Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2023/00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сум ******* багт байрлах, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох,

түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Ч.*******, хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.******* нь 2011 оноос эхлэн одоог хүртэл тус худалдааны төвд дархан урлалын лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. 2011-2016 онуудын үлдэгдэл болох 483,000 төгрөгийг төлөөгүй байна. Түрээсийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй, өмнө нь ажиллаж байсан ажилчдад бэлэн хураалгадаг байсан гэсэн тайлбар хэлээд байна. Иймд дээрх үлдэгдэл болох 483,000 төгрөгийг холбогдох зардал болох шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ч.******* нь өмнөх онуудад тухайн үед мөрдөгдөж байсан түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Зэрэгцээ лангууны түрээслэгч нар бүгд тухайн үеийн түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан. Одоо лангууны түрээсийн зөрүүг шилжүүлж тооцох боломжгүй юм. 2013 оны 7-р сарын 6-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаан дээр 786,000 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тайлбараа бичиж байгаа. 2016 оны 11 сард нягтлан бодогч ажил хүлээлцэх үеэр түрээсийн үлдэгдлийг тулгахад 783,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хуримтлагдсан өр төлбөрийг төлүүлэх талаар уулзахад өмнө ажиллаж байсан хүмүүст бэлэн өгсөн гээд төлөхгүй байгаа юм. 2019 онд ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж нэг удаа 300,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж түрээсийн төлбөрөөс хасаж тооцож байсан. Иймд түрээслэгч Ч.*******аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Ч.*******аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө гэв.

Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би д 2011 оноос эхлэн лангуу түрээсэлж байгаа. Анх худалдааны төвийг нээгдэхэд эхний 2 жил түрээсээ бэлэн өгч авдаг байсан. 2014 онд 1,100,000 төгрөгийн түрээсийн төлбөр хийгдээгүй гэсэн. Тус төвийн лангууны метр квадратаас хамаарч 60,000 төгрөгөөс 120,000 төгрөгийн түрээстэй 2 төрлийн лангуу байдаг байсан. Нэмэлтийн хэсгийн 6 лангуу 60,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байсан. 2014 онд хэмжилт хийгээд илүү төлөлттэй байсан учир метр квадратад нь тохируулан түрээсийг 30,000 төгрөг болгосон. Миний хувьд 4 жилийн илүү төлөлттэй байсан. 2019 онд 300,000 төгрөгийн түрээсийн хөнгөлөлт үзүүлсэн. 2011-2016 оны хооронд төлбөр 702,500 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-нд нэхэмжилсэн бөгөөд үүнээс 219,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч одоогийн байдлаар 100,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл түрээсийн төлбөр 483,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засаг хямарч санхүүгийн боломжгүй болсон, мөн 4 жилийн метр квадратын илүү төлөлтийн зөрүү зэргийг харгалзан 2011-2016 оны хоорондох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар: Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал, 2014, 2016 оны түрээсийн гэрээ, мэдэгдэх хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг тушаасан тухай Хас банкны баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь ******* ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.*******тай дархан урлалын лангуу ашиглах түрээс-ийн гэрээ байгуулж, лангууг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сарын 30,000 төгрөг төлөхөөр тохирсон /хх-3/ байна.

Улмаар 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр мөн ******* ХХК нь Ч.*******тай дархан урлалын лангуу ашиглах түрээс-ийн гэрээ байгуулж, лангууг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сарын 30,000 төгрөг төлөхөөр тохирчээ /хх-4-5/. Талуудын хооронд 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа хариуцагчийг 2011 оноос эхлэн лангуу түрээсэлж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа гэснийг хариуцагч үгүйсгээгүй, улмаар 2011 оноос хойш одоог хүртэл түрээсэлж байгаагаа илэрхийлж, энэ талаар маргахгүй байх тул хариуцагчийг 2011 оноос эхлэн түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэж үндэслэлтэй.

Талуудын хооронд түрээслэгч түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс маргаан гарч, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 483,000 төгрөгийг шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...эдийн засаг хямарч санхүүгийн боломжгүй болсон, 4-н жилийн метр квадратын илүү төлөлтийг харгалзан үзэх, мөн 2011 онд ******* ХХК тухайн үед надаар 580,000 төгрөгийн өртөг гаргуулж, нэмэлт лангуу бариулсан. Энэ бүхнийг харгалзан суутгасан гэж ойлгож байгаа учраас энэхүү нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй... гэж тайлбарлаж байна.

Гэрээний 1.1-д зааснаар лангууг дархан урлалын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар түрээсэлсэн байх ба талуудын тайлбараар түрээслэгч нь зориулалтын дагуу лангуу ашигласан байна. Харин хариуцагчийн ...эдийн засаг хямарч санхүүгийн боломжгүй болсон, 4-н жилийн метр квадратын илүү төлөлтийг харгалзан үзэх, мөн 2011 онд ******* ХХК тухайн үед надаар 580,000 төгрөгийн өртөг гаргуулж, нэмэлт лангуу бариулсан. Энэ бүхнийг харгалзан суутгасан гэж ойлгож байгаа учраас энэхүү нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхгүй... гэх тайлбар түрээсийн гэрээ байгуулах гол зорилго биш бөгөөд дээрх нөхцөл байдал үүссэн нь түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Түрээслэгч 2011 оноос 2016 оны байдлаар түрээсийн төлбөр 783,000 төгрөгийг төлөөгүй үүнээс 300,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж хасаж тооцсон боловч 483,000 төгрөгийг түрээслэгч төлөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.******* нь ******* ХХК-д 580,000 төгрөгийн өртөг бүхий нэмэлт лангуу бариулсан. Энэ мөнгийг би өөрөөсөө гаргасан гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжгүй байна.

Иймд хариуцагч Ч.*******аас 2011 оноос 2016 оны хоорондох түрээсийн төлбөр 483,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын *******аас 483,000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас 16102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ