| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0118/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2539000000112 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Ц сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 20 минутын орчим С.Б-тэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт куртикний халаасанд байсан утсаараа цохиж түүний эрүүл мэндэд “толгойн баруун хэсэгт хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000112 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Б.А гийн өмгөөлөгч Б.Жавхлан: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” мөн ажил байдлын тодорхойлолт, хохирогчид хохирол төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт зэрэг баримтуудыг шинээр гаргаж өгнө /4 хуудас/ гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.А : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч Б.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Ц сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 20 минутын орчим С.Б-тэй маргалдаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт куртикний халаасанд байсан утсаараа цохиж түүний эрүүл мэндэд “толгойн баруун хэсэгт хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч С.Б-гийн “...Согтуу залуу тэр хавиар орилж хашхираад “Энэ муу 2 намайг нийлж байгаад зодчихлоо” гээд агсарч, танхайрч байснаа дээгүүрээ өмсөж байсан хар өнгийн нимгэн /нано/ куртикээ тайлаад намайг гуядахад миний толгойн баруун дээд хэсэгт тасхийгээд хүнд, хатуу юм цохигдсон. Тэр даруйд миний толгойноос нүүр дагаад их хэмжээний цус гарч эхэлсэн. Гэтэл гадуур хүрмийнх нь халаасанд гар утас нь байсан юм билээ. Халааснаасаа утсаа гаргаж ирчхээд “Та муу 2 миний гар утсыг эвдлээ” гээд орилоод байсан. Энэ үед тухайн газрын ажилчдын нэг нь цагдаад дуудлага, мэдээлэл өгсөн байх. Цагдаа дуудчихаад байх хугацаанд тэр залуу миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Төд удалгүй 10 гаран минутын дараа Ц сумын цагдаа ирж, сумын Эрүүл мэндийн төв рүү очиж толгойгоо цэвэрлүүлж, шархандаа 3 оёдол тавиулсан... Толгойн тус газартаа цохиулснаас болж толгойн баруун дээд хэсэгт хуйх 0.5 см гүн, 4 см урттай зүсэгдэж язарсан шарх, баруун нүдний доод хэсэг хацар ясан дээр цохиулснаас хавдаж, баруун нүд цус хурж хөхөрсөн. Мөн тархи доргиж олон хоног өвдсөн... Миний хувьд гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээх нь тодорхой. Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хуульд заасан үндэслэлээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Олон хоног хавдаж, хөхөрсөн нүдтэй, гэмгүй хэр нь гэм хийчихсэн хүн шиг амьтан хүнээс нуугдаж, эмнэлгээр явж толгойныхоо шархыг цэвэрлүүлж, боолтоо солиулна, доргисон тархиа бариачаар бариулж, гэрээс гарахгүй олон хоносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал);
-Гэрч С.Б-гийн “...Би тухайн үед өөрийн төрсөн дүү С.Б , түүний эхнэр, хүүхэд, өөрийн эхнэр Н.О нарын хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явж байсан юм. Манай дүү Б жолоо барьж явсан. Шөнө 01 цагийн үед Ц сум руу орж байтал манай дүү “нойр хүрээд байна, ахаа хоёулаа кофе авч ууя” гэхээр нь дүүгийнхээ нойрыг хүргэхгүй гээд кофе ууя, юм ярьж явъя гээд зам дагуу байсан CU дэлгүүрт бид 2 орсон. Манай нөгөө хэд машиндаа унтаад үлдсэн. Дүү бид 2 кофегоо авчхаад тооцоогоо хийх гээд лангуун дээр иртэл хар хувцастай нэг залуу худалдагчаас архи, пиво авна гээд зогсож байсан. Худалдагч охин шөнийн цагаар архи, пиво зарахгүй гээд өгөхгүй байсан. Гэтэл манай дүү хажуугаар нь ороод тооцоо хийж байсан чинь нөгөө залуу “Чи муу хэн юм бэ?” гээд манай дүүг заамдаж аваад ална гээд дайраад байсан. Тухайн үед тэр залуутай муудаж, маргалдах ямар ч тийм зүйл болоогүй. Тэр залууд огт элдвийн юм яриагүй. Дүү маань “Би эндэхийн ажилтан биш, замын хүмүүс байна” гэж л хэлсэн. Би удалгүй салчих болов уу гээд харж байтал нөгөө залуу бүр салахгүй шинжтэй, салгах гээд дийлдэхгүй байхаар нь 2 гараараа үснээс зулгааж арагш нь татсан. Тэгээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, хөл рүү нь мөн 2 өшиглөсөн. Би аргаа бараад салахгүй болохоор нь тийм зүйл хийсэн. Гэтэл нөгөө залуу та 2 намайг нийлж зодлоо гээд тэнд орилж бахираад байсан. Тэгж байтал тэр газрын ажилчид гээд баахан хүмүүс өөр нэг заалнаас гарч ирж салгацгаасан. Гэтэл нөгөө согтуу залуу тэр хавиар нэг орилж бахираад “Энэ муу 2 намайг нийлж зодсон. Цагдаа дууд. Би гомдолтой байна” гэх мэтээр орилж, дүү бид хоёр руу дайраад байсан. Гэтэл дээгүүр өмсөж байсан хар өнгийн нимгэн куртикээ тайлаад манай дүү рүү гуядаад байсан. Тэгсэн харин халаасанд нь байсан гар утсаараа дүүгийн толгойг онож, толгойг нь хагалчихсан байсан. Толгойноос нь их хэмжээний цус гарч, удаагүй байж байтал цагдаа нар ирж сумын төвийн эмнэлэг очиж оёдол тавиулсан... Тэр залуу нэлээд согтуу байсан. Хүний хэлж ярьж байгаа зүйл ойлгохгүй алнаа гээд л дайраад байсан... Огт архи уугаагүй эрүүл байсан. Манай дүү Б машин жолоодож явсан... Манай дүү тэр залууд огт гар хүрээгүй. Нэг ч удаа цохиогүй. Харин намайг л битгий гар хүрээрэй болохгүй шүү гээд байсан. Би тэрхэн зуур уурлаад хэд хэд гар хүрчихсэн. Гэхдээ гэмтэл учруулахаар айхтар цохиогүй... Намайг хэд хэдэн удаа цохисон. Миний баруун нүд рүү цохиж, хөхөрч хавдсан. Өөр учирсан гэмтэл, шарх байхгүй. Тэнд болсон асуудлыг худалдагч охин болон сүүлд орж ирсэн хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэнд ажилладаг хүмүүс юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
-Гэрч Н.С-ийн “...Би Хэнтий аймгийн Ц сумын CU-386 дугаар салбарын цагийн ажилтнаар ажилладаг. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14 цагаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний 02 цаг хүртэл ээлжтэй байсан. Тухайн өдөр би ажлаа хийж байтал 2025 оны 3 дугаар сарын 19-ний 01 цаг 10 минутын үед гаднаас 3 эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд Амеркано гэх нэртэй кофе 2-ыг касс дээр бичүүлээд тухайн 3 залуу дахиж юм авах гээд бараа хараад явж байтал гаднаас дахиад 1 эрэгтэй хүн их согтолттой орж ирээд шууд касс дээр “1 том пиво авъя” гэж хэлэхэд нь би “манайх 00 цагаас хойш архи, согтууруулах ундааны зүйл зарахгүй” гэж хэлэхэд амандаа их аяархан юм яриад цааш эргээд зогсож байх үед түрүүлж орж ирдэг 3 залуугийн 1 залуу касс дээр ирээд тооцоогоо хийх гээд зогсож байтал сүүлд орж ирсэн 1 залуу шууд нөгөө эхэлж орж ирдэг залууг “чи энэ газрын ажилтан юм уу” гэж хэлээд заамдаад авсан. Тэгтэл нөгөө залуу гарыг нь тавиулах гээд оролдоод байж байтал гэнэт нөгөө сүүлд орж ирдэг согтуу залуу тухайн залууг 1 удаа нүүрний шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд эхэнд орж ирдэг залуу болон хамт орж ирдэг 2 залуу болиулах гээд ноцолдож байх явцад манай дэлгүүрийн цонхны талд байрлах лангуу нураад уначихсан. Тэгсэн ч тухайн согтуу залуу огт салахгүй тухайн заамдаж байсан залуугаа нэмж 2 удаа толгой хэсэг рүү нь их чанга цохисон. Тэгээд гаднаас гэнэт нэг эгч орж ирээд /миний харснаар зодуулж байсан хүний эхнэр эсвэл найз эмэгтэй нь юм шиг харагдсан/ тухайн 2 залууг салгах гэж байгаад газар унасан. Тэгээд арай гэж салаад зайтай зогсож байтал сүүлд орж ирсэн согтуу залуу куртикээрээ анх зодож байсан залуугаа дахиад 2 удаа цохиход зодуулж байсан залуугийн толгойноос цус гарсан. Тэгээд би айгаад цагдаа дуудсан. ...Ямартай ч эхэнд орж ирсэн хүн ямар ч буруугүй юм шиг санагдсан. Зүгээр зогсож байхад нь шууд заамдаад зодоод эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал);
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...1.2.С.Б-гийн биед толгойн баруун хэсэгт хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтлүүдээс толгойн баруун хэсэгт хуйханд шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг баримтууд болно.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.А нь хохирогч С.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед толгойн баруун хэсэгт хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.А г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн толгой хэсэгт куртикний халаасанд байсан утсаараа цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд толгойн баруун хэсэгт хуйханд шарх бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч хохирол төлбөрт 300,000 төгрөг дансаар авсан” байх бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд илэрхийлсэн тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х ургийн овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А г 550 (таван зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.А гээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН