Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч О.Болд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан хуулар овогт Оюунбатын Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201716010075 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа нүүрс тээврийн автомашиныг жолоодох ажил эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 11 дүгээр баг, 22 дугаар гудамж, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Цагаан хуулар овогт Оюунбатын Болд-Эрдэнэ /РД:РЭ91011734/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Болд-Эрдэнэ нь шунахай зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл буюу тэмээ, ямааны 158.2 кг жинтэй, 724,750 төгрөгний үнэлгээ бүхий махыг “Эм Жи ӨҮ Транс” ХХК-ийн эзэмшлийн 48-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Болд-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сараас хойш нүүрсний машин барьж байгаа. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагаан хадны “Мандах” нэртэй махны дэлгүүрээс өөрийн мөнгөөр тэмээ, ямааны мах худалдаж аваад өөрийн жолоодож явсан 48-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн машины кабинд нууж хил гаргах гэж байгаад шалгалт хийж байсан хилийн цэрэгт баригдсан. Тухайн үед би нүдний эмчилгээ хийлгэх гээд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул хурдан аргаар мөнгө олох гэж байгаад ийм хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрээ тэжээж явдаг ганц хүн нь би юм.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудаст/

Зөрчил шилжүүлэх хуудас /хх-ийн 3 дугаар хуудаст/

Эд зүйл хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 4 дүгээр хуудаст/

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудаст/

Хураагдан ирсэн махны гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудаст/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

“Ханжавхлант” мал эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудаст/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Амарзаяагийн мэдүүлэгт “....Миний ажил үүргийн дагуу энэ хэрэгт байгууллага төлөөлсөн хохирогч, нэхэмжлэгчээр намайг томилсоны дагуу байцаалт өгч байна....Надад болон манай байгууллагад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлт тогтоолуудтай уншиж танилцлаа. Хэлэх санал хүсэлт байхгүй” /хх-ийн 26 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Туваандоржийн мэдүүлэгт “...Жолооч О.Болд-Эрдэнэ нь манай компанийн үндсэн жолоооч биш бөгөөд Хятад улсдаа хариуцдаг хөтчөөс тухайн тээврийн хэрэгсэлийг хүлээн авч нүүрс тээвэрт явж байсан хүн юм. Тухайн тээврийн хэрэгсэлд мах нууж гаргах гэсэн асуудлыг өмнө нь манай компанийнхан мэдээгүй байсан...хэргийн материалтай танилцана...шүүх хуралд оролцохгүй...” /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Отгонцэцэгийн мэдүүлэгт “...Би 2017 оны 4 дүгээр сарын 23 билүү 24-ны өдөр 4 гулууз ямааны мах, 60 гаран кг тэмээний цул махыг Цагаан хадны дэлгүүрээс худалдсан нь үнэн. Би тэр өдөр дэлгүүр дээрээ өөрөө байсан ба тэр өдөр цаг нэлээд оройхон болж байхад танихгүй эрэгтэй хүн ирээд бэлэн мөнгөөр тэдгээр махыг худалдаж аваад явсан. Тэр үед манай дэлгүүр ямааны 1 кг ястай махыг 5.000 төгрөг, тэмээний цул махыг 1 кг-г нь 4.000 төгрөгөөр худалдаалж байсан. Тэр үнээр тухайн махыг худалдсан ...Надаас тэдгээр махыг худалдан авсан хүн энэ хүн мөн байна....” /хх-ийн 31-32 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Идэрбаярын мэдүүлэг...”Кабиндаа мах нууж явсан тээврийн хэрэгсэлийг Гашуун сухайт дахь Хилийн цэргийн ажилтнууд илрүүлсэн талаар мэдсэн...Малын мах экспортлохоор урьдчилан мэдүүлсэн байгууллага хувь хүн тухайн өдөр байгаагүй. Нүүрс тээврийн машинд экспортын нүүрснээс өөр зүйл тээвэрлэхийг хориглодог...”/хх-ийн 35-36 р хуудаст/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт “...Хураагдсан мах нь малын мах мөн байна. Мэдрэхүйн эрхтэний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтоцоос харахад ямаа болон тэмээний мах мөн байна.” /хх-ийн 40-41 дүгээр хуудаст/

Хөрөнгө Эстимэйт ХХК-ны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 81/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд О.Болд-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “....Би Хятад хүмүүсийн нүүрс тээврийн машиныг хувиараа жолоодох ажлыг 2016 оны 11 дүгээр сараас хойш өнөөг хүртэл хийж байгаа юм. Сая 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Цагаан хадны “Мандах” махны дэлгүүрээс ямааны 90 гаран кг, тэмээний 60 гаран кг махыг худалдан авч өөрийн жолооддог 48-24 УНЦ улсын удгаартай Нордбенз машины кабин дотор орон доороо нууж хил нэвтрэхээр явж байгаад хилийн цэрэгт баригдсан...Надад ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй тул би хил гаальд мэдэгдээгүй. Нуугаад гаргая гэж бодож махыг машиндаа авсан....Би махыг хэн нэгэнд мэдэгдэлгүй машинд нууж авч явсан. Компанийнхан тухайн явдлыг мэдээгүй. Баригдсаны дараа мэдсэн...”/хх-ийн 50-51 дүгээр хуудаст/

Шүүгдэгч О.Болд-Эрдэнийн хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 48-52 дугаар хуудаст /

Шүүгдэгч О.Болд-Эрдэнийн ам бүлийн талаарх оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/

Арилжааны банкуудаас гаргасан лавлагаа /хх-ийн 68-77 дугаар хуудаст/

Шүүгдэгч О.Болд-Эрдэнийн үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Болд-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас О.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ялын зүйл хэсэг тохирсон байна.

О.Болд-Эрдэнэ нь шунахай зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун Сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл буюу тэмээ, ямааны 158.2 кг жинтэй, 724.750 төгрөгний үнэлгээ бүхий махыг “Эм Жи ӨҮ Транс” ХХК-ийн эзэмшлийн 48-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нь  хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иймд шүүдэгч О.Болд-Эрдэнийг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч О.Болд-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

О.Болд-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Хохирогч нь О.Болд-Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, О.Болд-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн Нордбенз ND4250W362JJ маркийн 48-24 УНЦ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн кабинтай чирэгч тээврийн хэрэгсэл, 22-25 БЧ дугаартай LHT9403HHY маркийн, улаан хүрэн өнгөтэй чиргүүл тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч “Эм Жи Өү Транс” ХХК-д буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн  2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй  болгохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 158.2 кг тэмээ, ямааны махыг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр устгасан болохыг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч О.Болд-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Цагаан хуулар овогт Оюунбатын Болд-Эрдэнийг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оюунбатын Болд-Эрдэнийг 1,500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Болд-Эрдэнэд оногдуулсан 1,500 /нэг мянга таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Болд-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч О.Болд-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Болд-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 158,2 килограмм тэмээ, ямааны махыг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр устгасан болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Болд-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн Нордбенз ND4250W362JJ маркийн 48-24 УНЦ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн кабинтай чирэгч тээврийн хэрэгсэл, 22-25 БЧ дугаартай LHT9403HHY маркийн, улаан хүрэн өнгөтэй чиргүүл тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч “Эм Жи Өү Транс” ХХК-д буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн  2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Болд-Эрдэнэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Болд-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН