Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2539002980146 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь  2025 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 45 минутын үед Хэнтий аймгийн Х  сумын 5 дугаар баг М  2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Б “архи уулаа, хүүхдүүдээ хайхарсангүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагз, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, зүүн эгэмд цус хуралт, зүүн өвдөг, зүүн шилбэний урд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 03-04, 10-11, 25-26 дахь тал),

-Хохирогч Э.Б “...2025 оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед би өөрийн найз Д , О  нарын хамт жаахан дуулж суух гээд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” гэх караоке руу өөрийн нөхөр Н  өөрийн эзэмшлийн 95-22 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлсэн. Манай нөхөр бид 3-ыг хүргэж өгчхөөд гадуур таксинд явж байгаад буцаад 22 цаг өнгөрч байх үед хүн муу байна гээд хүрээд ирсэн. Нөхрийг ирэхэд бид 3 нэг сав 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво уугаад дуусгачихсан дахиад нэг 0.5 литрийн хэмжээтэй “Агар” нэртэй архи аваад талдаа ортол нь уучихсан сууж байсан. Тэгээд тухайн архийг бид 3 уусан. Миний нөхөр Андуудад огт уугаагүй. Тэгээд бид “Андууд”-аас 23 цагийн үед гараад Хэнтий аймгийн Х  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” бааранд очсон. Тулга баарны гадаа очоод гэртээ харих гэсэн ч 2 найзтайгаа хамт явж байсан учир хамт ормоор санагдаад бид 4 хамт орсон. Тэгээд бид 4 ороод 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Агар” нэртэй архи аваад суусан. Түүний дараа нөхөр бид 2 гараад машиндаа суугаад миний нөхөр машины суудал дороос 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архи гаргаж ирээд ойролцоогоор 150-200 орчим граммыг уусан. Тэгээд бид 2 хамт баар руу орсон. Бааранд ороод нөгөө авсан архиа манай нөхөр миний 2 найзтай хувааж уусан. Би тухайн архинаас 1 хундагыг л уугаад бид 4 жаахан бүжиглэж байгаад тарсан. Тэгээд баарнаас гарахад миний нөхөр нэлээн согтчихсон над руу уурлаад байсан. Тэгээд намайг машинаас татаж буулгах үед миний зүүн хөлийн шилбэ хэсэгт шалбарсан. Тэгээд би машинаа бариад гэртээ харьсан. Гэртээ ороход миний 3 хүүхэд унтаж байсан. Харин би гэрийнхээ хойморт газраар ороо засаад орондоо ороод хэвтэж байтал манай нөхөр гэнэт сандал дээр сууж байснаа босож ирээд миний дээр гарч суугаад миний нүүр хэсэг дух руу 1 удаа, баруун нүд рүү 1 удаа цохиод үсдээд байсан. Тэгээд жаахан сэхээ өгөхөөр нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Намайг нөхөртөө зодуулж байх үед миний 3 хүүхэд унтаж байсан. Би хүүхдүүдээ сэрсэн байж магадгүй гэж бодоод харахад сэрээгүй байсан... Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү... Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Гэрч Д.О ын “...Би 2025 оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед би өөрийн 2 найз болох Б , Д  нарын хамт Б гийн нөхөр Н гаар Хэнтий аймгийн Х  суманд үйл ажиллагаа явуулдаг “Андууд” гэх караокед хүргүүлсэн. Н  бид 3-ыг хүргэж өгчхөөд жаахан таксинд явж байгаад хүрээд ирье гэж хэлсэн. Бид 3 караокед ороод 1 сав 2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво хувааж уугаад дахиж 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Агар” нэртэй архи аваад талдаа ортол нь уугаад сууж байтал Н  хүн олдохгүй байна гээд 23 цагийн үед хүрээд ирсэн. Тэгээд бид 3 нөгөө архиа ууж дуусгаад 23 цаг өнгөрч байх үед “Тулга” баар руу явсан. Бааранд очоод Н  эхнэрийгээ авч явна гээд байхаар нь би цуг жаахан сууя гэж хэлээд хамт орсон. ...Тухайн өдрийн маргааш буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед миний найз Б  Н д зодуулчихлаа гээд ирсэн... 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Намжилдорж, Б  нар их согтолттой байсан. Баарнаас гарах үед Б  нэлээн сэргэчихсэн байсан. Харин Н  их согтсон харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2.Э.Б биед баруун дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагз, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, зүүн эгэмд цус хуралт, зүүн өвдөг, зүүн шилбэний урд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

-Шүүгдэгч Б.Н-ийн “...2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х  сум 5 дугаар баг М  2-05 тоотод ...манай эхнэр бид 2 маргалдаад тэгээд би эхнэрийнхээ дээр нь гарч нүүр рүү нь цохисон байсан. Цохисноо бол санаад байгаа юм. Ийм л зүйл болсон юм... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг баримтууд болно.

Хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй, шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Б эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангаж байна.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Э.Б , шүүгдэгч Б.Н нар гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэр бүл тул дээрх хуулийн заалтад хамаарч байгаа этгээдүүд мөн.

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой. Тодруулбал, хохирогчийн биед баруун дээд, доод зовхи, хацрыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн дагз, зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, зүүн эгэмд цус хуралт, зүүн өвдөг, зүүн шилбэний урд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн 172 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Э.Б  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал) гэж мэдүүлж байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж уг ялыг Хэнтий аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас “Гэм буруугийн талаар маргаагүй буюу үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, мөн ажил хийж цалин хөлс авч хүүхдүүддээ өгдөг зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Х  сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хохирогч Э.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН