| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/03521/И |
| Дугаар | 183/ШШ2022/03606 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/03606
| 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/03606 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Дайчдын хөшөө 0 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, овогт Н.Б
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө, MSN Building 0 давхар 000 тоотод байрлах, Т.ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Н/,
Нэхэмжлэлийн шаардлага: 13 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Т.ХХК-д холбогдуулан 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие Т.ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 0000 УБР улсын дугаартай, Нордбенз0000000000 загварын тээврийн хэрэгсэл, 0000 БЧ улсын дугаартай, Bz0402 ХХУ чиргүүлийг албан ёсоор хүлээн авсан. Гэрээний дагуу сардаа 2 удаа чингэлэг тээвэр буюу задгай тээвэрлэлтийг Бүгд найрамдах хятад ард улсын хилээр явуулдаг, тээвэрлэлтийн зардал нь дунджаар 8 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг байхаар жишиг үнэ тогтсон байдаг. Уг үнэлгээ нь үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин хөлс гэж олгогддог. Гэтэл Т.ХХК-ийн менежер н.Т нь миний нэрийг өөр тээврийн хэрэгсэл дээр бичиж, Авто тээврийн үндэсний төв рүү буруу мэдээлэл явуулснаас болж хилээр гарах боломжгүй болсон. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас миний бие 6 сарын хугацаанд Цагаан хаданд ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, 2021 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл цалин хөлс болох рейсийн цалингаа авч чадаагүй, Эхнэр маань бага насны хүүхдээ асардаг бөгөөд ажил хийх боломжгүйн улмаас бид И ХХК, Н ХХК нарт төлдөг зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.1-т “...Ажил олгогч үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу арилгана” гэж заасан, ажил олгогчийн буруугаас зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тул 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т.ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АТ 21-11-18 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, ................... тоот хаягт оршин суух иргэн Н.Бийг жолоочоор ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.5-д ажил, албан тушаалын үндсэн цалин 630 000 төгрөг байхаар 2 тал харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Т.ХХК-ийн зүгээс иргэн Н.Бийн цалинг хөдөлмөрийн гэрээний 2.8-д заасан хугацаанд саадгүй бүрэн олгосон. Компанийн зүгээс хууль зөрчсөн, ажилтны эрх ашгийг хохироосон, эдийн засгийн хохирол гэгчийг учруулсан зүйл огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журамд заасны дагуу ажилтан өөрийн сайн дурын үндсэн дээр бусдаас зээл авсан бол зээл болон хүүг нь манай байгууллага төлөх ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 5.1-д “...үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх” гэж заасан бөгөөд энэ нь эрх зүйн хувьд өөр харилцааг зохицуулсан байдаг. Мөн хариуцагч нь Т.ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас түүнд хохирол учирсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нотлоогүй бөгөөд нэмэгдэл цалин хөлсний талаар талууд харилцан тохиролцоогүй. Хэрэгт авагдсан И ХК-ийн нэхэмжлэлээс харахад Н.Б нь И ХК-тай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 12 дугаар ажилдаа орсон, тэрээр аль хэдийн жил гаруй хугацаанд зээлээ төлөөгүй байна. Иймд манай байгууллага Н.Бийн өмнөөс түүний зээлийг төлөх үүрэгтэй этгээд биш, нэхэмжлэгчид цаг хугацаанд нь цалин хөлсийг олгосон, түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх 13 000 000 төгрөгийг ямар үндэслэл, ямар тооцооллоор гаргаж ирсэн нь тодорхойгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, И ХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч талаас, Т.ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Т.ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АТ21-11-18 дугаар ажилд авах тухай тушаал, нэхэмжлэгч Н.Бийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, Т.ХХК, Н.Б нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Хаан банк ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие Т.ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 00-00 УБР улсын дугаартай, Нордбенз ND4257 B34J загварын тээврийн хэрэгсэл, 04-25 БЧ улсын дугаартай, Bz0402 ХХУ чиргүүлийг албан ёсоор хүлээн авсан. Гэрээгээр сардаа 2 удаа чингэлэг тээвэр буюу задгай тээвэрлэлтийг Бүгд найрамдах хятад ард улсын хилээр явуулдаг, тээвэрлэлтийн зардал нь дунджаар 8 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг байхаар жишиг үнэ тогтсон байдаг. Уг үнэлгээ нь үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин хөлс гэж олгогддог. Гэтэл Т.ХХК-ийн менежер н.Т нь миний нэрийг өөр тээврийн хэрэгсэл дээр бичиж, Авто тээврийн үндэсний төв рүү буруу мэдээлэл явуулснаас болж хилээр гарах боломжгүй болсон. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас миний бие 6 сарын хугацаанд Цагаан хаданд ямар нэгэн ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, 2021 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл цалин хөлс болох рейсийн цалингаа авч чадаагүй, эхнэр маань бага насны хүүхдээ асардаг бөгөөд ажил хийх боломжгүйн улмаас бид И ХХК, Н ХХК нарт төлдөг зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Иймд ажил олгогчийн буруугаас зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тул Хөдөлмөрийн гэрээний 5.1-т “...Ажил олгогч үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу арилгана” гэж заасны дагуу 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Т.ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Н.Бийг жолоочоор ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.5-д ажил, албан тушаалын үндсэн цалин 630 000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны дагуу Т.ХХК-ийн цалинг гэрээний 2.8-д заасан хугацаанд саадгүй бүрэн олгосон. Компанийн зүгээс хууль зөрчсөн, ажилтны эрх ашгийг хохироосон, эдийн засгийн хохирол гэгчийг учруулсан зүйл огт байхгүй. Ажилтан сайн дурын үндсэн дээр бусдаас зээл авсан бол зээл болон хүүг нь манай байгууллага төлөх ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.1-д “...үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх” гэж заасан нь эрх зүйн хувьд өөр харилцааг зохицуулсан байдаг. Манай компани Н.Бтай нэмэгдэл цалин хөлсний талаар харилцан тохиролцоогүй. Хэрэгт авагдсан И ХК-ийн нэхэмжлэлээс үзвэл Н.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, 2021 оны 12 дугаар сараас ажиллаж эхэлсэн тул ажилд орохоос өмнө хэдийн жил гаруй хугацаанд зээлээ төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн цалин, хөлстэй холбоотой, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хохирол гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуульд шүүх шууд хянан шийдвэрлэхээр заасан маргаан биш, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч дээрх 13 000 000 төгрөгийг ямар үндэслэл, ямар тооцооллоор гаргаж ирсэн нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Т.ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АТ21-11-18 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Бийг тус компанид жолоочоор ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдрөө талууд хөдөлмөрийн гэрээ байгуулан, албан тушаалын үндсэн цалинг 630 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
5. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон үндсэн цалин 630 000 төгрөгийг олгосон эсэх асуудлаар маргаагүй, тус нэхэмжлэл нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д “иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан” гэж заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нь шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн “...нэхэмжлэгчийн цалин, хөлстэй холбоотой, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хохирол гаргуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуульд шүүх шууд хянан шийдвэрлэхээр заасан маргаан биш, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх татгалзал үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч нь ажил олгогчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 5.1-д “...ажил олгогч үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу арилгана” гэж заасны дагуу хохирол буюу И ББСБ ХХК, Нэт капитал ББСБ ХХК-д төлөх 13 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан.
7. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.1-д эрхлэх албан тушаал: жолооч, 1.2-т хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж хэрэгсэл: машин, 1.4-т ажлын газрын байршил: Цагаан хад, 1.6-д хөдөлмөрийн нөхцөл: нүүрс тээвэр, 2.1-д ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан тээврийн хэрэгсэл, аюулгүй ажиллагааны тоноглолоор нь хангах, 2.2-т Ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгэхийн тулд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл, багаж, сэлбэг, хэрэгслээр хангана гэж заажээ.
Дээрх заалтаар ажил олгогч ажилтныг автомашинаар хангах үүрэгтэй байхаар боловч ажилтанд гэрээгээр тохирсон үндсэн цалин хөлсийг олгож байсан, талууд гэрээгээр нэмэгдэл хөлс тохиролцсон баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь жолоочоор ажиллаж эхэлсэн 2021 оны 11 дүгээр сараас нүүрсний тээвэр нэг ч удаа эрхлээгүй атал 2022 оны 7 дугаар сард шүүхэд хандсан зэргээс үзвэл ажил олгогч түүнийг байнгын нүүрс тээвэрлэх автомашинаар хангах үүрэггүй хүлээгээгүй байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, талууд ажилтныг байнга нүүрс тээврийн машинаар хангах, нүүрсний тээвэр бүрд нэмэгдэл хөлс өгөх талаар гэрээгээр харилцан тохиролцоогүй байх тул ажил олгогчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм.
8. Мөн нэхэмжлэгчийн гаргасан “...00-00 УБР улсын дугаартай, Нордбенз ND4257 B34J загварын тээврийн хэрэгсэл, 00-00 БЧ улсын дугаартай, Bz0402 ХХУ чиргүүлийг албан ёсоор хүлээн авсан” гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй, ажил олгогчоос нэхэмжлэгчид дээрх автомашиныг хүлээлгэж өгсөн, тус тээврийн хэрэгсэл бүрэн бус шаардлага хангаагүй байсан талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
9. Иймд ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгчид 13 000 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д зааснаар хариуцагч Т.ХХК-иас 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М