| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/01591/И |
| Дугаар | 183/ШШ2022/03563 |
| Огноо | 2022-11-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2022/03563
| 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/03563 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дунд гол, 00 дүгээр байрны 0 тоотод байрлах, С ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.М,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө, 00 байрны 00 тоотод байрлах, Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Д/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 28 830 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г
Гэрч Ж.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь Т ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 28 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...С ХХК нь Т ХХК-тай гэрээт харуул хамгаалалт ажиллуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 1 сарын төлбөр 2 800 000 төгрөг, хамгаалагч нарын хоол хүнсний зардалд 300 000 төгрөг байхаар харилцан тохиролцон байгуулж, Т ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах, Их-булаг нэртэй ашиглалтын уурхайд 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харуул хамгаалалт байрлуулж ажиллуулсан. Гэрээний төлбөрийг сар бүр төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хөлсөө төлөх талаар шаардахад удахгүй төлнө, одоогоор төлбөр төлөх боломжгүй байна, гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө төлбөрөө төлчихнө гэсээр байгаад одоог хүртэл төлөөгүй, сүүлдээ компанийн хаяг, утас солигдож холбоо барих боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Манай компани 6 сар 6 хоног буюу 186 хоног гэрээний дагуу харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэсэн байх тул дээрх хугацааны төлбөр 19 220 000 төгрөг, үүн дээр гэрээний 2.20-д заасны дагуу алданги 9 610 000 төгрөгийг нэмж, нийт 28 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “...2018 оны 10 дугаар сард Т ХХК-ийн захирал Ж.Д Ж.Е уулзаж, хамгаалагчаар 2 ажилтныг ажиллуулсан. Тус ажилтнууд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан боловч компанийн эд хөрөнгийг удаа дараа хулгайлсан учир ажиллуулахаа больсон. Түүнээс хойш Ж.Е дахин нэг ажилтыг авчирсан, тэр хүн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Т ХХК-ийн захирал Ж.Д нь харуул хамгаалалтын гэрээний төлбөрт өөрийн өмчлөлийн Соната-7 маркийн машиныг Ж.Е шилжүүлж, өр төлбөр дууслаа гэж бодтол С ХХК тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Т ХХК нь С ХХК-тай гэрээ байгуулаагүй, Ж.Е гэж хүний ажилтан н.Г 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, С ХХК, Т ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Объектын харуул хамгаалалт ажиллуулах тухай гэрээ, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Их булаг уурхайн рапортын дэвтэр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн С ХХК-ийн нэхэмжлэл, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг баримтлан Авто тээврийн үндэсний төвөөс 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...С ХХК нь Т ХХК-тай гэрээт харуул хамгаалалт ажиллуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, 1 сарын төлбөр 2 800 000 төгрөг, хамгаалагч нарын хоол хүнсний зардалд 300 000 төгрөг байхаар харилцан тохиролцон байгуулж, Т ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах, Их-булаг нэртэй ашиглалтын уурхайд 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харуул хамгаалалт байрлуулж ажиллуулсан. Гэрээний төлбөрийг сар бүр төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Манай компани 6 сар 6 хоног буюу 186 хоног гэрээний дагуу харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэсэн байх тул дээрх хугацааны төлбөр 19 220 000 төгрөг, үүн дээр гэрээний 2.20-д заасны дагуу алданги 9 610 000 төгрөгийг нэмж, нийт 28 830 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2018 оны 10 дугаар сард Т ХХК-ийн захирал Ж.Д Ж.Е уулзаж, хамгаалагчаар 2 ажилтныг ажиллуулсан. Тус ажилтнууд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан боловч компанийн эд хөрөнгийг удаа дараа хулгайлсан учир ажиллуулахаа больсон. Түүнээс хойш Ж.Е дахин нэг ажилтыг авчирсан, тэр хүн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Т ХХК-ийн захирал Ж.Д нь харуул хамгаалалтын гэрээний төлбөрт өөрийн өмчлөлийн Соната-7 маркийн машиныг Ж.Е шилжүүлж, өр төлбөр дууслаа гэж бодтол С ХХК тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Т ХХК нь С ХХК-тай гэрээ байгуулаагүй, Ж.Е гэж хүний ажилтан н.Г 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Т ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Объектын харуул хамгаалалт ажиллуулах тухай гэрээ” нэг жилийн хугацаатай байгуулагдаж, тус гэрээгээр С ХХК нь Т ХХК-ийн хариуцуулсан объектыг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сахин хангах зорилгоор хамгаалалтын хэсгийг мэргэжлийн удирдлагаар хангаж нэг ээлжид нэг алба хаагч, нийт 2 алба хаагчаар харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгүүлэхээр, Т ХХК нь хамгаалалтын үйлчилгээний сарын төлбөр 2 800 000 төгрөг, сар бүрийн хүнсний зардал 300 000 төгрөгийг тус тус сар бүрийн эхний өдөр нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
5. Тус гэрээнд нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Д.М, хариуцагч Т ХХК-ийн захирал Ж.Д нар гарын үсэг зурж, компанийн тамга дарсан, гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажил үйлчилгээг үзүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, рапортын дэвтэр зэргээр тогтоогдож байх хариуцагчийн гаргасан “....С ХХК-тай гэрээ байгуулаагүй, ажил үйлчилгээ аваагүй” гэх тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасантай нийцээгүй, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, тус гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
6. Талууд гэрээгээр хамгаалалтын 2 алба хаагч ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс харуул хамгаалалтын ажил эхэлсэн байх тул 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлсөнд 560 000 төгрөг, хүнсний зардалд 60 000 төгрөг, 2018 оны 11, 12, 2019 оны 1, 2 дугаар саруудын гэрээний төлбөрт хариуцагч нь 11 200 000 төгрөг, хүнсний зардалд 1 200 000 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Харин рапортын дэвтрээр 2019 оны 3, 4 дүгээр саруудад хамгаалалтын 1 алба хаагч ажилласан болох нь тогтоогдох тул дээрх хугацааны гэрээний төлбөрийг 50 хувиар бууруулж 1 400 000 төгрөгөөр, хүнсний зардлыг 150 000 төгрөгөөр тус тус тооцох нь зүйтэй.
7. Зохигчид гэрээний 2.20 дах заалтаар “...Хугацаа хожимдуулсан тохиолдолд МУ-ын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6-д заасны дагуу хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүрэг 16 120 000 төгрөг 8 060 000 төгрөгийн алданги шаардах эрхтэй боловч шүүх тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг 3 060 000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж дүгнэв.
8. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас ажлын хөлсөнд 14 560 000 төгрөг, хүнсний зардалд 1 560 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 21 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 710 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 21 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 710 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М