Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2022/00589

 

 

 

 

 

 

2022 12 19 156/ШШ2022/00589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  156/2022/00566/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б-ийн Тунгалагсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-ийн Тунгалагт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1.380.000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай аав ээж надаар Хэнтий зар дээр зар тавиулж элдсэн хурганы арьс заруулдаг байсан бөгөөд элдсэн хурганы арьсыг зарахаар Хэнтий зарын группт зар тавихад ******* энэ арьсыг авъя гэж манай аавтай утсаар яриад Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд Гэрэлмаа багшийнхаас ирээд ялгаж аваад явсан байсан. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******т 46 ширхэг хурганы арьсыг 1 ширхэгийн үнийг 30.000 төгрөгөөр бодож 1.380.000 төгрөгөөр өгсөн. Сүүлд ярихад эгч нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш холбоогүй болсон. Ээж, аавд өгсөн юм болов уу? гээд асуухад өгөөгүй байсан. Хааяа аавыг утсаар ярихад өгөхгүй гэж уурладаг болсон. Энэ маргаанаас болоод ээжийг маань маш хүндээр зодсон. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаад явж байгаа. Иймд 46 ширхэг элдсэн хурганы арьсны үнэ 1.380.000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан авах хүсэлттэй байна гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү болох Тунгалагсайханы нөхөр******* гэх хүнтэй ярихад 2022 оны 05 дугаар сарын 10-ны үед 45 ширхэг элдээгүй, шүүлээгүй арьс 1 ширхэгийг нь 5.000 төгрөгөөр зарна гэсэн. Би элдээгүй шүүгээгүй арьс манай суманд 1 ширхэг нь 5.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэж хэлэхэд тэгье гэсэн. Тухайн 45 арьсыг Баян-Адарга сумын төвд Гэрэлмаа гэх айлд орхисон байгаа очоод аваарай гэсэн. Би тухайн 45 арьсыг нэг бүрийн үнийг 5.000 төгрөг, нийт 225.000 төгрөгөөр авъя гэж*******тэй ярьж тохирсон. Гэтэл******* нь идэх ямаа авъя гэхэд нь би зөвшөөрсөн. Намайг Баян-Адарга сумын төв рүү явсан хойгуур манай нөхөр Батхишигээс 1 тооны соёолон насны бүдүүн эр ямаа авч явсан байсан. Би тухайн ямааг 170.000 төгрөгөөр бодож өгсөн. Мөн******* нь 2021 оны 03 дугаар сард Баян-Адарга сумын дэлгүүрээс 0.75 граммын 1 шил архи, том савтай боргио пиво хоёр, пичень, чихэр, зэргийг 65.000 төгрөгийн барааг зээлээр авахуулсан. Би энэ 65.000 төгрөгийг арьсны мөнгөөс хасаж тооцно гэхэд за гэж******* хэлсэн. Ингээд би ямааны үнэ 170.000 төгрөг, 65.000 төгрөг, нийт 235.000 төгрөгийг*******т өгсөн. Би Тунгалагсайхан,******* нарт ямар ч өр төлбөргүй юм. Тунгалагсайханы охин******* нь шүүхэд элдээгүй, шүүгээгүй арьсыг 30.000 төгрөгийг үнэтэй гэж худал хэлж нэхэмжлэл гаргаж, гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд Тунгалагсайхан, Чулуунпүрэв нарт нэг ч төгрөг төлөхгүй учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөлгч Ч.Ганпүрэвийн аав нь Тунгалагаас дэлгүүрээс 65.000 төгрөгийн бараа зээлээр авахуулсан, 170.000 төгрөгийн ямаа аваад нийт 235.000 төгрөг болсон. Энэ арьс элдээгүй арьс байсан. Тунгалаг нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төв дээр очоод 46 ширхэг арьс биш 45 ширхэг арьсыг Гэрэлмаа гэх цэцэрлэгийн багшийн гэрт байхад авсан. Чулуунпүрэв гэдэг хүнтэй наймаа хийж нэг арьсыг 5.000 төгрөгөөр тооцож 45 ширхэг арьс нь 225.000 төгрөг болж байгаа. Би 235.000 төгрөгийг төлсөн. Гэтэл 1 арьсыг 30.000 төгрөгөөр бодож 1.380.000 төгрөг нэхэмжилж байгааг нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг хэрэгт өгсөн байна.

4.1 Арьсны гэрэл зураг (хх-ийн 6 хуудас),

 

5. Хариуцагч талаас дараах баримтуудыг хэрэгт өгсөн байна.

5.1 Хариуцагчийн хариу тайлбар, гэрэл зураг (хх-ийн 12-16 хуудас) ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******сайхан нь хариуцагч *******т холбогдуулан 46 ширхэг элдсэн хурганы арьсны үнэ 1.380.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч *******т 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 46 ширхэг элдсэн хурганы арьсыг 1 ширхэгийг нь 30.000 төгрөгөөр бодож өгсөн. Одоо 1.380.000 төгрөг гаргуулна.. гэж

Хариуцагч ******* нь ... Би 45 ширхэг элдээгүй, шүүгээгүй арьс авсан. Тунгалагсайханы нөхөр*******тэй арьсыг нэг бүрийг 5.000 төгрөгөөр бодож нийт 225.000 төгрөгөөр авахаар тохирсон. Би*******т 225.000 төгрөгөөс 170.000 төгрөгт соёолон эр ямаа, 65.000 төгрөгт дэлгүүрээс бараа авч өгсөн тул одоо төлөх төлбөргүй...гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна

3.Зохигчид хурганы арьс худалдаж, худалдан авсан талаар маргаангүй хэдий ч хэнээс хэдэн тооны, ямар шинж байдалтай арьсыг хүлээлгэн өгсөн, нэг бүрийн үнэ хэдэн төгрөгөөр тооцсон гэдэг нь маргааны зүйл болж байна.

4.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч *******сайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариуцагч *******аас зарсан хурганы арьсны үнэ болох 1.380.000 төгрөгийг шаардаж байна.

5.Нэхэмжлэгч *******сайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр Б.Ганпүрэвийг оролцуулсан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... Уг хурганы арьс нь элдсэн арьс байсан, зах зээлийн ханш одоогийн байдлаар нэг ширхэг нь 30.000 төгрөг, Тунгалаг уг арьсыг авах талаар манай аав ээжтэй ярилцаж тохиролцоод надтай утсаар ярьсны дараа Баян-Адарга сумын цэцэрлэгийн баг Гэрэлмаа гэх айлд орхисон байсан арьсан дундаас ялгаад 46 ширхэг арьс аваад явсан боловч одоо болтол үнийг төлөөгүй... хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь ... Тунгалаг нь 45 ширхэг хурганы арьсыг авсан хэдий ч бүгд элдээгүй арьс байсан нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцсон, бүгд 225.000 болж уг мөнгийг *******сайханы нөхөр Чулуунпүрэвт өгсөн, одоо тооцоо дууссан хэмээн маргаж байна.

Зохигчид хурганы арьс худалдах, худалдан авахаар тохиролцсноос үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдах авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

6.Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

7.Зохигчид хурганы арьс худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон, уг тохиролцооны дагуу хариуцагч ******* 45 ширхэг хурганы арьс хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч тал бусдаас эд хөрөнгө худалдан авсан бол үнийг төлөх үүрэгтэй.

8. Хэдийгээр хариуцагч ******* нь хүлээн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага.... татгалзалтай холбоотой баримтаа зохигч өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь ямар баримтад үндэслэж нэг ширхэг хурганы арьсыг 30.000 төгрөгөөр үнэлсэн, одоо зах зээлийн ханш ийм байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай үнэлгээ, холбогдох баримтыг ирүүлээгүй, элдсэн хурганы арьсыг Гэрэлмаа гэх айлаас Тунгалаг авч явсан гэж байгаа боловч энэ тухайгаа нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... Нэг ширхэг хурганы арьс одоо зах зээлийн ханш 30.000 төгрөг байгаа.. хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч нь бусдын эд хөрөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хурганы арьсыг нэг бүрийг 5000 төгрөгөөр авахаар тохирсон, 225.000 төгрөгийг буцаан ямаа болон бараагаар төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч *******сайхан нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт хурганы арьсны фото зураг ирүүлсэн ба уг зургаар элдсэн хурганы арьс өгсөн, арьсны нэг бүрийн үнийг 30.000 төгрөг гэж тооцож нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******сайханы нэхэмжлэлтэй *******т холбогдох хурганы арьсны үнэ 1.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УРАНЗАЯА