Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Н.М , хохирогчийн өмгөөлөгч Х.Бияазхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 2439003890376 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар, Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг, Э  4 замын уулзварт өөрийн эзэмшлийн Toyota fielder маркийн 91-51 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7.а/“жолооч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

Мөн дүрмийн 15.4.“Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд замд тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Н.М ын жолоодож явсан улсын дугааргүй GTR маркийн мотоциклийг ногоон гэрэл дохиогоор чигээрээ явж байхад мөргөж, зам тээврийн осол гарган, Н.М ын эрүүл мэндэд “зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, гадна коллатерал холбоосны урагдал, баруун дунд чөмгөний гадна булуу, шилбэний дотор, гадна булууны хэсэгт няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт,

Мөн дээрх зам тээврийн ослыг гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлтдээ:

Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нь, сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр үнэлсэн тул зохих хувь хэмжээгээр нь тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай” гэж;

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчтай санал нэг байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул хэргийн зүйлчлэлийн хувьд хэлэх саналгүй. Н.М  нь зам тээврийн осолд орсны улмаас эд материалын болон эрүүл мэндээрээ хохирсон. Н.М  нь тусгай албанд ажилладаг учраас байнгын бие бялдрын шалгалтад ордог. Эрүүл мэндийн байдлаасаа болоод шалгалтад унаж 14 хоногийн сургалтад хамрагдах нөхцөл байдал үүссэн. 2024 оны 4 сард Цагдаагийн ерөнхий газрын түвшин тогтоох шалгалтыг онц дүнтэй төгсөж байсан хүн. Иймээс сэтгэл санааны хохирлыг хамгийн дээд тал буюу 12.99 хувиар тооцох шаардлагатай гэж үзсэн. Нөгөөтээгүүр, миний үйлчлүүлэгчийн унаа тээвэр болох мотоциклийг мөргөж ашиглах ямар ч боломжгүй болгосон. Мотоциклоо аваад засах боломжтой бол засъя гэхэд мөрдөн байцаалтын шатнаас шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл өгөхгүй гэж хэлсэн. Миний бие тухайн газар луу очоод мотоциклийг харахад ашиглах ямар ч боломжгүй болчихсон байсан. Мөн журмын хашаанд өдрийн 4000 төгрөгийн хураамжтай байж байгаа. 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өдрийн 4000 төгрөгөөр тооцоход мотоциклийн үнээс хэтэрсэн төлбөр гарч байгаа. Н.М  нь цалингийн зээлтэй бөгөөд өвчтэй байх хугацаандаа 2 сарын 250,000 төгрөгийг банканд тушаасан. Н.М ын хамгаалах малгай зурагдаад цуурсан, журмын хашаанд очиж харсан боловч байхгүй байсан тул малгайг 300,000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөө нэхэмжилж /баримт нь бий/ байгаа. Н.М  нь байшиндаа залгаа тамбаар барьсан, мөн том өрөөндөө халаалт тавьсан. Өөрөө засвар үйлчилгээ хийх байсан боловч эрүүл мэндийн байдлаасаа болоод засвар үйлчилгээ хийх боломжгүй болсон тул 2-3 хүнээр хөлсөлж засвар үйлчилгээгээ хийлгэсэн. Энэ талаар нэхэмжилж байгаа баримтаа гаргаж өгсөн. Иймд шүүдэгчээс сэтгэл санааны хохирол болон эрүүл мэнд эд материалын хохиролд нийт 19,538,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...А.Э-ы зүгээс хэргийн зүйлчлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой саналын зөрүүтэй хүлээн зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналтай санал нэг байна. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор саналаа хэлэх нь зүйтэй байх. А.Э-ы хувьд хэрэг бүртгэгдсэнээс хойш хохирогчтой тухай бүр ойр байж, эмчилгээний зардлыг төлж явдаг байсан. Ямар газраас ямар эмчилгээ үйлчилгээ авах нь хохирогчийн эрхийн асуудал учраас А.Э-ы зүгээс эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг төлж баримтуудаа хэрэгт хавсаргасан. Хохирогч нь сайн эмнэлэг сонгоод хөлийн хагалгаанд орсон тул А.Э хохирогчийн хагалгааны 6,700,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр А.Э-ы аав нас барж асаргаанд байдаг дүүгийн хамт үлдсэн тул хэсэг хугацаанд хохирогчид анхаарал хандуулж чадаагүйд гомдсон байх. Гэхдээ миний үйлчлүүлэгч хохирогчид дээд боловсрол байхгүй, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, харин машин байгаа гэдэг талаар ярьсан ч хохирол төлбөр дээрээ одоог хүртэл тохиролцож чадаагүй. Түүнээс хохирол төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилго байхгүй. Хохирол төлбөр дээрээ тохиролцоогүй учраас шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулах байр суурьтай оролцож байна. Хохирогчийн эм тарианы мөнгөтэй маргаан байхгүй. Хүнсэнд 892,928 төгрөгийн баримт авагдаж нэхэмжилсэн. Гэхдээ шоколад, кола, кимчи, майонез, тамхи гэх мэт зүйлүүд нь хохирогчийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай авч хэрэглэх нэмэлт тэжээл гэж үзэхгүй байгаа тул дээрх хүнсний нэхэмжилж байгаа үнийн дүнд дүгнэлт хийж өгнө үү. Бензиний зардалд 589,891 төгрөгийн баримт авагдсан байгаа тул үүнтэй ямар нэгэн маргаан байхгүй. Харин бусад нотлох баримтууд хууль ёсны байх зарчмын дагуу шийдэгдэх байх. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд олох ёстой байсан орлогыг нэхэмжилдэг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрхэн оролцдог, хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар газар ямар албан тушаалтай ажилладаг, өвчтэй байсан хугацаанд цалинтай чөлөө авсан эсэх эсхүл лист авсан эсэх мөн цалингийн зөрүү нь хаанаас ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Хуульд зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгоод хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүүг авах ёстой байсан цалингаас хасаж байж цалингийн зөрүү гарч ирдэг. Гэтэл энэ нь тодорхойгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээний үнэ 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаад ар талд нь 1,500,000 төгрөгийг төлсөн баримтаа хавсаргаагүй байна. Засвар үйлчилгээний асуудал нь гэмтлээс үүдэлтэй хохирол биш тул шүүгдэгч төлөх үндэслэлгүй. Түрээсийн гэрээнд байр хөлсөлсөн 450,000 төгрөгийг хавсаргаж нэхэмжилсэн хэдий ч 450,000 төгрөгийг төлсөн баримт, мөн түрээсийн гэрээнд заасан хугацаанд эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй. Мөн хэрэгт нэр хаяггүй авагдсан баримтууд нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа тул үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр мотоциклийг 2,700,000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан хэдий ч засварлаад дахин ашиглах боломжтой гэдэг дүгнэлт гарсан. Хохирогч мотоциклийн бүтэн үнийг нэхэмжилж байгаа бол тухайн мотоциклийг бүрэн ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх ёстой. Иймээс мотоциклийн засварлах хөлсийг иргэний журмаар нэхэмжлэхээр зааж өгнө үү. Мөн хохирогч мотоциклийн малгай 300,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч малгайны үнэлгээ гараагүй. Цалингийн зөрүүнд 250,000 төгрөг нэхэмжилж байгаа баримт байхгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймээс хэргийн нөхцөл байдал, А.Э хэрэг үйлдсэнээс хойш хохирогчид хэрхэн хандаж байсан, ар гэрийн гачигдалтай байдал, хохирогч ажилдаа орсноос хойш нийгмийн харилцаанд хэвийн орж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан сэтгэл санааны хохирлыг 6 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэж,

Хохирогч Н.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2024 оны 10 сард ажилдаа ороогүй байсан учраас хүйтэнд гудамжинд гарах байсан юм уу. Би өөрөө засвар үйлчилгээ хийх гэж байсан ч осолд орсны улмаас хийж чадаагүй тул хөлсөөр засвар хийлгэхээс өөр сонголтгүй байсан. Хоол хүнсний талаар ганц нэг өөр баримт орсон байхыг үгүйсгэхгүй.” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ “шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө” гэж тус тус мэдүүлэв.

 

1.2.Эрүүгийн 2439003890376 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хавтаст хэргээс:

эргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 07-19 дэх тал),

-Хохирогчийн Н.М ын “...Би 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд ажлаа тараад гэр лүүгээ харихаар өөрийн эзэмшлийн GTR маркийн мотоциклтой ганцаараа явж байгаад Х  сумын 4-р багт байдаг Э  уулзварыг ногоон өнгийн гэрэлт дохиогоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт хөдөлгөөн үйлдэж уулзварыг нэвтэрч өнгөрөх үед гэнэт нэг саарал өнгийн суудлын машин миний өөдөөс буюу (ертөнцийн зүгээр баруун зүгт явж байсан) урсгал сөрж ирээд намайг мөргөж осол гаргасан. Тэр үед би уг машинд мөргүүлж газарт унасан байхад нөгөө мөргөсөн машин урд зүгт хөдлөөд явчихсан ба нэг эмэгтэй ирээд надад тусалж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч түүний дараа би эмнэлгийн байгууллагад хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн. Ийм л асуудал болсон... Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явж байсан... Би А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй... Тухайн үед би замын уулзвар хэсгийг ногоон өнгийн гэрэлт дохиогоор нэвтэрсэн. Миний өөдөөс буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд бараан суудлын машин зөрж өнгөрсөн ба түүний араас явж байсан байх нэг саарал өнгийн дараа нь харахад Fielder маркийн автомашин гэнэт миний өөдөөс /урдаас/ урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. Ер нь бол уг замын уулзварын гэрэл дохио нь зүүн, баруун зүгт зэрэг, ногоон ба улаан гэрэл дохиогоор зохицуулдаг уулзвар. Тэр үед би ногоон гэрлэн дохиогоор уулзвар нэвтрэх үед мөн адил миний явж байсан эгнээний эсрэг урсгалын ногоон дохио ассан байсан гэж бодож байна. ...Миний зүүн гарын шуу хугарч, баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт цууралт өгч, 2 яс нь эмтэрч гадна холбоос нь дарагдсан байсан... Миний бие өөрт учирсан сэтгэл санааны хохирол мөн ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлс, GTR маркийн тээврийн хэрэгсэл, эмчилгээний зардал бусад зардал төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дахь тал),

-Гэрч Б.Т-ийн “...А.Э нь 2024 оны 6 дугаар сарын 09-ний өглөө намайг Х  сумын 3 дугаар багт гэртээ байхад 1 ширхэг 2.5 литрийн савтай Сэрүүн нэртэй пивотой өөрийнхөө эзэмшлийн 91-51УЕК улсын дугаартай Тоёота Филдер маркийн автомашинтайгаа ганцаараа ирж авсан. Тэгээд бид хоёр миний ажиллаж байсан газарт буюу Х  сумын 1 дүгээр багт байдаг гандан хийдийн зүүн талын цэцэрлэгт хүрээлэнд очиж тухайн газраа Э-ы  авчирсан пивыг хоёулаа хувааж уусан. Тэгээд дахиад Э 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архийг нэмж авчраад, би бас 1 шил 0.5 литрийн архийг авчирч хоёулаа хувааж уугаад тэндээсээ хөдлөөд эрүүл жолооч олно гэж хэлээд Э машинаа бариад би түүний хажууд нь суугаад Х  сумын 4 дүгээр багт Эрчим рүү дэлгүүрийн ойролцоо айлд очиж хоол идээд бид хоёр буцаад машинтайгаа хөдөлгөөнд оролцсон. Айлаас хөдлөх үед би хэсэг зуур унтчихсан байсан чинь Э “би хүн мөргөчихлөө” гэж хэлээд намайг дуудаж сэрээхээр нь би машинаас нь буугаад харсан чинь Х  сумын 4 дүгээр багт байдаг гурилын үйлдвэрийн зүүн урд талд сайжруулсан замын хажууд гарчихсан зогсож байсан ба машиных урд талын буфер нь салчихсан, гэрэл нь хагарч, копуд нь хонхойж ороод эвдэрчихсэн, буфер нь унжаад явж болохгүй болсон байсан. Гэтэл нэг цэнхэр портертой эрэгтэй хүн бид хоёрын хажууд ирээд “мөргөсөн хүн чинь хойно орилоод хэвтэж байна, оч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-ы  машины буферыг нь шууд салгаж хаяад осол гаргасан газарт буюу Х  сумын 4 дүгээр багт байрлах Э  уулзвар хэсэгт очсон чинь төв засмал зам дээр хар цагаан өнгийн мотоцикл талаараа харчихсан, жолооч нь бололтой эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Мөн ар гэрийнхэн нь бололтой хүмүүс ирчихсэн байсан. Харин удалгүй эмнэлэг болон цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн. Ийм л асуудал болсон... Миний найз Э өөрөө машинаа бариад явж байсан. ...А.Э бид хоёр нэлээн их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Гэрч Г.Ц-ы “...2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х  сумын 4 дүгээр багт байдаг зуурмагийн үйлдвэрээс гэртээ харихаар Х  сумын 4 дүгээр багт байдаг төв замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд өөрийнхөө автомашинтай жолоо барьж явж байгаад Э  дөрвөн замын уулзвар хэсэгт очих үед ногоон гэрэл асаж байсан ба тэр үед гэнэт миний буруу талд замын эсрэг урсгалд саарал өнгийн 91-51УЕК улсын дугаартай машин мотоциклтой хүн мөргөчхөөд зогсох гэж байгаа юм шиг болоод шууд чигээрээ урд зүгт хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан. Тэр үед нь би тухайн машиныг араас нь дагаж очиход нөгөө 91-51 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь бололтой хоёр залуу бууж ирээд машиныхаа буферыг хараад зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Би машин барьж явсан жолооч нь ямар хүн байсныг нь сайн хараагүй. Араас нь дагаж явах үед удалгүй тэр хоёр залуу машинаасаа буугаад буферээ хараад зогсож байсан. Нэг залуу нь машины баруун гар талаас нь нөгөө залуу нь зүүн гар талын урд хаалганаас буухыг л харсан... Мотоциклтой хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт, харин автомашин зүүнээс баруун зүгт миний ард явж байсан... Тэр хоёр тээврийн хэрэгслийг мөргөлдөх үед баруун зүүн чигт явах хөдөлгөөний ногоон гэрэл ассан байсан. Тус хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа ногоон өнгийн гэрлээр явж байсан... Би тухайн үед машинаасаа буугаагүй. Тэр хүмүүстэй уулзаагүй учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэнд явж байсан замын танихгүй нэг ах 91-51УЕК улсын дугаартай автомашинаас буусан хоёр хүнийг согтуу байна л гэж ярьж байсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 428 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.6.Н.М ын биед зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, гадна коллатерал холбоосны урагдал, баруун дунд чөмөгний дотор булууны хэсэгт няцарсан хугарал, дунд чөмөгний гадна булуу, шилбэний дотор, гадна булууны хэсэгт няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал),

-Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...1.91-51УЕК улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч А  Э /УХ01242038/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 15.4.“Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.91-51УЕК улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч АЭ /............../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4.“Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна. 3.GTR маркийн мотоциклийн жолооч Н.М /........../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.” гэх магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

-Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 49023 дугаартай: “...hyusong GT250R загварын мотоциклийн үнэлгээг 2,210,600 төгрөгөөр тогтоосон” шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 142-147 дахь тал),

-Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн ТХТХ-ийн үзлэгийн инженер С.Наранхүүгийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “...1.KM4MJ57C4E1100953 улсын дугаартай HYOSUNG GT250R тээврийн хэрэгсэлд тус эвдрэл гэмтэл учирсан байна. Тус гэмтлийг засварлаж дахин ашиглах боломжтой.

  • Урд кирло боолтоороо сэтэрсэн
  • Урд их гэрэл хагарсан
  • Хянах хагарсан
  • Баруун жолооны гар хугарсан
  • Хажуугийн хөдөлгүүрийн хаалт хамгаалалтууд хагарсан
  • Баруун дээд арам гулзайж хэв гажсан
  • Банк үрэгдэж халцарсан
  • Араанд хийх хөшүүрэг хугарсан
  • Урд хойд дохионууд хугарсан
  • Их гэрлийн хажуугийн хуванцар хаалт хагарсан

2.Тус эвдрэл осол болох үед үүссэн.

3.Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлүүд нь осол болоход нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал),

-А.Э-ы согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал),

-Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, сэтгэл зүйч Х.Балжиннямын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай” 787 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 118-120 дахь тал),

-Шүүгдэгч А.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн хэрэг учрал болох үед зүүнээс баруун зүгт явж байгаад уулзвараар зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ дээрх ослыг гаргасан... Буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-166, 2 дугаар хавтаст хэргийн 133-134 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаас гадна хохирогч Н.М ын өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 52-62 дахь тал), “Авецина” ХХК-ийн 72 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал), хохирогч Н.М ын цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд, хохирлын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 223-235 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 31-37 дахь тал),  мөн Н.М ын унаж явсан мотоцикл болон малгайг зах зээлийн үнээр худалдаж авсан талаарх дансны хуулга, нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн хуулбар зэрэг 4 хуудас баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:

А.Э-ы хувийн байдлын тогтоосон баримтууд болох гэрч С.Ө Л.Э нарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаах лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 174-р тал), А.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 194-204 дэх тал), хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 223-235 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 26-29 дэх тал), хохирогчид эм тариа, эмчилгээний зардал төлж байсан баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 1-11 дэх тал) зэргийг судалсан болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

1.3.Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1.3.1.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход А.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Э  4 замын уулзварт өөрийн эзэмшлийн Toyota fielder маркийн 91-51 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Н.М ын жолоодож явсан улсын дугааргүй GTR маркийн мотоциклийг ногоон гэрэл дохиогоор чигээрээ явж байхад нь мөргөж зам тээврийн осол гаргажээ. Мөн тухайн ослыг гаргасан гэдгээ мэдсээр байж ослын газрыг зориуд орхиж зугтаасан байна.

Энэхүү үйлдлийн улмаас хохирогч Н.М ын эрүүл мэндэд зүүн шуу богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор талын жийргэвч мөгөөрсний урагдал, гадна коллатерал холбоосны урагдал, баруун дунд чөмгөний гадна булуу, шилбэний дотор, гадна булууны хэсэгт няцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

1.3.2.Дээрх хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.М ын “...Миний өөдөөс буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд бараан суудлын машин зөрж өнгөрсөн ба түүний араас явж байсан байх нэг саарал өнгийн дараа нь харахад Fielder маркийн автомашин гэнэт миний өөдөөс /урдаас/ урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. ...Тэр үед би ногоон гэрлэн дохиогоор уулзвар нэвтрэх үед мөн адил миний явж байсан эгнээний эсрэг урсгалын ногоон дохио ассан байсан гэж бодож байна. ...Миний зүүн гарын шуу хугарч, баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт цууралт өгч, 2 яс нь эмтэрч гадна холбоос нь дарагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хх-ийн 23-26 дахь тал), гэрч Б.Т-ийн “...Э-ы  авчирсан пивыг хоёулаа хувааж уусан. Тэгээд дахиад Э 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архийг нэмж авчраад, ...Айлаас хөдлөх үед би хэсэг зуур унтчихсан байсан чинь Э “би хүн мөргөчихлөө” гэж хэлээд намайг дуудаж сэрээхээр нь би машинаас нь буугаад харсан чинь Х  сумын 4 дүгээр багт байдаг гурилын үйлдвэрийн зүүн урд талд сайжруулсан замын хажууд гарчихсан зогсож байсан ба машиных урд талын буфер нь салчихсан, гэрэл нь хагарч, копуд нь хонхойж ороод эвдэрчихсэн, буфер нь унжаад явж болохгүй болсон байсан. Гэтэл нэг цэнхэр портертой эрэгтэй хүн бид хоёрын хажууд ирээд “мөргөсөн хүн чинь хойно орилоод хэвтэж байна, оч” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хх-ийн 33-34 дэх тал), гэрч Г.Ц-ы “...гэнэт миний буруу талд замын эсрэг урсгалд саарал өнгийн 91-51УЕК улсын дугаартай машин мотоциклтой хүн мөргөчхөөд зогсох гэж байгаа юм шиг болоод шууд чигээрээ урд зүгт хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан. Тэр үед нь би тухайн машиныг араас нь дагаж очиход нөгөө 91-51 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь бололтой хоёр залуу бууж ирээд машиныхаа буферыг хараад зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хх-ийн 37-38 дахь тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 428 дугаартай дүгнэлт (1 дэх хх-ийн 45-48 дахь тал), Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа (1 дэх хх-ийн 131-132 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (1 дэх хх-ийн 205 дахь тал), шүүгдэгч А.Э-ы согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дэх хх-ийн 213 дахь тал) зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

1.4.Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:

1.4.1.Прокуророос шүүгдэгч А.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

1.4.2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй.

1.4.3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар зүйлчилсэн гэмт хэргийн тухайд:

1.4.3.1.Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд). эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 15.4.“Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.

Тодруулбал, шүүгдэгч А.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн.

1.4.3.2.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь найзтайгаа хамт архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан гэдгээ лавтай сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан, энэ үйлдлийн улмаас аливаад хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж өөртөө найдсан боловч хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан нь гэм буруугийн дээрх хэлбэрийг агуулжээ. 

1.4.3.3.Энэхүү санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 428 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал)-ээр тогтоогдсон байх тул шалтгаант холбоотой байна.

1.4.3.4.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа бол тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангасан. 

1.4.3.5.Иймд шүүгдэгч А.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

1.4.4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийн тухайд:

1.4.4.1.Шүүгдэгч А.Э нь зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдсэн атлаа хэргийн газрыг зориуд санаатайгаар орхиж явсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдаж шинжлэн судлагдсан гэрч Б.Т , Г.Ц нарын мэдүүлгүүдээр нотлогдсон.

Зам тээврийн осол гаргасан гэдгээ жолооч мэдсээр атлаа ослын газрыг орхиж явснаар гэмт хэрэг төгссөнд тооцогддог, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

1.4.4.2.Тиймээс шүүгдэгч Э.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5.Хохирол, хор уршгийн талаар:

1.5.1.Хохирогч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 19,538,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт хохирогчоос нийт 3,100,408 төгрөгийн баримтыг, шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээ, эм тарианд нийт 8,716,154 төгрөг зарцуулсан баримтыг тус тус нотлох баримтаар хавсарган өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас шууд зарцуулсан хохиролд нэхэмжилсэн 3,100,408 төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан нийт 2,175,555 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бол 924,853 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангагдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8,716,154 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

1.5.2.Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох мотоцикл, малгай, цалингийн зөрүү, хөлсөөр ажиллах гэрээний үнэ зэргийг шүүх хуралдаанд тодорхой тооцоо гаргах боломжгүй, дараах нөхцөл байдал байна гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:

-Мотоциклийн үнэлгээ нь эргэлзээтэй, дахин ашиглах боломж бий эсэх нь тодорхойгүй;

-Хохирогчоос мотоциклийн малгайны үнийг нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт үнэлгээ хийгдсэн баримт авагдаагүй;

-Цалингийн зөрүүгээ хэдэн төгрөг, хэрхэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй;

-Хөлсөөр ажиллах гэрээгээр 2 хүнийг ажиллуулсан гэх боловч ажлын хөлсийг нь төлсөн талаарх баримтгүй.

1.5.3.Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээч “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолоор Хоёрдугаар зэрэглэлд учирсан хор уршгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоохоор байна.

Хохирогч ажил мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж байнга биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болдог боловч гэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлийнхээ улмаас ажил байдлаараа доголдох зэрэг хүндрэлтэй асуудал гарсан нь түүний сэтгэцийн байдалд нөлөөлсөн нь шинжээчийн 787 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /энэ шийдвэр гарах үеийн тогтоосон хэмжээ/ 792,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,288,080 төгрөгөөр тогтоож шүүгдэгч А.Э гаргуулж хохирогч Н.М т олгуулахаар шийдвэрлэсэн.

1.5.4.Гэвч шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг эхлэхээс өмнө шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх хохирол, хор уршгийг /2,175,555+10,288,080=12,463,635 төгрөг/ нөхөн төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5-д зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргасан бөгөөд улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нараас уг саналыг дэмжсэн тул шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь уг хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй болно.

 

Хоёр.Шүүгдэгч А.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч А.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2.Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Хэнтий аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах нь зүйтэй байна” гэх саналыг гаргасан бол,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч нь хохирогчид огт хохирол төлөөгүй нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1-3 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирол төлбөр тогтмол төлж байсан, мөн шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд ...туслалцаа үзүүлсэн” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэж тус тус саналаа гаргасан болно.

2.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарахаар байна;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчихдөө хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилго агуулаагүй байдаг, Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг;

-Шүүгдэгч нь хохирогчид эдийн болон эдийн бус байдлаар сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан, цаашид ч учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн;

-Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн;

рьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон;

-Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй;

-Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

2.4.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

2.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 03 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

2.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Бусад асуудлын талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тооцож, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

2.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б ургийн овогт А.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч А.Э-ы г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 03 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 03 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс нэхэмжилсэн 3,100,408 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангасан 2,175,555 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршиг 10,288,080 төгрөгийг, нийт 12,463,635 /арван хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун гучин тав/ төгрөг гаргуулж хохирогч Н.М т олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 924,853 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8.Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох мотоцикл, малгай, цалингийн зөрүү, хөлсөөр ажиллах гэрээний үнэ зэргийг шүүх хуралдаанд тодорхой тооцоо гаргах боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9.Шүүгдэгч нь хохирогчид 8,716,000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН