Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч С.Наранхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Содхүүгийн Наранхүүд холбогдох 201716010067 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын инженер мэргэжилтэй, ам бүл 5, ээж аав дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Шарайд овгийн Содхүүгийн Наранхүү /Регистрийн дугаар: СР92092111/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Наранхүү нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөмөр” зочид буудлын гадна иргэн Ч.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ч.Батцэнгэлийг хавсарч унаган бие махбодид баруун шуу ясны хугарал, баруун хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Наранхүү мэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Уурхайгаас Цогтцэций сум руу хамт ажилладаг 2 ахтайгаа хамт ирсэн. ”Өгөөмөр” зочид буудалд очиход тэнд хамт ажилладаг хоёр ах байсан. Тэр хоёр тэнд архи уугаад сууж байсан. Би архи уугаагүй. Шатархүү ахыг Дундговь аймаг руу гаргаж өгнө гээд, бид нар бүгдээрээ буудлаас гарсан. Би утсаар яриад зогсож байхад, цаана сууж байсан хүнтэй манай ажлын ах маргалдаад байх шиг байсан. Би очоод “энд юу болоод байгаа юм бэ?” боль гэж хэлсэн чинь Батцэнгэл гэх хүн над руу “чи юу вэ? чамд ямар хамаатай юм бэ?” гээд дайраад байхаар нь би “Энэ манай ажлын ах нар байгаа юм. Би авч яваа хүн нь байна. Хэдүүлээ хэл амгүй салъя” гэхэд Батцэнгэл ах над руу “чи хаанаас ирсэн, хэн бэ? Чамайг Цогтцэций сумын залуучуудыг дуудаж сонин болгоно шүү” гээд байхаар нь би уурлаад “та яах гээд байгаа юм бэ?” гэхэд Батцэнгэл ах над руу чулуу бариад дайрахаар нь чулууг нь хаяулах гэсэн боловч хаяхгүй байсан болохоор нь хавсарч унагаагаад чулууг нь авсан. Батцэнгэл ах дахиад чулуу бариад босоод ирэхэд Энхжавхлан, Шатархүү ах 2 чулууг нь салгаж авсан. Тэгээд Шатархүү ах явсан. Батцэнгэл ахыг хүүхэд, эхнэр нь ирээд барьж авсан. Батцэнгэл ах надаас зууралдаад, миний хувцасыг урсан. Би “та яах гээд байгаа юм бэ?” гэхэд Батцэнгэл ах “чамаас заавал хариугаа авна” гээд намайг цохих гээд дайрч байгаад 2 цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч явсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Түргэн зангаасаа болж энэ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Батцэнгэлийн хохирогчоор өгсөн:”...2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед би гэрээсээ гараад ”Өгөөмөр” нэртэй зочид буудлын өмнө талд гадаа найз Б.Буян-Ундрахын хамт салхилаад сууж байсан. “Өгөөмөр” буудал дотроос 3 эрэгтэй хүн гараад ирсэн. Тэр гуравын хоёр нь миний насных байсан. Нэг нь 20 гаруй насных байсан. Тэдгээр хүмүүс архи уучихсан халамцуу байсан. Тэгээд Буян-Ундрах бид хоёр дээр арай настай хоёр нь хүрч ирээд тамхи асуусан. Би тамхи татдаггүй гэж хэлсэн. Харин Буян-Ундрах тамхи гаргаж өгсөн. Тэгсэн чинь галаа өгчих гэсэн, тэгээд гал өгсөн, тэгсэн хошуугаа өгчих гэвэл арай дэндэх байлгүй дээ гээд хошигноод байж байтал цаана нь байсан залуу хүрч ирээд буруу зөрүү ойлгосон уу мэдэхгүй, “хөгшин төгцөг минь ясаа тараалгав” гэж хэлэхээр нь би тэр залуугийн өөдөөс жаахан хэгжүүрэхээд “намайг зодохын бол Цогтцэций сумын захын бацаанууд гарч ирээд чамайг бариад авах байлгүй” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу намайг сууж байхад миний цамцнаас доош дараад газарт унагасан. Тэгээд миний уур хүрээд айлгах санаатай газарт байсан чулууг гартаа бариад босоод ирсэн чинь чулуу барьсан гарыг барьж байгаад хавсраад унагасан. Тэгээд би босож ирээд дахиад бариад авах гэсэн чинь намайг дахиад хавсраад унагасан. Тэгээд унахад миний баруун гар хөндүүрлээд байсан. Тэгээд байж байхад манай эхнэр хүүхдүүд ирсэн. Энэ үйл явдал нэг их удаагүй маш хурдан болоод өнгөрсөн, тэгээд эхнэр хүүхдүүд хүрч ирээд салгасан. Тэгээд цагдаа хүрч ирээд намайг газарт хавсарч унагасан залууг аваад явсан. Манай хүргэн охин 2 намайг аваад эмнэлэг дээр очсон чинь миний баруун гар даагдахгүй байгаад байсан. Тэгээд эмчид үзүүлсэн чинь баруун гарын шуу хэсгийн ясыг хугарсан байна гээд гипсдсэн. Тэгээд нөгөөдөр нь аймаг яваад гарныхаа зургийг авахуулсан чинь баруун гарын тохойны урдуур нарийн яс нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Х.Энхжавхлангийн хохирогчоор өгсөн:”...Шатархүү бид хоёр буудалд байж байтал хамт ажилладаг Наранхүү хүрч ирсэн. Шатархүү 16 цагийн үед шуудангаар Дундговь аймаг руу явна гээд Наранхүү бид 2 гаргаж өгөхөөр буудлаас гараад буудлын байшинг тойртол урд талын хаалганы довжооны хажуу труба төмөр дээр 2 хүн сууж байсан. Би тэр 2 хүн рүү дөхөж очоод ах нь яарч яваад тамхиа орхичихсон байна нэг тамхилаач гэж гуйсан чинь тэр 2 хүний нэг нь тамхи гаргаж өгсөн. Тэр тамхийг нь аваад асаах гэтэл надад гал байгаагүй учир галаа өгөөч гэж дахин хэлтэл нөгөө тамхи өгсөн хүн асаагуураа өгөхөөр нь тамхиа асаагаад буцааж өгтөл тэр хүний хажууд нь сууж байсан Батцэнгэл гэж хүн “одоо хошуугаа өг гэхгүй байлгүй дээ” гэсэн. Тэгээд би чи юу яриад байна гээд тэр хүнтэй үг ололцохгүй маргалдаад зогсож байтал Наранхүү цаанаас хүрч ирээд “юу болоод байгаа юм бэ хошуу авна гэж яадаг юм” гэсэн тэр үед би Наранхүүг цаашаа яах гээд байгаа юм бэ гээд холдуулсан ч Наранхүү гараараа далайгаад зангатал Батцэнгэл гэдэг хүн дальдарсан. Наранхүү залуу хүнд битгий гай болоорой гэж хэлтэл Батцэнгэл Наранхүүтэй зууралдаад авсан. Наранхүү ч тэр хоёр хүнийг мөрөн дээрээс нь барьж аваад дугтараад газар унагасан. Тэр хоёр хүн газраас босож ирэхдээ гартаа чулуу барьчихсан босож ирсэн Наранхүү тэр хүнтэй дахин зууралдсан. Би салгах гэж байтал Наранхүү тэр Батцэнгэл гэж хүнийг хөлөөрөө хавсраад газар унагачихсан. Батцэнгэл босож ирээд “би та нарыг гөлөг болгоно. Намайг нэг хашгирахад Цэцийн залуучууд бүгд гарч ирнэ” гээд Наранхүү рүү дайраад салахгүй байсан. Нөгөө Батцэнгэлтэй хамт сууж байсан хүн ч бас салгах гээд байж байтал буудлын эсрэг талаас нэлээд хэдэн хүн гүйгээд хүрч ирсэн нь Батцэнгэлийн хүүхдүүд нь байсан юм билээ” гэсэн мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Л.Шатархүүгийн гэрчээр өгсөн:”...тэр өдөр “Өгөөмөр” зочид буудалд надтай хамт ажиллаж байсан Энхжавхлан нь эхнэрийн хамт байсан бөгөөд би Энхжавхлан дээр очиж, буудаллаж байсан өрөөнд нь 0.75 граммын Улаанбаатар архи хувааж уугаад сууж байтал гаднаас манай ажлын Наранхүү орж ирсэн. Тэгээд бид ойр зуурын юм ярилцаж байтал архи дууссан. Наранхүү бол огт архи уугаагүй миний явах цаг болж 15 цаг өнгөрч байх үед тэр хоёр намайг гаргаж өгнө гээд буудлаас хамт гарч буудлын урд талаар тойртол тэнд байх үсчингийн газрын үүдний довжоон дээр 2 согтуу эрэгтэй хүн сууцгааж байсан. Тэр хоёр руу Энхжавхлан дөхөж очоод тамхи сурсан. Нөгөө 2 хүний нэг нь тамхи гаргаж өгөөд дараа нь асаагуураа мөн өгөөд тамхийг нь асаалгаж байгаа харагдсан. Би тэд нараас жаахан зайтай хүлээгээд зогсож байтал Энхжавхланд тамхи өгч байсан Батцэнгэл гэх хүн Энхжавхлантай маргалдсан. Ингээд тийшээ Наранхүү хүрч очсон ба нөгөө Батцэнгэл Наранхүүтэй мөн л маргалдаж чам шиг бацааныг нутгийн бүх залуучуудыг дуудаж зодуулна гэх зэргээр хэлж өөдөөс нь дайраад байснаа Наранхүүг заамдаад авсан. Наранхүү заамыг нь тавиулж цааш нь Батцэнгэлийг түлхсэн чинь газар унаад босож ирэхдээ газраас маш том чулуу гартаа барьчихсан босож ирээд цохихоор далайгаад Наранхүү рүү дайрсан. Энхжавхлан болон Батцэнгэл хамт явж байсан хүн бид нар нийлж байгаад Батцэнгэлээс чулууг булааж аваад хаяж тэр 2-г салгаж байх явцад Наранхүү Батцэнгэлийг нэг удаа хөлөөрөө хавсарч унагасан. Тэгээд би тэндээс машинд сууж шуудангийн автобус руу хүргүүлэн автобусанд явж байгаад Цогт-Овоо сумаас цагдаад саатуулагдаад буцаж Цогтцэций сумын төв дээр ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Буян-Ундрахын өгсөн:”...Би 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байгаад гадагш гарч “Өгөөмөр” зочид буудлын урд талын үсчингийн байрны довжооны хаалт труба дээр сууж байтал манай сумын харъяа Батцэнгэл мөн гэрээсээ гарч ирээд над руу ирж хамт труба дээр ойр зуурын юм яриад сууж байтал “Өгөөмөр” зочид буудлын зүүн талаар хоёр ахимаг насны, нэг залуу нийт 3 хүн гарч ирснээ миний ойролцоо насны эрэгтэй хүн нь бид хоёр руу дөхөж ирээд “тамхи байна уу” гэсэн. Тэр хүн нилээд согтуу байсан би тэр хүнд тамхи өгсөн, тэр хүн надаас тамхи авсаныхаа дараа “гал байна уу” гэсэн, халааснаасаа асаагуур гаргаж тэр хүнд өгсөн тэр хүн асаагуур авч тамхиа асаасныхаа дараа “ одоо хошуу гээд ч яах вэ” гэсэн түүний хариуд Батцэнгэл “тийм ч юм байхгүй байхаа” гэсэн тэр хүн “чи юу гээд байгаа юм бэ” гээд маргалдах янзтай болж байтал хажууд нь зогсож байсан шар залуу “ах хүү ясаа тараалгамаар байна уу” гэсэн. Батцэнгэл мөн л “тийм ч юм байдаггүй юмаа” гэсэн. Нөгөө тамхи авдаг согтуу хүн Батцэнгэлд “наадах чинь цагдаагийн хурандаагийн хүүхэд шүү” гэсэн. Батцэнгэл “тэр ямар хамаатай юм” гээд тэр шар залуу Батцэнгэлийг барьж аваад тэр 2 зууралдан тэр шар царайтай залуу Батцэнгэлийг дугтарч газар унагасан. Батцэнгэл газраас босож ирэхдээ гартаа чулуу барьчихсан босож ирээд тэр залуу руу дайрсан. Тэр залуу мөн Батцэнгэлийг хавсарч унагасан. Батцэнгэл газраас босож ирээд мөн тэр залуу руу “та нарыг би сумын залуучуудыг дуудаж алуулна шүү, намайг нэг хашгирахад л бүгд цуглана” гээд дайрсан. Би тэр 2 хүнтэй хамт явж байсан согтуу хүн мөн тийшээ очих гээд байхаар нь би тэр хүнийг “яах гээд байгаа юм бэ” гээд түүнтэй зууралдаж байхдаа харахад Батцэнгэл нөгөө шар царайтай залуутай зууралдаж байгаа харагдсан ба нөгөө анх тамхи авдаг согтуу нөхөр хажууд нь зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 190 дугаартай: “..1. Ч.Батцэнгэлийн биед баруун шуу ясны хугарал, баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд С.Наранхүүгийн яллагдагчаар өгсөн:”...тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Цогтцэций сумын төв рүү орж ирээд хамт ажиллаж байсан Энхжавхлан ахтай уулзахаар “Өгөөмөр” зочид буудалд очсон юм. Энхжавхлан ахын эхнэр АТМ-ээс мөнгө авна гээд гараад явсан. Шатархүү ах 16 цагийн үед шуудангаар Дундговь аймаг руу явна гэж байсан ба явах цаг нь дөхсөн байсан учир Энхжавхлан ах бид 2 буудлаас Шатархүү ахыг гаргаж өгөхөөр хамт гарч ирсэн ба буудлын урд талын довжооны хажуу талын труба төмөр дээр 2 хүн сууж байсан. Энхжавхлан ах тэр 2 хүн рүү очоод тамхи сурсан тэр 2 хүнийг нэг нь Энхжавхлан ахад тамхи гаргаж өгсөн дараа нь Энхжавхлан ах гал сурсан чинь тэр тамхи өгсөн хүн дахин асаагуураа гарагж Энхжавхлан ахад өгсөн. Тэгээд цааш юу ярьсан юм мэдэхгүй хоорондоо маргалдаад байхаар нь би “та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлсэнээ тэр 2 хүн рүү дөхөж очтол тэнд сууж байсан Батцэнгэл гэдэг хүн намайг бариад авахаар нь би доош нь гуд татаж унагасан. Тэр хүн газраас босож ирэхдээ гартаа том чулуу барьчихсан босож ирээд над руу дайрсан. Би тэр хүний гарнаас чулууг нь булааж аваад хавсарч унагасан. Тэгээд цаашаа салаад явах гэтэл тэр хүн намайг барьж аваад “ чамайг сумын залуучуудаар зодуулна, намайг нэг хашгирахад сумын залуучууд гарч ирээд та нарыг ална” гээд огт салахгүй зууралдаад байсан. Ингээд байж байтал тэр хүний хүүхдүүд гарч ирээд салгасан. Тэр хүн дахин газраас чулуу авч надруу шидсэн. Чулуу нь миний зүүн хөлний гуяыг оносон. Тэр хүн заавал чамайг зодож байж сална гээд байхаар нь за тэгээд намайг цохь л доо гэсэн тэр хүн миний шанаа руу 2 удаа цохьсон. Дараагаар нь Батцэнгэл гуайг хүүхдүүд нь аваад явсан. Би буудалдаа орж ирээд байж байтал цагдаа хүрч ирээд намайг цагдаагийн газарт авч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 60 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Наранхүүгийн хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 62/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6-р багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 63/, хувийн зан байдлыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 76/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Содхүү овогтой Наранхүү нь 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөмөр” зочид буудлын гадна иргэн Ч.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ч.Батцэнгэлийг хавсарч унаган бие махбодид баруун шуу ясны хугарал, баруун хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүдэгч С.Наранхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч С.Наранхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Наранхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хохирогч Ч.Батцэнгэл нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Наранхүүд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч С.Наранхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Шарайд овогт Содхүүгийн Наранхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Содхүүгийн Наранхүүг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Наранхүүд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тус бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Наранхүү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.Наранхүү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Батцэнгэлд 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Наранхүүгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Наранхүүд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Наранхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН