Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/31

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: О.Мөнхдэлгэрэх

Улсын яллагч: Э.Нямбилэгт

Шүүгдэгч: С.Алтансүх, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай ирүүлсэн Бидэгүүн овгийн Сүрэнхорлоогийн Алтансүхэд холбогдох 1717000000004 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчины 2-8 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бидэгүүн овгийн Сүрэнхорлоогийн Алтансүх /РД:ЕЙ86010513/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

    Шүүгдэгч С.Алтансүх нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Малчины 3-10 тоотод оршин суух Баасанхүүгийн гэрт А.Болорсувдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Ялын саналыг зөвшөөрч байгаа санал хүсэлт байхгүй. Цаашид гарах үр дагаварыг ойлгосон гэв.

 

2. Шүүгдэгч С.Алтансүх  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017оны 07 сарын 23-ны /өглөөгүүр цагийг нь санахгүй байна/ би эхнэр Чимгээ, түүний найз Дээгий /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ бид нар шинээр баригдаж байгаа канад цэцэрлэгийн манаачийнд /Дээгийгийнд/ 1 шил Ерөөл нэртэй 500 граммын архийг гурвуулаа хувааж уусан. Ууж дуусаад дахиад нэг юм авах гэтэл мөнгө байгаагүй. ....Тэгэхээр нь би шууд ээжийнх рүү Малчины 3-10 тоотод машинаа унаад очсон. Очоод би машинаа хашаанд нь оруулж тавиад гэрт нь орсон. Ороод би ээжийн гэрийн хоймор очиж суусан. Намайг ээжийнд очиход ээж Баасанхүү, манай төрсөн дүүгийн эхнэр Болорсувд хоёр бага насны хүүхэдтэйгээ байж байсан. Гэрт ороод суухад хоол болчихсон идэцгээж байсан. Би Болорсувдын хүүхдэд өгөх гээд хөргөөд тавьчихсан байсан хоолыг нь замаас нь аваад халбагадахад хүүхэд нь уйлахад Болорсувд яахлаараа хүүхдийн хөргөж байгаа хоол авчихаж байгаа юм гэхээр нь би “чи ямар сүртэй юм бэ” гээд түүнд уурласан. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, санахгүй байгаа. Уурлаад балмагдаад юу болсноо мэдэхгүй байна. Ямар ч үйлдлээ санахгүй байна. Түүнийг юугаар цохьсон оо болон ээжийг хүртэл цохьсон гээд байгаа юм. Би өөрөө огт санахгүй байгаа. Тэгээд тэдний хашаанаас машинаа унаад гарч байснаа санаад байгаа юм. ...Би урд шөнөжин архи уучихсан байсан. Өглөө нь шараа тайлаад нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Түүнийг уугаад нилээн согтсон. Тэгээд ээжийнд очихдоо согтуу байсан. Ороод гэнэт уурласан болохоор агсам согтуу тавьсан аа санахгүй байна. Ээж Баасанхүүг зодсон зөрчилдөө арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй байна. Мөн өөрийн бэр дүү Болорсувдыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Арга хэмжээ авахуулахад татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-27 дугаар хуудас/

 

3. Хохирогч А.Болорсувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...тэр гаднаас ганцаараа орж ирээд манай хадам ээж Баасанхүүгээс 5000 төгрөг байна уу гэж асууж байсан. Тэгээд тэр гэрийн хоймор хэсэгт очиж суугаад манай 3 настай охин Укагийн хөргөөд идэх гэж байсан аягатай будаатай шөлийг Алтансүх халбагадаад идэхэд манай охин миний хоолыг идчихлээ гээд уйлахад хоноцын шээс чинь хоол хармаллаа гээд манай охин руу агсараад байсан. Тэгэхээр нь би хоноцын шээс байхдаа яадгийн чиний дүүгийн чинь л хүүхэд биз дээ жоохон хүүхэд тэгж хараагаад байхдаа яадаг юм гэхэд тэр уурлаад барьж байсан аягатай хоолоо намайг гэрийн зүүн урд хэсэгт сууж байхад өөдөөс шидсэн. Тэр аягтай хоол нь миний зүүн хацарт оноод асгарсан. Тэгэхэд Алтансүх босож ирээд данхны суурь хийж байсан зузаан модыг аваад дахиад над руу шидсэн. Тэр мод нь миний баруун гарын булчингийн гадна талд оносон. Тэгэхээр нь би түүнд чи хүүхэд айлгаад байна штээ болиоч гэхэд хүүхэдтэй чинь юутай хээтэй ална гээд өмнөө байсан хутгыг бариад над руу дайрсан. Манай хоёр хүүхэд уйлаад байсан. Хадам ээж түүнийг хориод дийлэхгүй байсан. Тэгээд хутга заазуурыг нь хадам ээж булаагаад тавиулахад галын дэгээ аваад Алтансүх намайг гурван удаа миний зүүн, баруун гар зүүн хөлний гуя хэсэгт цохьсон. Тэгснээ дараа нь тэр угаалтуурын тосгуурыг салгаж аваад түүгээр толгой руу цохьсон. Тэгээд дараа нь нүүрстэй хувин авч над руу шидсэн. Бас зуухны таг, юм угаадаг төмөр түмпэн зэрэг зүйлүүдээр намайг цохьсон. Тэгээл түүнийг манай хадам ээж салгаад гэрээс аваад гарахад хадам ээжийг энэ мууг өмөөрөөд байхдаа яадгийн гээд түүнийг 20 литрийн устай саваар цохиж газар унагаад газар чирээд байсан. Намайг гэрийн гадаа хүүхдээ тэврээд зогсож байхад дахиж над руу дайраад миний толгой руу гараараа 3-4 удаа цохьчихоод өөрийнхөө унаж ирсэн Портер машиныг жолоодоод хашаанаас гараад зүүн тийшээгээ ганцаараа давхиад явчихсан. ...Миний баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Алтансүх нь гараараа цохиж учруулсан. Зүүн өвдөгний цус хуралт гэмтлийн төмөр түмпэнгээр цохиж, хэвлийн цус хуралт, баруун бугуйн цус хуралт гэмтлийг тэр галын дэгээгээр цохиж, баруун бугалга, зүүн шуунд зулгарсан гэмтлүүдийг угаалтуурын тосгуур шидэж онож учруулсан. Бусад зүйлсийг над руу авч шидэх, далайх зэргээр ашигласан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

  4. Гэрч Т.Баасанхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017 оны 07 сарын 22-ны өдөр 13 цагийн үед манай бэр Болорсувд 2 хүүхдээ дагуулаад манайд орж ирээд би будаатай хоол хийгээд түүнийгээ идээд сууцгааж байтал нэг их удалгүй гаднаас мана том хүү Алтансүх согтуу орж ирээд манай ач охины хоолыг идэх гээд байхаар нь би чамд хоол хийгээд өгье наад хоолыг чинь хөргөж байгаа юм боль гэхэд уурлаад агсарч эхэлсэн. Тэгээд манай ач охиныг хоноцын шээс гэж уурлаад манай бэр рүү агсараад түүний өөдөөс түмпэн сав, хогийн хувин тосгуур зэрэг эд зүйлүүд авч шидээд дайраад байсан. Бас хутга заазуур бариад байсан гэхдээ түүгээр зүсэж дүрсэн зүйл бол байгаагүй. Тэгээд би Алтансүхийг салгаад аваад гарсан. Гадаа гараад би түүнийг нүүрээ угаа гээд ус авчирч өгөхөд чи энэ мууг өмөөрөөд байхдаа яадгийн гэж над руу агсараад гараараа миний баруун гар руу цохиод унасан байхад гарнаас бариад газар чирээд усны сав өөдөөс авч шидчихээд машинаа унаад гараад зугтаачихсан. Өөрийнхөө портерийг согтуу унаад яваад өгсөн. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй. Баруун гарын шуу, тохой хэсэгт жоохон шалбарсан бусдаар гайгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

        5. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай дүгнэлтэнд:

 

  • А.Болорсувдын биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, хэвлий, баруун бугуйнд цус хуралт, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
  • Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

 

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 19 дүгээр хуудас/

 

        6. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай дүгнэлтэнд:

 

  • Т.Баасанхүүгийн биед баруун сарвуу, бүсэлхийнд цус хуралт, баруун тохой, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учирчээ.
  • Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 22 дугаар хуудас/

            7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-11 дүгээр хуудас/

 

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 31, 32-р хуудаc /

 

Шүүхээс шүүгдэгч С.Алтансүхийг хохирогчтой сайн дураараа эвлэрч учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаварыг ойлгосон зэрэг байдлыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иймд шүүгдэгч С.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч А.Болорсувд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялын талаар санал хүсэлтгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч С.Алтансүх нь уг хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бидэгүүн овгийн Сүрэнхорлоогийн Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бидэгүүн овгийн Сүрэнхорлоогийн Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Алтансүх нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч С.Алтансүх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус зааснаар тогтоолыг гардуулснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ