Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03478

 

 

 

 

 

 

 

­

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03478

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хэсэг оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Д.Ж,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Н.Д,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Н.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие Н.Д ноолуурын наймаа хиймээр байна, мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Н.Д нь надад 6 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд түүнээс хойш мөнгийг чинь өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 14 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

                     

 2. Нэхэмжлэгч талаас, зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, хариуцагч Н.Дгийн мөнгө зээлсэн тухай гар бичмэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие Н.Дгийн ноолуурын наймаа хиймээр байна, мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Тус зээлээс Н.Д нь 6 000 000 төгрөгийг төлснөөс хойш өөр мөнгө төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 14 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Н.Дг удаа дараа шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14757 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түүнд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Д.Ж нь 20 000 000 төгрөгийг мөн өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, Н.Д зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан хавтаст хэрэгт авагдсан, тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, тайлбар гаргаагүй байна.  

 

Мөн талууд гэрээний 3.7 дахь заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцжээ.

 

5. Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Дгаас үндсэн зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж Д.Жд олгохоор шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

7. Шүүх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад товлож, тус хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагч Н.Дгийн нэхэмжлэлийг гардаж авахдаа мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 80 дугаар байрны 24 тоот хаягаар хүргүүлсэн, мөн түүний 0000 0000 гэх дугаарын утас руу залгаж мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Дгаас 22 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Жд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М