Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05222

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ж.Х нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Х холбогдох

60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төрболд, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Ц.Х холбогдуулан 60,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Ж.Х би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз Ц.Х Төлбөр барагдуулах гэрээ хийсэн тус гэрээний агуулга: Хамтарсан бизнесийн хөрөнгө оруулалтын төлбөрийн мөнгөнд буцаалтад зориулж төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөг төлөх тухай гэрээнд дурдсанаар 2016 оны 05 дугаар 05-нд 8,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр 01-нд 32,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй болно. Мөн гэрээний үүрэгт төлөгдөөгүй хоног тутамд үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцох талаар дурдсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед хаяг дээрээ оршин суудаггүй хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00479 дугаар шийдвэрт Б аймгийн Цагдаагийн газарт эрэн сурвалжлах даалгавар өгсөн боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй.

Энэ хугацаанд Ц.Х луу удаа дараа залгаж хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн боловч хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбарыг сая сонслоо. Эдгээр хүмүүс гэр бүлийн найзууд байсан. Хариуцагчаас 3,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, харин 12,000,000 төгрөгийг бол хүлээн аваагүй гэж надад хэлсэн. Алдангиас татгалзсан. Хариуцагч Олон жил өнгөрсөн болохоор мартсан байж болно. Өөрсдөө шилжүүлсэн гэж байгаа бол баримтаа аваад ирвэл хасаж болно гэж хэлээд байгаа гэтэл өнөөдрийг хүртэл баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн гарын үсэг зурсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирэхгүй, баримтаа ирүүлэхгүй шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани хятадуудтай хамтран махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Эрүүгийн цагдаагийн газраас манай компани намайг мөнгө угаасан гэх үндэслэлээр 3 жил шалгасан. Энэ хооронд би бүх зүйлээ алдсан. Намайг утсаа авахгүй байна гэж байна. Би 9911-тэй дугаар барьж байсан. Цагдаад шалгагдаж байх хугацаанд уг дугаарын зээлийн үүрэгт төлсөн, тэгээд дугаараа сольсон. Хүнээс мөнгө авсан болохоор би өгнөө. 3,000,000 төгрөгийг хүүд нь хороололд аваачиж би өөрөө өгсөн, 12,000,000 төгрөгийг манай эхнэр Хүрэлбаатараас дансыг нь асууж байгаад шилжүүлж нийт 15,000,000 төгрөгийг төлсөн. Би найзынхаа мөнгийг аваад буцааж өгөөгүй нь үнэн. Бид хоёр ярилцаад Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Хүний мөнгө авсан тул буцааж төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин би энэ гэрээнээс хойш 15,000,000 төгрөгийг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд: төлбөр барагдуулах гэрээ(хх-ийн 4), итгэмжлэл(хх-ийн5), шүүхийн шийдвэр(хх-ийн6-7), шүүгчийн захирамж(хх-ийн60-61) зэрэг баримтыг шаардлага ханган гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд: прокурорын тогтоол(хх-ийн58), албан тоот(хх-ийн59) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад алданги 20,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 15,000,000 төгрөгийг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас дараах үйл баримт тогтоогдсон болно.

4.Хариуцагч Ц.Х нь өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгө хэрэгтэй болсны улмаас найз Ж.Хаас 40,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй.

5.Дээрх зээлийн төлбөрөөс хариуцагч ....3,000,000 төгрөгийг Ж.Х хүүд өгсөн, 120,000,000 төгрөгийг Ц.Хын эхнэр Ж.Хын Хаан банкны дансанд шилжүүлсэн, үлдэх 25,000,000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байна.

6.Зохигчид харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулжээ.(хх-ийн 4)

7.Уг гэрээнд хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 32,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5247022290 тоот дансанд төлнө гэж дурдсан байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... энэ хоёр хүн найзууд байсан. Нэхэмжлэгч Ц.Хаас удаа дараа мөнгөө шаардаж байсан, гэтэл сүүлдээ утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар гэрийн хаягийг олж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь Ж.Хт өртэй гэдгээ өөрөө мэдэж байсан, зориуд алга болсон гэж тайлбарласан.

9.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2019/13402 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Ж.Хын нэхэмжлэлтэй Ц.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.(хх-ийн 4)

10.Ж. Хүрэлбаатар нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Хыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасныг тус шүүх хүлээн авч хянаад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2019/00479 дугаар шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд Ц.Хыг эрэн сурвалжилсан байна.

11.Иргэний хуулийн 82 дугаар зүлйийн 82.2.-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй. гэж заажээ.

12. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болно.

13. Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ...нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн дээр 10,000,000 төгрөгийг нэмээд 40,000,000 төгрөг болгож өгнө гэж хүлэн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Дээрх төлбөрөөс 15,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 25,000,000 төгрөгийг төлнө гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...3,000,000 төгрөгийг хүүхэд нь хүлээн авсан тул маргахгүй гэж тус тус тайлбарласан.

14.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

15.Хариуцагч Ц.Х нь ....нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн дээр 10,000,000 төгрөгийг нэмээд 40,000,000 төгрөг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан талаар зохигчид хэн аль нь маргаагүй тул талуудын хороонд зээлийн харилцаа үүссэн гэж гэж үзэв.

16.Харин хариуцагч нь ....тухайн 40,000,000 төгрөг төлөхөөс 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн гэж маргах атлаа дээрх мөнгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, нотлоогүй болно.

17.Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

18. Иймд хариуцагчаас 37,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хаас 37,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 359,000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 342,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ