууд гутлаа өмсөөд гарахад гэрийнхээ үүдэнд байдаг модны дэргэдээс босож ирсэн. Намайг тоосгоор цохьчихлоо цагдаад өгье бариад ав гэхэд Хишигдалай байшингийн цонхны гэрэлд хашааны үүд рүү гүйж байгаа харагдсан. Тэгэхээр нь би түүний араас хашаагаар гарахад тэр баруун тийшээгээ гудмаар гүйж байгаад гудманд байдаг худаг өнгөрөөд гүйхээ болиод эргэж хараад зогссон. Тэгэхээр нь би түүний араас явж очоод чи хүн тоосгодчихлоо гэхэд дугуй зогсоод байсан. Тэгээд би түүнийг очоод баруун гараараа түүний зүүн мөрөн дээрээс нь бариад авсан. Алтанбаатар цагдаад өгнө гэхээр нь барьсан юм. Тэгэхэд Хишигдалай үгийн зөрөөгүй миний духанд баруун гараараа цохьсон. Үргэлжлүүлэн баруун гараараа 4 удаа толгой, нүүрний хэсэг, зүүн нүд, хөмсөг хэсэгт цохьсон. Хоёр дахь цохилтон дээр миний зүүн нүд юм харахгүй. Мөн баруун нүд ч юм харахгүй харанхуйлаад ирсэн. Тэгээд би ухаан алдаад цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Алтанбаатар намайг чирээд гэр рүүгээ оруулж байхад нь би сэргэсэн. Тэгээд түүнээс хойш ухаан орж гараад эмнэлэгт хүргэгдсэн. Намайг анх Хишигдалай цохиход түүний гарт нь чулуу юм уу, тоосго атгачихсан байна гэж хальт харсан. ...Хишигдалайгаас өөр хүн зодсон үгүйг мэдэхгүй байна. Би Хишигдалайд зодуулаад ухаан алдаад унасан. Унасан байхад зодсон байж магадгүй. Гэхдээ өөр хүн зодох боломж гараагүй байх гэж бодож байна. Намайг Хишигдалай зодож байхад Отгонбаатар миний араас Алтанбаатарын хашаанаас гараад араас ирж яваа харагдсан. Өөр хүн байгаагүй. Ямар шалтгааны улмаас намайг зодсоныг нь мэдэхгүй байна. Намайг цагдаад барьж өгөх гэлээ гэж л зодсон байх. ...Миний биеийн байдал хэвэндээ зүүн нүд юмыг 2 болгож хардаг, толгой өвдөх зовиуртай байна. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би зүүн нүдний ухархайнд Импилант суулгах хагалгаанд орсон. Нэг ёсондоо имплант суулгаж нүдийг цааш нь татаж байна гэсэн үг юм. Хагалгааны мөнгө болох 2000000 төгрөгийг Хишигдалайгаас 2017 оны 04 сарын 24-ний өдөр хаан банкны дансаараа дамжуулан хүлээн авсан. Хагалгаа, эмчилгээ эм тарианы мөнгө нийтдээ баримтаар 2014424 төгрөг болоод байна. Цаашид хамрандаа болон нүдэндээ хагалгаа хийлгэнэ. Эрүүл саруул болтлоо эмчилгээ хийлгэнэ. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15-17 дугаар хуудас/

 

8. Хохирогч Г.Алтанбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“... манай хүү цонхоор харчихаад нөгөө хоёр чинь дахиад ороод ирчихсэн явж байна гэхээр нь гэрээс гараад та нар наанаа юу хийгээд яваад байгаа юм бэ хулгай хийх гээд байгаа юм уу гэхэд Хишигдалай намайг шууд гараараа миний баруун хөмсөгний дээд хэсэгт цохиод авсан. Тэгээд би газар унахад тэр миний дээрээс баруун болон зүүн мөрний ар дээд хэсэгт өшиглөсөн, зүүн бугалганаас базсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан байх. Би өөрөө согтуу байсан болохоор цагаа сайн санахгүй байна. Ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байсан. Намайг Хишигдалай цохиж байхад Отгонбаатар хашаан дотор баруун хойд хэсэгт модны хажууд суугаад байсан. Тэгээд би гэртээ эргэж ороод хүү Давгадорждоо миний хүү цагдаад дуудлага өгчих, аавыг нь гадаа хүн зодчихлоо гэхэд таны утсанд нэгж алга би цагдаагийн дугаар мэдэхгүй гэж хэлэхэд Цэрэнпунцаг надтай зөрөөд гарсан бөгөөд миний найзыг хэн зодсон юм бэ би цагдаа дуудаад өгье гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод гутлаа өмсчихөөд Цэрэнпунцагийн араас гараад ирэхэд манай хашаанд хэн ч байгаагүй бөгөөд хашаанаас гараад очиход Сүмбэрийн 16 тоот хашааны үүдэнд Цэрэнпунцаг цусандаа хутгалдчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Харин Отгонбаатар хашаа дагаад баруун тийшээ явж байхаар нь би араас нь түүнийг хөөе Оогий гээд дуудаад Цэрэнпунцагийг хэн зодсон юм бэ, чи зодчихсон юм биш үү гэхэд Отгонбаатар намайг муу гөлөгийг ална гээд том эсгий түрийтэй өвлийн гутлаараа миний зүүн хөлийн шагай орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд намайг цохиод авахаар нь би зөрүүлж түүний хамар хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиод газар унагаагаад дараад авсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Отгонбаатар бид хоёрыг зодолдож байхад бид хоёрын хажууд Цэрэнпунцаг газар хэвтэж байсан Хишигдалай байгаагүй. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй.... Миний биеийн байдал гайгүй байгаа. Хөл эдгэрч зүгээр болсон. Тархинд доргилт, цус хуралт, зулгаралтууд бүгд бүрэн эдгэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

9. Хохирогч С.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“... тэр пивоноос ууж байгаад би тасарсан байсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг огт санахгүй байна. Нэг сэрэхэд би Алтанбаатарын хашаан дотор байшингийн хажуу талаас босож ирсэн. Намайг сэрэхэд гадаа харанхуй болчихсон миний хажууд хэн ч байхгүй болохоор нь хашааны хаалгаар гараад гудмаар баруун тийш харих гээд явж байтал Сүмбэрийн 16 тоотын урд харалдаа гудамжинд Цэрэнпунцаг ганцаараа хажуу тийшээгээ харчихсан нүүрнээс нь цус гойжчихсон хэвтэж байхаар нь би очоод босгох гээд бос гэж хэлээд тонгойгоод зогсож байтал гэнэт миний араас нэг хүн ирээд миний толгойны араас цохиж зодоод эхлэхээр нь харахад Алтанбаатар ирчихсэн намайг зодоод байсан. Тэгээд би газар унаад байж байхад дээрээс өшиглөөд зодоод байсан. Тэгээд байж байтал танихгүй хоёр залуу ирээд салгасан. Тэгээд би тэр хоёр залуугийн утсаар эхнэр рүүгээ яриад эхнэрийгээ дуудсан. Миний биеийн байдал хэвийн, хамар битүүрээд хамраас идээ гараад байдаг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

10. Гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...2017 оны 04 сарын 03-ны орой 21 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад Алтанбаатарын охин Энхцэцэгийг гэрт нь хүргэж өгөхөөр Сүмбэрийн 18 тоотын гадаа явж очиход Алтанбаатарын хашааны гадаа хүмүүс зодолдож байсан. Явж очиход Алтанбаатар, Отгонбаатарын цээж рүү нэг удаа өшиглөж байсан бөгөөд би очоод охин Энхцэцэгт нь цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Намайг очсоноос хойш өөр зодоон болоогүй яг дуусаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  24 дүгээр хуудас /

 

11. Гэрч А.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...21 цаг өнгөрөөд гэрийн гадаа очтол манай хашаанаас баруун талд Сүмбэрийн 16 тоотын гадаа хүмүүс зодолдоод байгаа харагдсан. Тэр газар Ганбаатар ахын хамт явж очиход манай аав Алтанбаатар, Отгонбаатар ахтай зодолдож байсан. Би машинаас буугаад Ганбаатар ахаас арай түрүүлж очоод аавыг салгаж авсан. Намайг салгахаас өмнө Отгонбаатар нь манай аавын баруун гар руу нь гараараа цохьсон. Манай аав зөрүүлээд нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Зодоон болж байсан газраас аавыг салгахад аавын зүүн хөл хазганаад аав хөл өвдөөд байна гээд байсан. Тэр хоёрын хажуу талд Цэрэнпунцаг газар шороон дээр цустайгаа холилдчихсон сууж байсан. Царай нь танигдахааргүй болсон байсан. Тэр гурваас өөр хүн байгаагүй. Ганбаатар бид хоёрыг ирэхэд зодоон болоод дуусч байсан. Түүнээс хойш зодоон болоогүй би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

12. Гэрч Д.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“... Сүмбэрийн 16 тоот хашааны гадаа хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан. Тэнд нийт 3 хүн байсан. Би тэр гурвыг бүгдийг нь танихгүй байсан. Би тэгээд тэнд машинаа зогсоогоод найз Наранхүүгийн хамт буугаад зодолдож байгаа хүмүүс дээр очоод салгасан. Бид хоёрыг очсоноос хойш нээх их сүртэй зодоон болоогүй. Алтанбаатар нь түүнийг энэ муу хулгайч байгаа юм энэ мууг алсан ч яадаг юм гээд байсан. Нөгөө залуу нь юм дуугарахгүй байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

13. Гэрч Д.Наранхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“... Сүмбэрийн 16 тоот хашааны гадаа хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан. Тэгээд манай найз машинаа зогсоогоод бид хоёр буугаад очиход тэнд 3 хүн  байсан бөгөөд би бүгдийг нь танихгүй байсан. Гурван хүний 2 нь хоорондоо зодолдоод байсан. Нэг нь хөдлөхгүй газар тонгойгоод суугаад байсан. Зодолдож байгаа хоёр хүн дээр очоод салгасан. Бид хоёрыг очсоноос хойш нээх их сүртэй зодоон болоогүй. Харанхуйд сайн харагдахгүй байсан бөгөөд манай зүүн хашааны Алтанбаатар зодолдож байгаа хүний нэг нь байсан. Тэр энэ муу хулгайчийг алсан ч яадаг юм гээд байсан. Нөгөө залуу нь юм дуугарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

 

14. Насанд хүрээгүй гэрч А.Дагвадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“... Манай хашааны гадаа гудамжинд Пунцагаа ахыг Отгонбаатар ахтай хамт ирсэн ах зодсон. Отгонбаатар ахад манай аав хөлөө өшиглүүлсэн. Хашаанаас гарахад манай аавын хөл нь зүгээр байсан. Отгонбаатартай муудаад зодуулсныхаа дараа манай аавын зүүн хөл доголоод байсан. Аль хөл байсан гэдгийг нь би сайн санахгүй байна. Тэр хэдийг гадаа гудамжинд муудаж байхад манай эгч Энхцэцэг ирээд цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

15. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Цэрэнпунцагийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, дээд хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний алимны доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, духанд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2017.04.03-нд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн нарын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2014.04.14-ний өдөр гаргасан 155 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.Цэрэнпунцагийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, дээд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд /2017.04.03/ үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Духны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба бусад гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлэгийн Шинжилгээний газар дүгнэлт гаргасан шинжээч эмч, С.Чулуунсүх, Ш.Цэцэгмаа, О.Болороо гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

17. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Алтанбаатарын биед тархи доргилт, баруун хөмсөгний дээрх зулгаралт, баруун болон зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн хөлийн шагай гадна хашлагын зөрүүгүй шинэ ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2017.04.03-нд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдийн зүүн хөлийн шагай гадна хашлагын зөрүүгүй шинэ ташуу хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт,  тархи доргилт, баруун хөмсөгний дээрх зулгаралт, баруун болон зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба баруун хөмсөгний дээрх зулгаралт, баруун болон зүүн мөрний ар дээд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

 

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч а/д Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 50 дугаар хуудас/

 

18. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 162 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Хишигдалайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/

 

19. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Отгонбаатарын биед хамрын ясны шинэ хугарал, зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2017.04.03-нд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

20. Шинжээч Ж.Жаргалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

“...Би 2017 оны 04 сарын 11-ний  өдөр Г.Алтанбаатарын биед үзлэг хийж эмнэлэгийн холбогдох бичиг баримттай нь танилцаж 150 тоот дүгнэлт гаргасан. 2017 оны 04 сарын 11-ний өдрийн шагайн үеийн хоёр байрлалаар авсан ренген зургаар Г.Алтанбаатар нь зүүн хөлийн шагайн гадна хашлагын шинэ ташуу зөрүүгүй хугаралтай, уг хугарал нь 2017 оны 04 сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой нь тогтоогдсон. Зүүн хөлний гадна хашлага буюу гадна шагайд хүчтэй өшиглөх, дэвсэх, хөлийн шагайгаар мушгиж унагах үед уг хугарал нь үүсэх боломжтой. Г.Алтанбаатар нь 2017 оны 04 сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ хугарал болох нь рентген зурагны хариун дээр тодорхой тусгагдсан болно. Г.Алтанбаатар нь гэмтэл авах мөчид согтуу, мөн туранхай /биеийн жин бага байх тусам шагайн хадна хашлагад учруулах даралт төдий хэмжээгээр багасна/ тохиолдолд тодорхой хугацаанд өвдөлт мэдрэхгүй, хазганахгүй, доголохгүй байх боломжтой. Харин согтолтгүй үед өвдөлтийг мэдэрнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

21. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 5, 6 дугаар хуудас/

 

22. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 132-136 дугаар хуудас/

 

 23. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 95-98 дугаар хуудас/

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  А.Хишигдалайд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  Г.Алтанбаатарт мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ зодоонд оролцоогүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч Г.Алтанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Отгонбаатар намайг муу гөлөгийг ална гээд том эсгий түрийтэй өвлийн гутлаараа миний зүүн хөлийн шагай орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд намайг цохиод авахаар нь би зөрүүлж түүний хамар хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиод газар унагаагаад дараад авсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Отгонбаатар бид хоёрыг зодолдож байхад бид хоёрын хажууд Цэрэнпунцаг газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “Дээрх гэмтлүүдийн зүүн хөлийн шагай гадна хашлагын зөрүүгүй шинэ ташуу хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт...” хамаарна гэж заасан байх тул шүүгдэгч С.Отгонбаатар нь хохирогч Г.Алтанбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Боржигин овгийн Сүхбаатарын Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигин овгийн Амарзаяагийн Хишигдалайг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овгийн Гэлэгжамцын Алтанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  А.Хишигдалайд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  Г.Алтанбаатарт мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Отгонбаатар, А.Хишигдалай, Г.Алтанбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзлээ.

 

Шүүгдэгч С.Отгонбаатар, А.Хишигдалай, Г.Алтанбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Отгонбаатар,Г.Алтанбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хишигдалайгаас 1 600 00  төгрөг гаргуулж хохирогч Б.Цэрэнпунцагт олгож, шүүгдэгч А.Хишигдалай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг  дурьдах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Цэрэнпунцаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Сүхбаатарын Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигин овгийн Амарзаяагийн Хишигдалайг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Боржигин овгийн Гэлэгжамцын Алтанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Сүхбаатарын Отгонбаатарыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Амарзаяагийн Хишигдалайг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Гэлэгжамцын Алтанбаатарыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Отгонбаатар, А.Хишигдалай, Г.Алтанбаатар нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Отгонбаатар, А.Хишигдалай, Г.Алтанбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Отгонбаатар,Г.Алтанбаатар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хишигдалайгаас 1 600 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 11 дүгээр байрны 2-22 тоотод оршин суух хохирогч Б.Цэрэнпунцагт олгож, хохирогч Б.Цэрэнпунцаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонбаатар, А.Хишигдалай, Г.Алтанбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ