Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03436

 

 

 

 

 

 

 

­

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03436

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анханз шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Б.Э

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,Э.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь Э.Аэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хариуцагч Э.А нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр автомашин худалдан авах гэсэн юм гээд надаас 4 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн төлбөрийг түүний Хаан банк дахь 000000000 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь дээрх зээлийн төлбөрөөс 300 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нотариат орж үлдэх 3 700 000 төгрөгийн үнийн дүнд зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Э.А нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 3 700 000 төгрөг, алданги 1 850 000 төгрөг, нийт 5 550 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд алдангиа 1 050 000 төгрөгөөр багасгаж, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа “...2020 оны сүүлээр Б.Э нь Н ХХК-ийн реалтор салбарт харьяалагдах, кино үйлдвэрт байрлах, 718 м.кв талбайг надаар дамжуулж түрээсэлсэн. Энэ хугацаанд Б.Э нь түрээсээ төлөхгүй байнга хойшлуулснаар би компанийн талбайг хариуцлагагүй хүнд түрээслүүлсэн гэх асуудалд орсон. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Э нь түрээсийн төлбөр удахгүй гаднаас бөөнөөр орж ирнэ гэхээр нь чи надад 4 000 000 төгрөгийг зээлчих, мөнгө чинь орж ирвэл би ажлын урамшуулал, үлдэгдэл 50 хувийн цалингаа аваад өгье гэж тохиролцсон. Б.Эын мөнгө орж ирээгүйн улмаас тооцоогоо хийх нь худлаа болж, түрээсэлж байсан газраа нууцаар орхин гарч би ажилгүй болсон. Түүнээс 4 000 000 төгрөгийг зээлж авснаас 300 000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 3 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

 3. Нэхэмжлэгч талаас, Б.Э, Э.А нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, Э.А, Б.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч Э.А нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр автомашин худалдан авах гэсэн юм мөнгө зээлээч гэсний дагуу 4 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Хариуцагч дээрх зээлийн төлбөрөөс 300 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нотариат орж үлдэх 3 700 000 төгрөгийн үнийн дүнд зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Э.А нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 3 700 000 төгрөг, алданги 1 850 000 төгрөг, нийт 5 550 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд алдангиа 1 050 000 төгрөгөөр багасгаж, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...2020 оны сүүлээр Б.Э нь надаар дамжуулж Н ХХК-ийн 718 м.кв талбайг түрээсэлсэн. Энэ хугацаанд Б.Э нь түрээсээ төлөхгүй байнга хойшлуулснаар би компанийн талбайг хариуцлагагүй хүнд түрээслүүлсэн гэх асуудалд орсон. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Э нь түрээсийн төлбөр удахгүй гаднаас бөөнөөр орж ирнэ гэхээр нь  ирэх долоо хоногт мөнгө чинь орж ирэх юм бол чи надад 4 000 000 төгрөгийг зээлчих, мөнгө чинь орж ирвэл би ажлын урамшуулал, үлдэгдэл 50 хувийн цалингаа аваад өгье гэж тохиролцсон. Б.Эын мөнгө орж ирээгүйн улмаас тооцоогоо хийх нь худлаа болж, түрээсэлж байсан газраа нууцаар орхин гарч би ажилгүй болсон. Түүнээс 4 000 000 төгрөгийг зээлж авснаас 300 000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 3 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбараар, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Атэй амаар харилцан тохиролцож 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд зээлийн үлдэх үнийн дүн 3 700 000 төгрөгийн хэмжээнд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зохигчид бичгээр зээлийн гэрээ байгуулсан талаар хариуцагч маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Тус гэрээгээр хүлээсэн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3 700 000 төгрөгийг төлж барагдуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гаргуулахаар шаардах эрхтэй, мөн гэрээний 3.7 дахь заалтаар “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж талууд харилцан тохиролцсон байх тул алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцжээ.

 

5. Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Аээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 700 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж Б.Эт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутад товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Улмаар энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, С.Шарав гудамж, 00 байрны 000 тоот хаягаар мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, мөн түүний 00000000 дугаарын утсаар залгаж мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Аээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 700 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М