Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

 

 

2021.06.30                                             2021/ДШМ/23                                Хэрлэн сум

 

Э-өд  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00023/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч,  Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор М.Мэндбаяр /цахимаар/,

Шүүгдэгч Э- /цахимаар/ нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2140000170016 дугаартай 1 хавтас, 186 хуудастай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1974 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2  дугаар баг “Гэзэгийн бүрд” гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц овогт Н-н Э- /РД:СГ74072816/ нь

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн орчимд Б.Баярсайханы улаан зүсмийн морийг ашиглаж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багт оршин суух Б.Баттөмөрийн 35 тооны адуу буюу олон тооны малыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Зээгийн энгэр” гэх газар бэлчээрлэж байхад нь нууцаар,  хууль бусаар авч бусдад 26500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяр Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ц овгийн Н-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э-ийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Э-өөс  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 900000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Б-н морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э- давж гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б-н гэрээс хойд зүгт 3-4 километрт хэсэг адуу байхаар нь тууж авчирч Б-н хашаанд хашаад нэг даага бариад бусад адууг нь байсан газарт нь авчирч орхисон. Би энэ талаар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн. Мөн гэрчүүд ч мэдүүлдэг. Надад бусдын 30 гаруй тооны адууг хулгайлах санаа зорилго огт байгаагүй. Миний бие өдий хүртэл нэг ч удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлж байгаагүй, айлд туслах малчнаар ажиллаж амьдралаа авч явдаг. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа хэдий ч намайг олон тооны адуу хулгайлсан гэж хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг нэг тооны адуу хулгайлсан гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э- нь бусдын олон тооны малыг хулгайлсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгүүдээр тогтоогдсон. Анхан шатны шүүх үндслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд хуульчилжээ.

Анхан шатны шүүх хохирогч Б-н 35 тооны адууг хулгайлж 26500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч Э-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  оногдуулж хууль буруу  хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э-өд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                     

                                                                                              Б.ДЭНСМАА