Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2022/00024/И |
Дугаар | 183/ШШ2022/03672 |
Огноо | 2022-12-12 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/03672
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/03672 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Т.Т,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах, Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Ж/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговор 3 289 770 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Т.Т хууль бус эзэмшлээс DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютер, Өмнөговь аймгийн Цогцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүдийг эх хувиар нь гаргуулах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговор 3 289 770 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Т ХХК-д барилгын ахлах инженерээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ сайн гүйцэтгэн, хамт олонтойгоо эвтэй, чин шударгаар ажиллаж байсан. Хүний нөөцийн албаны дарга Б.Э барилгын норм, дүрэм зөрчиж бүрэн дуусаагүй гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж акт бичиж өгсөн зөрчлийг нь илрүүлснээс болж надад өсөрхөн, хамт олныг миний өөдөөс турхирч, гомдол гаргуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар надад сануулах арга хэмжээ авсан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/492 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан” гэж заасан. Миний хувьд давтан зөрчил гаргасан асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байхад өмнө нь сануулах арга хэмжээ авчхаад дахин тус зөрчил дээр ажлаас халах арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд нийт 27 зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцно гэж тусгасан. Хариуцагчийн тайлбарлаад байгаа зөрчлүүд ноцтой зөрчилд хамаарах эсэх нь эргэлзээтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.16-д заасан ёс бус үг хэллэг хэрэглэсэн гэдгийг яаж тогтоогоод байгаа юм бэ. Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4-д ноцтой зөрчил биш байгаа тохиолдолд хөдөлмөрийн сахилгын хариуцлагыг дараалж авна гэсэн байна. Хэрвээ ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол, Хөдөлмөрийн дотоод журмын 12.5.2.1-12.5.2.10-д заасан 10 процесс дарааллаар зөрчил гаргасан ажилтанд танилцуулах ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс зөрчлийг судлан шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн миний бие 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жил 8 сарын хугацаанд ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” гэж, 79.2-т ээлжийн үндсэн амралтын хугацаа 15 өдөр байхаар хуульчилсан. Т ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7, Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.6-д зааснаар 11 сар ажилласан ээлжийн амралт бодогдох эрх үүсэж, 2 дахь жилээс эхлэн 6 сар тутам ээлжийн амралтын эрх үүсэхээр журамласан. Миний бие тус компанид 1 жил 8 сарын хугацаанд ажилласан байгаа нь 2 удаагийн ээлжийн амралт эдлэх эрх нь үүссэн боловч ахлах инженерийн ажил үүргийг гүйцэтгэж, кемпийг бүхэлд нь хариуцан ажиллаж байсан учир ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй байсан. Гэтэл Т ХХК нь надад ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд олгох мөнгөн олговрыг олгоогүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговор 3 289 770 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Т.Т Т ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тэрээр ажиллах хугацаандаа хамтран ажиллагсад болон компанийн бусад ажилчидтай байнга зөрчилдөж, компанийн ажилчдыг хэл амаар доромжлох, үүнээс болж зарим ажилчид ажлаасаа гарах шийдвэр гаргах хүртэл нөхцөл байдал үүсгэж байсан, ажилчдаас олон тооны гомдол гаргасан тул Т.Тд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамт ажиллагсдаа үл хүндэтгэсэн, доромжилсон асуудал удаа дараа гарсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 11.2, 13.3.2.6-д заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа компанийн ажилчдаас Т.Ттэй холбоотой гомдол дахин ирсэн, энэ нь түүний ажилтнуудтай харьцах харьцаагаа өөрчлөөгүй, сайжруулаагүй, компанийн ёс зүйн хэм хэмжээг байнга зөрчиж байгааг харуулсан тул Т.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Барилгын инженер нь гүйцэтгэгч болон гэрээт компаниудын барилгын ажлын гүйцэтгэл үр дүнтэй, аюулгүй, чанартай явагдаж буй эсэхийг бэлтгэл үе шатнаас эхлэн барилгыг хүлээлгэн өгөх хүртэл бүх шатанд хянах, шалгах, зөвлөх, засаж сайжруулах, мөн төслийн үйл явц цаг хугацаандаа гүйцэтгэгдэж байгаа эсэхийг хянах, өөрийн удирдлагад ажиллаж байгаа бусад барилгын инженерүүдийг удирдах үүрэгтэй Гэтэл Т.Т нь өөрийн шууд удирдлага доор ажиллаж байсан инженерүүдийг илтэд үл хүндэтгэх, доромжлох, сүрдүүлэх, мөн туслан гүйцэтгэх компаниудын инженер техникийн ажилчидтай зүй бусаар харьцах үйлдлийг удаа дараа гаргасан. Т.Тг ажиллаж байх хугацаанд нийт 5 барилгын инженер ажлаас гарсны 4 нь Т.Тд гомдол гаргаж байсан. Түүнчлэн зөвхөн түүний удирдлага доор ажиллаж байсан хүмүүсээс гадна бусад ажилчдаас удаа дараа гомдол ирсэн бөгөөд компанийн зүгээс Т.Тд хүлээцтэй хандаж байсан боловч Т.Т харилцааны доголдол компанийн дотоод соёл болон уур амьсгалын эвдэх, бусад ажилчдын ажиллах урмыг үгүй хийж байсан тул ажлаас халах арга хэмжээг авахаас аргагүй байсан. Тухайлбал, Т.Т шууд удирдлага доор ажиллаж байсан барилгын ахлах инженер С.Н нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй хувь хүний харилцаа хандлагын улмаас хамтран ажиллах боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдэж ажлаас өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ханги баазын 7 ажилтны гарын үсэг бүхий гомдолд Т.Т нь Хил хамгаалах газрын ахлах Б.Адьяагийн тавьсан цар тахлын хорио цээрийн дэглэмийн шаардлагын хариуд хэрүүл үүсгэж, үүгээр компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх компанийн бодлогод сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Таван Толгой кэмпэд барилгын материал хүлээн авахдаа ажилчидтай маргалдсан тухай сайтын нягтлан Д.Д, Л.О нарын гомдол ирсэн. Т.Тг ажлаас халах тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдийг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан боловч хууль тайлбарласан Дээд шүүхийн тогтоолд ажилчин сахилгын зөрчил гаргаснаас хойш нэг жил, сахилгын шийтгэл ногдуулсан бол 6 сарын дотор дахин зөрчил эсхүл шийтгэл гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр заасан. Тэгэхээр Т.Т 2021 оны 01 дүгээр сард зөрчил гаргаж шийтгэл авсан, улмаар сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 11 дүгээр сард дахин зөрчил гаргасан учир үүнийг давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм. Түүнчлэн түүний гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд буюу Хөдөлмөрийн гэрээний 6.5.1-т зааснаар аливаа хариуцлагагүй үйлдэл эсхүл ажил олгогчийн хууль... гэрээний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн .. 6.5.16-д хамтран ажиллагчаа хүндэтгэлгүй үг хэллэгээр доромжилсон, биеийн хүчээр дарамталсан болон бэлгийн дарамт учруулсан, учруулахыг оролдсон, завдсан тохиолдолд, 6.5.21-т ажил олгогчоос тавьж буй ёс зүйн хэм хэмжээний стандартыг зөрчсөн эсхүл хамтран ажиллахаас татгалзсан үйлдэл эс үйлдэгч гэж заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Иймд Т ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээ, Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээнүүдийг шат дараалалтай авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ээлжийн амралттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан, үүнтэй бол манай талаас татгалзах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютер, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүдийг эх хувиар нь гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Тус компанийн зүгээс хариуцагч Т.Тг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажилд томилохдоо түүнд ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан компанийн өмчлөлийн DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютер болон бусад тавилга эд хогшлыг хүлээлгэн өгсөн. Компанийн зүгээс Т.Тд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульд заасны дагуу хүлээн авах гэсэн боловч Т.Т зүгээс өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нь компанийн хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилдээ захиран зарцуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан компанийн үйл ажиллагаанд хамаарах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламжтай холбоотой баримт материал болон Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжтай холбоотой баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгөлгүй хүндрэл чирэгдэл учруулж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар Т.Т хууль бус эзэмшлээс DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютерыг биет байдлаар, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүдийг эх хувиар нь гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд “...Т ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тушаал дээр барилгын ахлах инженер Т.Тээс хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаатай холбогдуулаад гүйцэтгэгчээс ажил үүрэгт хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор холбогдох журмын дагуу хүлээж авахыг барилгын хэлтсийн газар үүрэг болгосон. Мөн Т.Т ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг биеэр эдлээгүйтэй холбоотой олговрыг хуульд заасан журмын дагуу тооцож олгохыг санхүүгийн хэлтэст даалгасан бөгөөд энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон. Эдгээр хүмүүс нь тушаалын биелэлтийн дагуу өөрсдөө огт ажиллаагүй буюу хүлээж авах, төлбөр тооцоог дуусгах санаа санаачилга гаргаагүй. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд дурдсан компанийн баримт бичиг Т.Тд байхгүй бөгөөд ажлын байранд байрлах бичиг баримтын шүүгээнд бүгдийг нь хүлээлгэж үлдээсэн. Мөн түүнчлэн түүний хариуцаж ажиллаж байсан Цогтцэций кемпийн ажил нь түүний ажиллахаас халагдах үед 100 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд хүлээлгэж өгсөн байсан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан бичиг баримт бол түүнд огт байхгүй бөгөөд зөөврийн компьютер байгаа. Зөөврийн компьютерыг буцааж өгөөгүй шалтгаан нь дээр дурдсанчлан компанийн нэр бүхий албан тушаалтай этгээдүүд нь тушаалын биелэлтийг хангах зорилгоор ямар ч үйлдэл хийгээгүй. Мөн хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн тайлбар өгсөн бөгөөд тус компани хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилтандаа ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж өгсөн болохоос Т.Т хууль бусаар эзэмшилдээ аваагүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн зүгээс буцааж өгөх боломж бололцоо үүсээгүй бөгөөд маргаан эцэслэгдсэний дараа хүлээлгэж өгөхөд маргах зүйл байхгүй” гэв.
5. Нэхэмжлэгч талаас, Т ХХК, Т.Т нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ТХТ/ХГ-08 тоот хөдөлмөрийн гэрээ, Т ХХК, Т.Т нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний байгуулагдсан АА-2021/020 тоот хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 202/Б-06 тоот ажилд авах тухай тушаал, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 2020/Б-033 тоот туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай тушаал, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/Б-492 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Т.Т зөвлөх инженерийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Хариуцагч талаас, Т ХХК-ийн кемпийн дотоод журам, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/А-07 тоот хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, мөн өдрийн хөдөлмөрийн дотоод журам, ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, Т ХХК-ийн дотоод аудитын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ахлах инженер Т.Т гаргасан зөрчлийн тухай дүгнэлт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
7. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан хариуцагчаас Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/Б-492 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нотлох баримтаар, С.Нэргүйбаатарын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, Д.Г 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК-ийн хүний нөөцийн албанд гаргасан хүсэлт, Ханги кемпэд цар тахлын халдвараас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тухай илтгэл, Б.С 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т ХХК-д захиргаанд гаргасан тайлбар, ажлаас халагдах өргөдөл, Л.О Т ХХК-д гаргасан тайлбар зэргийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “...Би 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Т ХХК-д барилгын ахлах инженерээр ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар, бүрэн дуусаагүй ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж акт бичсэн зөрчлийг нь илрүүлснээс болж Хүний нөөцийн албаны дарга Б.Э надад өсөрхөн, хамт олныг миний өөдөөс турхирч, гомдол гаргуулж сануулах арга хэмжээ авсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар, сахилгын давтан зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан байхад өмнө нь сануулах арга хэмжээ авчхаад дахин тус зөрчил дээр ажлаас халах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд нийт 27 зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцно гэж тусгасан. Хариуцагчийн тайлбарлаад байгаа зөрчлүүд ноцтой зөрчилд хамаарах эсэх нь эргэлзээтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.16-д заасан ёс бус үг хэллэг хэрэглэсэн гэдгийг яаж тогтоогоод байгаа юм бэ. Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4-д ноцтой зөрчил биш байгаа тохиолдолд хөдөлмөрийн сахилгын хариуцлагыг дараалж авна гэсэн байна. Хэрвээ ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол, Хөдөлмөрийн дотоод журмын 12.5.2.1-12.5.2.10-д заасан 10 процесс дарааллаар зөрчил гаргасан ажилтанд танилцуулах ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс зөрчлийг судлан шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Миний бие тус компанид 1 жил 8 сарын хугацаанд ажилласан байгаа нь 2 удаагийн ээлжийн амралт эдлэх эрх нь үүссэн боловч ахлах инженерийн ажил үүргийг гүйцэтгэж, кемпийг бүхэлд нь хариуцан ажиллаж байсан учир ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй байсан. Гэтэл Т ХХК нь надад ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд олгох мөнгөн олговрыг олгоогүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговор 3 289 770 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Т.Т нь Т ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хамтран ажиллагсад болон компанийн бусад ажилчидтай байнга зөрчилдөж, ажилчдыг хэл амаар доромжилсноос зарим ажилчид ажлаас гарах шийдвэр гаргах хүртэл нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр түүнд хамт ажиллагсдаа үл хүндэтгэсэн, доромжилсон асуудал удаа дараа гарсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 11.2, 13.3.2.6-д заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа компанийн ажилчдаас Т.Ттэй холбоотой гомдол дахин ирсэн, энэ нь түүний ажилтнуудтай харьцах харьцаагаа өөрчлөөгүй, сайжруулаагүй, компанийн ёс зүйн хэм хэмжээг байнга зөрчиж байгааг харуулсан тул Т.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан бөгөөд Т.Т өмнө нь гаргасан зөрчлөө дахин гаргаснаас гадна түүний гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд буюу Хөдөлмөрийн гэрээний 6.5.1-т зааснаар аливаа хариуцлагагүй үйлдэл эсхүл ажил олгогчийн хууль... гэрээний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн .. 6.5.16-д хамтран ажиллагчаа хүндэтгэлгүй үг хэллэгээр доромжилсон, биеийн хүчээр дарамталсан болон бэлгийн дарамт учруулсан, учруулахыг оролдсон, завдсан тохиолдолд, 6.5.21-т ажил олгогчоос тавьж буй ёс зүйн хэм хэмжээний стандартыг зөрчсөн эсхүл хамтран ажиллахаас татгалзсан үйлдэл эс үйлдэгч гэж заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Иймд Т ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээ, Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээнүүдийг шат дараалалтай авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул амралтын мөнгө шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ”... Т.Тг ажилд томилохдоо түүнд DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютер болон бусад тавилга эд хогшлыг хүлээлгэн өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульд заасны дагуу хүлээн авах гэсэн боловч Т.Т зүгээс өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй, компанийн хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилдээ захиран зарцуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан компанийн үйл ажиллагаанд хамаарах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламжтай холбоотой баримт материал болон Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжтай холбоотой баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасны дагуу Т.Т хууль бус эзэмшлээс DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютерыг биет байдлаар, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүдийг эх хувиар нь гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тушаалд эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээж авахыг барилгын хэлтсийн газарт, миний ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг биеэр эдлээгүйтэй холбоотой олговрыг хуульд заасан журмын дагуу тооцож олгохыг санхүүгийн хэлтэст, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон. Эдгээр хүмүүс нь тушаалын биелэлтийн дагуу өөрсдөө огт ажиллаагүй буюу хүлээж авах, төлбөр тооцоог дуусгах санаа санаачилга гаргаагүй. Хариуцагчийн шаардаж буй компанийн баримт бичиг Т.Тд байхгүй, ажлын байранд байрлах бичиг баримтын шүүгээнд бүгдийг үлдээсэн. Харин зөөврийн компьютер байгаа, үүнийг хууль бусаар эзэмшилдээ аваагүй, маргаан эцэслэгдсэний дараа хүлээлгэж өгнө” гэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б-06 тоот тушаалаар Т.Тг Барилгын хяналтын инженерийн ажил албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэн, талууд мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Б-033 тоот тушаалаар туршилтын хугацааг дуусгавар болгон дээрх албан тушаалд жинхлэн ажиллуулсан байна.
Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-492 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5, Кемпийн дотоод журмын 15.1.7, 15.1.10, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.4, 6.5.16, 6.5.21 дэх заалтыг тус тус үндэслэн, Т.Тг хамтран ажиллагчдаа бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, дарамталсан, хамтран ажиллагчидтай багаар хамтран ажиллахаас татгалзсан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Т.Т дээрх тушаалд гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцсэн байна.
7. Талууд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалт болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтаар хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг тухайлан тусгасан байх тул уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж шүүх дүгнэв.
8. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул хуульд нийцсэн, уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх учиртай.
Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Тд сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Т өмнө гаргасан зөрчилд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан атал уг зөрчлийг нэгтгэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.
9. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.
Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ дээрхээс гадна “...Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.16, 6.5.21-т заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа” гэж тайлбарласан.
Талуудын, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 6.5.4-т “Аливаа хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэхийн улмаас ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр хүнд, эрх, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хор хохирол учруулсан”, 6.5.16-д “Хамтран ажиллагчаа бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, биеийн хүчээр дарамталсан болон бэлгийн дарамт учруулсан, учруулахыг оролдсон, завдсан үйлдэл гаргасан”, 6.5.21-т “Ажил олгогчоос тавьж буй ёс зүйн хэм хэмжээний стандартыг зөрчсөн эсвэл хамтран ажиллагчидтай багаар хамтран ажиллахаас татгалзсан үйлдэл, эс үйлдлийг давтан гаргасан бол” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар талууд тохиролцсон байна.
Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А-07 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.15, 2.16-д сахилгын зөрчил болон ноцтой зөрчлийг тус тус тодорхойлоод, журмын 12 дугаар зүйлийн 12.5-д “Хүний нөөцийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон Хуулийн хэлтэс нь ажилтны гаргасан зөрчил, үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох баримтын хүрээнд нягтлан судалж шалгаснаар ажилтны гаргасан зөрчил, гэм буруутай эсэх, сахилгын ямар шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг тогтооно” гэж тусгажээ.
Тус дотоод журмын 12.5.1-12.5.10-д зөрчлийг судлан шалгах үйл явцыг тогтоосон байх боловч ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эсэх шийдвэрийг гаргахад бүрдүүлэх заавал шаардлагатай нотлох баримт болох 12.5.2.1-д заасан ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, 12.5.2.2-т заасан гэрчийн мэдүүлэг, 12.5.2.4-т заасан сахилгын шалгалт, шийтгэлийн хуудас, 12.5.2.6-д заасан шалгалт явуулсан албан тушаалтны санал, дүгнэлт гэсэн баримтууд хэрэгт авагдаагүй, дээрх ажиллагаануудыг явуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх65-90/
Иймд нэхэмжлэгч Т.Т хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, энэ талаар тусгайлан зохицуулсан дотоод журамд заагдсан ажиллагааг ажил олгогч хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдохгүй, ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т.Т Т ХХК-ийн Барилгын хяналтын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор хуульчилсны дагуу Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны 1 өдрийн цалинг 168 403 төгрөгөөр тодорхойлж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 258 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43 447 974 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тий ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгав.
11. Нэхэмжлэгчид Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүд эх хувиар байгаа болох нь тогтоогдохгүй байх тул тус баримтуудыг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Нэхэмжлэгчийн гаргасан ээлжийн амралтын олговорт 3 289 770 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, хариуцагчийн гаргасан DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютерыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зөвшөөрлийг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 46 737 744 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 391 639 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тийг Т ХХК-ийн Барилгын хяналтын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас олговорт 43 447 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ажилчдын хотхоны барилга байгууламж, Дорноговь аймгийн Ханги боомт дээр байрлах ажилчдын хотхоны барилга байгууламжийн зураг төслүүдийг эх хувиар нь гаргуулах тухай хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан ээлжийн амралтын олговорт 3 289 770 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн гаргасан DELL Inspiron 5593 маркийн i7 зөөврийн компьютерыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 391 639 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М