| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 180/2024/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/205 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.3., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Г.Н , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 2439002750277 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Б сумын 1-р баг “..... нарийн” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Н-г “хүний дундуур орж дэмий ярьлаа” гэх шалтгааны улмаас гараараа болон сандлаар нүүр, бугалга, цээж хэсэг рүү цохиж зодсон,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Н-г Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг “..... нарийн” гэх газарт хөлөөрөө гуя хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, гараараа толгой хэсэг рүү цохиж зодсон,
Тухайн цаг хугацаанд хохирогч П.Н-н өмчлөлийн 25-70 ХЭН улсын дугаартай Тоёота Пилдер-Е140 маркийн тээврийн хэрэгсэл буюу хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт;
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Н-г Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг “..... нарийн” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөлөөрөө гуя хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, гараараа толгой хэсэг рүү цохиж зодож түүний эрүүл мэндэд “бугалганд шарх, бугалга, шуу, цээж, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;
Тухайн цаг хугацаанд хохирогч П.Н-н өмчлөлийн 25-70 ХЭН улсын дугаартай Тоёота Пилдер-Е140 маркийн тээврийн хэрэгслийг бусдын эд хөрөнгийг шатааж дахин ашиглах боломжгүй болгон хууль бусаар устгаж хохирогчид 13,300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч П.Н-н “...Өглөө нь буюу 2024 оны 5 дугаар сарын 29-ний өглөө гэртээ босоод би нөхөртөө “Чи эхэлж надтай ярихдаа Д нүүлгэж өгч чадахгүй” гэж ярьж байсан нүүрийг нь харахаараа өөр болчих юм. Явж явж би л муу нэртэй болж байна” гэж хэлэхэд Б уурлаад эхлээд гараараа зүүн талын бугалга руу маань цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ намайг зоддог нь” гэхэд “яадаг юм чамайг зодно” гээд модон шар өнгийн сандлаар биеийн маань хаа сайгүй цохиж зодсон. Ер нь сандлаар зүүн шанаа, хоёр талын гарын бугалга, зүүн гарын шуу хоёр хөл зэрэг цохиогүй газар байгаагүй. Би айхдаа нүүрээ дараад газар хэвтчихсэн. Тэгээд зодуулж байхад зүүн гарын бугалганд хадаас нь зоогдсон байсан. Манай нөхөр намайг зодсоор байгаад тэр шар сандал нь бутраад эвдрээд дууссан байсан. Тэгэхээр нь би “одоо болно шдээ, зөндөө зодлоо, болиоч” гэж гуйж байгаад болиулсан. Үүний дараагаар би айлынх руу яваад сувай хонио харчхаад ирье гээд нөхөртөө хэлээд мотоциклоо унаад хадам ээжид “Т намайг зодсон” талаар хэлээд нөхрийг хонинд явсан хойно нь саахалт айлынхаа хүнээр Батноров сум руу ээж рүүгээ хүргүүлсэн... Манай нөхөр намайг хүний дундуур орж дэмий юм ярилаа гэх шалтгааны улмаас зодсон... Миний зүүн талын шанаа чамархай хавдсан, хоёр гар бэлхүүс хөл нэлэнхийдээ хөхөрч хавдаад өвдөлт зовуурьтай байсан. Одоо ч хэвээрээ толгой өвдөөд байгаа... Би зодуулсандаа бие олон сэтгэл санааны хохирол амсаад гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна... Бид хоёр ханилж суугаад надад мөнгөлөг саарал өнгийн Filter маркийн 25-70 ХЭН улсын дугаартай автомашин 2022 онд 60 хургатай хонь, 4 тугалтай үнээгээр худалдаж авч өгсөн. Энэ автомашины хууль ёсны эзэмшигч нь би юм. Миний нэр дээр байдаг юм. Тэгтэл 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би зодуулаад гэртээ очоод байхад энэ автомашиныг манай нөхөр надад уурлаад шатаачихсан байсан. Би Т /Э.Б /-тэй ханилж суугаад 3 жил гаруй мал ахуйгаа хамт малладаг байсан болохоор энэ автомашины төлбөрийг Төрөөгөөс нэхэмжилж байна... 2024 оны 5 дугаар сарын 29, 30-нд хоночхоод 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б ын бухимдал нь гарсан байх ер нь эвлэрье амьдралаа бодъё гэж бодоод эргээд очсон. Тэгэхдээ нэг шил архи аваад очиход Б надад уурлаад авчирсан архийг маань хага шидэж чулуудаад миний зүүн гуяны орчим 2-3 удаа өшиглөөд толгой руу маань хэд хэдэн удаа цохиод авахаар нь айгаад гарсан... Тэгээд би тэр даруйдаа буцаад гэр лүүгээ Батноров сум руугаа буцаад явсан. Хамтран амьдрагч Б намайг 2024 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 2 удаа зодсон. ...Мөн миний эзэмшлийн мөнгөлөг өнгийн Королла Пилдер маркийн 25-70 ХЭН улсын дугаартай автомашин Б сумын Баян- Өндөр 1-р баг “Ар нарийн” гэдэг газар кроп нь эвдрээд явахгүй болоод үлдээсэн байсан юм. Тэгтэл Б 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр намайг 2 дахь удаагаа зодоод гэрийн гаднаас өвөлжөөний чигтээ мотоциклтой хөдлөөд явсан. Сүүлд сонсоход тэндээсээ шууд шулуухан машин дээр давхиж очоод надад уурласан уурандаа машиныг маань шатаасан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10, 12-13, 175-176 дугаар тал),
-Гэрч Ц.Э-ын “...Дараа нь сонсож байхад манайхаас явсны маргааш буюу 2024 оны 5 дугаар сарын 29-ний өглөө Э.Б эхнэрээ зодсон гэж сонсогдож байсан. Бас энэ өдрөөс 2 хоногийн дараа П.Н-г зодож, автомашинаа шатаасан гэж сонссон. ....Эхнэр бид хоёрыг ахын гэр рүү явах үед машин нь бүрэн бүтэн байсан. Нэг хоночхоод ирэхэд бүрэн шатчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21, 197-198 дугаар тал),
-Гэрч Э.Ц-ийн “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өглөө Э.Б эхнэрээ зодоод 2 хоногийн дараа эхнэртээ авч өгсөн машинаа шатааж гэнээ гэж дуулдсан. ...Гэртээ иртэл Fielder маркийн тээврийн хэрэгсэл нь шатчихсан байсан... Асуутал би шатаачихсан юм гэж хэлсэн... Б хэлэхдээ өчигдөр орой шатаасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25, 193-194 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “1.П.Н-н биед бугалганд шарх, бугалга, шуу, цээж, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дугаар тал),
-Шинжээч Б.Боргилбаатарын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай “...125-70 ХЭН улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 13,300,000 /арван гурван сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),
-Toyota Corrolla Fielder маркийн 25-70 ХЭН улсын дугаартай Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 81-82, 190 дугаар тал),
-Шүүгдэгч Э.Б ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гар болон сандлаар цохиж зодсон нь үнэн. Тэгээд Н Батноров сум руу яваад өгсөн. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирээгүй. Ирэхгүй байж байгаад 2024 оны 6 дугаар сарын 01-нээс хойш хэд хоногийн дараа нэлээн согтуу нэг шил архи барьчихсан учраа олъё гээд ирсэн. Тэгэхээр нь би чи согтуу байна чамтай юм ярихгүй яв гэж хэлсэн. Гар хүрч зодсон асуудал байхгүй. Тэгээд л Н яваад өгсөн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
1.1.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд:
-Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон. Хохирогч П.Н , шүүгдэгч Э.Б нар хамтран амьдардаг байсан болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Б сумын 1-р баг “..... нарийн” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Н-г “хүний дундуур орж дэмий ярьлаа” гэх шалтгааны улмаас гараараа болон сандлаар нүүр, бугалга, цээж хэсэг рүү цохиж зодсон,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч П.Н-г Хэнтий аймгийн Б сумын 1 дүгээр баг “..... нарийн” гэх газарт хөлөөрөө гуя хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, гараараа толгой хэсэг рүү цохиж зодсон,
Тухайн цаг хугацаанд хохирогч П.Н-н өмчлөлийн 25-70 ХЭН улсын дугаартай Тоёота Пилдер-Е140 маркийн тээврийн хэрэгсэл буюу хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
1.2.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч нь хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь а/хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх, б/энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн байхыг тус тус шаардана.
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай дүгнэлтээр “хохирогч П.Н-н биед бугалганд шарх, бугалга, шуу, цээж, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдож, энэхүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн тул шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой.
1.3.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:
Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь хохирогч П.Н-н өмчлөлийн 25-70 ХЭН улсын дугаартай Тоёота Пилдер-Е140 маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж зориуд бинзен асгаж шатааж, дахин ашиглах боломжгүй болгон устгасан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болно.
Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Шинжээч Б.Боргилбаатарын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай “...125-70 ХЭН улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 13,300,000 төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал)-ээс үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 13,300,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
1.4.Прокуророос шүүгдэгчийн холбогдсон хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэмт хэргийн зүйчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр /13,300,000 төгрөг/ төлж барагдуулсан, шүүх хуралдааны шатанд хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг шүүгдэгчээс шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж төлсөн /3,000,000/, хохирогч цаашид ямар нэг гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хоёр.Шүүгдэгч Э.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Э.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлаж зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялаар дүйцүүлэн сольж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс “Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлаж, тухайн оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч. Торгуулийн ялыг нэмж нэгтгээд 900,000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Хохирогчоос: “Надад одоо санал гомдол байхгүй, миний нэхэмжилсэн эд зүйлийг бүгдийг нь өгсөн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, бас 2, 3 жил хамт амьдарч байсан, урьд нь ийм ааш авир гаргаж байгаагүй, багахан үл ойлголцлоос болж ийм асуудал гарсан зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал,
Шүүгдэгчээс: “Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй, ганцаараа малаа маллан амьдарч байгаа, өөр мал харах хүнгүй, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б ыг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулсан бол..., эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдэд шүүх хэд хэдэн төрлийн ял шийтгэл оногдуулсан бөгөөд хуульд нийцүүлэн түүнд оногдуулсан ялуудыг дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:
-Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1,500,000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулах нь зүйтэй.
Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч Э.Б ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Э.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН