| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02807/И |
| Дугаар | 101/ШШ2023/00525 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/00525
2023 01 20 101/ШШ2023/00525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгат, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, С /РД:0000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Д /РД:00/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 211,273,724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
талуудын хооронд 2016.12.22-ны өдөр байгуулагдсан 497/12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагч Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус хоршооны 876 дахь гишүүн Д овогтой Ц нь нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээ байгуулж 136,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болно.
Өнгөрсөн хугацаанд зээл болон зээлийн хүүний төлбөр хийх талаар шаардлага тавьсан боловч төлбөр хийхгүй өдий хүрч байна.
Нэхэмжлэгчээс Д.Ц-ийн зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр нь Санхүүгийн зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтээр зээлтэй холбоотой эргэн төлөлт, зээлийн хэмжээ, өмнөх зээл хаагдсан байдалтай тохирдог.
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 136,000,000 төгрөгийн зээлийг авсан өдрөө 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдэл 115,324,520 төгрөгийг бэлнээр төлж зээлээ төлсөн.
Д.Ц нь зөвхөн 2013 онд зээл авсан мэт яриад байгаа боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 136,000,000 төгрөгийн зээл авч 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүү Д.Б-ээ авсан зээлийн төлбөрт зөвхөн хүүг нь төлж байсан.
Тэрээр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үүрэгт хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөг төлснөөс 1,159,280 төгрөгийг хүүд, 40,020 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Үүнээс хойш төлөлт хийгээгүй бөгөөд тухайн үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс 31,308,246 төгрөг, хүүнд 33,023,754 төгрөг, нийт зээлийн үндсэн төлбөр, хүүд 64,332,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
Д.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, эдгээр гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримтаар тус хоршоо нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ хаагдсан талаар мэдэгдсэн, зээл хаагдаж барьцаа чөлөөлөгдсөн тохиолдолд зээлдүүлэгч уг хүсэлтээ хүргүүлдэг. Шинээр зээлийн болон барьцааны гэрээнд улсын бүртгэгч бүртгэснээр зээл олгогддог.
Гэтэл хариуцагч нь зээл аваагүй, гэрээн дээр гарын үсэг зураагүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй, тэр өөрөө зээл аваад гэрээг улсын бүртгэлд очиж бүртгүүлсэн.
Тэрээр зээл аваагүй гэх боловч 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 3,200,000 төгрөгийн зээлийн төлөлт хийснээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөгийн төлөлт хийж 28 удаагийн төлөлтөөр 64,332,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийсэн. Гэтэл үүнийг зээл төлж байгаагүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм.
Зээл төлөх боломжгүй болсныгоо бусдад залилуулсан гэдэг боловч энэ нь зээлдүүлэгчид хамааралтай биш, тэрээр бусдад залилуулсан асуудалд бид буруугүй гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Иймд хариуцагч Д.Ц-иас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 103,791,754 төгрөг, Зээлийн хүү 91,660,684 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 15,821,286 төгрөг, нийт 211,273,724 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат 14-р байр 11 тоот 20,0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч Д.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :
Миний бие нь "С ХЗХ-ны 876 дахь гишүүнээр 2005 онд элссэн.
2013 оны 10 сард Д.Ц, У.Г гэх эхнэр нөхөр хоёр "Налайхад байрлах тоосгоны үйлдвэр 1 тэрбум төгрөгөөр худалдан авах гээд урьдчилгаа төлбөр болох 700 сая төгрөгийг төлсөн гэсэн тамгатай бичиг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлээд Одоо 300 сая төгрөг дутаад үйлдвэрээ шилжүүлж авч чадахгүй байна. Та бидэнд үл хөдлөхөө барьцаалаад 300 сая төгрөгийн зээл аваад өгвөл бид 8 сарын дотор төлнө гэж залилан мэхэлсэн. Тэгээд зээлийн шимтгэл болох 750,000 төгрөгийг суутгаад үлдэх 299,250,000 төгрөгийг тэд өөрсдийнхөө "Хаан" банкны дансаар шилжүүлж авсан. Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдсэн боловч давах шүүх дээр байна.
Тус хоршооноос 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399/10 зээлийн гэрээгээр 125,000,000 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 21-нд өөрийн 62,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж 45,000,000 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 17-нд хүү Д. Билгүүний нэр дээр 125,000,000 төгрөгийг тус тус зээлж аваад эдгээр хүмүүст өгсөн юм.
Нэгэнт зээл авсан учир зээлийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 125,000,000 төгрөгийн зээлийг хаасан. Үлдэгдэл 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийг 2019 оны 12 дугаар сар хүртэл 200,922,835 төгрөг төлсөн учир энэхүү зээлийг төлж дуусгасан гэж үзэж байна.
Хэргийн 37 хуудсанд ийм хэмжээний мөнгө төлсөн гэдгийг Сидан ХЗХ-оос 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тодорхойлсон тодорхойлолт авагдсан.
Хадгаламж барьцаалсан 45,000,000 төгрөгийг хадгаламжинд байсан мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь барагдуулсан.
Харин хүү Д. Б нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 17-нд авсан зээлийн хүүг цаг хугацаанд нь төлсөн, үндсэн зээл, зээлийн хүүд нийт 200,922,835 төгрөг төлсөн.
Гэтэл С ХЗХоршоо нь Иргэний хуулийн 451 зүйлд "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлнэ,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасныг зөрчсөн.
ХЗХ-ноос 2015.03.31-нд намайг дуудаад зээлийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй, Д. Б нэр дээр авсан зээлийг таны нэр дээр болгоод зээлийн гэрээгээ шинэчилж хийе гэснийг зөвшөөрсөн боловч надад ямар нэгэн мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ байгуулсан.
Ингэхдээ үндсэн зээлийн мөнгөнөөс 9,000,000 гаруй төгрөг төлүүлээд үлдэгдэл нь 115,000,000 сая төгрөг болсон, тэгээд өөрсдийн зээл чөлөөлүүлдэг танил хүнтэй холбогдож дансаараа 125,000,000 төгрөг оруулж гаргаад шимтгэл болох 1,250,000 төгрөгийг би төлсөн.
Мөн 2015.03.31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан гээд 2016.12.22-нд дуудаад гэрээг шинэчилнэ гээд 497/12 тоот зээлийн гэрээ хийгээд төлөгдөөгүй хүү 21,000,000 төгрөгийг нэмээд 136,000,000 төгрөг олгосон мэтээр зээлийн гэрээ байгуулсан.
Миний бие 2019 оны 12 сарыг дуустал зээлийн хүү төлсөн, надаас 21,000,000 төгрөгийн хүүгээс хүү бодож, сар бүр 420,000 төгрөг илүү авсан бөгөөд нийтдээ хүүгийн хүүд 15,000,000 төгрөг төлсөн байна.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч С нь Иргэний хуулийн 451 зүйлд "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлнэ,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Уг хуулийн заалтыг зөрчиж 2016.12.22-ны өдөр 497/12 тоот зээлийн гэрээг өмнөх Д. Билгүүний нэр дээр авсан зээлийг таны нэр дээр болгож зээлийн гэрээгээ шинэчилж хийе гээд надад ямар нэгэн мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ
байгуулсан.
Ингэхдээ үндсэн зээлээс 9,000,000 гаруй төгрөг төлүүлж, үлдэгдэл нь 115,000,000 төгрөг болсон бөгөөд С ХЗХ өөрсдийн танил хүнээр зээл чөлөөлүүлдэг хүнтэй холбогдож дансаapaa 125,000,000 төгрөг оруулж гаргаад шимтгэл 1,250,000 төгрөгийг надаар төлүүлсэн.
Мөн 2015.03.31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2016.12.22-нд дуудаж зээлийн гэрээг шинэчилье гээд 497/12 тоот Зээлийн Гэрээ хийж төлөгдөөгүй хүү 21,000,000 төгрөгийг нэмээд 136,000,000 төгрөг олгосон мэтээр зээлийн гэрээ хийсэн.
Нэхэмжлэгч тал болох "С" ХЗХ нь 2017 оны 12 сарын 17-ны огноотой 497/12/12 тоот Барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, барьцаат хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 0 хороо, 0 мянгат, 0 тоот байрыг барьцаанаас чөлөөлөх, 2015 оны 3 сарын 31-ний 146/03 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусад тооцож миний төлсөн 200,922,835 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэвч дээрх шаардлагынхаа 2017 оны 12 сарын 17-ны огноотой 497/12/12 тоот Барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 3 сарын 31-ний 146/03 тоот зээлийн гэрээ, 2016 оны 12 сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусад тооцож миний төлсөн 200,922,835 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцуулах хэсгээс татгалзаж байна.
Иймд 2016 оны 12 сарын 22-ны 497/12 тоот зээлийн гэрээгээр мөнгө олгогдоогүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 497 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах, мөн уг үүргийн гүйцэтгэлийг тухайн үед байгуулсан барьцааны гэрээгээр байгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ дээрх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.
Талуудын хооронд 2016.12.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь өмнө олгогдсон зээлийн чанаргүй байдлыг арилгах зорилготой байсан ба өмнөх үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тооцоо хийгээд 136,000,000 төгрөг гэж тохирч гэрээ байгуулсан.
Уг зээлээ бусдад залилуулсан гээд манай мэргэжилтэн шүүх, цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч байсан. Гэтэл бусдад мөнгөө залилуулсан байдлаа зээлийн гэрээ байгуулаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
Нэхэмжлэгчээс ирүүлсэн:Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.12.22-ны өдрийн 497/12 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017.12.17-ны өдрйн 497/12/12 дугаартай барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээний хуулбар, барьцаат зээлийн өргөдөл, зээлийн гэрээний эргэн төлөлтийг бүртгэх хяналтын карт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.12.22-ны өдрийн кассын ордер, С ХЗХ-ны дүрмийн хуулбар, С ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, С ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоолууд, С ХЗХ-оос Б.Мянганд олгосон итгэмжлэл, 2021.06.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2016.12.22-ны өдрийн кассын зарлагын ордер, 2015.09.30-ны өдрийн кассын зарлагын ордер, 2016.09.23-ны өдрийн кассын зарлагын ордер, 2019.05.09-ний өдрийн кассын зарлагын ордер, 2016.04.30-ны өдрийн кассын зарлагын ордер, 2015.05.19-ний өдрийн кассын зарлагын ордер, 2015.08.17-ны өдрийн кассын зарлагын ордер, 2015.03.31-ний өдрийн кассын зарлагын ордер, 2014.03.17-ны өдрийн, 2014.03.24-ний өдрийн, 2015.03.31-ний өдрийн, 2013.04.02-ны өдрүүдийн кассын орлогын баримт, 2018.11.14-ний өдрийн, 2018.11.29-ний өдрүүдийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйлгээний баримт, 2018.11.14-ний өдрийн, 2018.11.29-ний өдрийн, 2018.03.14-ний өдрийн гүйлгээний баримт, 2016.02.04-ний өдрийн, 2016.01.18-ны өдрийн Голомт банк ХХК-ийн шилжүүлгийн баримт, зээлийн гэрээний эргэн төлөлтийг бүртгэх хяналтын актууд, 2018.09.05-ны өдрийн Д.Цэцэгдэлгэрийн зээлийн төлбөрийн мэдээлэл, Д.Ц, Д.Б нарын зээлийн эргэн төлөлтийн хуулбар,/ 1хх 1-22, 2хх 21, 65-83, 110-164, 191-216/,
Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, 2018.09.12-ны өдөр Улаанбаатар хотын банкиар 200,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2018.09.05-ны өдөр Хаан банк ХХК-иар 1,100,000 төгрөг төлсөн баримт, 2018.07.23-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-иар 200,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019.11.22-ны өдөр, 2018.10.06-ны өдөр, 2018.09.18-ны өдөр, 2018.11.14-ний өдөр, 2016.12.09-ний өдөр, 2018.02.23-ны өдөр тус Худалдаа хөгжлийн банк ХХК-иар мөнгө шилжүүлсэн баримт, 2016.03.01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ, 2016.10.23-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2021.12.22-ны өдрийн хүсэлт, 2013.10.17-ны өдрийн 400/10 дугаартай зээлийн гэрээ, Д.Ц-н 2013.09.01-ний өдрийн Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2022.05.10-ны өдрийн өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ, /1 хх 31-32, 38-55, 188-189/,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүхийн шинжилгээнй үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3149 тоот шинжээчийн дүгнэлт, Д.Ц, У.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт, 2022.06.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байр, 0 тоот орон сууцны бүртгэлтэй холбоотой, тодруулбал уг орон сууцны хувийн хэрэгт авагдсан бүхий л баримт, Санхүүгийн зохицуудах хорооны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Ц.Оргилнямын мэдүүлэг /1хх-ийн 92-101, 35, 53-56, 71-76, 104-158, 2хх-ийн 45-56, 86-88/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 211,273,724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
Хариуцагч нь талуудын хооронд 2015.03.31-ний өдөр байгуулагдсан 146/03 тоот зээлийн гэрээ, 2016.12.22-ны өдөр байгуулагдсан 497/12 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 200,922,835 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангасанд тооцуулах, 2017.12.17-ны өдөр байгуулагдсан 497/12/12 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь талуудын хооронд 2016.12.22-ны өдөр байгуулагдсан 497/12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагаа дэмжиж, бусад шаардлагаас татгалзсан болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
-Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
С ХЗХ болон Д.Ц нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 136,000,000 төгрөгийг, 30 хоногт 2 хувийн хүүтэй, 12 сарын буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай, бизнес зориулалттай, №497/12 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. /1хх-ийн 5/
Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож хариуцагч Д.Ц, Д.Билгүүн нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-20 дугаарт бүртгэгдсэн, Чи0 дүүрэг, 1 дүгээр хороо, 40 мянгатын 00 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууц барьцаалсан барьцааны гэрээ байгуулжээ. /1хх-ийн 6/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т:Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасны дагуу талууд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /2хх-ийн 69-76/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 136,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй боловч талууд өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан, энэхүү гэрээний үүрэгт 28 удаагийн эргэн төлөлт хийсэн зэргээс гэрээ байгуулагдсан тул гэрээний үүрэг шаардсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй боловч гэрээний зүйл 136,000,000 төгрөгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цтай байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнд гэрээгээр тохирсон 136,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд талууд өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 28 удаагийн эргэн төлөлт хийсэн нь уг зээлийг олгогдсонд тооцно гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон Санхүүгийн Зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр:
Д.Цд 2015.03.31-ний өдөр олгосон 125,000,000 төгрөгийн, 2016.12.22-ны өдөр олгосон 136,000,000 төгрөгийн зээл нь түүний хүү Д.Билгүүн болон өмнө авсан зээлийг хаах зорилгоор олгогдсон, уг зээл нь тус Хадгаламж зээлийн хоршооны мөнгөн гүйлгээний тайланд тусгагдаагүй, өмнө олгосон зээлийн чанарыг сайжруулах зорилгоор гэрээг шинэчлэн, зээл олгов гэсэн анхан шатны баримт үйлдсэн, харилцан тохиролцсон хэлцэл болсон гэжээ. /2хх-ийн 36-44, 54-55/
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т:Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.
Зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 136,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
Талууд нь Сидан ХЗХ болон Д.Билгүүн нарын хооронд 2013.10.17-ны өдөр байгуулагдсан 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг Д.Ц хүлээн авахаар тохиролцсоны үндсэн дээр уг зээлийн үүргийг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаагаас Д.Цэцэгдарийг 125,000,000 төгрөгийн өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад Сидан ХЗХ болон Д.Билгүүн нарын хооронд байгуулагдсан Эрхийн улсын бүртгэлийн Y-00 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 00 мянгатын 0 байр, 0 тоот хаягт байршилтай,0 м.кв талбай бүхий, орон сууцыг барьцаалсан 2013.10.17-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэгдсэн байх ба тэрээр энэхүү гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан байдал нь тогтоогдохгүй, түүний өрийг Д.Ц шилжүүлэн авснаар гэрээг дуусгавар болоогүй байна. /2хх-ийн 145-148/
Талууд С0 ХЗХ-ны өмнө хүлээсэн Д.Б өрийг Д.Ц шилжүүлэн авсантай маргаагүй боловч уг үүргийг хэзээ, хэрхэн, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэйгээр тохиролцсон байдлаа тодорхойлсонгүй.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу үндсэн зээл 103,791,754 төгрөг, зээлийн хүү 91,660,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,821,286 төгрөг, нийт 211,273,724 төгрөг хариуцагчаас шаардсан боловч тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Д.Цэцэгдарийг 2015.03.31-ний өдрийн 125,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,675,480 төгрөг, хүүд 35,710,495 төгрөг, нийт 45,385,975 төгрөг,
2016.12.22-ны өдрийн 136,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 31,308,246 төгрөг, зээлийн хүүд 33,023,754 төгрөг, нийт 64,332,000 төгрөг тус тус төлсөн гэжээ. /2хх-ийн 55/
Тэрээр 2015.03.31-ний өдрөөс хойш хүүд төлсөн 35,710,495 төгрөг, 2016.12.22-ны өдрөөс хойш хүүд төлсөн 33,023,754 төгрөг, нийт 64,332,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд төлсөн гэж тайлбарлаж байх тул үүнийг хүүд төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т :Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлийг хариуцагч хүлээн авснаар талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ингэснээр Хадгаламж зээлийн хоршоог үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хүүд төлсөн гэх 64,332,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцох боломжгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Ц-с 2015.03.31-ний өдрөөс хойш үндсэн зээлд төлсөн 9,675,480 төгрөг, 2016.12.22-ны өдрөөс хойш үндсэн зээлд төлсөн 31,308,246 төгрөг, нийт 40,983,726 төгрөгийг үндсэн зээл 125,000,000 төгрөгөөс хасч тооцон, үлдэх 84,016,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Снд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127,257,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Д.Ц, Д.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 мянгатын 0 байр,тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргээ хангуулахыг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Д.Ц нь талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 490/12 тоот зээлийн гэрээний дагуу 136,000,000 төгрөгийн хүлээн аваагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
Талууд дээрх энэхүү гэрээний дагуу гэрээний зүйл 136,000,000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй гэдэгтэй маргаагүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, дээрх гэрээнээс үзэхэд гэрээний оролцогчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Энэхүү тогтоогдож буй үйл баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-тталууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
Хэдийгээр дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа боловч тэдний хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж шүүх дүгнэсэн болно.
Мөн Д.Ц нь дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан аль заалтад хамааруулан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсонгүй.
Иймд Снд холбогдох, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Д.Ц-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, барьцааны гэрээгээр үүргийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх Д.Ц-н шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.Ц-иас 84,016,274 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 578,031.17 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 648,231.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,284,520 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Ц-ас зээлийн гэрээний үүрэгт 84,016,274 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127,257,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Д.Ц, Д.Билгүүн нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-000 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0мянгатын 0 байр, 00 тоот хаягт байршилтай, 0м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлан Снд холбогдох, талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Ц-иас улсын тэмдэгтийн хураамжид 648,231.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Снд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,284,520 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 837,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ