Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00588 дугаар шийдвэртэй “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Б.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64 583 480 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот 153.6 м.кв бүхий 4 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын 17.4 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээл төлөх дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээл сунгах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар сунгаж өгсөн боловч 2018 оны 6 сарын 30-ны өдрөөс хойш холбоо барилгүй зугтаж, зээл болон хүүг төлөөгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64 583 480 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 64 583 480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 900 төгрөг болон 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 33 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 551 067 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд ирсэн ба тус шүүхийн өргөтгөлийн зааланд шүүх хурлыг хүлээгээд сууж байсан. Шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нь тус шүүхийн аль танхимд орохыг мэдэгдээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч тал нь аль аль нь ирээгүй байхад нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, 2018 оны зээлийн нэмэлт гэрээ гэгчийг хүчээр хийж гарын үсэг зуруулж, зээлийн хүү торгууль гэдгээс дахин хүү тооцож бодсон нь зээлдэгчийн эрх ашгийг илт хохироосон хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.Н, Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64 583 480 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1-2/

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч Б.Н, Б.Х нар нь 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан, зээлийн гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сараар сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.11-15/

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч Б.Н, Б.Х нар нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, шүүх энэ талаар зөв дүгнэжээ. 

            Хариуцагч Б.Н, Б.Х нар нь зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэсэн талаарх тайлбар, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргаагүй байх тул шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд /хх.20/ үндэслэж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64 583 480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч “Н” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний 5.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот 153.6 м.кв бүхий 4 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын 17.4 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан нь тэмдэглэлд тусгагдсан /хх37-38/, дараагийн шүүх хуралдааныг 3 дугаар сарын 11-ний өдөр хийхээр товлон, тов мэдэгдсэн баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх40/ байх бөгөөд талууд тухайн өдрийн шүүх хуралдаанд ирж чадахгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар шүүхэд мэдэгдсэн, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасан баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Иймд хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байв.

Харин шүүх тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтад хариуцагч нараас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн алдаа гаргаж, хариуцагч Б.Н-ын нэрийг “Б.Нарангарав” гэж бичсэнийг залруулан, зохих өөрчлөлтийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах шаардлагатай болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00588 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Нарангарав” гэснийг “Б.Н” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Хаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ