| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2022/00496/И |
| Дугаар | 140/ШШ2023/00028 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 140/ШШ2023/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг,******* тоотод оршин суух *******д холбогдох
2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 675.731,00 төгрөг, үндсэн зээлийн хүү 202.163,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.743,56 төгрөг нийт 888.638,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь *******д холбогдуулан зээлийн төлбөр 888.638,24 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн *******ноос халамжийн тэтгэврээ барьцаалж 675.731 төгрөгийн зээлийг авсан. Уг зээл нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлөгдөж дуусах ёстой байсан. Хариуцагч ******* нь зээлээ авснаасаа хойш нэг ч удаа зээлийн төлбөрийг төлөөгүй учраас үүнээс үүсэх хүү, алданги торгуулийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон. 2022 оны 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад зээлээсээ 200.000 төгрөг төлсөн. Зээл авахдаа сар сарын тэтгэврийн мөнгөнөөс 188.000 төгрөгийг төлнө гэж гэрээ хийсэн. Зээлдэгч маань зээлээ хугацаандаа төлсөн бол үндсэн зээлээсээ 76.000 төгрөгийн хүү төлөөд зээл дуусах байсан. ******* зээлээ хугацаандаа төлөөгүй учраас зээлийн хүү ихээр бодогдох болсон. Тухайн харилцагч маань нэг сард төлөх ёстой байсан зээлийг 4 сараас эхлэн 50.000 төгрөгөөр төлөхөөр болоод өмнө төлөөгүй байсан саруудын хүү хуримтлагдсан учраас мөнгөний асуудал үүссэн. *******ыг утсаар ярьж доромжилсон зүйл байхгүй, утсаар зээлээ төлөх талаар нь хэлж ярьсан. Зээл авсан л юм чинь хүүтэй нь ашигласан хоногоороо төлөх ёстой байдаг. Энэ талаар зээлийн гэрээнд заасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөс зээлийн хүү алдангийг зогсоосон. *******ыг зээлийн хүү алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг өөрчлөх боломжгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээрээ төлж барагдуулахыг хүсэж байна. Уг төлбөр нь тухайн үед зээлийн хүүд төлөгдсөн. Манай зүгээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж уулзаж байсан боловч зээлээ төлөөгүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг дахь *******ноос 675.731 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш сар тутам 50.000 төгрөгөөр төлөлт хийснийг зээлийн хүүнд татсан байна. Уг төлөлт хийсэн мөнгөн дүнг үндсэн зээлээсээ хасуулах хүсэлтэй байна.
2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр *******ны төвөөс 675.731 төгрөгийн зээл авч сард 50.000 төгрөгөөр 200.000 төгрөг төлсөн. Өөрийн төлсөн 200.000 төгрөгийг үндсэн зээл болох 675.731 төгрөгөөс хасуулах. ******* миний бие үндсэн зээлийг өөрийн боломжоор сар, сард төлж байсан боловч тус зээлийн хоршооны захирал гэх хүн skytell-н дугаараас холбогдон хэл амаар доромжилсон болно.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 475.731 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах болно. Үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь шүүхэд нотлох баримтаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, салбарын гэрчилгээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний хуулбар, зээлийн төлбөр шилжүүлсэн баримт, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, зээлийн дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч ******* нь шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбараа гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь хариуцагч *******аас тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний үлдэгдэл 675.731,00 төгрөг, үндсэн зээлийн хүү 202.163,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.743,56 төгрөг нийт 888.638,24 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний дагуу 200.000 төгрөг төлсөн, энэ төлбөрийг үндсэн зээлээс хасуулна, мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагч ******* нь *******ны Завхан салбараас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 675.731 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 5 ар талд/
Зохигч талуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийн 675.731 төгрөгийг хариуцагч *******ын өмчлөлд шижлүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /х-хийн 6, 21/
Харин хариуцагч ******* нь зээлийн төлбөрөөс 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 13-н өдөр 50.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 50.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 50.000 төгрөг нийт 200.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна.
Хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 675.731,00 төгрөг, үндсэн зээлийн хүү 202.163,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.743,56 төгрөг нийт 888.638,24 төгрөг төлөх байтал тус үүргээ зөрчиж зээлийн төлбөр болон түүний хүүг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн төлбөрт төлсөн 200.000 төгрөгийг үндсэн зээл болох 675.731 төгрөгөөс хасуулах, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зээлийн хүү алдангаас хасна гэж зээлийн гэрээнд заасан байдаг. Хэвийн зээлийг зээлийн нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, дараа нь үндсэн зээлийг төлнө гэж зээлийн гэрээнд заасан байдаг. Шүүх рүү шилжүүлсэн зээлийг үндсэн зээлийг нь эхэлж төлүүлээд дараа нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлнө гэж Банкны тухай хууль, зээлийн тухай хууль дээр заасан байдаг гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагч *******ын зээлийн төлбөрт төлсөн 200.000 төгрөгийг зөвхөн үндсэн зээлээс хасах боломжгүй, харин үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.
Хариуцагч *******ыг зээлийн гэрээний хугацаанд төлөгдөх зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч *******ны Завхан салбарт төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Иймд хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 675.731,00 төгрөг, үндсэн зээлийн хүү 202.163,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.743,56 төгрөг нийт 888.638,24 төгрөг гаргуулж *******ны Завхан салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч *******д шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд: хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хурал өмнө 2 удаа хойшилж байсан. Одоо хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж тайлбарлаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хариуцагч *******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Нэхэмжлэгч *******ны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 25.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 675.731,00 төгрөг, үндсэн зээлийн хүү 202.163,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.743,56 төгрөг нийт 888.638,24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 25.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ