| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/04670/И |
| Дугаар | 101/ШШ2022/05297 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/05297
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДИ ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ҮЦХ холбогдох,
63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цоглог, Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ДИ- ХХК нь хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазарт холбогдуулан 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ДИ ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ҮЦХ- ОНӨТҮГазартай түрээслүүлэгчийн эзэмшлийн 08 дугаар бүхий Түргэний үйлчилгээний цэг/ТҮЦ/-т худалдаа, үйлчилгээ эрхэлж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан. ДИ- ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд байгууллагын дотоод журам болон худалдаа, үйлчилгээ эрхлэх журмыг бүрэн биелүүлж гэрээний 2.2-т заасан түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж, худалдаа үйлчилгээ явуулахдаа ашигласан цахилгаан, хог ачилт, бохир гэх мэт ашиглалтын зардлыг Түрээслүүлэгч талаас тогтоосон хэмжээгээр, тарифийн дагуу цаг хугацаанд нь төлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Үйлчлүүлэгч иргэд, ААН байгууллагаас манай ТҮЦ-ийн үйлчилгээтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй болно. Манай компани ТҮЦ-д тавигдах шаардлагад нийцүүлж бүтээгдэхүүн хадгалах, худалдахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, орчны ариун цэвэр, тохижилтыг үйлчилгээний стандартын дагуу ажиллаж ирсэн.Ман манай компани мэргэжлийн тогооч, туслах тогооч, худалдагч нийт 5 хүнийг ажлын байраар ханган ажиллуулж ирснийг дурдах нь зүйтэй.
Гэтэл ҮЦХ- ОНӨТҮГазар 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн манай компанид Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авто зогсоолыг буцаан шаардах тухай албан бичгийг хүргүүлж ирсэн.Тухайн шаардлагад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэх үндэслэлээр манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа 08 дугаар ТҮЦ, мөн түргэн үйлчилгээний цэгт байрших талбайг чөлөөлж өгөхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан болно. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Түрээсийн гэрээний 6 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг заасан байна.Энэ гэрээнд зааснаар манай компани гэрээ цуцлахаар ноцтой зөрчил гаргаагүй. ҮЦХ- ОНӨТҮГазар гэрээний үүргээ дураараа зөрчиж, гэрээний 3.5, 4.18 дахь хэсэгт заагдсан нөхцөл байдал тогтоогоогүй байхад 2021 оноос хойш манай компанийн үйл ажиллагааг таслан зогсоож цахилгаан тасалснаас болж манай компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасалдаж олох ёстой байсан орлогоо алдаж их хэмжээний хохирол учирсан. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай компанийн хөрөнгөөр тохижуулсан гадна тохижилтын саравчийг дур мэдэн авч явсан төдийгүй 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө манай компанийн хөрөнгийн хамт ачиж явсан. ҮЦХ- ОНӨТҮГазар гэрээний үүргээ зөрчиж байгаа талаар өмчийн харилцааны газарт гомдол гаргасан боловч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/655 дугаар албан тоотоор шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ирүүлсэн.
ҮЦХ- ОНӨТҮГазар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ДИ- ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээний 2.1.-д энэхүү гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байна гэж хугацаагаа тохирсон бөгөөд энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна.ДИ- ХХК нь ҮЦХ- ОНӨТҮГазартай байгуулсан Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч талаас талбайд үйл ажиллагаа явуулахдаа эргэн тойрны 20 метр хүртэлх зайд ногоон байгууламжийг хамгаалах, арчлах цэцэрлэгжүүлэлт хийх, хог хаягдлыг хогийн сав байрлуулан цэвэрлэх, очны талбайг цэвэр байлгах үүрэг хүлээсэн. Түрээсийн гэрээний дагуу Дай- Ичи ХХК үйл ажиллагаа явуулахын тулд орчин болон ТҮЦ-ийн гадаа талбайд үйлчилгээний зориулалттай сүүдрэвч, гаднах фасадны өнгө будгийг сэргээх, засварлах, үйлчилгээний зориулалттай төмөр хөлтэй модон ширээ сандлыг хийж үйлчилгээний гадаа талбайд тохижилтын зориулалтаар явган хүний зам хийж, ТҮЦ-ийн дотоод засал чимэглэлийг бүрэн чанарын өндөр түвшинд иргэн Э.Түвшинтөгстэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 25,000,000 төгрөгөөр хийлгэж ажиллуулсан билээ.
Гэтэл ҮЦХ- ОНӨТҮГазар нь ДИ- ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өөр газарт түрээсэлж ДИ- ХХК-ийн хийж тохижуулсан орчин талбайг ашиглаж байгаа болно. Иймд ДИ- ХХК-ийн ТҮЦ болон орчныг тохижуулахад гаргасан зардал болох 25,000,000 төгрөгийг ҮЦХ- ОНӨТҮГазраас гаргуулж өгөн үү гэжээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ДИ- ХХК-ийн ҮЦХ- ОНӨТҮГазартай 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Түрээслүүлэгчийн эзэмшлийн 08 дугаар бүхий Түргэн үйлчилгээний цэг ТҮЦ-г худалдаа, үйлчилгээ эрхэлж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл ҮЦХ- ОНӨТҮГазар 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн манай компанид Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн авто зогсоолыг буцаан шаардах тухай албан бичгийг хүргүүлж тус компанийн үйл ажиллагаа явуулахыг зогсоосон. ДИ- ХХК нь түрээсийн гэрээний хугацаанд 2018 он, 2019 онд түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагааг хэвийн явуулж нэг сард 10,965,807 төгрөгийн орлого олж байсан бөгөөд 5,008,440 төгрөгийн зардал гарч нэг сарын цэвэр ашиг нь 5,957,367 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Нэг сард дунджаар 4,500,000 төгрөгийн ашигтай орлоготой ажиллах байсан. Хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГ нь нэхэмжлэгч компанийн Түргэн үйлчилгээний цэгт явуулж байсан ажиллагааг 2021 оны 02 дугаар сард удаа дараа мэдэгдэл хүргүүлж зогсоосноос өнөөдрийг хүртэл хохирч байна. ДИ- ХХК түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж байхдаа үйл ажиллагааны орлого, зарлагын гүйлгээг тус компанийн менежер албан тушаалтай Эрдэнэбаярын Уянгын Хаан банкны 0 тоот дансыг ашиглаж байсан. Иймд сард дунджаар 4,500,000 төгрөгийн орлого олох байсан тул ҮЦХ- ОНӨТҮГазраас 2021 оны 4,5,6,7,8,9 сард ажиллаж олох ёстой байсан орлого 6сар х4,500,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг, 2022 оны 4,5,6,7,8,9 сард ажиллаж олох ёстой байсан орлого 6 сар х 4,500,000 төгрөгийг нийт 27,000,000 төгрөгийг, 2023 оны 4,5 сард ажиллаж олох ёстой байсан орлого 9,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
3. Хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагатай манай байгууллага 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан манай байгууллагын 08 дугаар бүхий түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/ болон түргэн үйлчилгээний цэг оршин буй үл хөдлөх хөрөнгө болох газрыг түрээслэх тухай түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Учир нь: Нийслэлийн өмчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоол Журам, гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай тогтоолоор зохицуулдаг. Уг тогтоолын 1 дүгээр хавсралт болох Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам-ын зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2.2.-т Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй өмчит хуулийн этгээд нь өөрийн санхүүгийн тайланд бүртгэлтэй эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, түрээслэх харилцааг Өмчийн харилцааны газраас баталгаажуулсан 3 талын эрх, үүргийг зохицуулах эрх зүйн баримт бичгийг, 1.4-д Нийслэлийн өмчийг илүүдэлтэй эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулан, үр ашгийг дээшлүүлэх улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлнэ., 1.12.-т Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ эд хөрөнгийн байршил, зориулалт, төрөл хэмжээг харгалзан түрээслэгчийг Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулж,сонгон шалгаруулалтад ялсан этгээдтэй /тав/ хүртэл жилийн хугацаагаар түрээсийн гэрээг байгуулж болно.Мөн журмын 2 дугаар хавсралт Нийслэлийн өмчийн эд хөрөхийн түрээслэх үрээслэгчийг сонгон шалгаруулах журaм-ын 3.1-д Шалгаруулалтад иргэн хуулийн этгээд оролцож болох бөгөөд тэдгээр нь дор дурдсан шаардлагыг хангасан байна.Үүнд 3.1.1-д үйл ажиллагаа нь түрээслэх эд хөрөнгийн зориулалтаар эзэмших ашиглахад нийцсэн байх хэмээн тус тус заасан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн зохигчдын хороонд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдэх үед мөрдөгдөж байсан буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үүсгэн байгуулах дүрэмд тусгагдсанаар үйл ажиллагааны чиглэл билльярд ажиллуулах, япон авто машины засвар,үйлчилгээ, авто машины худалдаа, сэлбэг худалдаа, гадаад худалдаа зэрэг байсан бөгөөд энэ нь тухайн үед буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Ийнхүү үзэж байгаа учир шалтгаан нь манай эзэмшлийн 08 дугаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрших талбайг хүнсний худалдаа, үйлчилгээ түргэн хоолны үйлчилгээний үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас энэ талаарх албан бичгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 87 тоот албан бичиг, 03 дугаар сарын 26-ны өдрийн132 тоот албан бичгийг хүлээн авсны дараагаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээ хүлээн зөвшөөрч дүрэмдээ 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цайны газар ажиллуулах, кофе шоп ажиллуулах гэсэн чиглэлүүдийг нэмж оруулсан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн уг ТҮЦ-ийн гадаа талбайд үйлчилгээний зориулалтаар байршуулсан гэх сүүдрэвч, үйлчилгээний зориулалтаар тохижуулсан төмөр хөлтэй модон ширээ сандал, үйлчилгээний гадаа талбайд тохижилтын зориулалтаар хийсэн гэх явган хүний зам гэж нэрлэсэн эд хөрөнгөө хэзээ хүссэн үедээ авах боломжтой байгаа.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн иргэн Э.Э байгуулсан 25,000,00 төгрөгийн үнэ бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-нээс үзвэл энэ үнийн дүн яаж гарч ирсэн нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгийг манайх авахыг удаа дараа мэдэгдсэн авахгүй болохоор бичлэг хийгээд өөрсдийн агуулахад тоо ёсоор хадгалсан байгаа.Гаднах фасадын өнгө будгийг сэргээсэн засварласан, ТҮЦ-ийн дотоод чимэглэлд зарцуулсан мөнгө гэж гэж дурдсан мөртөө энэ ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулахын тулд хийсэн ажил гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: ҮЦХ- ОНӨТҮГазраас нэхэмжлэгч ДИ- ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа ДИ- ХХК нь хүнсний зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан. Чухам ямар учраас яагаад түрээсийн гэрээ хийсэн нь ойлгомжгүй байдаг. Тухайн үеийн удирдлагууд бүгд солигдсон. Нэхэмжлэгч хожим 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас түргэн хоолны газар ажиллуулах зөвшөөрлийг, 06 дугаар сарын 08-ны өдөр Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг авсан байдаг. Урд нь ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогдоно.Түүнчлэн ДИ- ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Цайны газар, кофе шоп үйл ажиллагаа шинээр явуулахыг бүртгэсэн нь хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэснээр нотлогдоно. Нэхэмжлэгч хуулийн этгээд учраас Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тайлагнах үүрэгтэй. Гэтэл хувь хүний дансаар орлого авч байсан, орлогын албан татварын тухай хуулийн 8.1.8-г зөрчсөн гэж үзнэ. Компанийн тухай хуульд зааснаар татварын тайланг жил бүр мэдүүлэх үүрэгтэй, гэтэл 63,000,000 төгрөгийг олох ёстой орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үйл ажиллагааны орлогын албан татвар төлсөн, сард 4,5000,000 төгрөг олдог байсан эсэхээ баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч талаас шүүхэд: түрээсийн гэрээ(хх-ийн5-6), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм(хх-ийн 7-10), батламж(хх-ийн11), аюулгүй байдлын дүгнэлт(хх-ийн12), ДИ- ХХК-ийн хүсэлт(хх-ийн13-14), ҮЦХОНӨТҮГ-ын албан тоот(хх-ийн15-19), зураг(хх-ийн20-21), ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн23-25),Төрийн банкны депозит хуулга(хх-ийн27-33), Э.Уянгын Хаан банкны депозит дансны хуулга(хх-ийн52-100), 2018.01.01-ний өдрийн №18АТ/01 тушаал(хх-ийн113), зэрэг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
6. Хариуцагч талаас шүүхэд: төлбөрийн тооцоо(хх-ийн138-139), хөрөнгө худалдан авах бүртгэл(хх-ийн) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
7. Зохигчдын хүсэлтээр шүүхээс:хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа(хх-ийн125-126), гэрчилгээ(хх-ийн127-128), компанийн дүрэм(хх-ийн129-133) зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ДИ- ХХК нь хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт учирсан хохирол болох түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-ийг тохижуулахад гарсан зардал 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч олох ёстой байсан орлого 63,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас нийт 88,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазар түргэн хоолны болон хүнсний худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр түрээсийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан. Эд хөрөнгөө авахыг удаа дараа мэдэгдсэн, өөрсдөө аваагүй манай агуулахад тоо ёсоор хадгалагдаж байна. Нэхэмжлэгч нь компанийн, нягтлан бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн, орлогын албан татварын тайланг хуулийн этгээд мэдүүлэх үүрэгтэй.Гэтэл нэхэмжлэгч хувь хүний дансаар орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул 63,000,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5.Зохигчид харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, ҮЦХ-гийн өмч 08 дугаар түргэн үйлчилгээний цэг(ТҮЦ)-д худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулахаар Түрээсийн гэрээг байгуулжээ.(хх-ийн5-6)
Уг гэрээний:
1.1.-д Түрээслүүлэгчийн эзэмшлийн 08 дугаар бүхий Түргэн үйлчилгээний цэг(ТҮЦ)-т худалдаа, үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулсны дагуу ашиглалт, үйлчилгээ болон түрээсийн төлбөрийг сар бүр төлөх, хэвийн тогтвортой үйл ажиллагаа эрхлэх нөхцөл боломжоор ханган ажиллахад оршино.;
2.1.-д Энэхүү гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 /тав/ жилийн хугацаатай байна.;
2.2. Түрээслэгч тал нь нэг 1м2 талбайг 19,500(арван ес таван зуу),нийт 13.м2 талбай бүхий ТҮЦ-ийг нэг сарын түрээсийн төлбөр 253,500 төгрөгийн 60 хувийг Нийслэлийн өмчийн харилцааны дансанд, үлдэгдэл 40 хувийг түрээслүүлэгчийн Төрийн сан банкны 100200051034 дансанд сар бүр шилжүүлэх;
2.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байна.
2.5. Байгалийн болон хувийн хүчин зүйлсээс хамаарч худалдаа, үйлчилгээ эрхлээгүй нь гэрээний 2.2, 2.3-т заасан төлбөрүүдийг төлөхгүй байх үндэслэл болохгүй;
3.5. Түрээслүүлэгч тал нь хууль тогтоомж, дүрэм журам болон гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг түрээслэгч талаас шаардах эрхтэй бөгөөд энэ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг Түрээслэгч тал биелүүлээгүй нөхцөлд зөрчлийг таслан зогсоож, арилгуулахтай холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авах эрхтэй.
5.1. Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
6.3.8. Энэхүү гэрээ болон бусад хууль тогтоомж, дүрэм журамд заасан цуцлах үндэслэл нөхцөл бүрдсэн тохиолдолд гэж тохиролцжээ.
6. Нэхэмжлэгч ДИ- ХХК түрээсийн гэрээ цуцалсанд маргаагүй, харин 08 дугаар түргэн үйлчилгээний цэгийг тохижуулахад гарсан зардал 25,000,000 төгрөгийг, олох ёстой байсан орлого 63,000,000 төгрөгийг нийт 88,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж маргасан.
7.Нэхэмжлэгч ДИ- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд билльярд ажиллуулах, япон авто машины худалдаа, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл 2008 оны 02 дугаар сарын 04-ний бүртгэгджээ.(хх-ийн 7-10)
8.Хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазар нэхэмжлэгч ДИ- ХХК-ийг үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс өөр төрлийн буюу цайны газар ажиллуулах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон тул Түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 03, 03 дугаар сарын 17, 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. (хх-ийн15-17)
9.Улмаар ҮЦХ- ОНӨТҮГазар түрээсийн гэрээг цуцалж, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-т байрших талбайг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөхийг нэхэмжлэгч ДИ- ХХК-иас шаардаж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №336 дугаар албан тоотоор албадан чөлөөлөхийг мэдэгдсэнээр, албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч өөрийн эзэмшлийн агуулахад хадгалжээ. (хх-ийн18)
10.ДИ- ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цайны газар, кофе шоп ажиллуулахаар үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлийг хуулийн этгээдийн бүртгэлд нэмж бүртгүүлснээр , Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс ҮЦХ-д түргэн хоолны үйл ажиллагаа явуулах 0001776 дугаар Батламж-ийг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газраас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт-ийг 1 жилийн хугацаатай тус тус олгогджээ. (хх-ийн11-12, 125-128)
11. ДИ- ХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 02, 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд ҮЦХ- ОНӨТҮГазарт хүсэлтийг хүргүүлж байжээ. (хх-ийн13-14)
12.Нэхэмжлэгч ДИ- ХХК нь ҮЦХ-д байрших 08 дугаар ТҮЦ-ийн орчин тойрныг тохижуулахаар иргэн Э.Түвшинтөгстэй 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр №18/06/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. (хх-ийн23-25)
Уг гэрээнд: 1.ТҮЦ-ийн гадаа талбайд үйлчилгээний зориулалттай сүүдрэвч хийж гүйцэтгэх,
2. ТҮЦ-ийн гаднах фасадын өнгө будгийг сэргээж засварлах,
3. ТҮЦ-ийн гадаа талбайд үйлчилгээний зориулалттай төмөр хөлтэй модон ширээ сандлыг хийж гүйцэтгэх/нийт 6 ширээн сандлын хамт/,
4. ТҮЦ-ийн үйлчилгээний гадаа талбайд тохижилтын зориулалтаар явган хүний хавтангаар тохижуулах,
5.ТҮЦ-ийн дотоод засал чимэглэлийг бүрэн хийж дуусгах.
Ажил үйлчилгээний төлбөр 25,000,000 төгрөг гэж тохиролцжээ.(хх-ийн 23-24)
13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...ДИ- ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн авто сэлбэгийн худалдааны үйл ажиллагаа явуулахаар ҮЦХ- ОНӨТҮГазартай Түрээсийн гэрээг байгуулсан. Харин авто сэлбэг хэрэгсэл худалдаалахад ТҮЦ-ийн талбай хэмжээ хүрэлцэхгүй, бага байсан тул хүнс, хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрлийг аваад ажиллуулсан гэж тайлбарласан.
14.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч ДИ- ХХК нь хариуцагчийн өмчлөлийн 08 дугаар Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-д эрх бүхий этгээдээс олгогдсон зөвшөөрөлгүйгээр хүнс, худалдаа, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна. (хх-ийн11,125-128)
15.Нэхэмжлэгч ДИ- ХХК нь дээрх хугацаанд зохих эрхий бүхий байгууллагаас зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсан гэж маргах боловч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаа, түргэний хоолны үйлчилгээ,эрхлэх зөвшөөрөл олгогдсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нотлоогүй болно.
16. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
17.Нэхэмжлэгч ДИ- ХХК нь Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хүнсний тухай хуульд болон эрх бүхий этгээдээс олгогдсон зөвшөөрлийн дагуу нийтийн хоолны болон хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагааг явуулах үүрэгтэй.
18. ДИ- ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цайны газар, кофе шоп ажиллуулах үйл ажиллагаа явуулах чиглэл хуулийн этгээдийн бүртгэлд нэмэгдсэнээр 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ҮЦХ-д түргэн хоолны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 0 дугаар Батламж-ийг олгогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбараар нотлогдсон тул хариуцагч түрээсийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.(хх-ийн 11,125-128)
19.Хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазраас 2021 оны 02 дугаар сарын 03, 03 дугаар сарын 17, 03 дугаар сарын 26, 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд 08 дугаар түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/ байрших талбайг чөлөөлөх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсээр байхад нэхэмжлэгч ДИ- ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хүлээж аваагүй байна.
20.Түүнчлэн нэхэмжлэгч ДИ- ХХК нь 08 дугаар түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-ийн гадаа талбайг үйлчилгээний зориулалттай сүүдрэвч, гадна фасадын өнгийг будаж засварласан, 6 ширхэг төмөр хөлтэй модон ширээ, сандал, явган хүний зам, ТҮЦ-ийн дотоод засал чимэглэл зэргийг 25,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын задаргааг баримтаар нотлоогүй болно.
21.Нөгөөтээгүүр дээрх эд хөрөнгийг ДИ- ХХК нь Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар өөрийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
22. Иймд нэхэмжлэгчийн 08 дугаар түргэн үйлчилгээний цэг, ТҮЦ-ийг тохижуулахад гарсан зардал 25,000,000 төгрөгийг ҮЦХ- ОНӨТҮГазраас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
23. Нэхэмжлэгч ДИ- ХХК нь түрээсийн гэрээг цуцалснаас нэг сард 4,500,000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан тул 2021 оны 4,5,6,7,8,9 сард 27,000,000 төгрөгийг, 2022 оны 4,5,6,7,8,9 сард 27,000,000 төгрөгийг, 2023 оны 4,5 сард 9,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөгийг олох ёстой орлогын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
24. ДИ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18АТ/01 тушаалаар Э.Уянгыг компанийн худалдаа, үйлчилгээ хариуцсан менежерээр томилжээ.(хх-ийн113)
25. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 63,000,000 төгрөгийг компанийн ажилтан Э.Уянгын Хаан банкны 5070360612 дансаар орлого, зарлагын гүйлгээг хийж байсан гэж тайлбарлаж түүний депозит дансны хуулгыг баримтаар хэрэгт өгсөн. (хх-ийн52-100)
26. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. 95.4.-д Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.,
27. Нягтлан бодох бүртгэлийн тухай 8 дугаар зүйлийн 8.1.-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна, 9.1.-д Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй. гэж хуульчилсан.
28. ДИ- ХХК нь ҮЦХ ОНӨТҮГазрын өмч 08 дугаар түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж байхдаа үйл ажиллагааны орлого, зарлагыг компанийн ажилтны дансыг ашиглаж байсан гэж тайлбарлах боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.4, 13.1.,14.3.-д зааснаар анхан шатны баримт нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, мэдээллийг үнэн зөв хөтлөх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
29. Өрөөр хэлбэл ДИ- ХХК нь үйл ажиллагааны анхан шатны баримт хөтөлсөн эсэх, санхүүгийн тайлан гаргасан эсэх талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.
30 Иймд ДИ- ХХК-ийн түрээсийн гэрээг цуцалснаас олох ёстой байсан орлого 63,000,000 төгрөгийг, 08 дугаар түргэн үйлчилгээний цэгийг тохижуулахад гарсан зардал 25,000,000 төгрөг нийт 88,000,000 төгрөгийг хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазраас гаргуулах тухай шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 755,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ҮЦХ- ОНӨТҮГазраас 88,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ДИ- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 755,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ