Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03477

 

 

 

 

 

 

 

­

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03477

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Ц.У

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Э.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Э.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Э.А нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр над руу утасдаж манай байгууллага хөл бөмбөгийн талбай тохижуулж байгаа, талбайн хиймэл зүлэг авахад яаралтай 5 000 000 төгрөг хэрэгтэй байна, та туслаач гэж ярьсан. Би өөрт байсан мөнгө дээр дүү Ц.Э 2 000 000 төгрөг нэмж, 5 000 000 төгрөгийг Э.А руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөгийг л төлсөн. Хариуцагч нь бүтэн 3 жилийн турш элдэв шалтаг хэлж, хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 8 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэхдээ би хуулийн мэдлэггүйн улмаас алданги, 1 сараас илүү хугацааны хүү шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний 3-т заасны дагуу өөрт учирсан хохирлыг үндсэн зээлийн дүнгийн 50 хувиар тооцож 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэгч талаас, зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, Хаан банк дахь 0000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл, 000000 гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасын хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.У нь анх тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт нийт 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгасан байна.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Э.А нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр над руу утасдаж манай байгууллага хөл бөмбөгийн талбай тохижуулж байгаа, талбайн хиймэл зүлэг авахад яаралтай 5 000 000 төгрөг хэрэгтэй байна, та туслаач гэсний дагуу би өөрт байсан мөнгө дээр дүү Ц.Э 2 000 000 төгрөг нэмж, 5 000 000 төгрөгийг Э.А руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөгийг л төлсөн. Хариуцагч нь бүтэн 3 жилийн турш элдэв шалтаг хэлж, хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 8 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэхдээ би хуулийн мэдлэггүйн улмаас алданги, 1 сараас илүү хугацааны хүү шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээний 3-т заасны дагуу өөрт учирсан хохирлыг үндсэн зээлийн дүнгийн 50 хувиар тооцож 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Э.Аыг удаа дараа шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14759 дүгээр шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр түүнд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Ц.У нь 5 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, Э.Ад зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлд дурдсан Мөнхийн мөрөөдлөө асаа Төрийн бус байгууллагын дансанд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч уг асуудлаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, тайлбар гаргаагүй байна.   

 

Мөн талууд гэрээний 3 дахь заалтаар “Зээлдүүлэгч зээлийг 15 хоногийн дараа хэрэглэх шаардлагатай тул хугацаат хэтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулав. Хугацаа хэтэрсэн тохиолдолд учирсан хохирлыг зээлдэгч бүрэн хариуцах болно” гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хохирол 2 500 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5. Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Ааас үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хохирол 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж Ц.Уд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

7. Шүүх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутад товлож, тус хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагч Э.Аы нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны хаягаар хүргүүлсэн, мөн түүний 0000000 гэх дугаарын утас руу залгаж мэдэгдсэн тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Ааас 7 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М