| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07836/И |
| Дугаар | 101/ШШ2023/00788 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/00788
| 2023 02 06 | 101/ШШ2023/00788 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК /рд:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Ш /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 324,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ш нь 2022-8-17-ны өдөр манай компанийн барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэхдээ iPhone-7 загварын гар утсыг яаралтай мөнгөний хэрэг гарсан тул барьцаанд авахыг гуйсан тул бид түүний утсыг загвар нь хуучирсан эдэлгээний маш их сэвтэй хэтэрхий хуучин тул барьцаанд авах боломжгүй гэж цааргалсан боловч Ш нь танайхыг хохироохгүй удахгүй буцаан авна гэж аргагүй байдлаа тоочин гуйсаар байсан тул таньдаг учраас түүнд итгэн 200000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Ш нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөг хүрч байна. Шийн барьцаанд тавьсан утас нь зээлийн барьцааг хангах боломжгүй урчаас бид удаа дараа өөртэй нь болон ээжтэй нь эхнэртэй нь утсаар ярьж манайхыг хохиролгүй болгохыг хэлэхэд санаа зоволтгүй удахгүй орж төлбөрөө төлж утсаа авна гэдэг байсан боловч сүүлдээ бүгдээрээ утсаа огт авахгүй өдийг хүрсэн тул үндсэн зээл 200000 төгрөг, хүү 16000 төгрөг, алданги 108000 төгрөг, нийт 324000 төгрөгийг О. Шээс гаргуулан өгнө үү.
Хариуцагч нь олон удаа үйлчлүүлж байсан. Сүүлийн удаа гар утсаа барьцаалсан. Анхнаасаа ID-тэй байсан бөгөөд гуйгаад барьцаалсан. Зээлсэн 200 000 төгрөгийг хүү, алдангийн хамт 324 000 гаргуулна. 14 хоногт 8 хувиар хүү бодохоор тооцсон. Хүү, алдангийг хэрхэн тооцсоныг мэдэхгүй гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: барьцаат зээлийн гэрээ /хх4/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 216,000 төгрөг гаргуулж, шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 16,000 төгрөг, алданги 108,000 төгрөг, нийт 324,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч О.Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчид хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Улмаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. /хх4/
Гэрээнд зааснаар iPhone7 маркийн гар утсыг барьцаалж, 200,000 төгрөг зээлсэн байх бөгөөд 14 хоногийн хугацаанд 16,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцжээ.
Ийнхүү зээлийн хүүг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т нийцсэн байна.
Түүнчлэн гэрээнд мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурагдсан бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй тул зээл олгогдож, Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.
Харин алдангийн хувьд гэрээний 2-т заасан нь алдангийн талаар талууд тохиролцсон гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, талууд анзын талаар бичгийн хэлбэрийн гэрээгээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 16,000 төгрөг, нийт 216,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч О.Шээс 216,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД