| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2008000000990 |
| Дугаар | 2021/ДШМ/683 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/683
2021 7 20 2021/ДШМ/683
Б.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Гт холбогдох эрүүгийн 2008 00000 0990 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бн овгийн Бгийн Г, ......... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт амьдардаг, ...................... дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд ...................... дүүргийн .... дүгээр хороо, .......................... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, төрсөн эцэг Б.Бг өндөр настай буюу 74 настай, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж, түүний биед хутгалж “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр болон яллагдагч, шүүгдэгчээр 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 301 /гурван зуун нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габоод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Б.Гийн 10 хурууны хумсны дээж, 10 ширхэг тамхины иш, цус мэт хүрэн зүйлийн дээж 4 ширхэг, зүүн гарын арчдас, баруун гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас, хар өнгийн иштэй 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо давж заалдах гомдолдоо: “...Миний бие энэ айлын дундах хүүхэд, бид эхээс есүүлээ. Миний бие тухайн гэмт хэргийн хохирогч аав Б.Бгийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож, анхан шатны шүүх хуралд оролцсон. Хэрэг гарах шалтгаан нөхцөл нь миний ах Б.Г, миний эцэг Б.Б нарын хоорондын архидалтаас болж тухайн хэрэг гарах болсон гэж үзэж байна. Тэд урьд өмнө нь муудалцаж, хэрэлдэж, зодолдож байгаагүй. Миний аав бол зан аашийн хувьд тийм ч сайн хүн байгаагүй. Бидний амьдрал хар багаасаа л хүнд өссөн. Гэхдээ бид нар аавдаа хар буруу санаж яваагүй. Бүгд л тус тусын амьдралтай болж тусдаа амьдарцгаах болсон. Б.Г ах маань 1997 онд Солонгос улсад очиж хөдөлмөр эрхэлж, эцэг, эх, ах, дүү нартаа мөнгө шилжүүлж, бидний амьдралд их тус болж амьдарсаар ирсэн. Миний ах Б.Г нь архи уухаараа бусдад агсам тавих битгий хэл үг дуу ч гаргалгүй унтаад өгдөг хүн. Гэтэл нэг өдөр аймшигт явдал болж нэг нь шороонд булагдаж, нөгөөх нь шоронд орлоо. Энэ байдлаас болж миний бие болон эгч, дүү нар маань маш ихээр зовж шаналж байна. Зарим эгч, ах нарын маань биеийн байдал муудаж байна. Энэ хэрэгт бидний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ах Б.Гт минь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялыг багасгаж өгөөч гэж гуйж байна.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн доорх гомдлыг гаргаж байна.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Б.Г, талийгаач Б нарын хооронд ахуйн хүрээний архидалт болон хохирогчийн зүй бус байдлаас болж тухайн хэрэг маргаан гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр бусдыг алсан гэж үзсэн боловч энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талийгаачийг алахын өмнө буюу алах явцдаа өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатай үйлдсэн, мөн онц харгис хэрцгийгээр алах нь зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан гэрч болон бусад үйл баримтаар онц харгис хэрцгий аргаар талийгаачийг алсан нь тогтоогдохгүй, шүүгдэгч, хохирогч нар нь хоёул согтолттой, ахуйн хүрээний архидалтаас тухайн гэмт хэрэг гарсан. Мөн хохирогч зүй бус үйлдэл удаа дараа гаргадаг байсныг гэрчүүд гэрчилдэг. Б.Гийн хувийн зан байдлаас үзэхэд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, харгис зан байдалгүй, архи уухаараа шууд унтаад өгдөг. Мөн шинжээчийн дүгнэлтээр Б.Гт хөнгөн хохирол учирсан, талийгаачийн зүсэгдсэн шарх нь хоромхон хугацаанд явагдсан, энэ шарх нь хэрэгт авагдсан фото зургаар харагдаж байх тул онц харгис хэрцгийгээр тарчлаан зовоосон шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
2. Хохирогч Б.Б нь Б.Гийг хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаач Б.Б болон Б.Г нар нь биеийн харьцааны хувьд ижил өндөртэй, Амь хохирогч нь бусадтай маргалдах чадвартай байхад түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна.
З. Мөн Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэр бүлийн хамаарал бүхий гэдэг утгаар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж хэргийг зүйлчилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг эрүүл мэнд болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл хийх, энэ нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Гэтэл Б.Г, талийгаач 2 урьд өмнө маргалдаж, муудалцаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Үүнийг гэрч нар мэдүүлсээр байтал гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэг утгаар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хэмээн хүндрүүлэн хэргийг шийдвэрлэж байгаа нь Б.Гийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй хэрнээ дан ганц хүндрүүлэх нөхцөл байдлаар болон яллагдагчийн мэдүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирсон гэж үзэж байна. Учир нь, сэтгэхүйн хувьд тарчлаан зовоосон, шаналгасан зүйл байхыг заавал шаардахгүй. Олон тооны гэмтэл шарх учруулсан буюу 7 удаа нуруун тус газар нь хутгалж хүнд гэмтэл учруулж, хохирогч цус алдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогддог. Биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулсан гэх шинжийн хувьд хохирогч дунд зэргийн согтолттой, 74 настай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Түүнчлэн тухайн шарх гэмтлийг авсны дараа хохирогч үйлдэл, хөдөлгөөн хийх болон эсэргүүцэн тэмцэлдэх боломжтой гэсэн шинжээчийн мэдүүлэг байдаг. Гэтэл тухайн үед дунд зэргийн согтолттой байсан ч ямар нэг үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй, эсэргүүцэн тэмцэлдсэн ул мөр байгаагүй. Тиймээс энэ зүйл ангиар хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан шинжийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тухайн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан, гэр бүлийн гишүүн гэсэн шинжүүд дурдагдсан байдаг. Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хохирогч гэр бүлийнхнийгээ байнга хүчирхийлэл, дарамтад өртүүлж, өмнө нь тийм байдлаар харьцдаг байсан гэсэн байна. Гэтэл хүүхдүүдээ бага байхад нь цохиж зоддог байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт байдаг боловч гэмт хэрэг гарах цаг хугацаанд ямар нэг байдлаар хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдээ зовоож, зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд ................... дүүргийн .... дүгээр хороо, ..................... дүгээр гудамжны ..... тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Б.Бг хутгалж “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габоын “...Аав маань насаараа “Мах Импекс” ХХК-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 2020 оны 6 дугаар сарын 7-ны орой 21 цагийн үед байх, төрсөн эгч Б.Гатө над руу утсаар яриад аав нас барсан байна гэж хэлсэн. ...Би аавыг нас барсан талаар сонсоод шууд очсон. ...ахаасаа нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 188-190/,
гэрч Б.Гатөийн “...2020 оны 6 дугаар сарын 6-ны орой 22 цагийн үед ажлаас ирэхэд талийгаач аав Б.Б, төрсөн ах Б.Г, Б.Гату нар пиво уугаад гэртээ байж байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад ах Б.Гату дэлгүүрээс нэг том пиво, манай хүүхдэд зайрмаг барьчихсан гэрт орж ирэхээр нь би “аав та хоёр наад пиво уучихаад болиорой” гэж хэлээд ажилдаа явсан. 21 цаг 40 минутын үед бага хүүхдийн хамт гэртээ ирэхэд хашаа, гэрийн хаалга онгорхой, байшиндаа орж ирэхэд хоёр өрөөний гэрэл унтраастай, телевизор асаалттай байсан. ...бага хүү Б-А том өрөө рүү орж гэрлээ асааснаа өвөө гээд орилсон. Би том өрөөнд ороход ах Б.Г орон дээр суучихсан, аав орны урд унасан, ойр орчим нь тэр чигээрээ цусанд будагдсан байсан. Би утсаа аваад нөхөр, ах, дүү нарыгаа болон цагдаа, түргэн тусламж дуудсан. ...Б.Г ах эхнэрээсээ салаад манай гэрт ирээд нэг жил болж байгаа...” /хх 21-22/,
гэрч Б.Габаын “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ...19 цаг 10 минутын үед ...аав Бгийн гэрт ирэхэд төрсөн ах Б.Гийн хамт архи уучихсан, нэлээн согтолттой байхаар нь орны хажуугаар архи хийдэг газрыг нь харахад нэг шилтэй архи байсан. Тэгэхээр нь та хоёр энийгээ ууж дуусгачихаад унтаж амраарай ...гэж хэлээд 19 цаг 20 минутын үед гарсан. ...Гэртээ хариад байж байтал 21 цаг 50 минутын үед Гатө 88982073 дугаарын утсаар залгаад “аав хутгалуулчихсан, үхсэн, амьд нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би эхнэрийн хамт гараад очиход цагдаа нар ирсэн байсан...” /хх 26-27/,
гэрч Б.Габоын “...хадам аав Бгийн гэрт 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 19 цаг 15 минутын үед нөхөр Б.Габаын хамт очсон. ...19 цаг 25 минутын үед буцаад гараад явсан. ...гэртээ очоод байж байсан чинь нөхөр Б.Габаын 88716883 дугаар руу төрсөн эгч Б.Гатө залгаад “аав нас барсан байна” гэж хэлэхээр нь би нөхөр Б.Габаын хамт хадам аавын гэрт очиход гэрийнх нь үүдэнд цагдаа ирчихсэн, гэр рүү оруулахгүй байсан. Тэгээд эгч Б.Гатөтэй уулзсан чинь “аав хүнд хутгалуулсан байдалтай нас барсан байна” гэж хэлсэн...” /хх 33/,
гэрч Г.Хгийн “...Б.Г, Б.Гату ах, өвөө Б.Б нар том пиво ууж байсан. ...Б.Г ах нэлээн согтуу, тасарч унахад бэлэн шахуу байсан. ...” /хх 36-37/,
гэрч Б.Гатуын “...гэрт очиход аав, Б.Г хоёр гэртээ байсан. Бид гурав пиво хувааж уугаад, хөзөр тоглож байгаад унтсан. Маргааш өглөө нь ...хоёр пиво аваад гурвуулаа хувааж уусан. ...би түрийвчинд байсан 10.000 гаруй төгрөгийг аавд үлдээгээд явсан. Намайг аавын гэрээс гарах үед Б.Г орон дээр унтаж байсан. ...22 цагийн үед дүү Б.Гатөийн охин Х над руу залгаад өвөө өнгөрчихлөө гээд уйлаад байсан. Би шууд эхнэр, хүүхдийн хамт такси бариад аавын гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байна гээд оруулахгүй байсан. ...” /хх 151-153/,
шүүгдэгч Б.Гийн “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өглөө би гэрээсээ гараад дэлгүүр орж 2.5 литрийн Боргио пиво авч гэртээ орж ирсэн. ...өөрийн төрсөн аав Б.Б, төрсөн ах Б.Гату нарын хамт архи ууж хоносон. Өдөр 11 цагийн үед ах Б.Гату пиво ууж дуусчихаад гэр рүүгээ харьсан. Аав бид хоёр үлдсэн. ...би гарч хоёр шил архи дэлгүүрээс авсан. Нэг шил архийг нь задлаад аав бид хоёр уугаад нэлээн согтсон. ...Нэг мэдэхэд аав над руу хутга бариад дайрсан. Би хутганаас нь барьж автал аав миний гараас хутгыг суга татаад авч байсан. Тэр үед миний гар зүсэгдсэн. Би хутгыг нь булааж авах гээд аавтай ноцолдсон, аавыг орон дээр дарж, хутгыг нь булааж авахаар ноцолдож байснаа санаж байна. ...Нэг мэдэхэд би аавын биеэс хутгыг салгаж, газар шидэж байснаа санаж байгаа юм. ...би эхнэртэйгээ муудалцаад аавындаа ирж амьдарсан...” /хх 68-69, 199-200/ гэх мэдүүлгүүд,
2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шүүгдэгч Б.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38-41/,
2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр цогцост үзлэг хийсэн “...Баруун гарын бугалганы гадна доод хэсэгт 3.0.5 см, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 0.8x02 см, баруун далны дээд хэсэгт 3.5x1.2 см, 3x0.6 см, доод хэсэгт 2.8x0.5 см, 2.5x0.6 см, 3.2x0.8 см, 2.5x1 см хэмжээтэй хөндлөн болон босоо байрлалтай зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3193 дугаартай дүгнэлт /хх 80-81/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1245 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 136-142/,
шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Дээрх олон хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас уушги гэмтээж мөн их хэмжээний цус алдаж нас баржээ. Дээрх гэмтэл нь хутганы ир үзүүрээр үүсэх боломжтой. Хэвтээ болон босоо аль ч байрлалд дээрх гэмтлийг учруулж болно...” гэх мэдүүлэг /хх 163-164/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 3049 дугаартай “...шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN000110011708 дугаартай Б овогтой Гийн гэх зүүн гарын дунд хурууны хэний дардастай, 6 дугаартай 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 7 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь зүүн гарын ядам хурууны хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 172-182/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3457 дугаартай “...Хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. ...хутган дээрх цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. ...хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 206-208/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3458 дугаартай “...Шоотой хээтэй ягаан өнгийн дэрний уут, ягаан өнгийн эмжээртэй цайвар өнгийн 2 ширхэг дэрний уутан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 210-213/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3456 дугаартай “...Хар өнгийн футболк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн шорт, хөх болон шаргал шоотой хээтэй дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 215-218/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3461 дугаартай “Баруун гарын арчдас, зүүн гарын арчдас, чихний ар хэсгийн арчдас гэх 3 ширхэг арчдаст илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/...” гэх дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 220-223/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3462 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 225-228/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3460 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 230-233/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3463 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 235-238/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн /хх 240-243/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21:46:48 цагт “манай аав цустайгаа хутгалдсан байна, хурдлаарай” гэх утга бүхий дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх 1/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-14/,
эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 193/,
талийгаач Б.Б, шүүгдэгч Б.Г нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 92, 96/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гийг талийгаач Б.Бгийн биед “нурууны баруун хэсэгт далны дунд шугамаар далны доод ирмэгээс доош цуварч байрласан хатгагдсан 6 ширхэг шарх, баруун атгаалын гадна доод хэсэгт хатгагдсан шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулсан байдал нь хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг хэдий ч хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлдог ба уг харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр зүйлчилнэ.
Хэрэгт авагдсан гэрч Б.Гатөийн “...миний төрсөн ах Б.Г, Б.Гату, талийгаач аав Б.Б нар нь хоорондоо хэрэлдэж муудалцаад агсан тавиад ...зодолдоод байдаггүй...” /хх 22/, гэрч Ж.Дийн “...гэрч Г.Хгийн “...Б.Г ах их дуугүй хүн бөгөөд архи уухаараа өвөөтэй муудалцаад байдаггүй хүн байсан...” /хх 37/, гэрч Н.Оийн “...аавтайгаа зүгээр энгийн харилцаатай байдаг, манай нөхөртэй маргалдаж муудалцаж байхыг нь би харж байгаагүй...” /хх 134/, гэрч Б.Цгийн “...аав маань Б.Гтой ямар нэгэн муу харьцаатай байгаагүй. Зүгээр аав, хүүгийн харьцаатай байсан. Хоорондоо маргалдаж, муудалцаж байгаагүй. ...дүүгийн хувьд ...архи уусан үедээ чимээгүй суудал дээрээ унтаад өгчихдөг юм...” /хх 149/, гэрч Б.Гатуын “...дүү Б.Г нь ...зан аашийн хувьд тайван дөлгөөн, үг дуу цөөтэй, ажилсаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, ...архи уусан үедээ агсам согтуу тавьдаггүй, ...унтаад өгчихдөг юм...” /хх 153/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо “...амь хохирогч Б.Б, ах Б.Г нар урд өмнө хоорондоо маргалдаж зодоон цохион хийж байгаагүй, ...ахыг бага байхад л аав зоддог байсан...” /хх 189/ гэх зэрэг мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эцэг Б.Бг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгодог хэдий ч амь хохирогч, шүүгдэгч нар нь харилцан согтуурсан, амь хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь шүүгдэгч Б.Гийн “...аав над руу хутга бариад дайрсан. Би хутганаас нь барьж автал аав миний гараас хутгыг суга татаад авч байсан. Тэр үед миний гар зүсэгдсэн, би хутгыг нь булааж авах гээд аавтай ноцолдсон...”, гэрч Б.Цгийн “...аав бид нарыг бага байхаас эхлэн архи уудаг, ...уусан үедээ эхнэр хүүхэд гэлтгүй агсам согтуу тавьдаг. ...Сүүлийн үед ...их үглээ болж хүүхдүүд рүүгээ орилж та нар миний гэрээс зайл гэж хөөдөг болсон...” /хх 150/, гэрч Б.Гатуын “...ээж маань жаахан байхад аавыг согтуу үед бид нарыг дагуулж гараад гадаа орцонд хонож, ...залуу байхаасаа архи уудаг, их авир гаргадаг хүн байсан...” /хх 152/, гэрч Ж.Бны “...Хадам аав маань архи их уудаг хүн байсан. Архи уусан үедээ гэр бүлдээ их дарамт үзүүлдэг агсам согтуу их тавьдаг...” /хх 155/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6756 дугаартай “...Б.Гийн биед баруун гарын сарвууны алганд зүсэгдсэн шарх, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдсон...” /хх 162/ зэрэг дүгнэлтээр шүүгдэгч Б.Гийн үйлдлийг амь хохирогч Б.Бг “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Б.Гт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Габо, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ