| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/08039/И |
| Дугаар | 101/ШШ2023/00720 |
| Огноо | 2023-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2023/00720
| 2023 02 01 | 101/ШШ2023/00720 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ц” ХХК /рд:/-д холбогдох
Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Т.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь компанийн үйл ажиллагаанд шаардлагатай тээврийн хэрэгсэл, машин механизмыг худалдан авах хэрэгцээ шаардлагын үүднээс тээврийн хэрэгсэл, машин механизмыг нийлүүлэх нийлүүлэгч шалгаруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ба энэхүү сонгон шалгаруулалтад “Ц” ХХК нь өөрийн ирүүлсэн үнийн саналаар шалгарсан. Сонгон шалгаруулалтад шалгарсан “Ц” ХХК нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр “Б” ХХК-тай BI-TTGS-POC-P6-0234 дугаартай “Машин механизм нийлүүлэх гэрээний хэлэлцээр” нэртэй гэрээг байгуулж, 2.5 тонны хөргүүртэй ачааны автомашин 1 ширхэг, цамхагт крантай ачааны автомашин 1 ширхэг, 45 хүний суудалтай автобус 2 ширхэг, усны машин 2 ширхэг, 5 тонны даацтай бохир соруулах машин 1 ширхэг, 5.5 тонны даацтай түлшний машин 1 ширхэг, дизель хөдөлгүүртэй, евро 2 стандартын турботой, шахагчтай хогны машин 2 ширхэг, Ланд круйзер 76 загварын автомашин 4 ширхэг, Ланд круйзер 78 загварын автомашин 2 ширхэг, Ланд круйзер 79 загварын автомашин 6 ширхэг, нийт 12 төрлийн 23 ширхэг тээврийн хэрэгсэл, машин механизмыг нийлүүлэхээр тохиролцсон. “Б” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан нөхцөлийн дагуу урьдчилгаа төлбөр болох 2,520,000,000 төгрөгийг “Ц” ХХК-д шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл “Ц” ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 09 сарын 12-ны өдөр Б ХХК-д “Манай компани 2022 оны 09 сарын 05-ны өдөр BI-TTGS-POC-P6-0234 дугаартай Машин механизм нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд валютын ханшийн өсөлт, хил боомтын саатлаас үүдэлтэй тээвэр логистикийн асуудал зэрэг шалтгаануудаас болж гэрээнд заасан үнэ болон хугацаанд барааг нийлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд гэрээг цуцлах хүсэлт хүргүүлж байгааг хүлээн авна уу” гэсэн албан бичгийг ирүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дахь заалтад “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж тус тус заасан. “Ц” ХХК нь “Б” ХХК-тай 2022 оны 09 сарын 05-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасны дагуу биелүүлэх үүрэгтэй атлаа Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дахь заалтад заасан бодит нөхцөл байдал бий болоогүй байхад худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тул “Б” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,520,000,000 төгрөгийг буцаан шаардсан бөгөөд “Ц” ХХК нь урьдчилгаа төлбөрт авсан 2,520,000,000 төгрөгийг гэрээний үүргийг биелүүлж чадахгүй гэж мэдэгдсэнээсээ хойш 2 сар орчмын дараа, бидний зүгээс урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхтэй холбоотой тогтоож өгсөн хугацаанаас 1 сар орчмын дараа буюу 2022 оны 11 сарын 05-ны өдөр буцаан төлж барагдуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь заалтад “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 227.3 дахь заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж тус тус заасан байна. “Ц” ХХК нь “Б” ХХК-ийн зохион байгуулсан тээврийн хэрэгсэл, машин механизмыг нийлүүлэх нийлүүлэгч сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтад үнийн саналаа ирүүлж шалгарсан атлаа ердөө 7 хоногийн дараа өөрийн ирүүлсэн үнийн саналаар барааг нийлүүлэх боломжгүй хэмээн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, улмаар урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 2,520,000,000 төгрөгийг даруй буцаан шилжүүлэлгүй, тогтоосон хугацаанаас 1 сар орчим хугацааны дараа бүрэн буцаан шилжүүлсэн тул мөнгөн хөрөнгөө үр ашигтай ашиглах боломжийг алдагдуулж, Б ХХК-д эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл учруулсан гэж үзэж, “Ц” ХХК-аас хохиролд 17,640,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хохирлын хэмжээг Ц ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,520,000,000 төгрөг Б ХХК-ийн дансанд хэвээр байж бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байсан бол өгөх байсан өгөөжийн хэмжээг хамгийн багаар буюу Монгол банкны гаргасан банкнуудын харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээг жишиг болгон харилцах, хадгаламжийн 1 жилийн жигнэсэн дундаж хүү болох 8.4 хувийг 12 сард хувааж 1 сард ногдох хэмжээг нь 0.7 хувиар тооцож, 2,520,000,000 төгрөгийн 0.7 хувь буюу 17,640,000 төгрөгийн хэмжээгээр Б ХХК-д эд хөрөнгийн алдагдал учирсан гэж тооцож гаргасан болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022.9.5-нд тээврийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулсан. Нийт 12 төрлийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх болсон. Урьдчилгаа төлбөр 2 520 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 7 хоногийн дараа гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй гээд гэрээг цуцлах хүсэлт өгсөн. Гэтэл урьдчилгааг 3 сар шахуу буцааж өгөөгүй. 11 сард буцааж өгсөн. Иймд хохирол учирсан гэж банкны дундаж хүүгээр тооцож 17 640 000 төгрөг шаардана. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж байна. Гэтэл гэрээний 5.1-д холбогдох зардал орсон бөгөөд шинэ нөхцөл үүссэн нь үнэ нэмэгдэх нөхцөл болохгүй гэдгийг заасан. Иймд хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй. Манайх хариуцагчид 9 сарын 12-нд мэдэгдлийг өгсөн бөгөөд хариуцагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан гэж үзсэн. Манайхаас хариу хүлээх шаардлагагүй. Эхний төлбөрийг 10 сарын 17, 19, 21, 11 сарын 5-нд хэсэгчлэн буцаалт хийсэн. Ийнхүү хэсэгчлэн буцаах үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хуулийн 249.1-р татгалзсан гэж үзэж байгаа юм. Хохирлыг 227.1-р шаардаж байгаа болно. 227.3-т зааснаар олох байсан орлого нь хохиролд тооцогдоно. Хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлох баримтыг өгөөгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулсан. Манайх гэрээнд заасан тээврийн хэрэгслийн үнийг судалгааг хийсэн байсан. Улмаар өөр компаниас авах байсан ба үнийн санал дээр өөрчлөлт гарсан. Нийлүүлэх үеийн үнээр тээвэр болон валютын ханш зэрэгт өөрчлөлт орох болсон. Мөн ковидоос болж хятадын тээврийн үнэ өссөн. Энэ талаар бид 9 сарын 12-нд санал өгөх талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь саналаа маш удааж өгсөн. Нэхэмжлэгчээс санал өгсөн өдөр эхний гүйлгээг хийсэн. Түүний дараа үлдэгдлийг 11 сарын 4-нд төлсөн. сар гаруйн дараа нэхэмжлэгч нь хариу өгсөн. Иймд 3 сар гацаасан зүйл байхгүй. Манайх таван богд уруу захиалга өгчихсөн байсан. Таван богд нь 2023 оны 2 сард сүүлийн хугацааг өгсөн байсан. Үүнтэй холбоотойгоор буцаалтыг цувуулж өгсөн юм. Бид таван богдод нэмэлт төлбөр өгсөн байдаг. Машин болгонд 10 сая орчмыг нэмж төлсөн. Бид үйлдвэрлэгч биш тул захиалагч компани мөнгө шилжүүлсний дараа үнэнд өөрчлөлт орсон юм. Хугацаа болон үнэ өөрчлөгдөх болсон тул гэрээгээ цуцлах болсон юм. Бид ББСБ-с 1 тэр бумын зээл аваад төлсөн юм. Монгол банкны жигнэсэн дундаж хүү гэх боловч цар тахлын үед харилцах дансанд хүү тооцохгүйгээр хуульд заасан байгаа юм. Манайх бол хадгаламж биш харилцах дансанд байлгасан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн машин механизм нийлүүлэх гэрээний хуулбар /хх9-33/, мөн өдрийн нууцад хамаарах мэдээлэл солилцох, ашиглах, хадгалах, хамгаалах гэрээний хуулбар /хх34-38/, төлбөрийн даалгаврын хуулбар /хх59/, Монгол банкны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б-10/52 дугаар албан тоот, хавсралт /хх69-71/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: компанийн дүрмийн хуулбар /хх43-45/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх46/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий гараас Б.Т улсын хилээр гарсан лавлагааг гаргуулсан. /хх64-65/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 17,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “Ц” ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг цуцалсан, төлбөрийг нэхэмжлэгчээс хариу ирснээр буцаан төлсөн гэж маргаж байна.
Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр машин механизм нийлүүлэх гэрээ байгуулсан байна. /хх9-33/
Гэрээний хавсралт 3-т зааснаар хариуцагч нь нийт 4,200,000,000 төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн 23 ширхэг тээврийн хэрэгсэл нийлүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний тусгай нөхцөлийн 5.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болж, нэхэмжлэх хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 60 хувийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. /хх32, 28/
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2,520,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлжээ. /хх59/
Цаашлаад хэрэгт байгаа хариуцагчийн гэрээг цуцлах тухай албан тоот, төлбөрийг буцаан төлсөн талаарх жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч зохигч уг албан тоотын агуулга болон төлбөрийг буцаан төлсөн цаг хугацаа, мөнгөн дүнгийн талаар маргаагүй, зөвшөөрч байна. /хх41, 58/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.
Үүнээс үзэхэд хариуцагч нь гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 650,000,000 төгрөг, 19-ны өдөр 150,000,000 төгрөг, 21-ны өдөр 205,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,515,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. /хх58/
Хариуцагч нь цар тахалтай холбоотойгоор валютын болон тээврийн үнэ өссөн, цаг хугацааны хувьд гэрээ биелэгдэх боломжгүй болсон гэж тайлбарласан.
Харин нэхэмжлэгч нь гэрээний ерөнхий нөхцөлийн 5.1-д зааснаар гэрээний үнэнд өөрчлөлт оруулах боломжгүй гэж маргасан.
Гэвч гэрээний ерөнхий нөхцөлийн 9а-д зааснаар давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол талууд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар тохиролцжээ.
Мөн 9b-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн бид хариу мэдэгдэх шаардлагагүй гэх тайлбар үгүйсгэгдэж, харин хариуцагчийн гэрээг цуцлах саналд хариу өгөхийг хүлээсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.
Цаашлаад, нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг гэрээ цуцалснаас хойш буцаан олгохгүй хугацаа хэтрүүлснээс ашиглах боломжоо алдаж, олох байсан орлого олох боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
Улмаар хохирлын хэмжээг арилжааны банкнуудын хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүгээр тооцсон байна.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлсөн тоот данс нь харилцах данс гэж тайлбарласан.
Монгол банкны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б-10/52 дугаар албан тоотод дурдсанаар урьдчилгаа олгосноос хойш буцаан төлсөн цаг хугацаа хамаарах 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хүртэлх хугацаанд харилцах дансанд хүү тооцогдоогүй байна. /хх69/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 17,640,000 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн гэрээний ерөнхий нөхцөлийн 8а-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд хариуцагчийн хүлээн хариуцлагад нэхэмжлэлийн үндэслэл хамаарахгүй байна. Тодруулбал, зохигчид шууд учирсан хохирлыг хариуцахаар тохиролцсон бөгөөд олох байсан орлогыг хариуцах талаар тохиролцоогүй.
Мөн нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг өөр үйл ажиллагаанд ашиглаж орлого олох байсан гэх тайлбараа нотлоогүй.
Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-с 17,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД