Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00292 дугаар шийдвэртэй “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 862 122 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь “К” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 21 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот, 146,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 630 000 төгрөг, үндсэн хүүнээс 1 591 002.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 707.83 төгрөг буюу нийт 2 221 710.12 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Хариуцагч зээл авсанд маргахгүй учраас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 20 370 000 төгрөг, хуримтлуулсан хүү 3 409 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82 642 төгрөг, нийт 23 862 122 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээг байгуулахдаа 21 000 000 төгрөг хүссэн боловч зээл олгосны шимтгэл 0.6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан. Нэхэмжлэгч тал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй. Хариуцагч 21 000 000 төгрөгийг авсан зүйл байхгүй. “К” ХХК-ийн суутгаж авсан гэх баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт тавьсан боловч хангаагүй. 21 000 000 төгрөгийн 0.6 хувь хасагдсан бол ямар хэмжээний дүнгийн бууралттай нэхэмжлэлийн шаардлага гаргах байсныг хэлж мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 204 дүгээр зүйлийн 204.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагаас 23 468 230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас 393 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417 661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зохигчийн тайлбар өөрөө  нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд 3000-2017/204 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, К ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2476 дугаартай албан мэдэгдэл гэх баримтыг нотлох баримтаар гаргасан тохиолдолд хариуцагч гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн үүрэг хүлээгээгүй болохыг тухайн албан мэдэгдэлд зурсан гарын үсэг өөрийнх нь биш болохыг буюу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй болно” гэж заасан боловч шүүх хуралдааны үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасны дагуу гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй байна. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлдэгчийн хүссэн зээлээс шимтгэл 0,6 хувийг хасч тооцсон учир гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ гэж заасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр нь нэхэмжлэгч “К” ХХК-аас зээлийг ямар хэлбэрээр шилжүүлснийг тодруулахаар нотлох баримтыг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “шүүх, зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасны дагуу хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 20 370 000 төгрөг, хүү 3 409 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82 642 төгрөг, нийт 23 862 122 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч зээл олгосны шимтгэл 0,6 хувийг банк үндэслэлгүй суутгаж авсан, мөн зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэсэн тайлбарыг гаргажээ. /хх.32/

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3000-2017/204 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Э.О нь зээлдүүлэгчээс 21 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, харилцан тохиролцож тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах 146 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан үйл баримт хэрэгт авагдсан зээл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдсон. /хх.16-23/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний 3.1.7-д зааснаар зээлийн үнийн дүнгээс 0,6 хувийн шимтгэл тооцож авах талаар талууд харилцан тохиролцсон, уг тохиролцоог хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

            Хариуцагч тал зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй үүргийн зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн нь “К” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2476 дугаартай албан бичгээр тогтоогдсон бөгөөд зээлдэгчийн үүргийн зөрчил үргэлжилсээр байсан тул мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандан шийдвэрлүүлэх үндэслэл бүрдэж байгааг мэдэгдсэн талаарх баримт авагдсан, хариуцагч үүнийг няцаагаагүй. /хх.8/

Иймд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 7.1.5, 7.1.6-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцооллыг /хх.22/ хариуцагч үгүйсгэж маргаагүй бөгөөд шүүх уг баримтад үндэслэн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 23 468 230 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүх талуудын гэрээнээс татгалзах, түүний үр дагавартай холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй тул дээрх заалтуудыг нэмж баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

            Түүнчлэн, шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй боловч шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дах заалтад барьцааны хөрөнгийн байршил, хэмжээ зэргийн тодорхойлолтыг заагаагүй байх тул Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцүүлэн зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх талуудад нотлох баримт гаргах, цуглуулах боломжит хугацаа олгосон төдийгүй талуудыг эвлэрэх боломжоор ханган шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн хүсэлт гаргах зэрэг шаардлагатай эрх, үүргийг танилцуулсны дараагаар хэргийг хэлэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх.41-44/ Иймд нотлох баримт гаргуулах болон шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг шүүх зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00292 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “204 дүгээр зүйлийн 204.4” гэснийг “225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Хариуцагч Э.О үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206021835 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах 146 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Э.О-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 347 461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                              С.ЭНХТӨР

 

                                                                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ