| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/01010/И |
| Дугаар | 181/ШШ2023/00343 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2023/00343
| 2023 01 20 | 181/ШШ2023/00343 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын хураамжид төлсөн 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
гэрч П.Н ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
А.Б нь Япон хэл суралцаж, Япон Улсад ажиллаж амьдрахаар шийдэн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй М ХХК-д анх хандсан. Гэтэл М ХХК-ийн зүгээс А.Б ид Япон Улсад гэрээгээр ажиллаж амьдрахыг хүсвэл Япон Улсад үйл ажиллагаа явуулдаг найдвартай компанид зуучилж өгөх саналыг тавьсан. Түүний саналыг А.Б нь хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн анхан шатны N4 сургалтанд хамрагдахаар болж, зуучлуулсан компанийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцсан.
Улмаар 2021 оны 5 дугаар сард ярилцлагад орж тэнцсэнээр зуучлуулагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болж, М ХХК нь Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэрээг танилцуулан гарын үсэг зуруулан авч ...бид уг гэрээг Япон Улс руу илгээснээр та хоёрын хооронд гэрээ байгуулагдах болно. Харин виз мэдүүлгийн баримт бичиг боловсруулахад холбогдох зардал 3,500,000 төгрөг болох ба 2021 оны 8 дугаар сар гэхэд шар хуудас гарна... хэмээн мөнгө төлөхийг шаардсан. Үүний дагуу А.Б нь төлбөрийг бэлэн бусаар М ХХК-д төлсөн.
Гэтэл тохирсон хугацаа буюу 2021 оны 8 дугаар сар гэхэд шар хуудас гараагүй бөгөөд М ХХК-иас тодруулахад ...11 дүгээр сар хүртэл түр хүлээж бай удахгүй гарах болно... гэх тайлбарыг өгсөн. Улмаар 11 дүгээр сар өнгөрөхөд бас дахин шар хуудас гараагүй байсан бөгөөд ...Япон Улсад үйл ажиллгаа явуулдаг гэх зуучлуулагч компани нь дампуурсан байгаа тул дахин өөр компанид зуучилж өгөх болно... гэх утгагүй тайлбарыг өгсөн.
А.Б нь Монгол Улсад оршин байгаа Япон Улсын элчин сайдын газар болон холбогдох газруудаас өөрийн мэдээллээ шалгуулахад виз огт гараагүй буюу шар хуудас авагдаагүй байсан болно. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн зүгээс анхнаасаа хууран мэхэлж виз мэдүүлгийн төлбөрийг авсан буюу А.Б той байгуулсан гэгдэх гэрээ бодитоор хэрэгжээгүй болно.
Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сард А.Б ийн аавынх нь бие муудаж, аавыгаа асрах болон мөнгө хэрэгтэй болж М ХХК-д хандан Япон Улс руу явах боломжгүй болсон, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан мөнгөө буцаан авахыг шаардахад нэгэнт гэрээ байгуулагдсан гэрээгээр нэг тал гэрээг дангаар цуцалвал мөнгө олгогдохгүй, мөн компанийн дотоод журмаар мөнгө буцааж өгөх боломжгүй эсвэл өөрийнхөө оронд төрөл садангийн найдвартай хүнийг явуулж болно гэх хууль бус тайлбарыг өгдөг. Гэвч тухайн журмыг А.Б ид огт танилцуулж байгаагүй.
А.Б ийн хувьд ойр дотны төрөл садангийн хүн байхгүй тул өөрийн оронд явуулах хүнгүй болохоо илэрхийлж, мөнгөө буцааж авах талаар удаа дараа шаардсан боловч бодит үр дүнд хүрээгүй тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно.
Иймд хариуцагч М ХХК-иас Япон Улс руу виз мэдүүлгийн төлбөрт өгсөн 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б ийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...А.Б нь М ХХК-тай Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ байгуулж, Япон Улсад дадлагажигчаар ажиллахаар зуучлуулсан байсан боловч Япон талын хүлээн авагч Үэтоми констракшн компани нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрчлөгдсөний дагуу дахин ярилцлагад орох болсон.
Улмаар дараагийн Топ цүүшин компанийн ярилцлагад орж тэнцсэнээр холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хийгдэж, өөрөөсөө гадна М.Ц , Г.И нарын хамт явахаар хүлээгдэж байсан боловч тэрээр өөрийнхөө хүсэлтээр Япон Улсад дадлагажигчаар ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байдаг.
М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас баталсан Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмаар сургалт, сонгон шалгаруулалт, ажиллаж амьдрах зөвшөөрөл гарах болон Япон Улс руу зорчих үйл явц, сургалтын төлбөр болон зуучлалын хураамжийн хэмжээ, төлөх хэлбэр, сургалтын төлбөр болон зуучлалын хураамжийг буцаан олгохгүй байх шалтгаан, нөхцөл зэрэг асуудлыг зохицуулсан. Уг журмыг зуучлуулагчиддаа заавал танилцуулдаг.
Зуучлалын үйл ажиллагаанд тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд хүлээн авагчийн нөхцөл байдлаас мөн шалтгаалдаг. Тухайн үед цар тахлын улмаас Япон Улс хилээ хаасан байсан. Ингээд зуучлалын үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдсан.
М.Ц , Г.И нар нь Топ цүүшин ХХК-д ажиллаж байгаа. А.Б ийн хувьд сайн дураар гэрээгээ цуцалсан хэдий ч одоо Япон Улсад очсон, М ХХК-ийн багштай холбоотой хэвээр байгаа.
М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин А.Б өөрийн хүсэлтээр Япон Улсад хөдөлмөр эрхлэх, дадлагажигчаар ажиллахаар зуучлуулахаас татгалзсан тул зуучлалын хураамжийг буцаан төлөх боломжгүй юм.
Иймд А.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: өөрийн байнга оршин суух хаягийн лавлагаа, Үэтоми констракшн компани /Uetomi Kensetsu Co., Ltd/-тай байгуулагдах Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэх баримт, Б.Пүрэврагчаагийн Хаанбанк дахь 5502008481 дугаартай дансны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулга, А.Б ийн Голомтбанк дахь 3635113380 дугаартай дансны 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны хуулга, Б.Пүрэврагчаагийн гараар бичсэн тодорхойлолт /хх 6-11, 20-33/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмын хуулбар, А.Б той байгуулсан Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ, Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээний хуулбарууд, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэгчийн тодорхойлолт, Үэтоми констракшн компани болон А.Б нарын хооронд байгуулагдах Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэх баримтын хуулбар, М ХХК-ийн ерөнхий менежер Комамацү Масаёши-д Япон Улсын Үэтоми констраншн компаниас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн албан захидал, орчуулгын хамт, А.Б оос М ХХК-ийн захиралд гаргасан өргөдөл, М ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21/024, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 21/082 дугаар Тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгүүдийн хуулбар, М.Ц , Г.И нарын онгоцны тийзийн хуулбар, П.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14, 55-80, 154-155, 176-180, 187/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: М ХХК-ийн 2022 оны 5 дугаар арын 4-ний өдрийн 22/046 дугаар хариу албан бичиг, тус компанийн Хаанбанк дахь 5027510812 дугаартай дансны тодорхойлолт, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулга, Ш.Энхцэцэгийн Хаанбанк дахь 5920063026 дугаартай дансны 2020 оны 12 дугаар сарын 19, 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн хуулга, М ХХК-иас Япон Улс руу илгээмж хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн баримт, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2/735 дугаар хариу албан бичиг, Н.Авирмэдийн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 277580/8217 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх 36-43, 130-141, 152-153/ зэргийг,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: М ХХК-ийн Япон хэлний багш нарын ашигладаг [email protected] цахим хаягт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтын орчуулга, М ХХК-ийн оршин суух зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэлт болон хичээлийн тайлангийн дотоод чатад 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтын орчуулга, гэрч П.Н гийн мэдүүлэг /хх 89-90, 107-115, 144-146, 161-174/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын хураамжид төлсөн 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь зуучлалын үүргээ гүйцэтгэсэн тул 3,500,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
8. М ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан, хүчин төгөлдөр Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээнд А.Б той 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 55, 61-63/
Уг гэрээний 1.1-д Япон хэлний сургалт нь Япон Улсад явуулах баталгаа биш болно. ..., 2.1-д Нийт 3 сарын хугацаатайгаар зохион байгуулна. 4.5-д суралцагч нь Сургалтын төвийн дотоод дүрэм болон ангид мөрдөх журмыг хатуу чанд мөрдөх үүрэгтэй., 6.1-д Суралцагч нь нэгэнт суралцахаар шийдвэр гарган сургалтын төлбөрийг бэлнээр болон банкны дансаар төлсөн бол сургалтын гэрээг хийгдсэнд тооцно. 6.2-т Японд мэргэжил дээшлүүлэхээр сонгогдон зуучлалын хураамжийг төлөн сургалтанд хамрагдаж байгаа иргэн тус сургалтын гэрээг зөрчин хасагдсан тохиолдолд зуучлалын хураамж буцааж олгогдохгүй. гэж тус тус заажээ.
А.Б нь дээрх гэрээний дагуу Япон хэлний N4 түвшингийн сургалтанд хамрагдаж, улмаар 2021 оны 5 дугаар сард ярилцлагад орж тэнцсэнээр Үэтоми констракшн компани /Uetomi Kensetsu Co., Ltd/-д дадлагажигчаар ажиллахаар болж, М ХХК-иас Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэрээг танилцуулж гарын үсэг зуруулсан байх ба зуучлалын хураамжид 3,500,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-ийн Хаанбанк дахь хххххххххх дугаарын дансанд төлсөн болох нь холбогдох дансны хуулга, тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /хх 7-11, 33, 38-39, 43, 65-68/
9. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан гэрээний үүрэг үүсэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
10. А.Б нарын 3 иргэнийг Япон Улсад дадлагажигчаар ажиллуулахаар зуучилсан байсан хүлээн авагч Үэтоми констракшн компани нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрчлөгдсөн тул дараагийн хүлээн авах Топ цүүшин компанийн ярилцлагад орох талаар Өү Ки Эс олон улсын хамтын нийгэмлэгээс 2021 оны 11 дүгээр сард цахим зурвас ирүүлсэн байна. /хх 79, 89-101, 105-115/
М ХХК нь ...бид гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, А.Б нь Топ цүүшин компанийн ярилцлагад орж тэнцсэнээр холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хийгдэж, өөрөөсөө гадна М.Ц , Г.И нарын хамт явахаар хүлээгдэж байсан боловч тэрээр өөрийнхөө хүсэлтээр Япон Улсад дадлагажигчаар ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн, харин М.Ц , Г.И нарын хувьд одоо Топ цүүшин ХХК-д ажиллаж байгаа. ... гэх тайлбар гаргасан нь А.Б оос М ХХК-ийн захиралд гаргасан өргөдөл, М ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21/024, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 21/082 дугаар Тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт бүхий албан бичгүүдийн хуулбар, М.Ц , Г.И нарын онгоцны тийзийн хуулбар, М ХХК-ийн Япон хэлний багш нарын ашигладаг [email protected] цахим хаяг болон оршин суух зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэлт, хичээлийн тайлангийн дотоод чатад үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтын орчуулга зэргээр тогтоогдож байна. /хх 89-101, 105-115, 144-146, 155, 161-174, 176-180/
Түүнчлэн М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас баталсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам-ын 5.3-т Дадлагажигч нь Япон Улс руу явахаас өөрийн хүсэлтээр татгалзсан нь зуучлагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тохиолдолд зуучлалын хураамж буцаан олгохгүй байхаар заажээ. /хх 75-76/
Энэхүү журмыг суралцагч нарт танилцуулсны дараа сургалтанд хамруулдаг болох нь М ХХК-ийн багш П.Н гийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тодорхойлогдсон бөгөөд А.Б нь Япон Улс руу явахаас өөрийн хүсэлтээр ийнхүү татгалзсан нь зуучлагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэж үзэв.
11. Иймд нэхэмжлэгч А.Б нь зуучлалын хураамжид төлсөн 3,500,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас зуучлалын хураамжид төлсөн 3,500,000 төгрөгийг гаргуулах тухай А.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН