Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2023/00093

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2023/00093

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 2-р хэсгийн 118 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МЬ67052512/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзам 7-р багт оршин суух хаягтай, Сэлэнгэ таван Хан ХХК-д захирал ажилтай, *******ийн *******,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Их тойруу, 11б байрны 27 тоотод оршин суух хаягтай, *******гийн ******* нарт холбогдох

 

Ажлын хөлс 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй шаардлагатай иргэний хэрэг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.*******

Хариуцагч Ц.*******

Хариуцагч Д.******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019-2020 онд барилга дээр ажиллаж байсан. 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-нийг хүртэл 2 сарын мөнгө өгөөгүй. Д.******* намайг дуудаж ирсэн. Өмнөх цалин дээрээс 1,000,000 төгрөг өгөөгүй ингээд 3,000,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс хойш 3 жил болж байна, гараараа хийсэн би хохирч байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2019-2020 онд барилга дээр ажиллаж байсан. 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-нийг хүртэл 2 сарын мөнгө өгөөгүй. Д.******* намайг дуудаж ирсэн. Өмнөх цалин дээрээс 1,000,000 төгрөг өгөөгүй ингээд 3 сая гаран төгрөг болж байгаа юм. Үүнээс хойш 3 жил болж байна, гараараа хийсэн би хохирч байна.. 10 дугаар сарын 15-ны өдөр халаалт тавина гээд би ганцаараа халаалт тавтсан 2020 онд ашиглалтанд орохоос өмнө. Би гомдолтой байна. гэв.

 

3. Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1, 2 дугаар байрыг хүлээлгэж өгсөн. 10 дугаар сарын 1-ний өдөр халаалт тавихад завтай байвал очоод үзээд өгөөч ******* захиралтай тохироорой гэж хэлсэн. ******* захиралтай тохирсон гэж бодсон. 10 дугаар сард намайг очиход цалингаа аваагүй гэсэн. Батхүрэл би цалин мөнгийг нь ярьсан гэж надад хэлсэн. Өмнөх цалингийн 1,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа тэрийг би *******өөс мөнгөө аваад төлнө, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн хугацаанд би байгаагүй болохоор яг ямар ажил хийснийг мэдэхгүй байна, энэ 2 сарын хугацааны цалин бол надад хамаагүй гэв.

 

4. Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 8-9 сард ажиллахдаа надтай ажиллаагүй. Батхүрэл гэж хүнтэй тоног угсарсан. Би тухайн үед хэлж байсан. Манайх ажилтан аваад хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Сүүлд ирээд 1,000,000 төгрөг өгчих би *******оос мөнгө авах ёстой гэсэн. Би танд хүний мөнгийг өгөхгүй гэсэн яриа болсон. Яагаад би хариуцагч болсноо ойлгохгүй байна... Би *******од мөнгө өгөх ёстой, энэ мөнгөөс ******* *******д 2019 оны 1,000,000 төгрөгийг нь өгөх байх гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.*******аас хариуцагч Ц.*******, Д.******* нарт холбогдуулан 2019 оны үлдэлдэл ажлын хөлс 1,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ажлын хөлс 2,100,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. 2019 оны үлдэлдэл ажлын хөлс 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч З.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2019 оны цалингийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарлаж,

 

Хариуцагч Ц.*******: Би *******од мөнгө өгөх ёстой, энэ мөнгөөс ******* *******д 2019 оны 1,000,000 төгрөгийг нь өгөх байх гэсэн тайлбарыг,

 

Хариуцагч Д.*******: Өмнөх цалингийн 1,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа тэрийг би *******өөс мөнгөө аваад төлнө, үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргав.

 

Нэхэмжлэгч З.******* хариуцагч Д.*******той тохиролцож 2019-2020 онд төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны барилга дээр өдрийн 50,000 төгрөгийн ажлын хөлстэйгээр сантехникийн ажил гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч З.*******ы тайлбар болон хариуцагч Ц.*******, Д.******* нарын энэ үйл баримтыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлд Гэрээг байгуулсанд тооцох

196.1.5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;

359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ

360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч З.*******, Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Д.*******оос 2019 оны үлдэгдэл ажлын хөлс 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна

 

Иймд хариуцагч Д.*******оос ажлын хөлс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

2. 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан ажлын хөлс 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч З.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 2019-2020 онд барилга дээр ажиллаж байсан. 08 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 29-нийг хүртэл 2 сарын мөнгө өгөөгүй. Д.******* намайг дуудаж ирсэн... 10 дугаар сарын 15-ны өдөр халаалт тавина гээд би ганцаараа халаалт тавтсан 2020 онд ашиглалтанд орохоос өмнө. Би гомдолтой байна гэж тайлбарлаж,

 

Хариуцагч Ц.*******: 2020 оны 8-9 сард ажиллахдаа надтай ажиллаагүй. Батхүрэл гэж хүнтэй тоног угсарсан гэсэн тайлбарыг,

 

Хариуцагч Д.*******: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1, 2 дугаар байрыг хүлээлгэж өгсөн. 10 дугаар сарын 1-ний өдөр халаалт тавихад завтай байвал очоод үзээд өгөөч ******* захиралтай тохироорой гэж хэлсэн. ******* захиралтай тохирсон гэж бодсон...Тухайн хугацаанд би байгаагүй болохоор яг ямар ажил хийснийг мэдэхгүй байна, энэ 2 сарын хугацааны цалин бол надад хамаагүй гэсэн тайлбарыг гаргав.

 

Нэхэмжлэгч З.******* нь ямар ажлыг хаана, хэдэн төгрөгийн ажлын хөлстэйгээр гүйцэтгэсэн нь нотлох баримтаар нотлогдсонгүй гэж шүүхээс үзлээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагатай юм.

 

Иймд хариуцагч нараас ажлын хөлс 2,100,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 5,650 төгрөгийг улсын орлогооос буцаан, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан хариуцагч *******гийн *******оос 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /РД:МЬ67052512/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 5,650 төгрөгийг улсын орлогооос буцаан, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч З.*******аас 2,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шүүхэд гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН