Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03483

 

 

 

 

 

 

 

­

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03483

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, MSN Building 000 тоотод байрлах, Т ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд П.Г/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Цэнгэлдэхийн гудамж, 00 дүгээр байр, 0 давхарт байрлах, С ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Б/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2 542 092 588,2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Н.А

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

               

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь С ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 2 542 092 588,2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Т ХХК нь С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр С ХХК-ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баянтэсийн нүүрсний уурхайд захиалагч компаниас гарган өгсөн ажлын хэмжээ, хуваарийн дагуу, удирдлага хяналтын дор хөрс хуулалтын ажлыг өөрийн болон тус гэрээнд заагдсан компани, хувь хүний тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан тус гэрээ, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан бусад нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхээр захиалагч тал гэрээнд заагдсан ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө гэсэн нөхцөлтэй гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Гүйцэтгэсэн ажлуудыг сар бүр хүлээн авч, тооцоо нийлсэн акт үйлдэж байсан бөгөөд гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 22 992 234 449 төгрөг, бусад ажлуудад 148 742 169 төгрөгийн ажлын хөлс тооцогдож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр сүүлийн хөрс хуулалт хийж, акт баталгаажуулахад үлдэгдэл авлага 3 816 429 353,75 төгрөг байснаас 2019 онд 729 205 500 төгрөг, 2020 онд 706 020 000 төгрөг, 2022 онд 446 931 000 төгрөгийн тооцоо хийсэн. Дээрх 3 жилийн хугацаанд үлдэгдэл тооцоогоо хийж дуусгахыг шаардаж, удаа дараа албан хүсэлт өгч байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 18/1110 дугаартай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 1 735 216 783,75 төгрөг, алданги 806 875 804,45 төгрөг, нийт 2 542 092 588,2 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа “...Манай байгууллага гэрээний үндсэн төлбөр болох 1 735 216 783,75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.10-т алданги тооцно гэж заасан боловч гэрээний 5 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгасан. Давагдашгүй хүчин зүйлд төр засгийн шийдвэр хамаарах бөгөөд Засгийн газраас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь давагдашгүй хүчин зүйлд хамаарна. Хариуцагч компанийн үйл ажиллагаа Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зогссон. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан, ямар үндэслэлээр үйл ажиллагаа зогссон шалтгааныг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдал арилаагүй байна. Давагдашгүй хүчин зүйлээс болж компанийн үйл ажиллагаа зогссон тул хүү, алданги төлөх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Нэгэнт давагдашгүй хүчин зүйлээс үйл ажиллагаа зогссон ч аль болох боломжоороо төлөх ёстой төлбөрийг төлөөд явсан байтал нэхэмжлэгчээс алдангийг хэтэрхий өндөр нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ өндөр байвал шүүх бууруулж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг тул алдангийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 3. Нэхэмжлэгч талаас, зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, С ХХК, Т ХХК, З ХХК нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0000 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 28, 3 дугаар сарын 31, 5 дугаар сарын 03, 6 дугаар сарын 03, 7 дугаар сарын 01, 9 дүгээр сарын 19, 11 дүгээр сарын 11, 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 22, 9 дүгээр сарын 30,  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдийн тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянтэсийн уурхайн 12 дугаар сарын гүйцэтгэл, хавсралт, 12 сарын тооцоо нийлэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн түлшний тооцоо нийлсэн акт, МС ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүснэгт, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түлшний тооцоо нийлсэн баримт, Баянтэсийн уурхайн 2019 оны 01 дүгээр сарын гүйцэтгэл, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, М ХХК-ийн авсан түлш, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн түлшний тооцоо, Т ХХК-ийн уурхай дахь шатахууны 01 дүгээр сарын орлого, зарцуулалт, Баянтэсийн уурхайн 2019 оны 02 дугаар сарын гүйцэтгэл, С ХХК, Т ХХК нарын 2019 оны 02 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Баянтэсийн уурхайн 2019 оны 3 дугаар сарын гүйцэтгэл, Т ХХК, М ХХК нарын 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн түлшний тооцоо нийлсэн акт, С ХХК, Т ХХК нарын 2019 оны 3 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Т ХХК-ийн 3 дугаар сарын түлшний тайлан, Баянтэсийн уурхайн 2019 оны 4 дүгээр сарын гүйцэтгэл, Баянтэсийн уурхайн 2019 оны 8 дугаар сарын гүйцэтгэл, С ХХК, Т ХХК нарын 2019 оны 8 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Г ХХК, З ХХК, Т ХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, зээл олгох хүсэлт, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, тооцооны үлдэгдлийн баталгаа, Т ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ000000000000 тоот, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ0000000000, ЗГ00000000 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ000000 тоот дугаартай хүсэлтүүд, Т ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн ЗГ-000000000 дугаартай хүсэлт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Т ХХК нь С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус компанийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баянтэсийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх, захиалагч тал ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх нөхцөлтэй гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 22 992 234 449 төгрөг, бусад ажлуудад 148 742 169 төгрөгийн ажлын хөлс тооцогдож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр сүүлийн хөрс хуулалт хийж, акт баталгаажуулахад үлдэгдэл авлага 3 816 429 353,75 төгрөг байснаас 2019 онд 729 205 500 төгрөг, 2020 онд 706 020 000 төгрөг, 2022 онд 446 931 000 төгрөгийн тооцоо хийсэн. Дээрх 3 жилийн хугацаанд үлдэгдэл тооцоогоо хийж дуусгахыг шаардаж, удаа дараа албан хүсэлт өгч байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байна. Иймд гэрээний үүрэгт 1 735 216 783,75 төгрөг, алданги 806 875 804,45 төгрөг, нийт 2 542 092 588,2 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Гэрээний үндсэн төлбөр 1 735 216 783,75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.10-т алданги тооцно гэж заасан боловч гэрээний 5 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйлд төр засгийн шийдвэр хамаарна. Хариуцагч компанийн үйл ажиллагаа Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зогссон бөгөөд Засгийн газраас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул хүү, алданги төлөх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ өндөр байвал шүүх бууруулж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг тул алдангийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0000 дугаартай “Баянтэсийн нүүрсний ордод олборлолтын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр Т ХХК нь захиалагч С ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Баянтэсийн уурхайд захиалагчийн гаргаж өгсөн ажлын хэмжээ, хуваарийн дагуу гүйцэтгэгч нь олборлолтын ажлыг өөрийн болон энэхүү гэрээний дагалдах гэрээнд тусгагдсан компани, хувь хүний тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан гүйцэтгэх, захиалагч нь дээрх гэрээнд заасан ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэрэгт маргаагүй, мөн хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 1 735 216 783,75 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

5. Харин хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан бөгөөд зохигчид гэрээний 4.2.10 дэх заалтаар “...ажлын хөлсийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцжээ.  

 

Талууд мөн гэрээний 5.1 дэх заалтаар “...Гэрээний талуудын үйл ажиллагаанаас үл хамаарах гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр /газар хөдлөлт, үер усны гамшиг, гал түймэр, дайн байлдаан, халдварт өвчний хөл хорио, төр засгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гэх мэт/ талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хугацаанд биелүүлэхгүй байсан нь талуудад хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй” гэж харилцан тохиролцсон байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр “...С ХХК нь ...тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.15-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2019/0 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул” гэх үндэслэлээр тус компанийн эзэмшдэг MV-0000000000, MV-000000 дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсныг давагдашгүй хүчин зүйл гэж дүгнэх боломжгүй боловч тус шийдвэрийн улмаас гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгчийн шаардсан алданги 806 875 804,45 төгрөгийн шаардлагыг 306 875 804,45 төгрөгөөр бууруулах боломжтой гэж дүгнэв.

 

6. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт 1 735 216 783,75 төгрөг, алданги 500 000 000 төгрөг, нийт 2 235 216 783,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 306 875 804,45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 868 413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 334 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХКолгох нь хуульд нийцнэ. 

 

8. Тус шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У нь И.М эзгүйд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж нь Г.Б эзгүйд тус тус хэргийг хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасныг баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 2 235 216 783,75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 306 875 804,45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 868 413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 334 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М