| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/206 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2539000000216 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б ыг согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг мөсөн зоорины хашаанд тус аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт ирсэн дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн ахлагч Б.Г , дэд ахлагч С.Б нарын “Цагдаагийн газар руу явах үйлдэл хийх, хүүхдийнхээ эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж хэл амаар доромжилж улмаар С.Б-ын зүүн шанаа тус газарт цохин, толгой руу нь өшиглөж, Б.Г гийн духыг мөргөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б ыг согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг мөсөн зоорины хашаанд тус аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт ирсэн дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн ахлагч Б.Г , дэд ахлагч С.Б нарын “Цагдаагийн газар руу явах үйлдэл хийх, хүүхдийнхээ эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж хэл амаар доромжилж улмаар С.Б-ын зүүн шанаа тус газарт цохин, толгой руу нь өшиглөж, Б.Г гийн духыг мөргөх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь шүүгдэгч Н.Б ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, шүүгдэгч Н.Б ын согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 50 дугаар тал), хохирогч Б.Г гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), хохирогч С.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), хохирогч С.Б-ын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03-05 дугаар тал), гэрч О.О-ын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 06-08 дугаар тал), гэрч О.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч С.Б “...Н.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 100 дугаар тал)
Хохирогч Б.Г “...Н.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 101 дүгээр тал) тус тус байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD-ийг хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэлдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН