Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0097

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Л*******,

Хариуцагч: ******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нар,

Маргааны төрөл: Б.Л*******гийн зөрчилд ******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23 тоот нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Л.Н*******, Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э******* нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.Л*******гээс ******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарт холбогдуулан “******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23 тоот нөхөн ногдуулалтын актаар 178,493,601.58 төгрөгийн нөхөн татвар, 53,548,080.47 төгрөгийн торгууль, 35,698,720.32 төгрөгийн алданги, нийт 267,740,402.37 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.

          3.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Б.Л*******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/2017 онд татварын албанд 1,913,001,593.01 төгрөгийн алтны борлуулалтын орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан зардал болох 1,859,084,888 төгрөгийг хасч, 4,644,728 төгрөгийн ашиг олсноо тайлагнаж, хувь хүний орлогын албан татварт 464,475 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 47,890,242.08 төгрөг төлсөн.

Надад ногдуулсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА23 тоот нөхөн ногдуулалтын акт нь миний 2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тавигдсан бөгөөд уг актаар нөхөн татвар ногдуулах үндэслэл болох татварын хяналт шалгалтын 2022 оны 04 сарын 21-ний өдрийн 2322401006 тоот томилолт нь татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 63 хоногийн дараа үүссэн, нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ миний алт худалдан авсан үнэ буюу өртөг 1,784,936,015.78 төгрөгийг баримтаар нотлогдохгүй зардал хэмээн үзэж 267,740,402.37 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан татварын улсын байцаагчийн НА23 тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг маргаан таслах зөвлөл нь хэт нэг талыг барьсан буюу татварын алба, татварын улсын байцаагч нарын талд шийдвэр гаргаж, уг актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2/Намайг анх Татварын хэлтэс нь 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 2321802044 тоот томилолтоор шалгаж эхэлсэн бөгөөд энэ томилолтоор эхэлсэн шалгалт нь Нийслэлийн Прокурорын газрын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолоор дуусгавар болж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр 2322401006 тоот томилолт үүсгэн татварын  хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 63 хоногийн дараа шалгалт эхлүүлсэн. Татварын хяналт шалгалтыг томилолтын дагуу хийхийг “2019 оны 03 сарын 22 өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан.

Тухайн томилолтыг сунгах, өөрчлөх, цуцлах зөвхөн 3 тохиолдол байхыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий газрын даргын А/264 тоот тушаалын хавсралт “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.6-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтын тухайн албаны хяналт шалгалтын чиг үүрэг хариуцсан нэгжийн дарга олгоно”, 3.12-д “Томилолтын хугацааг хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга ажлын цар хүрээ, удирдлагын шийдвэрээр өөр ажилд томилогдох, хүндэтгэн үзэх шалтгаан, мэдээлэл харилцан солилцох гэрээний дагуу гаргасан хүсэлт зэргийг үндэслэн сунгаж болно”, 3.13-т “Хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга дараах тохиолдолд томилолтыг өөрчилж болно”  3.13.1-д “энэ журмын 2.5-д заасан үндэслэлээр хяналт шалгалтын хэлбэрийг өөрчилсөн; 3.13.2.татварын улсын байцаагч төрийн бусад албанд шилжсэн, татварын алба, нэгж хооронд сэлгэн ажиллах, албан ажлаас түр болон бүр чөлөөлөгдсөн”, 3.13.3т “татвар төлөгчийг хамгийн сүүлд шалгасан татварын улсын байцаагчид дахин томилолт олгогдсон”,  3.13.4-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд татварын улсын байцаагч мэдүүлэг гаргасан”. 3.14-д “Хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга дараах тохиолдолд томилолтыг цуцална”, 3.14.1-д “татвар төлөгч хувь хүн нас барсан, нас барсанд тооцсон”, 3.14.2-д “татвар төлөгчийг эрэн сурвалжлах шүүхийн тогтоол гарсан”, 3.15-д “журмын 3.14-д зааснаас бусад тохиолдолд томилолтыг цуцлахад татварын ерөнхий газрын хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжээс зөвшөөрөл авна” гэсэн заалтуудад заажээ.

Гэтэл Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.О*******,

Л.Н******* нар нь хуульд заасан дээрх нөхцөлүүд бүрдээгүй байхад хуучин 2321802044 тоот томилолтыг дуусгавар болгож шинэ буюу 2022 оны 04 сарын 21-ний өдөр үүсгэсэн 2322401006 тоот томилолтоор шалгалт хийсэн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 63 хоногийн дараа шалгалт эхлүүлснийг нотолж байна.

3/Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 3 дугаар хуудас дахь Татварын улсын байцаагч Л.Н*******, Д.О******* нарын тайлбарын 1 дэх хэсэгт Татварын хөөн хэлэлцэх хугацааны тухайд: “Татварын ерөнхий газар луу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,859,084,888.0 төгрөгийн зөрчлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар танилцуулга бичиж хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газар тус хэргийг хянаж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2022 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 1029 дүгээр тогтоол ирүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа.., 15 дугаар зүйлийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа 4 сар 10 хоногоор тасалдаж байна" гэжээ.

Бодит байдал дээрээ Татварын улсын байцаагч Л.Н*******, Д.О******* нар нь

Хууль хяналтын ямар ч байгууллагад огт хандаагүй бөгөөд зөвхөн татварын ерөнхий газарт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцуулга хүргүүлсэн бадаг. Татварын ерөнхий газар нь харин хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас 8 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албанд бичгээр хандсан. Эрүүгийн Цагдаагийн Алба нь харьяаллын дагуу Цагдаагийн 1-р хэлтэст 2022 оны 03 сарын 07-нд 11и-3/11875 тоот албан бичгээр шилжүүлсэн. ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс нь хэрэг бүртгэл нээхээс татгалзаад 2022.03.31-нд Нийслэлийн ХУД-ийн Прокурорын газарт хандсан.

Харин Нийслэлийн ХУД-ийн Прокурорын газар нь Эрүүгийн хэрэг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах нь зүйтэй гэж үзээд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гаргасан.

Миний 2017 оны ХХОАТ-ын тайлангийн хувьд 2019 оны 03 сарын 22 өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 15.1-Д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил...гэж”, 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.1-д “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолоход :

2019 оны 2 дугаар сарын 16-нд 1 жил

2020 оны 2 дугаар сарын 16-нд 2 жил

2021 оны 2 дугаар сарын 16-нд 3 жил

2022 оны 2 дугаар сарын 16-нд 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

4/Хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан 2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийхдээ миний алтны борлуулалтын орлогыг олохтой холбогдон гарсан үндсэн зардал буюу алтыг худалдан авсан зардлыг бүхэлд нь 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан та арын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй гэсэн заалтад хамааруулан зөрчил гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Миний алт худалдан авахад төлбөрөө төлсөн баримт бүгд банкны харилцах дансны хуулга болон анхан шатны гар дэвтэр, баримтаар нотлогдоно. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж заасантай миний алт худалдан авахад төлсөн төлбөр буюу зардлын баримтууд нийцэж байгаа.

Би 2016 оны 12 сард худалдаж авсан гулдмай бүрийг авсан даруйдаа Банканд байршуулж дараагийн үйл ажиллагааны зээлээ авч байсан бөгөөд тэдгээр 5 ширхэг гулдмайг 2017 оны 1 сарын 02, 1 сарын 06, 1 сарын 11-ны өдөр 2 ширхэг, 13-ны нэг ширхэг нийт 5 ширхэг гулдмайг зарж борлуулсан. Алт худалдаж аваад банканд буцааж тушаах нөхцөлөөр 2016 оны 12 сарын 02-нд 249 000 000 төгрөг, 12 сарын 05-нд 388 000 000 төгрөг, 12 сарын 15-нд 376 695 998,97 төгрөг, 12 сарын 22-нд 234 000 000 төгрөгийг тус тус Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн. Эдгээр 5 ширхэг алтан гулдмайг тушаах бүртээ харгалзах зээлийг суутгуулж явсан ба нийт 1 314 000 000 төгрөгийг банкны зээлд, хүүнд 26 258 630,14 төгрөг төлсөн. Татварын алба татварын ногдуулалт үнэн зөв эсэхийг хянах цорын ганц мэргэжлийн байгууллага атлаа бидний банкнаас зээлсэн мөнгөөрөө алт худалдан авч банканд тушаагаад зээл болон хүү төлснийг ойлгохыг ч хүсээгүйд туйлын гомдолтой байна.

Дээрх алтыг худалдаж авсан нотлох баримтыг жагсаалтыг хавсралтаар гаргаж

байна.

5/Би 2017 оны Хувь хүний орлогын албан татвараа тайлагнахдаа Монгол банкнаас Татварын албанд хүргүүлсэн мэдээгээр буюу зөвхөн тоон мэдээлэлд үндэслэн тайлан гаргасан. Бодит байдал дээрээ надад Худалдаа хөгжлийн банкнаас 524,852,721.14 төгрөгийн орлого дансаар шилжиж орж ирсэн. Нийт алт борлуулалтын орлого 1 913 001 593,3 төгрөгөөс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 47 890 242,0 төгрөг, банкны зээлийн төлбөрт 1 314 000 000 төгрөг, зээлийн хүүнд 26 258 63,14 төгрөг суутгаад үлдэгдэл 524,852,721 14 төгрөгийг дансаар хүлээн авсан. Энэ нь миний эргэлтийн мөнгө /үүнд бусад хувь хүнээс түр зээлсэн зээл мөн багтана / бөгөөд 4,644,728 төгрөгийн ашиг олж, улсын төсөвт 464,475 төгрөгийн татвар төлсөн. Татварын алба миний алт худалдаж авахдаа иргэдэд дансаар төлсөн алтны үнийн дансны хуулгыг нотлох баримт гэж үзэлгүй зардалд тооцоогүй атлаа миний дансаар орж ирээгүй орлогыг татвар ногдох орлогод тооцож байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн  “5.1.2-д “тодорхой байх”; 5.1.3-т “шударга байх” зарчмыг зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр надад ногдуулсан 267,740,402.37 төгрөгийн төлбөрийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА23 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Л******* иргэдээс алт худалдаж аваад түүнийг банканд худалддаг. Энэ үйл ажиллагааг олон жил хийсэн. Өөрийн найз н.Мтайгаа хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь алт уурхайгаас олборлодог биш, алтыг худалдаж аваад ахуй амьдралаа авч явдаг. Нэхэмжлэлийг 2 үндсэн асуудлын хүрээнд гаргасан. 2017 оны хувь хүний орлогын албан татварын тайланд 2022 онд татварын улсын байцаагч нар 1,9 тэрбумын борлуулалтын орлого олсон. Үүнээс баримтаар нотлогдохгүй 1,7 тэрбум төгрөгийг хассан гэж үзээд 267 сая төгрөгийн акт тавьсан байдаг. Бид дараах үндэслэлүүдээр энэ актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Энэ 1.9 тэрбум төгрөгийн орлогыг олоход 5 удаагийн үйлдлээр алт тушаасан байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 гулдмай алтыг тушаасан. Эдгээрийг борлуулсан төгрөгөөс холбогдох зардлуудыг хасаж татвар ногдох орлогыг тооцож гаргах ёстой. Гэтэл зардлуудыг хасаагүй. Үүнд: алт худалдаж авсан үнэ, зээлийн хүүгийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тушаасан баримтуудыг хасалгүйгээр татвар ногдуулсан. Б.Л******* 1.9 тэрбум төгрөгийн орлогыг олохын тулд 1.834.207.000 төгрөгөөр алтыг худалдаж авсан. 47.890.000 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн. Зээлийн хүүд 26.258.630 төгрөгийг төлсөн гээд нийт 4.644.728 төгрөгийн татвар ногдох орлогоос 464.475 төгрөгийн татвар төлсөн. Харин татварын улсын байцаагч нар 1.913.000.000 төгрөгийн орлогыг олохдоо нийт 123.420.849 төгрөгийн зардал гаргасан байна. 1.784.936.015 төгрөгийн татвар ногдох орлого дээр 178.000.000 төгрөгийн татвар төлөх ёстой, үүн дээр хүү, торгууль гээд нэмэгдээд 267.740.400 төгрөгийн акт тавьсан. Хавтаст хэрэгт авагдсан байгаа дансны хуулга, 2017 оны орлого зарлагаа тэмдэглэсэн гараар бичсэн тэмдэглэл бүхий дэвтрийг хавтаст хэрэгт өгсөн. Бодит тооцооллыг хийгээд үзэхээр хавтаст хэрэгт өгсөн дансны хуулга, 2017 ондоо алт худалдаж авсан тэмдэглэл хөтөлсөн дэвтэр дээрх тооцооллоор 1.804.511.500 төгрөгийн алтыг худалдаж авсан нь нотлогдоно. Ингээд залруулга хийхээр 1.804.511.500 төгрөгийн алт худалдаж авсан, 47.890.000 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны татвар, зээлийн хүүд 26.258.000 төгрөгийг төлсөн баримтыг хасаад нийт 34.341.222 төгрөгийн татвар ногдуулах орлогоос 3.434.000 төгрөгийн татвар төлөхөөр байсан. Бодит байдал дээр 464.475 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан байсан. Акт нь өөрөө татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно томилолт үүсэж шалгаж эхэлсэн. Иймээс татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалтыг хэрхэн явуулах шинэ журам мөрдөгдсөн. Хавтас хэрэгт өгөөгүй ч нийтэд нээлттэй баримт бичиг учраас тайлбар татгалзлын үндэслэл болгох боломжтой. 2021 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн А/39 дугаартай Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмаар 4.5.6-д зааснаар татварын хяналт шалгалт нь эхэлсэн бол заавал дуусна. Өөрөөр хэлбэл заавал хариуцлага хүлээлгэх зөрчлийг арилгах, арилгуулах үүрэг, нэмээд алданги торгууль ногдуулна. Энэ 4.5.6-д зааснаар татварын хяналтын ажлын үр дүнгээр татварын акт, илтгэх хуудас үйлдэж улсын байцаагч гарын үсэг зурж, хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг дарж, хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурж, тэмдэг дарснаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан. Эндээс үзэхээр танилцуулга хийснээр хяналт шалгалтын ажил дуусгавар болохгүй. 2021 оны 10 дугаар 12-ны өдрийн 2321802044 дугаар удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтын ажиллагаа яаж дуусгавар болсон нь тодорхойгүй. Гэтэл энэ шалгалтаар илрүүлсэн зөрчлөө үндэслээд 2022 оны 4 дүгээр сарын 2322401006 дугаар удирдамжаар хяналт шалгалт хийж маргаан бүхий акт тавигдсан. Өмнөх удирдамжаар илрүүлсэн зөрчлийг үндэслэж маргаан бүхий актыг гаргаж байгаа бол энэ акт нь үндэслэлгүй байна гэж маргаж байна. Харин 2021 оны 10 дугаар 12-ны өдрийн 2321802044 дугаар удирдамжаар эхэлсэн татварын хяналт шалгалтын ажлын талаар 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан 03/122 дугаар албан бичиг нь татварын байгууллага өөр хоорондоо явуулж байгаа албан бичиг юм. Дотоод үйл ажиллагааны хүрээнд хоорондоо явуулж байгаа албан бичиг нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасан хууль хяналтын байгууллагын шинжийг агуулахгүй. Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага зэрэг байгууллага нь хууль хяналтын байгууллага юм. Татварын байгууллага өөрийн харьяа бүтцийн байгууллагадаа албан бичгээр хандаж байгаа бол үүнийг хяналт шалгалтын ажил үргэлжилж байна гэж үзнэ. Шинэ журамд зааснаар татварын хяналт шалгалтын ажил дуусаагүй, акт, илтгэх хуудас тавигдаагүй учраас үргэлжилж байгаа юм. Хариуцагч нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын хувьд хууль хяналтын байгууллагад багтана гэж тайлбарлаж байна. Татварын хяналт шалгалтын байгууллага нь хяналт шалгалтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу түргэн шуурхай үр дүнтэй эдийн засгийн хувьд хэмнэлттэй явуулах ёстой. Татварын хяналт шалгалт эхлүүлчхээд өөр хоорондоо албан бичиг явуулаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тайлбарлах нь хууль тогтоогчийн үзэл баримтлалтай зөрчилдөнө. Татварын ерөнхий газар нь хууль хяналтын байгууллага огтоос биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны үйл ажиллагааны тайланг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тайлагнаад 16-ны өдрөөс буюу маргааш өдрөөс эхэлж байгаа. Үүний дагуу хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болно гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр буюу 8 хоногийн дараа хууль хяналтын байгууллагад хандсаны дагуу харьяалал тогтоож, дүүргийн цагдаад хандаад шийдвэрлэгдсэн. Хөөн хэлэлцэх хугацааг 8 хоног хэтрүүлсэн. Цаашилбал хянан шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа бол гэж байдаг. Гэтэл цагдаагийн байгууллага хянан шалгалтын ажиллагаа хийгээгүй. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн прокурорын тогтоол дээр үүсгэхээс татгалзсан. Хяналт шалгалтын үйл ажиллаагаа үргэлжлээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа энэ акт гарснаар Татварын ерөнхий хуулийг зөрчиж байгаа. Нэмээд хэлбэл татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөгчийн хүсэлтээр, хуулийн байгууллагын хүсэлтээр хийгдсэн гэж 2 үндэслэл шаардлагаар хийгдсэн байгаа. Акт тавигдах үед мөрдөгдөж байсан журмаар хууль хяналтын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр хяналт шалгалтын ажил хийгдэнэ гэж байхгүй. Акт нь эрсдэлд суурилсан төлөвлөгөөт шалгалт биш. Прокурорын байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг үргэлжлүүлэн шалгах ёстой гэсэн утгатай хариу ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын тогтоолд тусгах боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар эрсдэлд суурилсан үнэлгээ хийх гэсэн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн НА23 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5/Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Татварын улсын байцаагчид 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,859,084,888.00 төгрөгийн зөрчлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар танилцуулга бичиж хүргүүлсэн бөгөөд Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолоор "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул...., хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан нь Татварын улсын байцаагчийн танилцуулга, прокурорын тогтоол, прокурорын шийдвэр мэдэгдэх хуудас зэрэг баримтаар нотлогдож байна.

Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн

ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”;

Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж заасан бөгөөд 2017 оны хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр хугацаа дуусгавар болох зохицуулалттай.Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу авч үзвэл хууль хяналтын байгууллагад хянан шалгагдсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх нөхцөл байна.Татварын улсын байцаагч нар тус иргэний 2017-2020 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчил илэрсэн тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцуулга хүргүүлсэн байна.

Уг танилцуулгын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн

Мөрдөн байцаагч тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Э хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр прокурорт хүргүүлснийг прокурор хүлээн авч хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байна. Иймд, татвар төлөгчийн ... 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш....... Татварын хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй 2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Татварын ерөнхий газар луу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,859,084,888.00 төгрөгийн зөрчлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар танилцуулга бичиж хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газар тус хэргийг хянаж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2022 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 334 дугаар тогтоол ирүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. Татварыг хөөн хэлэлцэх хугацаа,... 15 дугаар зүйлийн 15.4. “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол эцсийн  тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол  гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа 4 сар 10 хоногоор тасалдаж байгаа буюу нөхөн ногдуулалтын актыг хуулийн хугацаанд гаргасан.

2/Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлд Үйл ажиллагааны орлого; 12.1-д “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараах орлогыг хамруулна”, 12.1.2-т “Хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх,борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого”, 18 дугаар зүйл Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох; 18.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1- 12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасаж, 12.2, 12.3. 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг мөрдөнө”, 18 дугаар зүйлийн 18.2-т “энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 27 дугаар зүйл Албан татвар төсөвт төлөх, 27.1.4-т “Энэ хуулийн 12 дугаар зүйл, 13.1.5, 14.1.2, 14.1.3-т

заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасны дагуу 10 хувиар тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр”, Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа эрхэлж олсон орлогод албан татвар ногдуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан журам, үйлчлэх, тус хуулийн шаардлагад хангасан зардлыг хасах талаар тусгайлан хуульчилж өгсөн байна. Татвар төлөгчийн хувьд хасагдах зардлаар тооцуулахаар татварын хяналт шалгалтад ирүүлсэн баримтууд нь уг хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны баримт гэж үзэж хасагдах зардлаар тооцох боломжгүй байна.

3/Иргэн Б.Л******* Хувь хүний орлогын албан татварын тайлангаар 2017 онд

1,913,001,593.01 төгрөгийн татвар ногдох орлоготой, 1,859,084,888.00 төгрөгийн хасагдах зардалтай, 4,644,728.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 464,472.80 төгрөгийг төлөхөөр, 2018-2020 онуудад татварын тайлан ирүүлээгүй нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна.

Татварын улсын байцаагчид 2017 онд 1,859,084,888.00 төгрөгийн хасагдах зардалтай тайлагнаснаас алтны мөнгөний нөөцийн төлбөрт төлсөн 47,890,242.08 төгрөг, алтны урьдчилгаа зээлийн хүүд төлсөн 26,258,630.14 төгрөг, нийт 74,148,872.22 төгрөгийг хасаж, 1,784,936,015.78 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 178,493,601.58 төгрөгийн нөхөн татвар, 53,548,080.47 төгрөгийн торгууль, 35,698,720.32 төгрөгийн алданги, нийт 267,740,402.37 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчид ...Хяналт шалгалтад ирүүлсэн “алт худалдан авсан” гэх баримт нь өнгийн цаасан дээр бичсэн тоо байсан, мөн хамтын дансны хуулгаар алт худалдан авсан гэх нь тодорхойгүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын хуульд заасан анхан шатны баримтын шаардлагыг хангаагүй тул анхан шатны баримт гэж үзэх боломжгүй юм. Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д "анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх”; заасныг үндэслэсэн” гэжээ.

Хариуцагч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тооцоолол дээр тайлбар өгье. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр хуулийн мэргэжилтэн тайлбар өгнө. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх томилолт аваад татвар төлөгчөөс анхан шатны баримт ирүүлэх хүсэлт өгдөг. Б.Л******* н.М нар хамтран данс эзэмшдэг. Тухайн дансны хуулгыг авчирч өгсөн. Өнгийн цаасан дээр бичсэн тодорхой биш баримтуудыг өгсөн. Бид тэдгээр баримтыг Татварын ерөнхий хууль болон бусад хуулийн дагуу анхан шатны баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн. Тухайн үед хар дэвтрийг хяналт шалгалтын явцад ирүүлээгүй. Ирүүлсэн материалын хүрээнд хяналт шалгалт явуулсан. Зээлийн хүүгийн зардлыг хасаад, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тушаасан баримт өгсөн. 1.8 тэрбум төгрөгийн баримт гэдэг нь хавтаст хэрэгт байгаа өнгийн цаасан дээр бичсэн баримт ирсэн байдаг. Өөр зүйлгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн нэхэмжлэлийн үндэслэл 2 дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэдэг шаардлага дээр тайлбар хэлье. Манай татварын байцаагч нар хууль зөрчиж хөөн хэлэлцэх хугацааны асуудал гаргаж татварын хяналт шалгалт хийгээгүй. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Үүнийг яаж ойлгож байна гэхээр Монголын Үндэсний татварын алба бол Монгол улс даяар Татварын ерөнхий хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25-д татварын алба гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, дүүргийн татварын газар, хэлтэс, сум, тосгоны татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг гэж хэлнэ. Үүний дагуу манайхаас Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, арга зүйн газарт ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 31/162 тоот албан бичгээр тогтоогдож байгаа. Энэ албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3.1-д “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 8.1.6, 11.1.6, 12.1.1, 12.1.2, 12.2, 13.1.1, 13.1.5, 14.1.2, 14.1.3, 15 дугаар зүйлд заасан орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

1.1.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хувь хүний орлогын албан татварын тайланг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргахаар байх тул хөөн хэлэлцэх хугацааг дараагийн ажлын өдрөөс тооцохоор байна.

1.2.Нийслэлийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 3/122 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газарт нэхэмжлэгчийн танилцуулгыг хүргүүлж, Татварын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08/434 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11и-3/1875 тоот албан бичгээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэжээ.

1.3. Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 3/122 тоот албан бичгээр хүргүүлсэн хариуцагч нарын танилцуулга нь нэхэмжлэгчийг татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн шинжтэй талаар дурьдаж, цагдаагийн байгууллагаар шалгуулах зорилготой, уг агуулгаар дээрх албан бичгүүдээр эрх бүхий байгууллагуудад шилжиж эцсийн буюу Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1029 дүгээр тогтоол гарсан байх тул дээрх хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу тасалдахаар байна.

1.4.Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдах гэдэг нь зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн байхыг ойлгохгүй бөгөөд гомдол мэдээллийг шалгах процесс ч үүнд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

2.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

          2.1.******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23 тоот нөхөн ногдуулалтын актаар 178,493,601.58 төгрөгийн нөхөн татвар, 53,548,080.47 төгрөгийн торгууль, 35,698,720.32 төгрөгийн алданги, нийт 267,740,402.37 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

          2.2.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          2.3.Нэхэмжлэгчээс 2017 онд иргэдээс алт худалдан авч тушаан хувь хүний орлогын албан татварын тайлангаар 1,913,001,593.01 төгрөгийн татвар ногдох орлоготой, 1,859,084,888.00 төгрөгийн хасагдах зардалтай, 4,644,728.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 464,472.80 төгрөгийг төлөхөөр тайлагнажээ.

          Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна” гээд 12.1.2-т “хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого” гэжээ.

2.4.Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад алтны арилжааны хэлцэл, наалддаг цаасан /мемо/ дээр гараар тэмдэглэсэн тэмдэглэгээ зэргийг гаргаж өгсөн ба 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд тухайн үеийн хар дэвтрийг хуулбарлаж өгөх талаар дурдсан боловч ирүүлээгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй” гэжээ.

2.5.Нэхэмжлэгчээс 2017 онд алт тушаасан үйл баримттай маргаагүй бөгөөд дээрх баримтууд нь анхан шатны баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн хариуцагч нарын үндэслэл хуульд нийцжээ.

2.6.Өөрөөр хэлбэл бөгөөд дээрх цаасан дээр гараар тэмдэглэсэн тэмдэглэгээ нь дангаар хасагдах зардлыг нотолсон шууд нотолгоо болохгүй бөгөөд бусад төлбөрийн баримтаар давхар хөтөлбөргүй нотлогдох учиртай.

3.Хэдийгээр нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 96 хуудас бүхий улаан эрээн өнгийн гараар тэмдэглэсэн дэвтэр, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч тухайн хянан шалгалтын явцад уг баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул уг баримтуудыг үнэлээгүйд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна” гээд 41.12.3-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн хасагдах зардлаар тайлагнасан 1,859,084,888.00 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн 47,890,242.08 төгрөг, зээлийн хүүнд төлсөн /худалдаа хөгжлийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/11597 тоот албан бичигт мөн дурдсан/ 26,258,630.14 төгрөгийг хасч, үлдэх баримтаар нотлогдоогүй 1,784,936,015.78 төгрөгийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

          Нөгөөтэйгүүр дээрх зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны / үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 -д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гээд тооцох хувь хэмжээг тогтоосон бөгөөд тухайн хуулиудыг хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Татварын ерөнхий хуулийн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Л*******гийн нэхэмжлэлтэй, ******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарт холбогдох, ******* татварын улсын байцаагч Д.О*******, Л.Н******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-23 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ