| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Д.Х , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн 2539000000051 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь Хэнтий аймгийн Д сумын 1 дүгээр баг Х.У тосгоны “.................” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17-97 БРА улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хохирогч Ж.Б-гийн эзэмшлийн буруу талын чих хойноосоо ганзага имтэй хүрэн дөнжин үнээ, улаан халзан гунж нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000051 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Д.Х нь олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт яллагдаж байгаа. Хэргийн зүйлчлэл болон үйл баримт дээр маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул судлуулах нотлох баримт байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч Д.Х шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17-97 БРА улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Хэнтий аймгийн Д сумын 1 дүгээр баг Х.У тосгоны “.................” гэх газраас хохирогч Ж.Б-гийн эзэмшлийн буруу талын чих хойноосоо ганзага имтэй хүрэн дөнжин үнээ, улаан халзан гунж, нийт 3,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны үхрийг машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь:
-Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-10 дугаар тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
Малыг хохирогч Ж.Б-д мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар тал),
-Хохирогч Ж.Б-гийн “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үхрээ бүртгэхэд миний эзэмшлийн нийт 44 тооны үхэр маань бүрэн байсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 10 цаг 30 минутын үеэр би үхрээ услах гээд Х.У тосгоны “.................” гэх хөдөө хэсгээс үхрээ хурааж яваад үхрээ бүртгэх санаатай тоолоход 2 тооны үхэр цох дутсан. Тэгээд ойр хавийн айлын үхэрт сарниад явчихсан байж магадгүй гэж бодоод ойр хавийн айлуудаас асуухад сураг гарахгүй болохоор нь би Цагдаагийн байгууллагад хандсан... Миний эзэмшлийн үхрүүд бүгд буруу талын чих хойноосоо ганзага имтэй, хүрэн дөнжин үнээ болон улаан халзан гунжин үнээнүүд байсан. Хоёр үнээ маань хоёулаа эвэртээ уяатай байсан... Би буруу талын чих хойноосоо ганзага имтэй хүрэн дөнжин үнээ болон улаан халзан гунжин үнээнүүдээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой харсан... Би 2 үхрээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн “...Би 2024 оны 7 дугаар сарын сүүлээр Д.Х гэх Хэнтий аймгийн залууд өөрийн эзэмшлийн Бонго жи-2 маркийн 17-97 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 5,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн үед төлбөр тооцоогоо дуусгачихсан. Тухайн машиныг би Д.Х т зараад нэр дээрээ шилжүүлээд ав гээд байхад Х ын ажил амжихгүй байна гэж явсаар байгаад одоог хүртэлх хугацаанд шилжүүлэн аваагүй болохоос тухайн тээврийн хэрэгсэл нь Х ын тээврийн хэрэгсэл байгаа юм... Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Гэрч Л.М-ийн “...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар 3 дугаар багийн “Нугаарын хөндий” гэх хөдөө хэсэгт мал маллан амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 03 цаг өнгөрч байх үед намайг унтаж байхад гэнэт гадаа манай нохой хуцаад би сэрсэн. Босоод цонхоороо харахад манай байшингийн зүүн талаас /ертөнцийн зүгээр/ хүрэн зээрд морьтой хүн 2 тооны үхэр хөөгөөд явж байсан. Тэгээд би цонхоороо хараад ажиглаад байж байтал нөгөө тууж явсан 2 үхэр нь манай саравч руу давхиад хүрээд ирсэн. Тухайн хөөж явсан хүн 2 тооны үхрийн араас нь давхиж ирээд манай саравчийг тойроод хөөгөөд байхаар нь би гараад тухайн хүн дээр очоод мэнд мэдээд хаанаас хаа хүрч явна гэж асуухад манай аав энэ 2 үхрийг хөөгөөд хойшоо явж бай гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь аавыг нь хаана байгаа талаар асуухад манай аав Багануураас машин дагуулж ирэхээр явсан. Аавын машин урд уулын орой дээр дугуй нь хагарчихсан гэж хэлсэн. Тэгээд би шөнө үхэр хөөж явж байсан болохоор сэжиглээд Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч Баярмагнай гэх хүнд ярьж хэлсэн. Тэгээд нөгөө үхэр хөөж явсан залууг гэртээ оруулаад хөөж явсан 2 үхрийг нь өөрийн малын хашаанд хашиж орхисон. Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч хэлсэн болохоор тэр хүнийг гэртээ оруулж, 2 үхрийг хашаанд хашсан болно. Ойролцоогоор 05 цаг өнгөрөөд бараг 06 цаг болж байхад цагдаад хандсан. Цагдаад хандсанаас хойш би нутгийн хүмүүс малаа /2 үхэр/ хулгайд алдсан байж магадгүй гэж бодоод ойр хавьд нутагладаг айлуудад хэлсэн... Тухайн 2 үхэр хоёулаа охин /эм/ буруу талын чих хойноосоо ганзага имтэй хүрэн болон улаан халзан зүстэй үхэр байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дугаар тал),
-Гэрч Ч.Ч-гийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Д сумын 1 дүгээр баг Х.У тосгоны “.............” гэх хөдөө хэсэгт өөрийн аав Х ын хамт гэртээ байж байхад манай аав Х “аав нь Багануур явлаа” гэж хэлээд өдөр өөрийн эзэмшлийн 17-97 БРА улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод ганцаараа гараад явсан. Би яг хэдэн цагт гарсныг нь мэдэхгүй байна. Тэгээд тухайн өдөр би өөрийн малаа хараад гэртээ байж байгаад орой 21 цагийн үед унтаж амарсан. Намайг унтаж байхад миний аав Х нь намайг сэрээгээд хоёулаа морио ачаад Багануур явъя морио тэжээлд оруулъя гэж хэлээд гарсан. Тэгээд би аавтай цуг гэрийн урд чөдөртэй байсан хүрэн хязаалан морийг аавын эзэмшлийн 17-97 БРА улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачих гэтэл машин дээр 2 тооны үхэр байсан. Би тухайн үедээ ааваас хэний үхэр болохыг асуугаагүй. Тэгээд бид 2 өөрийн хүрэн хязаалан морь болон тэр 2 тооны үхрийг ачсан чигээрээ Багануур луу хөдөлсөн. Багануур луу явж байх замд /би хэдэн километр явсныг сайн мэдэхгүй байна/ аавын машины жолоочийн хажууд талын арын 2 дугуй давхраараа хагарчихсан. Тэгээд аав намайг миний хүү морио буулгаж унаад энэ 2 үхрийг хөөгөөд Багануур руу хөөгөөд явж бай аав нь замын унаанд сууж яваад ачааны машин аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би морио буулгаж унаад нөгөө 2 үхрийг хөөгөөд урд зүгээс хойд зүг рүү хөөгөөд явсан. Намайг их холдоогүй байхад нэг цагаан жижиг машин ирээд тэр машинд аав суугаад яваад өгсөн. Би 2 үхрийг хөөгөөд 2 уул даваад явж байхад нэг айлын бараа харагдахад миний хөөж явсан 2 үхэр шууд айлын хот /хашаа/-руу давхиад очсон. Тэгээд би араас нь давхиж очиход тухайн айлын нохой хуцахад айлын хүн гараад ирсэн. Тэгээд намайг дуудаад гэртээ оруулаад, миний тууж явсан 2 үхрийг малын хашаандаа хашаад надаас хаанаас хаашаа явж байгаа юм бэ хулгайн үхэр юм биш биз дээ гэж асуухад нь би манай аав намайг Багануур луу хөөгөөд явж бай гэж хэлсэн тэгээд би хөөгөөд явж байна, ямар учиртай үхэр гэдгийг нь манай ааваас асуу гэж хэлсэн. Тухайн айлд нэг ах байсан. Тэгээд удалгүй манай аав нэг ачааны машинтай ирээд морио ачаад намайг аваад явсан... Миний хөөж явсан үхэр улаан халзан болон хүрэн зүсмийн 2 үнээнүүд байсан. Би тухайн үхрүүдийн имийг нь сайн харж чадаагүй... Би тухайн үхрүүдийг хэний үхэр болохыг мэдэхгүй... Миний аав Х намайг энэ 2 үхрийг хөөгөөд Багануур луу явж бай гэсний дагуу би хөөж явсан... Би тухайн 2 тооны үхрийг өмнө нь огт харж байгаагүй... Миний аав Х тухайн 2 үхрүүдийг ямар учиртай хэний үхэр болох талаар надад дэлгэрэнгүй тайлбарлаж хэлээгүй. Би аавынхаа хэлсэн үгийг дагаж биелүүлсэн... Би дээрх 2 тооны үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй байсан. Тийм учраас шөнө үхэр тууж очсон айлын хүнд би мэдэхгүй миний аав мэдэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дугаар тал),
-Шинжээч Б.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай “...2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-43 дугаар тал),
-Шинжээч Б.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай “...17-97 БРА улсын дугаартай Kai Bongo маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-51 дүгээр тал),
-Шинжээч Б.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 800,000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-58 дугаар тал),
-Шүүгдэгч Д.Х ын яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Х.У тосгоны хөдөө хэсгээс өөрийнхөө Бонго Жи 2 маркийн тээврийн хэрэгслээр 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 2 үхэр хээр бэлчээрээс нь хулгайлсандаа маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” 2.4-т “машин механизм ашиглаж” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон бөгөөд 2 тооны үхэр нь “олон тооны мал” болно.
Шүүгдэгч Д.Х нь Хэнтий аймгийн Д сумын 1 дүгээр баг Х.У тосгоны “.................” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17-97 БРА улсын дугаартай “Бонго Жи-2” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хохирогч Ж.Б-гийн эзэмшлийн буруу талын чих хойноосоо ганзага имтэй хүрэн дөнжин үнээ, улаан халзан гунж, нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Ж.Б-гийн 2 тооны үхрийг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг Х.У тосгоны “.................” гэх газарт хээр, бэлчээрт байхад нь өөрийн эзэмшлийн машинд ачиж Багануур дүүрэгт хүргэх зорилгоор ачиж явсан, улмаар машины дугуй нь хагарч зогссоны дараа өөрийн хүү Ч.Чулуунсүхээр уг хоёр үхрийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаарын хөндий гэх газарт хүртэл туулгаж, тухайн 2 тооны үхрийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
Гэрч Ч.Ч-г энэ хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
“Машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхээр урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нь машин механизм ашиглаж мал хулгайлсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдсон болно.
Иймд шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогч Ж.Б-д мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайд алдсан 2 тооны үхрийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар тал) байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Х ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогчийн малыг биет байдлаар буцааж өгсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн нэр дээр байгаа хэдий ч үнэ өртгөө бүрэн дүүрэн төлсөн гэх боловч тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг одоо болтол шилжүүлээгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дугаар тал/-гаар тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4,600,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Д.Х нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул гэм буруу дээр маргахгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч нь тухайн алдагдсан 2 тооны үхрийг амьдаар нь буюу биет байдлаар хүлээн авсан тул хохирогчийн хохиролд төлөгдөж, эрх ашиг нь сэргээгдсэн гэж үзэхээр байна. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч 2011 он болон 2017 онд гэмт хэрэг үйлдэж үүнээс хойш 8 жилийн хугацаанд дахиж гэмт хэрэгт холбогдоогүй. 2011, 2017 онд үйлдсэн хэргийн эрүүгийн хариуцлага дуусгавар болсон тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Иймээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэхгүйгээр 2025 оны 01 сард үйлдсэн 2 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж болно гээд шүүхийн эрх хэмжээний асуудлыг хуульчилж өгсөн. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг журамлан тухайн машины гарсан үнэлгээгээр тооцож улсын орлого болгон шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэг дээр морь үнэлүүлсэн ч гэсэн гэмт хэрэг ашиглахдаа морь ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул морины үнэлгээг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.
Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нь буцаан төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
Шинжээч Б.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 дугаартай “...17-97 БРА улсын дугаартай Kai Bongo маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт хавтаст хэргийн 48-51 дүгээр талд авагдсан.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Ж.Б-гийн 2 тооны үхрийг хулгайлах үедээ 17-97 БРА улсын дугаартай Kai Bongo маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байдаг.
Харин мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэргийн халдлагын зүйл болсон 2 тооны үхрийг өөрийн хүүгээр морьтой туулган явуулсан байх тул морийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 17-97 БРА улсын дугаартай Kai Bongo маркийн тээврийн хэрэгсэл иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн эзэмшлийнх байх тул тус тээврийн хэрэгслийн үнэ 4,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө ургийн овогт Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН