| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2439002780398 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг “..............” гэх газарт “Алтан-Ар” ХХК-ийн хүчин төгөлдөр МV-021623 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдаж 11521 килограмм жонш олборлож, байгаль орчинд 8,064,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2439002780398 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Н.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
Нэг.Хэргийн үйл баримт нотлогдсон байдал, гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч Н.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг “..............” гэх газарт “Алтан-Ар” ХХК-ийн хүчин төгөлдөр МV-021623 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдаж 11,521 килограмм жонш олборлож, байгаль орчинд 8,064,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-10 дугаар тал),
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 11-13 дугаар тал),
-Б.Ө-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Хэнтий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 02/166 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 150 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Б.Ө-ын “...Миний бие Хэнтий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2019 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Засаг даргын 02/166 албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоно. ...Миний хувьд 2024 оны 7 сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн ШД-200 дугаартай үнэлгээнд тусгагдсан нийт 6,336,000 төгрөгийн байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..., ...Тус .............. гэх газарт ашиглалтын лизенцтэй компани байдаг албан ёсоор хуулийн хүрээнд сум орон нутагтай гэрээ хэлэлцээр хийж үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй... Тухайн .............. гэх газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, холбогдох бичиг баримт байхгүй. Тухайн хүмүүс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан... Тухайн .............. гэх газарт энэ оны 02 дугаар сард Байгаль аялал жуулчлалын газраас явуулсан хяналт шалгалтын хүрээн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрч шалгагдан арга хэмжээ тооцогдож байсан. Тухайн арга хэмжээг аймгийн Байгаль орчны уул уурхайн байцаагч арга хэмжээ авч байсан. Тодорхой зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 21-22 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...Алтан-Ар ХХК нь 2005 онд анх үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Миний зүгээс тухайн компаниас ямар нэгэн хувьцаа эзэмшил байхгүй... Манай компани Хэнтий аймгийн Б сумын нутагт одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ оны 8 дугаар сараас уурхайн газрыг тойруулж хашаа барьсан байгаа. 2020 онд анх тус газарт ашигт малтмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан... Манай талбайд иргэд хууль бусаар халдаж ашигт малтмал олборлож байгаа талаар сонсоод энэ талаар 2024 оны 4 дүгээр сард манай компанийн зүгээс Экологийн цагдаагийн албанд гомдол гаргасан байгаа. Тухайн асуудал одоо шалгагдаж байгаа. Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газар давхар шалгаж байгаа талаар утсаар тус аймгийн Цагдаагийн газраас алба хаагчтай холбогдож байж мэдсэн... Миний зүгээс тухайн газарт одоогоор очиж үзээгүй байна. Талбай дээр очиж үзсэний дараа хохирлын үнэлгээтэй танилцах саналтай байна... Би таны асуусан хүмүүсийг танихгүй тухайн хүмүүс манай компанитай хамтран ажиллаж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
-Гэрч Д.Г-ын “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б гэх хүнтэй утсаар холбогдон өдрийн 100,000 төгрөгөөр өдрөөр шороо гаргахаар тохиролцож Хэнтий аймгийн Б суманд найз Л-ийн хамт ирсэн. Ингээд тус сумын нутагт уулын ар хэсэгт хуучин ухсан нүхэнд 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд газраас шороо татаж гаргасан. 6 дугаар сарын 02-ны өдрөөс Б гэх хүний заавраар өглөө 07 цагаас эхлэн оройн 20 цаг хүртэл хугацаанд газраас шороо болон чулуу татаж гаргасан. Ингээд энэ өдөр буюу 6 дугаар сарын 10-ны өдөр тухайн газарт ухалт хийх үед цагдаа ирсэн. Тийм л зүйл болсон... Миний бие жонш гэж мэдэхгүй. Газар доороос гаргаж өгснийг нь л дээш нь татаж гаргадаг. Хариуцагч Б гэх хүн л тэр талаар мэдэх байх, би хий гэснийг нь л хийдэг. Цалингаа бүтэн авч байвал гэж бодсон... Ухаж гаргасан шар өнгийн чулуу болон шороо тухайн талбайн баруун урд талд байгаа. Ачиж зөөсөн зүйл байхгүй байгаа... Тухайн талбайд найз Л болон өөр нэг танихгүй залуу бид 3 ажилласан. Хариуцан ажиллуулж байгаа Б нь өдөр болгон хоол унд авчирч өгдөг...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 34-35 дахь тал),
-Гэрч Ц.Л-ийн “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Б суманд ажил хийхээр Б гэх хүнтэй өдрийн 100,000 төгрөгөөр жонш олборлохоор тохиролцож найз Г-ын хамт Налайх дүүргээс тус сумын нутагт ирсэн. Ингээд тус сумын нутагт уулын ар хэсэгт хуучин ухсан нүхэнд 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл жонш олборлолт хийсэн. 6 дугаар сарын 02-ны өдрөөс Б гэх хүний заавраар өдөр 07 цагаас эхлэн оройн 20 цаг хүртэл жонш олборлосон. Ингээд энэ өдөр буюу 6 дугаар сарын 10-ны өдөр ухалт хийж, олборлолт хийх үед цагдаа ирсэн. Тийм л зүйл болсон... Миний бие тэр талаар мэдэхгүй, хариуцан ажил хийлгэдэг Б гэх хүн мэдэж байгаа, надад хэлэхдээ хуулийн дагуу ажил байгаа л гэж хэлж анх хэлж байсан...Ухаж гаргасан жонш, тухайн талбайн баруун урд талд байгаа. Ачиж зөөсөн зүйл байхгүй байгаа. Ойролцоогоор 3 тонн гаран жонш олборлосон... Тухайн талбайд найз Г , Б болон бид 3 ажилласан. Хариуцан ажиллуулж байгаа Б нь өдөр болгон хоол унд дөхүүлж, хааяа талбайд бууж ирж, газрын гүнээс жонш татан гаргахад тусалдаг... Тухайн талбайд анх ирэхэд ил өргөн талбай байсан доош 10 гаран метр доор жоншны судал хэсэг нь буюу 3 метр орчим гүнд 1 метр өргөн хэсэгт жонш олборлож гаргаж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-Гэрч Д.Б ийн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт гэртээ байх үед Б сумын иргэн Б гэх хүн 9917-6554 утасны дугаараас миний өөрийн барьдаг 9863-0150 дугаарт залган надад хандан Хэнтий аймгийн Б суманд хийх ажил байна, ирээд ажиллах уу? гэсэн. Ингээд миний бие 6 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгаас Б суманд 16 цагийн орчимд ирж, Б гэх хүнтэй уулзан, цалин хөлсөө тохирч, сумын төвөөс хойд зүгт 10 гаран км зайд байрлах уурхайгаас чулууг гаргах ажлыг 1 тонн нь 200,000 төгрөгөөр гаргахаар тохирч 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх намайг ирэхэд Налайх дүүргээс ирсэн гээд 2 хүн байсан. Ингээд Б гэх хүний заавраар бид 3 хамтарч, хуучин ухсан уурхайн талбайгаас гар аргаар шар өнгийн чулууг гаргасан. Ингээд 6 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж байх үед цагдаа ирсэн. Тийм л зүйл болсон... Миний бие тухайн зүйлийг жонш гэдгийг нь мэднэ. Анх ирэхэд Б надад хандан уурхайн бичиг баримт асуудалгүй, жонш чулуу нүхнээс ухаж гаргаж болно гэж хэлсэн. Анх тохирсон өдрөөрөө цалин хөлсөө бүтэн авч байвал гэж бодсон юм... Өнөөдөр цуг явж жинлэж үзлээ нийт 11,521 кг жонш чулууг ухаж гаргасан байна... Тухайн талбайд би Налайхаас ирсэн Г , Л нарын хамт ажилласан. Биднийг хариуцан ажиллуулж байсан Б нь өдөр болгон хоол унд авчирч өгч, үүрэг чиглэл өгч байсан. ...Тухайн цаг үед буюу 2024 оны 6 дугаар сарын 04-өөс 6 дугаар сарын10-ны хугацаанд ил гаргасан жонш чулууг газраас олборлохдоо молдок багаж ашигласан. Мөн 220 өсгөгч мотор багаж техникээр тухайн молдок багажийг ажиллуулсан. Доороос олборлосон жонш бүхий чулууг дээш нь татаж гаргах үедээ хариуцан ажиллуулж байсан Б 3 дугуйт пад трактораар дээш нь хүнээр гуйж гаргуулдаг байсан. Тухайн залууг танихгүй. Тухайн 3 дугуйт пад нь нэг дор ажиллаж байсан, өөр нүхнээс /амнаас/ чулуу гаргаж байсан хүмүүсийн пад трактор... Тухайн цаг үед ашиглаж байсан молдок болон 220 өсгөгч моторыг би мэдэхгүй. Б гэж хүн өглөө нь авчирч өгчхөөд орой нь аваад явчихдаг байсан. Харин 3 дугуйт пад трактор нь нөгөө чулуу олборлож байгаад баригдсан хүмүүсийн пад трактор мөн. Нэг падыг дундаа ашиглаж байсан юм... Тухайн пад тракторыг Буд гэдэг залуу барьж, чулууг дээш нь гаргадаг байсан. Буд гэдэг залуу тухайн пад техникийг барьдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 74-75 дугаар тал),
-Гэрч Д.Г-гийн “...2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 13-76 ХЭА улсын дугаартай ISUZU FORWARD маркийн тээврийн хэрэгслийн жин хэмжээг Б сумын 7 дугаар багийн “Сэрүүн хөгжил майнинг” ХХК-ийн электрон жин /Пүү/ хэмжүүрт хэдэн тн/кг болохыг тогтоож үзэхэд 5,080 кг жин зааж байсан. Ингээд Бэрхээс хөдлөн тус сумын нутаг 2 дугаар багийн .............. гэх газарт уулын ар хэсэгт ирж хамт явсан цагдаагийн зааж өгсөн шар өнгийн чулууг өөрийн 13-76 ХЭА улсын дугаартай ISUZU FORWARD маркийн тээврийн хэрэгсэлд ачаалсан. Ингээд эхний 1 дэх явалтаар ачсан чулууг дээрх жин хэмжүүрт очиж жинлэж үзэхэд 12,221 кг жин зааж байсан. Ингээд 2 дахь явалтаар дахин жинлэж үзэхэд 9,460 кг зааж байсан. Ингээд тухайн 2 автомашин чулууг Б суманд цагдаагийн буулга гэсэн газарт буулгасан. Тийм л зүйл болсон. Хамгийн сүүлд нийт дүнг нь бодож үзэхэд нийт 11,521 кг шар өнгийн чулууг тээвэрлэж буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
-Гэрч Т.А-ын “...энэ оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б сумын нутаг .............. гэх газар Андлалын хөшөө ороод буцах үед хуучин ухсан уурхайн талбайд хүмүүс шороо буюу чулуу гаргаж байхаар нь цагдаад хандсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тийм л зүйл болсон... Тухайн үед намайг очиход 5-6 танихгүй хүмүүс байж байсан. Тэгээд маргааш нь буюу 6 дугаар сарын 10-ны өдөр цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
-Гэрч Д.А-гийн “...Би нөхөр Б-ийн хамт тус сумын 3 дугаар багийн нутагт 2018 оноос хойш улсын бүртгэлийн 4196... регистрийн дугаартай “Баялаг жонш” ЗББХ нөхөрлөлийг гэрээний үндсэн дээр зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг Хэнтий аймгийн Б сумын 6 дугаар багт нөхөр 1 хүүхдийн хамт хувиараа амьдардаг. ...Миний бие тухайн гүйлгээг хийсэн. Б гэх хүн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс манай “Б баялаг жонш” нөхөрлөлийн талбайд гэрээгээр жонш олборлож байгаад 6 дугаар сарын 24-ний өдөр олборлож гаргасан 3.6 тонн жоншиндоо урьдчилгаа болгож 760,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),
-Гэрч Д.Б-ийн “...Би улсын бүртгэлийн 4196... регистрийн дугаартай “Баялаг жонш” ЗББХ нөхөрлөлийг 2008 оноос одоог хойш одоог хүртэл зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Н.Б нь 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөрлөлийн талбай дээр ажиллана гэж хэлээд урьдчилгаа 500,000 төгрөгийг дансанд авсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Гэрч Г.Б-гийн “...Би улсын бүртгэлийн 41983.... регистрийн дугаартай “Баян хушин хаан” ЗББХ нөхөрлөлийг 2019 оноос хойш одоог хүртэл зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Н.Б нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б суманд надтай өөрийн биеэр уулзаж надад хандан ахад нь мөнгөний хэрэгцээ байна. 3 дугуйт пад авмаар байна. Жонш гаргаж байгаа юм. Мөнгөний хэрэгцээ гараад байна, жонштой болохоороо мөнгийг чинь буцаагаад өгье гэсэн. Тухайн үед би Б гэдэг хүнээс нарийн зүйлийг тодруулалгүй, 16,000,000 төгрөгийн Jonsh гэсэн утгатай 595935.... тоот данснаас 537202.... Б гэх хүний дансанд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Б гэх хүнээс хаана, ямар учиртай жонш олборлож байгаа юм гэж асуугаагүй. Би бодохдоо зөвшөөрөл аваад жонш олборлож байгаа юм байна гэж ойлгосон юм. Тэгээд удалгүй хууль бусаар жонш олборлож байгаад цагдаад баригдсан гэж хүмүүсээс сонсоод, Б гэх хүнтэй холбогдон мөнгөө авъя гэж хэлээд 8,000,000 төгрөгийг нь буцааж авсан. Одоо 8 сая төгрөгөө авах дутуу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
-Гэрч Ж.Ариунбаярын “...Намайг энэ суманд 2014 оноос ажиллаж эхэлсэн цагаас хойш тухайн .............. гэх газарт үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээд болон холбогдох хүмүүс ирж байгаагүй. Энэ оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Байгаль орчны газрын уул уурхай хариуцсан байцаагч болон холбогдох хүмүүс хяналт шалгалт хийх үед тухайн .............. гэх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг нь таслан зогсоож арга хэмжээ авч байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),
-Гэрч Б.Б-ын “...2024 оны 6 дугаар сарын эхээр хүүхдийн барын дараахан Б сумын 6 дугаар багт гэртээ байх үед Д гэх эмэгтэй над дээр ирж уулзан надад хандан “эгчдээ пад бариад чулуу гаргаад өгчих, эгч нь цалин хөлсийг нь өгнө” гэж хэлсэн юм. Ингээд Д гэх эмэгтэйтэй ярьж цалин хөлсөө тохирч 3 өдрийн 300,000 төгрөгөөр тохирч ажиллахаар болсон юм. Ингээд миний бие 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д гэх эмэгтэйн зааж өгсөн газарт ирж, улаан өнгийн 3 дугуйт падыг барин хуучин ухсан уурхайн нүхнээс цагаан цайвар өнгийн чулууг гаргасан. Тухайн чулууг 2 хоногт зөөж гаргасан. Намайг анх тухайн газарт очиход уурхайн ухсан нүхний ёроол хэсэгт өвөл гаргаад авч чадаагүй гээд хураалттай чулуу байсан юм. Ингээд тухайн чулууг гаргаж байх үед Б сумын иргэн зүс таних Б надад хандан ахдаа наад нүхнээсээ чулуу зөөгөөд өгчих нэг падны тэвш ачаа болно гэж гуйгаад байхаар нь миний бие 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд тухайн уурхайн ухсан нүхнээс тусдаа хураалттай байсан чулууг гаргаж өгсөн. Тухайн үед Б чулуу ачих 3 хүнтэй ирж ачиж өгсөн. Ингээд тухайн хураалттай байсан чулуунаас нэг тэвш ачааг газрын дээр гаргаж буулгасан, өөр надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь цагдаа сэргийлэх болсон гэж сонссон. Надад Д болон Б гэх хоёр хүн хэлэхдээ зөвшөөрөлтэй асуудал байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал)
-Шинжээч Б.Б-ын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай “...11,521 кг жинтэй 83.22% сорьцтой жоншны зах зээлийн үнэлгээг 6,336,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дугаар тал),
-Шинжээч Б.Б-ын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай: “...1.Хэнтий аймгийн Б сумын 2-р багийн нутаг .............. хэмээх газарт иргэд зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан гэх үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 8,064,000.00 төгрөг болж байна. 2.Тогтоолоор өгөгдсөн талбай нь Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн кадастрын компьютержсэн системээс шүүж үзэхэд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Хойд ямаат MV-21623” дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлдээ давхцаж байна. 3.Тус талбай нь урд өмнө олборлолт хийгдэж байсан байх тул нөхөн сэргээлт хийх зардлыг нэр бүхий иргэдэд шууд хариуцуулан тооцох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 102-112 дугаар тал),
-Шинжээч Б.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаартай “...пад тракторын зах зээлийн үнэлгээг 2,250,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118-120 дугаар тал),
-Алтан-Ар ХХК-ийн 000185626 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигч, хамтран эзэмшигч нарын лавлагааны хуулбарууд (хавтаст хэргийн 157-159 дэх тал),
-Яллагдагч Н.Б гийн “...Би Б сумын нутаг Алтайн-Ар гэх газраас 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хугацаанд жонш түүсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би гаргачихсан байсан жоншны шорооноос жоншийг нь түүсэн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг баримтууд болно.
1.2.Хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч Н.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэж зүйлчилсэн нь тохирсон, зөв байна.
Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал олборлох, ашиглах эрх олгосон баримт бичиггүй этгээд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсныг ойлгоно.
Энэ гэмт хэргийн объект нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал олборлох журам байх бол халдлагын зүйл нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал байдаг бол гэмт хэргийн объектив тал нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн зөвхөн хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан байх ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б нь хуулийн этгээдийг төлөөлсөн этгээд биш байна. Гэтэл шүүгдэгч нь зохих тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу аваагүй атлаа ашигт малтмалын олборлолт явуулсан нь энэхүү гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба өөрөөр хэлбэл, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн.
Иймд шүүгдэгч Н.Б г тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг .............. гэх газарт “Алтан-Ар” ХХК-ийн хүчин төгөлдөр МV-021623 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдаж 11,521 килограмм жонш олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал”, “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тухай тогтоол” зэргийг шүүх хуралдаанд шинээр гарган өгч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан бол, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3.Хохирол, хор уршгийн талаар:
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн шинжээч Б.Б-ын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Б нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдаж 11,521 килограмм жонш олборлож, байгаль орчинд 8,064,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэжээ.
Уг дүгнэлтээр газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг гаргасан байх бөгөөд тодруулбал, газрын хэвлийгээс ялган авсан ашигт малтмалын хэмжээгээр тооцох журмын дагуу тооцоолж гаргажээ.
Ийнхүү газрын хэвлийд учирсан хохирлыг 8,064,000 төгрөгөөр үнэлснийг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд уг үнэлгээтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар ямар нэг санал гаргаагүй болно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д “...газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Н.Б гийн газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 8,064,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 16,128,000 (арван зургаан сая нэг зуун хорин найман мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б гийн газрын хэвлийд учруулсан хохирол 16,128,000 (арван зургаан сая нэг зуун хорин найман мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК нь дүгнэлтдээ “тус талбай нь урд өмнө олборлолт хийгдэж байсан байх тул нөхөн сэргээлт хийх зардлыг нэр бүхий иргэдэд шууд хариуцуулан тооцох боломжгүй” гэж дүгнэн нөхөн сэргээх хохирлын хэмжээг тооцоолж гаргаагүй тул шүүгдэгчээс энэхүү хохирлыг гаргуулаагүйг дурдах нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
Шүүгдэгч Н.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэх санал гаргасан бол шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байгальд учруулсан хохирлоо нөхөн төлнө, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон ухамсарласан, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийгээс нийт 11,521 кг шар өнгийн чулуулаг бүтэцтэй эд зүйлийг буюу жонш олборлосон нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Улсын яллагчаас “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11,521 кг буюу 6,336,000 төгрөгийн үнэлгээтэй жоншийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пад тракторын үнэлгээг шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлын хэмжээгээр улсын орлого болгуулах, мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, торгох ялын санал гаргасан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хууль бусаар олборлосон 11,521 кг жоншийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах” саналыг гаргасан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11,521 кг жоншийг “Бодит үнэлгээ” ХХК-иас 6,336,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг жонш биет байдлаар хураагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох зохицуулалтыг хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6,336,000 төгрөгийн үнэлгээ бүхий 11,521 кг жоншийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх болохыг тогтоогоогүй, шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгсэл /пад трактор/ нь тэр газар олборлолт явуулж байсан хүний пад тракторыг гуйж тээвэрлэлтээ явуулж байсан гэж мэдүүлж байх тул “Бодит үнэлгээ” ХХК-иас пад тракторын зах зээлийн үнэлгээгээр тогтоосон 2,250,000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б ургийн овогт Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г 7,000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгчээс газрын хэвлийд учруулсан хохирол 8,064,000 төгрөгийг 2 дахин үржүүлж нийт 16,128,000 (арван зургаан сая нэг зуун хорин найман мянга) төгрөгийг шүүгдэгч Н.Б гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан пад тракторын үнэлгээ 2,250,000 төгрөгийг, мөн 11,521 кг шар өнгийн чулуулаг бүтэцтэй жоншийг хурааж улсын орлогод оруулсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жоншийг улсын орлого болгосон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгч, прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН