| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Б.Б , хохирогчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Н.Энхбаяр, шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н холбогдох эрүүгийн 2339004640289 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.Н Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр буюу 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Хэнтий аймгийн наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийх зөвшөөрөл авч ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна”,
мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
35.1 дүгээр зүйл “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх нийтлэг заалтуудыг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх, тоног төхөөрөмж буюу гурил зуурагч машиныг ажиллуулах сургалтад суугаагүй, зориулалтын хувцасгүй, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус хуушуурын газарт тогооч ажилтай Б.Б нь ажлын байрандаа ажиллаж байсан гурил зуурагч төхөөрөмжид гараа хийж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь "баруун шуу ясны хоёрлосон сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун шууны гадна хэсгийн хууларсан гүн шарх, шууны тараагуур судас, булчингийн тасрал, арьсны үхжил, арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, богтос, дунд мэдрэлийн гэмтэл, дарагдал, шуу, бугуй, сарвууны үйл ажиллагааны алдагдал, баруун эрхийг холдуулагч богино, урд булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил, зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2339004640289 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч нар: “Хохирол төлбөрийн баримтуудыг шинжлэн судалж, хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч М.Н : “...Тухайн үед би “ажлаа эртхэн дуусгая, одоо ажлаа зогсоогоод эртхэн амарна шүү” гэж хэлээд гэрээс гарч хажуугийн гэр лүү орох хооронд Б нь гараа гурил зуурагч машинд хийчихсэн байсан. Тэгээд би хашгирах чимээнээр нь буцаж гүйж орж ирсэн. Тэгээд газар хэвтүүлж, эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн өдрийн өглөө нь бол яг аюулгүй байдлаа хангаж ингэж ажиллаарай гэж зааварчилга өгсөн зүйлгүй. Гол нь ажлаа дуусга гэж хэлсний дараа ийм явдал болсон. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Эмнэлэгт очоод эгчтэйгээ ээлжлээд сахиж байсан. Сүүлд нь гэнэт эгч дүүс нь гээд хүмүүс гарч ирээд л хэл ам хийцгээж эхэлсэн. ...Би эмчилгээнд нэг ч төгрөг өгөөгүй, цагдаад өгнө гэхээр нь тэгвэл цагдаа шүүхээр нь шийдүүлээд гарсан эмчилгээний зардлыг нь төлнө гэж эгч дүүст нь хэлсэн...” гэх мэдүүлгийг,
Хохирогч Б.Б “Маш их гомдолтой байна. Эмчилгээний нэг ч мөнгө өгөөгүй. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Гар маань хатангиршсан. Өөртөө хоолоо хийгээд ч идэж чадахгүй, бүрэн асаргааны хүн болсон. Энэ байдлаас болж нөхөр маань намайг орхиод явсан. Охинтойгоо хоёулаа байдаг. Ажилтай орлоготой байсан бол гэр бүл маань бүрэн бүтэн байх байлаа. Олдог байсан орлогоо алдсан. Тухайн өдөр ажил дуусах яагаа ч үгүй байсан. Бүгд л тус тусын ажлаа хийж байсан. Намайг гурил зуурагч машин дээр ажиллуулсан. Би гурил зуурагч машин унтраатай байсан. Тэгээд л би зуурагч дотор байсан гурилаа хатуу зөөлнийг нь үзэх гээд л гараа хийсэн чинь шууд ажилчихсан. Хурууны үзүүр орчих шиг болохоор нь “унтраагаарай” гээд хашгирсан чинь тэнд байсан цахилгаанчин залуу ирээд унтраах гэж байна гээд бүр эргүүлдэг дээр нь дараад тэгээд л миний гар бүр ороод явчихсан... Ажил нь дуусах яагаа ч үгүй байсан. Энэ хүн худлаа яриад байна...” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч М.Н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт дараах бичгийн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Б.Б гийн “...Түүний дараа амарч байгаад 2023 оны 7 дугаар сарын 25-ны өглөө Хэнтий аймгийн 100 жилд хуушуур хийнэ гээд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу Н тоног төхөөрөмж болон надаас гадна өөр 10 орчим хүмүүсийн бүрэлдэхүүнтэй гараад очиж ажилласан. Тэгээд эхний 2 хоног бол хэвийн ажиллаж байгаад 3 дахь өдөр нь буюу 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагийн үед бид нар босоод гэрт орж Н захирал ажил хуваарилаад намайг гурил зуурагч машинд гурил зуураарай гэж хэлсэн. Тэрний дагуу би гурилаа зуурч орхичхоод хуушуур хийж шараад дахин гурил хэрэгтэй болохоор нь би гурил зуурагч машинд үлдээсэн зуурсан гурилаа гаргах гээд нэг холиод гаргая гэж бодоод гурил зуурагчаа асаагаад дотор нь байсан гурилаа хольчхоод эргүүлж гурил зуурагч машиныг унтраагаад зуурагч машин дотор байгаа гурилын хатуу зөөлнийг үзэх санаатай баруун гараа хийж үзтэл гурил зуурагч машин нь гэнэт асчихсан. Тэгээд миний хурууны үзүүр хэсэг гурил зуурагч руу орчих шиг болохоор нь би тэнд байсан хүмүүст “миний гарын үзүүр хэсэг зуурагч машин дотор орчих шиг боллоо унтраагаад өгөөрэй” гэж хэлтэл цахилгаанчин Магнай гэх залуу гүйж ирээд гурил зуурагч машиныг унтраадаг тал руу нь биш асаадаг тал руу нь сандарсандаа дараад нөгөө машин нь бүүр ажиллаад миний гар гурил зуурагч машины доогуур орж 3 яс хугарч мах нь язарч яс нь гараад ирчихсэн байсан. Тэгээд тухайн үед осол болсны дараа харахад гэрт байсан хүмүүс бүгд гараад явчихсан надад туслах хүн үлдээгүй байхаар нь би орилж байгаад цагдаа онцгой, эмнэлэг дуудуулж удалгүй цагдаа онцгой эмнэлгийнхэн ирээд миний гарыг салгаж эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед болон өмнө нь ч тоног төхөөрөмжүүд ажиллуулахад Н захирал надад болон тэнд ажиллаж байсан ажилчдад ямар нэг тоног төхөөрөмж дээр ажиллах зааварчилгаа өгч байгаагүй. Мөн тэр үед гэр дотор байсан бүх тоног төхөөрөмжүүд нь нэг тогноос залгагдсан байсан учраас тог нь хэлбэлзээд байсан. Тухайн үед би тэр гурил зуурагч машины асаадаг унтраадаг чихэвчийг өөрөө унтраачхаад дараа нь гурилынхаа хатуу зөөлнийг үзэх санаатай гараа хийгээд гурилыг татаж үзэхэд гэнэт машин нь гацсан байснаа асаад хөдөлж миний баруун гарын үзүүр хэсэг орчихсон нь мэдрэгдэхээр нь би тэнд байсан хүмүүст гар орсон талаараа хэлсэн. Би энэ осол болсон шалтгааныг бид нарт нэг ч удаа тэр тоног төхөөрөмж дээр ажиллах зааварчилгаа зөвлөгөө өгөөгүй мөн тэнд олон төхөөрөмж зэрэг ажиллуулаад тэр төхөөрөмжүүдээ нэг тогонд бүгдийг нь залгачихсан байсан учраас тэр нь хэлбэлзээд осол болсон гэж үзэж байгаа. Энэ ослоос болоод миний баруун гарын 3 яс хугарч, булчин тасарч арьс нөхөх, ясаа цавуу тавьж хадуулж наалгасан, булчин шөрмөс цэвэрлэх гэх мэт 5-н төрлийн хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн одоо цаашдаа судас шөрмөс залгуулах хагалгаанд орохоор төлөвлөгдөөд хүлээж байна. Осол болсны дараа захирал Н надад цалин гэж 600,000 төгрөг, эмчилгээндээ зарцуулаарай гэж 400,000 төгрөг өгсөн. Тэгээд намайг Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлэхэд менежер гээд М гэдэг эмэгтэй намайг 3 хоног сахиж байгаад тэр чигтээ алга болсон. Тэрнээс хойш утсаар огт холбоо бариагүй байж байгаад сая 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр над руу "Goo munhorgil" гэх хаягаас hi гэж чат биччихээд 99095820 дугаараасаа залгасан байсан. Өөр холбогдож уулзсан зүйл байхгүй алга болсон. Нэмж хэлэхэд тухайн үед Хэнтий аймагт ирээд гэр барьж тоног төхөөрөмжүүдээ байрлуулахад тэр гурил зуурагч машины унтрааж асаадаг товчлуурыг машин дээрээ ойрхон байрлуулах ёстой байтал газарт доор байрлуулснаас болж би тэр үед товчлуур руу хүрэх боломжгүй болсноос үүдэж энэ осол болсон гэж үзэж байна... Би энэ хэрэг болсноос хойш сэтгэл зүйн болон бие махбодын хувьд маш их хохирол амсаж байна, харахад л гартай юм шиг харагдаж байгаа гэхдээ миний гар хуруу хэвийн урдынх шигээ ажиллахгүй маш их хэцүү байна. Осол болсноос хойш 6 сарын дараа группэд орно гэж хэлсэн. Одоо бол хүний асаргаанд байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-43 дугаар тал),
-Гэрч Д.У “...2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг руу очоод гэр бараагаа барьж бэлтгэл ажлуудаа хийгээд дараа нь 26, 27-ны өдрүүдэд Хэнтий аймгийн 100 жилд хуушуур хийх 2 гэр ажиллуулсан. 26-ны өдөр 4 жолооч 4 туслахын хамт хэвийн ажил явагдсан. ...Б ихэвчлэн гурил зуурч байсан. Тэгэхдээ ачаалал бага үед болохоор Б гараараа зуурч, ачаалал их үед гурил зуурагчаар зуурч байсан. Тэгээд яг тэр осол болох үед бол 4 тогооч ширээ тойроод үлдэгдэл махаараа хуушуураа хийж байтал цаад талд гурил зуурагч машин дотор ойролцоогоор 3 кг гурил зуурагдаж байхад Б юу юугүй гүйж очоод гурил зуурагчид зуурагдаж байсан гурил руу гараа хийгээд гурил самардаж “гараа оруулчихлаа” гээд орилохоор нь би зүрх муутай учраас айгаад гарч гүйгээд цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаныхан дуудуулсан. Тэгээд албаныхан ирээд гарыг нь салгаж эмнэлэг рүү хүргүүлсэн... Тэр үед цахилгаанд 2 хөлдөөгч, гурил зуурагч машин асаалттай залгаатай байсан. Энэ бүгд нь тус тусдаа залгуурт залгаастай байсан... Онцгой байдлын газрынхан манайх 2 өдөр үйл ажиллагаа явуулж хуушуур хийхэд орж ирээд заавар зөвлөмж өгч болгоомжтой ажиллахыг анхааруулж байсан. Мөн 4 тогооч нь дөрвүүлээ өмнө нь ажиллаж байсан туршлагатай Б тэр тусмаа ширхгийн хоолны тогооч байсан хүн. Ийм төхөөрөмж дээр ажиллаж байснаа мөн хуушуур хийх харьцах зэргийг сайн мэддэг туршлагатай хүн байсан. Ер нь гурил зуурагч машины гурил зуурагдсаны дараа доош нь харуулж байгаад гурилаа асгаж авдаг юм. Б болохоор гурил зуурагч машинаа доош нь болгохгүйгээр дээрээс нь авдаг байсан. Тэр осол болохоос өмнө нь ч тэгж авч байхаар нь би болохгүй гэдгийг ч хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-Гэрч Ш.Б “...Миний бие 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр хуушуур хийж байгаа Н захиралтай гэрийн тог цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан... Тухайн осол болох үед ямар нэг байдлаар тогны хэлбэлзэл болсон зүйл байхгүй. Би үйл ажиллагаа эхлэхээс өмнө тогны монтажийг хийсэн. Тэгэхэд тухайн орон нутгийн инженерүүд ирж шалгаж болсон байна гэж үзээд төв шийдэнд холбож өгсөн... Тухайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө захирал Н нь аюулгүй байдлаа хангах талаар зааварчилгаа өгсөн. Тэгээд тоног төхөөрөмжүүдийг хэн хэнд хариуцуулж өгсөн талаар мэдэхгүй байна. Би зөвхөн тог цахилгааны тал дээр аюулгүй байдлыг хангаж ажилласан... Би тухайн үед нэг өдрийн 100,000 төгрөгийн цалин авч байсан. Тэгээд захирал Н нь бүх ажил дууссаны дараа хуушуурын гэрээ машинд ачиж дуусгаад бэлэн мөнгөөр цалин өгсөн. ....Би тухайн үед гэрийн баруун талд нь хол байсан. Гэнэт тогооч эгч орилоод явчихсан. Тухайн гурил зуурагчийг би унтрааж асаах товчлуурыг мэддэг учир унтрааж өгсөн. Тухайн гурилын зуурагчийн асаах болон унтраах товч нь шууд дардаг биш эргүүлж дардаг учир би унтраасан... Тухайн үед тог хэлбэлзэж салсан асуудал байхгүй. Өөр цахилгаанаар ажилладаг зүйлүүд байсан ямар нэгэн тог хэлбэлзээд байгаа асуудал байхгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-56, 58-59 дүгээр тал),
-Гэрч С.М-ын “...2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам болж байсан ба миний ажиллаж байсан рестораны захирал Н наадмаар хуушуур хийнэ гээд 3 тогооч, 5 туслах ажилтан нарын хамт хуушуур хийхээр явсан. Тэндээ очоод гэрээ бариад хуушуураа хийдгээрээ хийцгээсэн ба 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн үед гэр дотор эмэгтэй хүн орилох чимээ гарсан тэгээд гайхаад орсон чинь тогооч Б нь гурил зуурдаг машин дотроо гараа хийсэн байсан. Тэгээд би ойртож хараагүй ба шууд гараад цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэр үед эмнэлэгт очоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн тэр үед нь би сахиурт нь байсан. Тэгэхдээ “та яаж байгаа юм бэ, гурил зуураад дуусгаад авахгүй яасан юм бэ” гэхэд “харин тийм ээ, миний буруу болчихлоо” гэж хэлж байсан. ...Та ажил дуусаад байхад яагаад дахин гурил зуурч байгаа юм бэ гэхэд маргааш нь амар шүүдээ амарсан гурилаар хуушуур хийхэд амар гэж хэлсэн...Тогны хэлбэлзэл болоогүй. Үйл ажиллагаа нь энгийн явж байсан. Тухайн үед Н захирал тэр орой нь бид нарт хандаж өнөөдөр хангалтай сайн ажлаа хийлээ хэдүүлээ 100 жил гээд ирсэн юм чинь залуучууд нь шоу үзнэ биз харин “хөгшин настайнууд нь усанд орж саунд орцгооё” гээд ярилцаад гарч ирээд удалгүй дээрх асуудал гарсан... Өглөө ажил эхлэхээс өмнө мэргэжлийн бус туслах ажилтнууд нь огт тэр тоног төхөөрөмж, халуун тос, газ зэрэгт ойртохгүй шүү. Харин мэргэжлийн тогооч нар нь тусгай тоног төхөөрөмждөө ойртож ажиллаа болгоомжтой хийгээрээ гэж хэлдэг байсан... Ажил эхлэхээс нь өмнө Онцгой байдлын газраас орж ирээд аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгдөг байсан. Мөн захирал Н нь хүртэл байнга хэлж сануулж байсан... Би менежерээр ажиллахаар явсан тухайн үед нь хувь тохироод явахаар болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-Гэрч Ж.Н-н “...Миний бие 2023 оны 7 дугаар сарын /хэдний өдрийг санахгүй байна/ хуушуур чимхэж, элдэх ажил хийхээр Хэнтий аймаг руу манай нагац эгч М , тогооч эгч нар, захирал Н , бусад ажилчдын хамт явсан. Тэгээд Хэнтийн аймагт очоод 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам болж байсан тухайн баяр наадмын талбай дээр гэр барьж хуушуур зарж борлуулах ажил эрхэлж байсан... Тухайн тогооч Б г гурилын машинд гараа хийх явцад ямар нэг байдлаар тогны хэлбэлзэл болсон зүйл байхгүй. Үйл ажиллагаа эрхэлж байх үед цахилгаанчин орж ирж тог цахилгааныг тогтмол шалгаж байсан... Тухайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө захирал Н нь бүх ажилчдыг суулгаж байгаад гурилын машиныг зөвхөн тогооч нар л ашиглана бусад хүмүүс өөр өөрсдийн хийх ёстой ажлыг хийнэ гэж хэлж байсан. ...Тогооч Б нь өөрөө анхнаасаа би зөвхөн гурил зуурах машин ажиллуулна бусад хүмүүс өөрсдийнхөө хийх зүйлээ хийгээрэй гэж хэлж байсан. Өөр нэг тогооч нь махаа бэлтгэж амталж, шарах ажлыг хийж байсан. Тэгээд Ц тогооч нь зуурсан гурилын таслах чимхэж элдэх ажлыг хийж байсан. Тэгээд Э тогооч гурил элдэх гэх мэт ажлуудад тусалдаг тогооч байсан. ...Тэгсэн Б тогооч өөрөө сайн дураараа гурилын машинд гурилаа зуурч хийгээд ажиллаж байгаа гурилын машин руу гараа хийгээд байсан. Тэгсэн захирал Н г гарч явснаас хойш тогооч Б гурилын машин ажиллуулж байгаад эргэж байгаа гурилын машинд гараа хийсэн байсан. Би яг гараа яаж хийсэн талаар хараагүй. Миний ард гурил зуурдаг машин байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
-Гэрч Б.А-ын “...2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам болж байсан. Тухайн үед Н эгчийн ажиллуулаг ресторанд манай ээж М менежерийн ажил хийдэг юм. ...Тэндээ Хэнтий аймгийн наадмын талбай дээр гэрээ бариад хуушуураа хийгээд 2 хоносон. Тэр үйл явдал 3 өдөр нь буюу 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нь болсон. Бид хэд ажлаа дуусгаад хүн ирэхгүй болсон байсан учир Н эгч үлдсэн хэдэн хуушуураа зарж дуусгаад явж шоу үзье гэж хэлсэн тэгсэн. Тогооч эгч Б эгч тэр үед гурил зуурах гээд гурил зуурдаг машинаа ажиллуулаад зуурсан. Тэгсэн гурил зуурдаг машин нь ажиллаж байхад өөрөө гараа хийгээд давхар зуураад байдаг байсан. Тэнд байсан тогтооч эгч нар чи давхар битгий гараа хийгээд зуураад бай, дууссаных нь дараа гурилаа авалдаа гэж хэлсэн. Тэгсэн гэнэт сонин чимээ гарсан тэгээд эргээд хартал гараа зуурдаг машин дотор хийсэн байдалтай орилоод байсан. Тэр үед нь яг гаднаас Магнай ах орж ирээд тогийг нь шууд салгасан тэгээд цагдаа, түргэн дуудсан... Тогны хэлбэлзэл болоогүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
-Гэрч М.С-н “...2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам болж байсан. Тэгээд би Хэнтий аймгийн баяр наадмын үеэр наадмын талбай дээр нь хуушуур хийж борлуулах ажлын иргэдтэй харьцаж борлуулах ажлыг зохион байгуулсан... Тухайн осол болох үед ямар нэг байдлаар тогны хэлбэлзэл болсон зүйл байхгүй. Тухайн үйл ажиллагаа эрхэлж байхад цахилгаанчинтай явж байсан учир ямар нэг асуудал гараагүй... Тухайн ажил эхлэхээс өмнөх өдрүүдэд захирал Н нь газ болон гурилын машинтай мэддэг хүмүүс нь харьцана шүү, мэдэхгүй хүмүүс хэрэглэхгүй шүү гэж хэлээд тухайн тоног төхөөрөмжүүдтэй ажиллаад сурсан хүмүүс нь ажиллана гэж хэлсэн. Тэгсэн Б эгч нь энэ гурилын машинтай би ажиллаж мэддэг би ажиллана гэж хэлж байсан санагдаж байна... “ гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар тал),
-Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Э-гийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/01 дугаартай
Хариулт-1 “Пийк энержи” ХХК-ийн захирал М.Н нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр (Green house restaurant) үйл ажиллагаа явуулахаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу тогоочоор Б.Б г ажилд авсан байна. “Хурд худалдаа үйлчилгээний төв”-д үйл ажиллагаа явуулах ажлын байр засвартай, шаардлагатай тоног төхөөрөмж бэлэн болоогүй шалтгаанаар тухайн ажилтнаар өөр өөр ажил үүргийг гүйцэтгүүлж байсан байна.
Улсын баяр наадам болж энэ үеэр ажил олгогч, ажилтан хоорондоо тохиролцоод хүй 7 худаг болон Хэнтий аймгийн 100 жилийн ойгоор наадмын талбайд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр ажилтан Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн хооронд хуушуурын тогоочоор ажиллаж байхдаа гурил зуурагч машинд гараа хийж, осолд өртөж гэмтэл авсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг гэж тодорхойлсон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасан тул уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн. (гэрчийн мэдүүлгүүд, аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 37/348 тоот, баяр наадмын зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ)
Хариулт-2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу тус аж ахуйн нэгжийн ажил олгогч М.Н хариуцна. Мөн ажилтан Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн үүргийг биелүүлээгүй байна. (гэрчийн мэдүүлгүүд, улсын бүртгэлийн гэрчилгээний 2 дахь хуудас, хохирогчийн мэдүүлэг)
Хариулт-3 “Мөнх-оргил Н ”-ийн нэр дээр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үед олгох түр зөвшөөрөл (хоол үйлдвэрлэл 2023.07.27-28 эрхийг) 2023.07.27-2023.07.28-ний өдрүүдэд олгов” гэсэн зөвшөөрлийг цахимаар авсан. Хэнтий аймгийн мал эмнэлгийн лабораторид “Грийн хаус” гэсэн нэр дээр махны шинжилгээ өгч лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас авсан зэрэг нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зохих зөвшөөрлийг авсныг нотолж байна.
2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу М.Н , Б.Б болон өөр бусад хүмүүс уулзаж, Б.Б тай сарын цалинг 2 сая төгрөгөөр, ажлын цагийн хуваарь зэргийг тохирсон, мөн рестораны үйл ажиллагаа эхлээгүй байсан тул захирал М.Н гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу засвар болон цэвэрлэгээ гэх мэт ажлыг хийж байсан гэх харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байгаа тул М.Н болон Б.Б нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг баталж байна. (гэрчийн мэдүүлэг М.Н , гэрчийн мэдүүлэг Д.У , хохирогч Б.Б гийн өргөдөл)
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасны дагуу Б.Н нь ажил олгогч, Б.Б нь ажилтан мөн. (гэрчийн мэдүүлгүүд хавтаст хэрэг дахь шинжилгээний хуудас, зөвшөөрөл, гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ)
Хариулт-4 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тогооч авах зарын дагуу М.Н , Б.Б болон өөр бусад хүмүүс уулзаж, Б.Б тай сарын цалинг 2 сая төгрөгөөр, ажлын цагийн хуваарь зэргийг тохирсон, мөн рестораны үйл ажиллагаа эхлээгүй байсан тул харилцан санал солилцож, зөвшилцөөд Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн баяр наадмын үеэр наадмын талбай дээр хуушуур хийсэн гэх харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байгаа тул М.Н болон Б.Б нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг баталж байна. (гэрчийн мэдүүлэг М.Н , гэрчийн мэдүүлэг Д.У , хохирогч Б.Б гийн өргөдөл)
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж заасны дагуу Б.Б нь “ажилтан” мөн бөгөөд тухайн өдөр хуушуурын тогооч ажиллахдаа “гурил зуурах үүрэгт ажлаа хийж байсан байна. (гэрчийн мэдүүлэг М.Н , гэрчийн мэдүүлэг Д.У , хохирогч Б.Б гийн өргөдөл)
Хариулт-5 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зарын дагуу М.Н . Б.Б болон өөр бусад хүмүүс уулзаж, Б.Б тай сарын цалинг 2 сая төгрөгөөр, ажлын цагийн хуваарь зэргийг тохирсон, мөн рестораны үйл ажиллагаа эхлээгүй байсан тул захирал М.Н гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу засвар болон цэвэрлэгээ гэх мэт ажлыг хийж байсан гэх харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж байгаа тул М.Н болон Б.Б нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг баталж байна. (гэрчийн мэдүүлэг М.Н , гэрчийн мэдүүлэг Д.У , хохирогч Б. Б гийн өргөдөл)
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж тус тус заасны дагуу Б.Н нь ажил олгогч, Б.Б нь ажилтан мөн.
Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу ажил олгогч М.Н нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэгтэй.
Хавтаст хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар холбогдох журам, заавар байхгүй тул хариулах боломжгүй байна.
Хариулт-6 Ажилтан Б.Б г хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах, нөхцөлөөр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу ажил олгогч М.Н хангах үүрэгтэй.
Хариулт-7 Ажил олгогч М.Н нь ажилтан Б.Б г тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн эсэхийг шалгалт авч тогтоогоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилсан болон анхан шатны зааварчилгаа өгөөгүй зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн.
Ажилтан Б.Б нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх, тоног төхөөрөмж буюу гурил зуурагч машиныг ажиллуулах сургалтад суугаагүй, зааварчилгаа аваагүй байхдаа тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн.
Мөн ажилтан нь тухайн ажлыг хийж гүйцэтгэж байхад “цахилгааны хэлбэлзэл гарсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй” гэж өргөдөлд дурдсанаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д “ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэсэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. (гэрчийн мэдүүлгүүд, улсын бүртгэлийн гэрчилгээний 2 дахь хуудас, хохирогчийн өргөдөл)
Хохирогч Б.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын хөлсийг амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэсэн байна. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж зааснаар Б.Б , “Пийк энержи” ХХК-ийн захирал М.Н нарын хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Иймд “Пийк энержи” ХХК-ийн захирлын тушаалаар байгуулагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь тухайн ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу судлан бүртгэж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулах үүрэгтэй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 78-81 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дугаартай “1.Б.Б гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, сэтгэл гутралын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлд хамаарна. 2.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 84-85 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 716 дугаартай “...Хохирогч Б.Б /ТЯ7808......../-н сэтгэцэд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS:F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт ( 2 дахь хавтаст хэргийн 129-131 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т-ын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 560 дугаартай “1.Б.Б гийн биед баруун шуу ясны ил хугарал, шууны зөөлөн эдийн дутмагшил бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.6.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 239-241 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Т-ын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаартай “1.Б.Б гийн биед баруун шуу ясны ил хугарал, шууны зөөлөн эдийн дутмагшил бүхий шарх, баруун эрхийг холдуулагч богино булчин, эрхийг холдуулагч урт булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.6.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, төгсгөлөөс хамаарна. 8.2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №560 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 62-65 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 941 дугаартай “1.Б.Б гийн биед баруун шуу ясны хоёрлосон зөрүүтэй сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун шууны гадна хэсгийн хууларсан гүн шарх, шууны тараагуур судас, булчингийн тасрал, арьсны үхжил, арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, богтос, дунд мэдрэл (n.radialis, n.ulnaris, n.medianus)-ийн гэмтэл дарагдал, шуу, бугуй, сарвууны үйл ажиллагааны алдагдал, баруун эрхийг холдуулагч богино, урт булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил, зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.7.8.9.10.11.Баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 7.68.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40 хувь тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 73-78 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1050 дугаартай “1.Б.Б гийн биед баруун шуу ясны хоёрлосон зөрүүтэй сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун шууны гадна хэсгийн зүсэгдсэн хууларсан гүн шарх, шууны тараагуур судас, булчингийн тасрал, арьсны үхжил, арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, богтос, дунд мэдрэл (n.radialis, n.ulnaris, n.medianus)-ийн гэмтэл дарагдал, үйл ажиллагааны алдагдал, баруун эрхийг холдуулагч богино, урт булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил, зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.6.7.Баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 7.68.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40% тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 8.Б.Б гийн баруун гарын гэмтэл нь Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40%-иар алдагдуулсан нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.8- д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу /35-100 хувь/ тогтонги алдагдуулах гэмтэлд хамаарна. 9.Б.Б гийн баруун гарын гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.5-д тухайн гэмтлээс үүссэн үлдэц уршигт гэмтэл, 4.5.2-т заасан зарим эрхтэнгүй болох эсхүл тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн алдагдах заалтад хамаарахгүй. 10.Б.Б гийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр: Шууны түвшинд мэдрэл гэмтэх оношоор 10-48 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-иар 12 сараар тогтоосон нь Шүүх эмнэлгийн шинжилгээний Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.8 дугаар зүйлд заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан шалгуур шинж бүхий гэмтлүүдээс эрс ялгаатай ойлголт болно” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 82-88 дугаар тал),
-Пийк энержи ХХК-ийн 000240705 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 84-85 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хууль зүйн дүгнэлтийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч М.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.
Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Эрдэнэцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/01 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч М.Н г Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” мөн гэж, хохирогч Б.Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ажилтан” мөн гэж тус тус зөв тодорхойлсон байх ба ажил олгогч М.Н болон ажилтан Б.Б нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно.
Хохирогч Б.Б нь Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр буюу 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн хооронд хуушуурын тогоочоор ажиллаж байхдаа гурил зуурах тоног төхөөрөмжид гараа хийж, осолд өртөж гэмтэл авсан буюу үйлдвэрлэлийн осолд өртсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Тодруулбал, тухайн үед ажил дуусаагүй, хуушуураа хийх ажил үүргээ биелүүлж байсан болох нь гэрч Д.У , Ш.Батмагнай, С.М , Ж.Номин, Б.Ариунжаргал, М.Солонгоо нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч “Тухайн үед би ажлаа одоо дуусга, тарцгаая” гэж хэлээд гарсан гэх мэдүүлэг бүрнээ няцаагдсан болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан байдаг.
Энэ хэргийн тухайд нэгэнт ажил олгогч гэж тодорхойлогдсон шүүгдэгч М.Н хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг хариуцахаар байна.
Мөн ажилтан Б.Б г Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024/01 дугаартай дүгнэлтээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хохирогч Б.Б нь “тухайн үед тогны хэлбэлзэлтэй байсан, гэнэт унтраатай байсан гурил зуурагч машин ажиллаж эхэлсэн” гэж мэдүүлж байгаа боловч тогны хэлбэлзэлтэй байсан, эсхүл байгаагүй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй тул энэхүү мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм.
Гэвч хэрэгт Галын аюулгүй байдлын 0010809 дугаартай дүгнэлт авагдсан нь Нийслэлийн Онцгой байдлын газрын дүгнэлт байх бөгөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын албанаас олгогдсон дүгнэлт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хохирогч Б.Б гийн “бидэнд ямар ч зааварчилгаа зөвлөмж өгөөгүй, сургалт явуулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн талаар гарын үсэг зуруулаагүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан.
Шүүгдэгч М.Н нь хэдийгээр “Болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай” гэж байнга сануулж байсан гэж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй, гурил зуурагч тоног төхөөрөмжтэй хэрхэн, яаж ажиллах талаарх заавар, зөвлөмжийг тоног төхөөрөмжийн ойр байршуулаагүй, төхөөрөмжийг унтраах, асаах товчлуурыг ажилтан гар хүрэх газарт байрлуулаагүй зэрэг нөхцөл байдалд ажилтныг ажиллуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд “баруун шуу ясны хоёрлосон сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, баруун шууны гадна хэсгийн хууларсан гүн шарх, шууны тараагуур судас, булчингийн тасрал, арьсны үхжил, арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, богтос, дунд мэдрэлийн гэмтэл, дарагдал, шуу, бугуй, сарвууны үйл ажиллагааны алдагдал, баруун эрхийг холдуулагч богино, урд булчин, чигчийг холдуулагч булчингийн хатангиршил, зөөлөн эдийн дутмагшил, баруун шуу, бугуйн үйл ажиллагааны хүндрэлтэй үйл ажиллагааны хүндрэлтэй байрлалын алдагдал бүхий хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 78,949,182 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд:
-хэрэгт хавсаргасан И-баримтууд, дансны хуулгаар гарсан зарлагын баримтууд 8,508,386 төгрөг,
-ажилгүй байсан хугацааны цалин 16,368,000 төгрөг,
-Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэж үзэж нэг сарын дундаж цалин 2,000,000 төгрөгийг долоо дахин нэмэгдүүлэн 14,000,000 төгрөг,
-сэтгэцэд учирсан хор уршиг 4 дүгээр зэрэглэлээр үнэлэгдсэн байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 36,424,080 төгрөг болно” гэжээ.
Улсын яллагчаас “Баримтаар нэхэмжилсэн хохирол, хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирол, хор уршгийг гаргана байх” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч нараас “Дээрх хохирол хор уршгийг хуульд заасан журмаар нэхэмжилж байгаа. Шүүгдэгч хохирогчид нэг ч мөнгөн тусламж үзүүлээгүй. Хохирогч хэчнээн сэтгэл санааны хүчтэй шаналал, зовуурь амссан гэдгийг үгээр илэрхийлэх боломжгүй” гэж,
Шүүгдэгчээс “Би ийм зүйл болсонд үнэхээр харамсаж явдаг. Шүүхээс шийдвэрлэсэн мөнгөн дүнг хохирогчид би төлнө. Би ч гэсэн бие муу, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад сая гарсан. Чадлаараа мөнгийг нь төлнө” гэж,
Хохирогчоос “Надад үнэхээр хэцүү байгаа. Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх магадлалтай гэсэн хариу авсан. Монголд эмчилгээ хийлгэхээр бүрэн эдгэрнэ гэсэн найдвар төрөхгүй байгаа, үр дүнд хүрэхгүй байна. Өдөр болгон шахуу гараа энэ байгаагаасаа дордуулчихгүй гэсэндээ бариа засал хийлгэж байна. Тэр болгонд мөнгө зарцуулагддаг” гэж тус тус тайлбар, дүгнэлтээ гаргасан болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү нотлох баримтад тулгуурласан, бодит байдалд нийцсэн байх учиртай.
Хохирогч Б.Б нь хэргийн материалд хохиролтой холбоотой шууд нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд нийт 8,508,386 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс гаргуулахаар,
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 716 дугаартай дүгнэлтээр “Дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарч байгаа талаар (2 дахь хавтаст хэргийн 129-131 дүгээр тал) дүгнэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолоор “Дөрөвдүгээр” зэрэглэлд учирсан хор уршгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоохоор байна.
Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /энэ шийдвэр гарах үеийн тогтоосон хэмжээ/ 792,000 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 31,680,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч М.Н гоос гаргуулж хохирогч Б.Б д олгуулахаар тус тус шийдвэрлэв.
Сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шүүх тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч болон хохирогч хэн аль нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг зөрчсөн нөхцөл байдал, мөн хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлийнхээ улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалтай байгаа зэрэг хүндрэлтэй асуудал байгаа зэргийг харгалзан дээрх хэмжээгээр тогтоосон болохыг дурдав.
Иймд шүүгдэгчээс нийт 8,508,386+31,680,000=40,188,386 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгохоор шийдвэрлэсэн болно.
Харин ажилгүй байсан хугацааны цалин 16,368,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэж үзэж нэг сарын дундаж цалин 2,000,000 төгрөгийг долоо дахин нэмэгдүүлэн 14,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заажээ.
Хохирогч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нэг сарын дунджийг хэрхэн тооцож байгаа нь тодорхойгүй байна.
Иймд хохирогчоос нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 16,368,000 төгрөг + үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэж үзэж нэг сарын дундаж цалинг долоо дахин нэмэгдүүлэн 14,000,000 төгрөг=30,368,000 төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар, холбогдох нотлох баримтын хамт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн түүнчлэн хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тохиолдолд холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохгүй дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон тул хохирол, хор уршгийг нөхөн төлөх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох ач холбогдолтой талаар тайлбарлан түүний саналыг асуухад тэрээр ажлын 5 хоногт хохирол нөхөн төлөх боломжгүй гэжээ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Н г нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Пийк энержи” ХХК-ийн хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах саналтай” гэж,
Хохирогч нарын өмгөөлөгч нараас: “Хохирол төлбөрөө нөхөн төлөөгүй байгааг нь харгалзах нь зүйтэй” гэж тус тусын саналаа гаргасан бол,
Хохирогч: “гомдолтой байна” гэж,
Шүүгдэгч эцсийн үгэндээ “Хохирогчид учирсан хохирлыг би төлнө, эрүүл мэндийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хариуцлагын талаар хуульчилсан.
Шүүгдэгч М.Н нь “Пийк энержи” ХХК /РД:6805531/-ийн захирлаар ажилладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000240705 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд тус компани нь “интерьер, экстерьер дизайн хийх; авто машинаар ачаа тээвэрлэх; хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа; хүргэлтийн үйлчилгээ; катерингийн үйлчилгээ; онлайн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
Хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байх тул шүүгдэгчийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаанаас “хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ” явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хувийн байдал, нэн ялангуяа хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгах боломжийг олгох үүднээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Пийк энержи” ХХК-ийн хүргэлтийн үйлчилгээ, катерингийн үйлчилгээ явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч М.Н д оногдуулсан эрх хязгаарлах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг нийт 40,188,386 /дөчин сая нэг зуун наян найман мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б д олгосугай.
7.Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН