Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/03391

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/03391

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороонд байрлах, Г ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, В.Б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.      

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч В.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Голомт банк нь В.Бийн 00000000 тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн. В.Б нь одоог хүртэл дээрх мөнгөө буцааж Г ХХК-д төлөөгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл В.Б нь худалдаж авах боломжгүй боллоо гэдгээ хэлээд үйлдвэрээ орхиод явсан байсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчаас 150 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна, манайх зөвхөн зээлийн гэрээний үндсэн төлбөрийг шаардаж байгаа, хүү, алданги тооцоогүй” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Хариуцагч В.Б нь Г ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулагдах болсон үндэслэл нь Г ХХК-ийн зээлийн барьцаанд хураагдсан байсан Дархан-Уул аймагт байрлах Н ХХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийг худалдаж авах зорилготой худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Ингээд тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотод авчирсан бөгөөд Голомт банкны өөрийнх нь Амгаланд байрлах байранд аваачиж угсраад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Г ХХК нь тантай байгуулсан гэрээгээ цуцалж байна, танд зээлсэн 150 000 000 төгрөгт мод боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймгаас зөөж авчран угсарч, хэвийн үйл ажиллагаатай болгож тохируулсан ажлын хөлсөнд тооцно гэж хэлээд  буцаагаад хураагаад авч явсан. Гэтэл 2021 оноос эхлээд Г ХХК нь В.Б лүү залгаж зээлээ төл гэж холбогдож эхэлсэн. Зээлийн хугацаа 36 сар байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 0000000 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 0000000 тоот барьцааны гэрээ, зээл төлөлтийн график, В.Бийн Голомт банк дахь 0000000 тоот дансны хуулга, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02069 тоот шийдвэр, В.Бийн зээлийн өргөдөл, зээл хариуцагчийн анкет, Г ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийн үнийг төлөх хуваарь, эд хөрөнгө хүлээлцсэн акт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Голомт банк нь В.Бийн дансанд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн. В.Б нь одоог хүртэл дээрх мөнгөө буцааж Г ХХК-д төлөөгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл В.Б нь худалдаж авах боломжгүй боллоо гэдгээ хэлээд үйлдвэрээ орхиод явсан байсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчаас 150 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна, манайх зөвхөн зээлийн гэрээний үндсэн төлбөрийг шаардаж байгаа, хүү, алданги тооцоогүй” гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хариуцагч В.Б нь Г ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулагдах болсон үндэслэл нь Г ХХК-ийн зээлийн барьцаанд хураагдсан байсан Дархан-Уул аймагт байрлах Н ХХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийг худалдаж авах зорилготой худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Ингээд тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотод авчирсан бөгөөд Голомт банкны өөрийнх нь Амгаланд байрлах байранд аваачиж угсраад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Г ХХК нь тантай байгуулсан гэрээгээ цуцалж байна, танд зээлсэн 150 000 000 төгрөгт мод боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймгаас зөөж авчран угсарч, хэвийн үйл ажиллагаатай болгож тохируулсан ажлын хөлсөнд тооцно гэж хэлээд буцаагаад хураагаад авч явсан. Гэтэл 2021 оноос эхлээд Г ХХК нь В.Б лүү залгаж зээлээ төл гэж холбогдож эхэлсэн. Зээлийн хугацаа 36 сар байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан нэхий ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 300 000 000 төгрөгөөр хариуцагч В.Бд худалдахаар, хариуцагч нь хуваарийн дагуу 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар эд хөрөнгийг хүлээлцсэн байна.

 

Улмаар дээрх худалдан  авсан эд хөрөнгийн үнийг төлөхөөр хариуцагч В.Б нь нэхэмжлэгч Г ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, мөн өдрийн барьцааны гэрээгээр худалдан авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан, зээлийн гэрээний зүйл 150 000 000 төгрөгийг хүлээж авсан эсэхэд хариуцагч маргаагүй.   

 

5. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан гэрээний бус үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй.  

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний зүйл болох мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан авсан талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйлийг биет байдлаар нь буцаан авснаас хойш зээлийн гэрээний үүргийг шаардах эрх хариуцагчийн зээлийн гэрээгээр төлбөрийн зөрчил гаргасан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчид үүссэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Иймд талуудын хооронд нэхэмжлэгчийн шаардаж буй гэрээний бус үүргийн харилцаа үүссэн буюу хариуцагч В.Б Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч В.Бөөс 150 000 000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан 150 000 000 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М