| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0193/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Э.Оюундарь,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2507000760115 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 03 дугаар сарын 16-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ц.******* нь 2025 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох дагавар охин С. нь түүнийг унтаж амраач гэхэд нь С.ийг гичий янхан минь гэх зэргээр хэлж хэл амаар доромжлон хоолойноос нь багалзуурдаж боогоод газарт унагаан цээж, нүүр хэсэгт гараар цохиж, зүүн хавирга хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, биед баруун доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, нэг хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр цуг ажиллаж байсан хоёр хүнтэй тааралдаад 0.75 литрийн архи уусан. Би дахин нэг шил архи авч өгөхөд бид хоёр ажилтай явж байна, хэдүүлээ хамт Тэрэлж явъя гэхээр нь би явахгүй гээд архиа тал болтол нь хувааж уугаад үлдсэн талыг нь гэр лүүгээ аваад явсан. Манай охин орой ажлаасаа ирээд юугаа хийж архи уугаад байгаа юм архийг чинь асгана гээд маргасан. Би ийн нүүр болон хүзүү хэсэгт нь цохиж, хавирга руу нь өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед , тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин С.ийг унтаж амраач гэхэд нь түүнийг хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэж, улмаар хоолойноос нь багалзуурдан боож газарт унагаан нүүр хэсэгт гараар цохих, зүүн хавирга хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр зодож биед нь баруун доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, нэг хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед , тоот гэртээ байж байхад манай хойд аав Ц.******* нь гаднаас согтуу орж ирэхээр нь би унтаж амраач гэтэл манай гичий, янхан минь хэл амаар доромжлохоор нь өмсөж байсан малгайтай цамцнаас нь татаж газарт унагаасан чинь босож ирээд миний хоолойноос багалзуурдаж газар унагаасан. Би 2 удаа ухаан алдаад босож ирээд ээжийг амь авраач гэхэд ээж согтуу байсан ба нөхрөө манай охиныг алаад хаячих, үхсэн ч надад хамаагүй гэсэн. Би арай гэж босоод цагдаад дуудлага өгөхөд хойд эцэг цагдаа дуудлаа гээд миний гар утсыг гал руу шидэн эвдэж, өмсөж байсан гутлаараа миний зүүн талын хавирга хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би тухайн өдөр гараа аягаар зүсэн зүйл байхгүй ээ гадаа мод хаглаж байгаад гараа зүсэн байсан тэрнээс гарсан цусыг хараад тэгж хэлсэн байх. Тиймээ нэг бол хөшиглөсөн юмаа. Би тухайн өдөр малгайтай цамцтай байхаар нь үстэйн давхар татаж шал руу толгойгоор нь газар унгаасан юмаа. Надад тийм зүйл байхгүй. Тухайн өдөр эвдэлсэн гар утасны оронд шинэ гар утас авч өгсөн Гомдол санал байхгүй тул энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-ийн 8, 89 хуудас/,
- Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой 16 цагийн үед , тоот гэртээ ирэхэд манай нөхөр Ц.******* охин С.ийн дээр гараад суусан гараараа цохиж байхаар нь би болиоч Ц.*******ийг татахад дийлэхгүй болохоор нь С.ийг салгах гээд татахад салахгүй хоёр биеэ заамдаад байсан. Тэр ухаан алдсан зүйл бол байхгүй ******* ийн хоолойг бол боож авч унгааж байсан. Тухайн өдөр ******* ийг унгасан байхдаа нэг цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Нүүр хэсэгт цохиж байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 10, 92 хуудас/,
- Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд хуучин ажлын 2 залуутай таараад Бадмаараг дэлгүүрээс 0,75 граммын Хараа нэртэй архи 1 шилийг авч хувааж уугаад би дэлгүүр ороод 0,75 граммын Хараа архи аваад талыг нь уугаад тал шил архиа гэртээ авч ирээд ганцаараа ууж дуусгаад хэвтсэн. Манай дагавар охин С. гаднаас орж ирээд бага зэрэг үлдсэн архийг нь асгаад та өр шир ихтэй байхад төлөлцөөд өгөхгүй гээд аяга газарт шидээд өөрийнхөө гарыг зүсээд байх шиг харагдахаар нь би охиныхоо гарт барьж байсан аяганы хэлтэрхийг булааж авахад манай охин битгий давраад байгаарай, гэр орныг чинь түйвээгээд хаяна шүү гэхэд нь би архи уусан нь миний буруу чамайг дарамтлаад байх юм бол би бичлэгийг чинь хийнэ гэхэд манай охин хүрч ирээд миний баруун хөлийн гуя хэсэгт нэг удаа өшиглөөд миний цамцнаас зуураад хоолой боож намайг газар унагааж үснээс зулгаагаад толгойгоор шал руу цохисон. Би зөрүүлж хүзүүнээс нь боогоод ноцолдож байгаад босч ирээд охиноо хоёр гурав удаа нүүр хэсэгт нь цохиод хавирга хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Манай охин чамайг ална, гэр орныг түйвээнэ, чи харж байгаарай гэхээр нь би гэрээсээ гараад явсан. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. С.ийн эмчилгээний зардлыг төлсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/,
- Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаартай дүгнэлтэд: “ын ийн биед баруун доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, нэг хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, боох, базах үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 24-25 хуудас/,
- Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтэд: “*******ийн *******ийн биед баруун хацрын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/,
- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн НД-25-190 дугаартай шинжилгээний дүгнэлт /х.х-ийн 126-128 хуудас/,
- Хохирогч С.ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /х.х-ийн 18-21, 47, 58-65/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *******ийн лавлагаа мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ны Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 49-52, 57, 79, 83/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин С.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, … этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч Ц.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 66 769 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.******* бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ц.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Оюундарь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус харгалзан шүүгдэгч Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Ц.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА