Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, хохирогч П.П , түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2439005810177 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21-22 цагийн орчимд Хэнтий аймгийн Д  суманд үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй дэлгүүрт П.П тэй маргалдаж толгойн тус газарт нь олон удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439005810177 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн уншиж судлуулах нотлох баримт давхардсан тул судлуулснаар тооцуулна” гэж,

Шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Б.Ганхуяг: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно, хэргийн материалаас нотлох баримт судлуулахгүй” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

1.Шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21-22 цагийн орчимд Хэнтий аймгийн Д  суманд үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нэртэй дэлгүүрт П.П тэй маргалдаж толгойн тус газарт нь олон удаа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч П.П гийн “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Д  сум руу иргэн О  урилгаар удмын засал ерөөл хийх гэж иргэн Б  хамт Нarrier маркийн машинтай Д  суманд ирсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ерөөл уншиж байгаад ухаан алдаад Д  сумын эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа 10 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Мустанг нэртэй бааранд Б  хамт ороод үйлчлүүлэх гэтэл тухайн бааранд үйлчлүүлж байсан Б  гэх эмэгтэй босож ирээд намайг “янхан, гичий, айл гэр үймүүлсэн банзал, чиний ерөөл тавина гэж юу байсан юм” гээд миний толгойн үснээс зулгаагаад газар унагаахаар нь би өвдөг сөгдөөд “миний буруу, намайг битгий зодооч” гээд уучлалт гуйхад миний ар нуруу хэсэг рүү 2-оос 3 удаа хөлөөрөө өшиглөхөд Б  “болиоч ээ, энэ хүн миний урьж дуудсан хүндэлж явдаг хүн” гэж хэлээд намайг баарнаас гаргаад “гадаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд 15 орчим минут гадаа зогсож байгаад буцаад тухайн баар луу ороход Б  гэх эмэгтэй Б  эхнэртэй видео колл хийж байсан. Тухайн Б  эхнэр гэх эмэгтэй утасны цаанаас “наад эмэгтэйгээ үхтэл нь зодоод зургийг нь аваад явуул” гэхэд Б  гэх эмэгтэй миний хоёр талын шанаа хэсэг рүү 2 удаа цохихоор нь ширээн дээр байсан лаазтай пивыг энгэр хэсэг руу нь цацсан. Тэгээд “би Б-тай  ямар нэг гэр бүлийн харилцаа байхгүй, та нар буруу ойлгоод байна” гэж хэлэхэд уурлаад миний хүзүүндээ зүүж байсан Б  надад түр зүүлгэсэн модон ясан эрхийг зулгааж тасалсан. Тухайн үед А  гэх эмэгтэй эрх шүүрдэж байхаар нь Б  бид хоёр баарнаас гараад эмнэлэг дээр очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед эмнэлгээсээ гараад Б  бааранд үлдээсэн утсыг авах гээд очиход А  гэх эмэгтэй шууд над руу гүйж ирээд миний үснээс ороож аваад татаж унагаагаад баарны үүд хэсэг рүү чирээд нуруу хэсэг рүү 2-оос 3 удаа хөлөөрөө өшиглөөд гал тогоо руугаа гүйж очоод хутга аваад “айл гэр үймүүлсэн чамайг алчихъя” гээд над руу дайрах гэтэл Б ,  Н   гэх хоёр залуу хоёр болиулсан. Тэгээд эмнэлгийн сувилагч Номио гэх эмэгтэй намайг баарнаас аваад гарсан... Миний нуруу, өвдөг, зүүн хөлийн гуя хэсэг, зүүн гарын тохой хэсэг хөхрөлтэй байгаа. Тухайн Б , А  гэх хоёр хүнд зодуулснаас хойш чих шуугиж толгой эргээд, гэдэс дүүрээд, даралт ихсэж, зүрх дэлсэж сэтгэл санааны байдал тогтворгүй айдастай байгаа... Б  хүн гэх намайг Улаанбаатар хотоос Д  суманд ерөөл уншуулах гэж урьж аваачсан хүн өөр ямар нэг холбоогүй. Намайг Б-тай  хардаад зодсон гэж ойлгосон өөр зүйл мэдэхгүй байна... Би тухайн үед ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... Намайг зодсон баарны эзэн А  болон намайг согтуугаар зодсон Б  нарт маш гомдолтой байна. Эдгээр хүмүүст зодуулсны улмаас надад учирсан гэмтлийн зэргийг тогтоож өгнө үү. А , Б   Н  с Д  суманд гарсан зардал Хэнтий аймгийн төв рүү ирсэн зардал, аймгийн төвд гарсан зардал, Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ өгч эмнэлэгт хэвтэнэ, эмчилгээнд гарсан нийт зардал, би Хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаа хийж чадахгүй болсон орлого зэргийг нэхэмжлэх болно. Мөн миний сэтгэл санааны хохирлыг тогтоож буруутай хүмүүсээр төлүүлж өгнө үү..., Би Б  хамт Д  сумын эрүүл мэндийн төвд үзүүлэхээр орсон. Гэтэл гэнэт ухаан алдаад би унасан. Тэгээд эмнэлэгт 3 хоногийн эмчилгээтэй хэвтэхээр болсон. Тухайн үед Д  суманд шашны зан үйл хийгээд тэрэндээ ядраад унасан байх гэж бодож байна...Би Б  гэх хүнтэй 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой буюу 21-22 цагийн орчимд муудаж маргалдсан. Тухайн үед Б  хамт соёлын төвд тоглолт үзэхээр явж байсан... Би А тай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 09-11 цагийн хооронд Мустанг нэртэй дэлгүүрт муудаж маргалдсан... Би Б  хамт Мустанг нэртэй дэлгүүрийн арын хаалга буюу гал тогооны хаалгаар орсон... Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16, 19-20, 23-24 дүгээр тал),

-Насанд хүрээгүй гэрч Б.Л-н “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Мустанг дэлгүүрт 10 цагийн орчимд А  эгчээр өндөг шаруулахаар захиалга өгчхөөд том зааланд сууж байхад гал тогоонд хүмүүс орилоод байсан. Тухайн үед би том зааланд байсан учир гал тогоонд юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Гэрч С.Н-гийн “...Би Хэнтий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төв дээр ээлжинд гарах гээд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажилдаа ирсэн. Тэгээд Ц  эмч нөгөө 2 болох П , Б  нарыг ирэхээр нь үзээд эмнэлгээс гаргая даа гэж байсан. П , Б  2 ойролцоогоор 09 цагийн орчимд эмнэлэгт ирж үзүүлээд гарсан. Тухайн үед Ц  эмч намайг энэ 2-т туслаад юмыг нь өргөлцөөд гаргаад өг гэхээр нь хамт гаргалцсан. Тэгээд П  нь гадаа машин байгаа гээд очтол унаа нь явчихсан байсан. Гэтэл П  нь дэлгүүр рүү хүргээд өгчих гэхээр нь цүнхтэй хувцсыг нь аваад дэлгүүрт хүргэж өгөхөд тухайн дэлгүүр нь хаалттай байсан гэтэл Арсланбаяр гэдэг хүн Хэнтий аймаг явна гээд зогсож байхаар нь П  нь “ахаа би Норовлин суманд бууна” гээд цүнхтэй хувцсыг нь машинд нь үлдээчхээд Мустанг нэртэй дэлгүүр рүү Б , П  2-ын хамт явсан. Мустанг дэлгүүрийн хойд талын хаалга түгжээтэй байсан болохоор гал тогооны урдах хаалгаар Б  нь түрүүлж ороод араас нь П  нь орсон. Тухайн үед би орохгүй гадаа нь байж байтал А  эгч, П  2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд би яваад ортол А  эгч, П г үсэдсэн байдалтай байж байхаар нь салгаад П г аваад гарсан. Тэгээд би яаралтай ажилтай байсан тул П г Хэнтий аймаг явах унаанд нь суулгаж өгчхөөд би ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Гэрч С.Ц-ийн “...Би Хэнтий аймгийн Д  сумын Эрүүл мэндийн төв дээр ээлжинд гарч байхад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Б , П  2 амбулаторийн үзлэгээр ирж үзүүлсэн. Тэгээд ямар шалтгааны улмаас ирсэн талаар асуухад П  нь татаж унадаг өвчтэй болон бие муутай гэж хэлсэн. Тэгээд амин үзүүлэлт нь хэвийн байгаа болохоор хэвтүүлэхгүй гээд 3 хоногийн эмчилгээ зааж өгөөд явуулсан. Тэгсэн чинь хойд талын хаалгаар орж ирээд ухаан алдсан гэж Б  надад хэлсэн. П  очих газаргүй гэхээр нь эмнэлэгт та 3 хоног эмчилгээ хийлгээд дараагийн шатлал руу явж үзүүлээрэй гээд эмнэлэгт үлдээсэн. 2024 оны 10 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд эмнэлэгт хоносон. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчимд ажил дээрээ ирээд өвчингүүдээ үзэх гээд ортол өрөөндөө байхгүй өрөөнд нь 2 ширхэг пивоны лааз байсан. Тухайн үед П  ганцаараа өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд П  байхгүй байхаар нь гарч хайсан чинь төвд замын хажууд Б-тай  хамт байж байхаар нь Эмнэлэг дотор архи, дарс уусан байна очиж цүнхтэй хувцсаа ав, дараагийн хүнээ хэвтүүлэх гээд байна, өрөөгөө суллаж өг гээд хэлтэл Б  нь одоо бид 2 явлаа удахгүй очиж авна гээд явсан. Тэгээд төд удалгүй 2024 оны 10 дугаар сарын 21-ний 10 цагийн орчимд Б , П  2 орж ирээд П  нь даралтаа үзүүлэхэд хэвийн байсан. Тэгээд тэр хоёр явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Гэрч Б.Н-ын “...Би Хэнтий аймгийн Д  сумын Баян-Овоо 4-р багт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд босоод ажлаа хийж байсан. Тэгээд барилгын материалын дэлгүүр онгойсон бол юм авах гээд явж байтал Б  Мустанг дэлгүүрийн үүднээс намайг дуудахаар нь би одоохон гэж хэлээд араас нь орох гэтэл Мустангийн хойд хаалга хаалттай байхаар нь гал тогооны хаалгаар орсон тухайн үед Б  орчихсон байсан. Мөн хаалганы үүдэнд нэг эмэгтэй зогсож байсан. Тэгээд би ортол Мустангийн А  эгч нэг эмэгтэй хүнтэй барьцалдсан байхаар нь би салгаж болиулсан. Тэгээд нөгөө эмэгтэй гал тогооны хаалгаар гараад явсан. Юу болсон талаар А  эгчээс асуухад өндөг шараад зогсож байхад араас нь давс цацаад байж байсан гэж надад хэлсэн... 2-лаа босоогоороо барьцалдсан болон хэрэлдсэн байдалтай байсан, хутгагүй байсан. Хамаг юм болсны дараа Б  нь А  эгчид нөгөө хүүхэн хутга гаргаж байна шүү дээ гэж хэлж байсан... Бор өнгийн ширэн хуйтай ойролцоогоор 20 см урттай, 3-5 см өргөнтэй хутга байсан. Өдөр тутмын хэрэгцээний биш харин гоёлын болон хүндэтгэлийн юманд ашигладаг байхаар хутга байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Гэрч Т.Б  “...Би Хэнтий аймгийн Д  сумын Мустанг нэртэй дэлгүүрт 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой буюу 21-22 цагийн орчимд П.П тэй хамт орсон. Гэтэл Б  нь манай ах Б г дагуулаад юу хийж явж байгаа гэж хэлээд янхан, гичий гэх мэтээр доромжлоод байсан. Тухай үед Б  нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Цохиж зодсон асуудал байгаа бөгөөд нүүр хэсэг рүү алгадаж 3-4 удаа цохиж зодсон. Мөн хэсэг хугацааны дараа цээж гэдэс рүү нь өшиглөж зэрлэгээр танхайрсан. Тэгээд бид 2 эмнэлэг орж амарцгаасан. Тухайн үед 2024 оны 10 дугаар сарын 18-наас 21-ийг хүртэл 3 хоногийн эмчилгээтэй байсан. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 21-ний өглөө 09-11 цагийн хооронд Мустанг нэртэй дэлгүүр ороод А  болон П.П  2 хоорондоо маргалдаж муудаад А  нь үсдэж чирээд манай нутгаас зайл янхан, гичий, банзал, нохой гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд бид 2 айгаад Хэнтий аймаг руу гарсан... Өмнө хүнд зодуулаагүй. А , Б  2 л зодсон. ...Б  гэх хүн миний үеэл болохоор П  гэх эмэгтэйг янхан гичий минь үеэл ахтай банзалдаад гэх мэтээр хэлээд хоорондоо муудсан... Хэн нь хэнийхээ биед түрүүлээд хүрснийг би бол хараагүй бөгөөд хоорондоо барьцалдсан байхыг харсан... Б  нь П гийн толгой, нуруу, гэдэс хэсэг рүү нь цохиж зодсон... Д  сумын Мустанг нэртэй 8 нэрийн дэлгүүрт 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой буюу 21 цагаас 22 цагийн хооронд П , Б  2 муудсан... Тиймээ байгаа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Мустанг нэртэй 8 нэрийн дэлгүүрт П  нь А  гэх хүнтэй маргалдаж муудсан... Ямар шалтгааны улмаас муудсаныг би мэдэхгүй байна. Тухайн өдөр А  гэх хүн П г янхан гичий гэж хэлээд П г үстээд байсан... Цохиж зодсон зүйл байхгүй үсэдсэнээс өөр зүйлгүй. Тэгээд П  бид 2 Мустанг нэртэй дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68, 113-115 дугаар тал),

-Шинжээч эмч Д.Н-ийн “...Зовуурь бодит үзлэг болон КТГ-н шинжилгээний хариунд үндэслэн тархи доргилт оношийг тавьсан. Тархи доргилт нь толгойд механик хүч үйлчилсэний дараа эмнэл зүйн шинж илэрнэ... Зовуурь талаас толгой өвдөх бодит үзлэгээс дагзны булчингийн хөшингө 3 хуруу хамар хурууны сорилд алдана, хүзүүний булчин чангаралтай, багажийн шинжилгээний хариунд тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан зэрэг өөрчлөлтүүд дээр үндэслэн тархи доргилт оношийг тавьсан. Тархи доргилтын үед биед илрэх эмнэл зүйн шинжүүд нь ойролцоогоор 14 хоног дотор үргэлжлэх ба согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед гэмтсэн бол 21 хоног хүртэл үргэлжилнэ... Тархи доргилт гэмтэл үүссэнээс хойш эмнэл зүйн шинж тэмдгүүд нь 14-21 хоногийн хугацаанд илэрдэг. Тийм учраас 2024 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд аль алинд нь үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

-Гэрч Х.З-гийн “...Би тэр талаар ямар нэгэн үг хэлээгүй. Би үхтэл нь зодоод явуул гэж ямар ч үг хэлж гаргаагүй бөгөөд Б  гэх эмэгтэй над руу залгаад байсан тэгээд л би ярьсан ярихдаа онц юм яриагүй... Би Б-тай  хамтран амьдраад 28 жил болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Х-гийн “...Хохирогч П.П  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 309,859 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаар данс руу шилжүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаартай “1.П.П гийн биед тархи доргилт, нуруу, баруун хөх, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Баруун хөхөнд цус хуралт гэмтэл нь 2024 оны 10 дугаар сарын 15-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Тархи доргилт, нуруу, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь 2024 оны 10 дугаар сарын 21-нд гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун хөхөнд цус хуралт, нуруу, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 120-123 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГО525/201 дугаартай: “1.2.П.П гийн биед тархи доргилт, нуруу, зүүн тохой, шуу, гуя, өвдөг, баруун хөх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Баруун хөхөнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Тархи доргилт, нуруу, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун хөхөнд цус хуралт, нуруу, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 154-157 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 328 дугаартай: “1.П.П  /РД:ЖЛ9206...../-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтас хэргийн 162-163 дугаар тал),

-Мустанг нэртэй 8 нэрийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 175-176 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 20-ны орой Д  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мустанг хүнсний дэлгүүрт үл таних П  гэх хүнтэй манай ах Б  явалдсан асуудлаас нь болж маргалдсан юм. Тэгтэл П  миний нүүр хэсэг рүү ууж байсан пивоо цацаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад П гийн нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа алгадтал тэр хүүхэн дахиад над руу пиво цацахаар нь би дахиад хэд хэдэн удаа нүүр рүү нь алгадчихсан ба тэр хүүхэн миний өмнө өвдөглөөд суухаар нь би хаашаа нь гэдгээ санахгүй байна ганц нэг удаа өшиглөсөн. Тэгээд л Б  П г аваад явсан... Пивоо савтай нь над руу шидээгүй ба барьж байгаад над руу цацаад байсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 210-211 дүгээр тал) зэрэг баримтууд болно.

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б  нь хохирогч П.П гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Б  нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Адъяахүүг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б  тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн толгой хэсэгт куртикний халаасанд байсан утсаараа цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд толгойн баруун хэсэгт хуйханд шарх бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 328 дугаартай: “1.П.П  /РД:ЖЛ92060505/-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтас хэргийн 162-163 дугаар тал) гарчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолд заасны дагуу хохирогч П.П гийн сэтгэцэд Нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ.

Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо тус жишиг аргачлалын 4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд Нэгдүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=792,000*4.99) тооцож 3,952,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 309,859 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны “Банк хоорондын шилжүүлэг”-ийн баримтаар тогтоогдож байна.

Мөн шүүхийн шатанд хохирогч П.П гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,952,080 төгрөгийг шүүх хуралдааныг завсарлуулахгүйгээр шууд хохирогчийн дансанд шилжүүлэхээр хүсэлт гаргаж шилжүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Хохирол төлбөрөө барагдуулж авсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулахад татгалзах зүйлгүй” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Б.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид эрүүл мэндийн байдлаасаа болоод үзүүлж, харуулах шаардлагатай, мөн хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас өөрийнхөө боломж бололцоогоор нагац эгчийнхээ цайны газарт очиж тусалдаг. Иймд миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тохиромжгүй байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг дэмжиж байна” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Дивиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Б.Б  энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Дивидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН