Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/00379

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ИМЯ холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 64,737,651 төгрөг, алданги 24,329,982 төгрөг нийт 89,067,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.*******- хариуцагч ИМЯ- ГҮТББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 64,737,651 төгрөг, алданги 24,329,982 төгрөг нийт 89,067,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Тус хэлтэстэй харилцагч ИМЯ- ГҮТББ нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 54,737,651 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Нийгмийн шимтгэлийн өр 64,737,651 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр ИМЯ- ГҮТББ-д ******* сийн улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан шаардлага хүргүүлж, Худалдаа хөгжлийн банз, Голомт банз, Капитрон банк, Төрийн банк, Хаан банканд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1172 тоот албан бичгийг хүргүүлж дансны зарлагын гүйлгээг төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ИМЯ- ГҮТББ-ын хувьцаа эзэмшигч Г.*******тай шимтгэлийн өр авлагыг барагдуулах талаар уулзалтыг удаа дараа хийж өр, авлага барагдуулах график байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 17 дугаар зүйл 17.1.1,17.1.4-д Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна.

Иймд Нийгмийн шимтгэлийн өр 64,737,651 төгрөгт Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7.13-т заанаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 24,329,982 төгрөгийг нийт 89,067,633 төгрөгийг гаргуулж өгөн үү гэв.

2.Хариуцагч ИМЯ- ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа:Манай төрийн бус байгууллага Монгол улсыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үйл хэрэг болгох зорилгоор салбарын эрдэмтэн зөвлөх, инженер болон мэргэжлийн боловсон хүчнийг гэрээгээр түр авч ажиллуулж, тэдний цалин хөлсийг байгууллагын гишүүдийн хэм буюу татвараас шийдэн олгож нийгмийн даатгалын шимтгэлийн тухай бүр тайлагнаж тодорхой хэмжээгээр төлж байсан боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалт шийдэгдээгүйн улмаас 64,737,651 төгрөгийг өр хуримтлалдагдсан болно.

Дэлхийн нийтийг хамарсан цар тахал, манай байгууллагын банкны харилцах дансыг хаасны улмаас үйл ажиллагаа хязгаарлагдаж, гишүүдийн оролцоо суларч их бүтээн байгуулалтад оролцох үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэх үйл хэрэг зогсонги байдалд орж,гишүүд татвараа төлөх чадамж буурсан зэргээс санхүүгийн чадамжгүй болж өр төлөх ямар ч боломжгүй болсон.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 64,737,651 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин алданги төлөх боломжгүй байна.

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын орлог шимтгэлийн тасгийн дарга Д.А, улсын байцаагч Б.******* нартай уулзаж алданги төлөх санхүүгийн ямар ч боломжгүй талаар тайлбарыг өгч байсан.

Нэхэмжлэгч тал Зөрчлийн тухай хуулийн хүрээнд манай байгууллагад хариуцлага тооцох талаар мэдэгдэл, анхааруулга огт өгч байгаагүй мөртлөө шууд ингэж алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өр 64,737,651 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд:нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан(хх-ийн7-12), улсын байцаагчийн шаардлага(хх-ийн14), арилжааны банкны дансны гүйлгээг зогсоох тухай албан тоот(хх-ийн15-27), Нийгмийн даатгалын газрын даргын тушаал(хх-ийн42), зэрэг баримтыг гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас шүүхэд:улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн31), төрийн бус байгууллагын дүрэм(хх-ийн50-52), хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа(хх-ийн57-58) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******- нь хариуцагч ИМЯ- ГҮТББ-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 64,737,651 төгрөгийг, алданги 24,329,982 төгрөгийг нийт 89,067,633 төгрөгийг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Хариуцагч  ИМЯ- ГҮТББ-д нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 64,737,651 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангид нэхэмжилсэн 24,329,982  төгрөгийг төлөхөөс татгалзаж, маргасан.

3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

4.Хариуцагч ИМЯ- ГҮТББ-д 2018  оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгын шимтгэлд 64,737,651 төгрөгийн дутуу төлөлттэй болох нь  нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайлан, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн7-12)

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан тул нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч ИМЯ- ГҮТББ нь зөв тодорхойлон сар бүр төлөх үүрэгтэй.

6.Хариуцагч нь энэхүү дутуу төлөлтийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул шимтгэлд 64,737,651 мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.

7.Хариуцагч ИМЯ- ГҮТББ нь нэхэмжлэгч тал Зөрчлийн тухай хуулийн хүрээнд манай байгууллагад хариуцлага тооцох талаар мэдэгдэл, анхааруулга огт өгч байгаагүй мөртлөө шууд ингэж алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын Улсын байцаагчийн албан шаардлагыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч ИМЯ- ГҮТББ-д хүргүүлж, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1172 дугаар албан бичгээр хариуцагчийн арилжааны банканд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан нь тогтоогдож байна.(хх-ийн 14-27)

9.Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, мөн Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.2-т Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга (цаашид "акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга" гэх) үйлдэнэ тус тус заажээ. 

10.Дээрх хуулийн заалтыг улсын байцаагч алданги тогтоосон тухай акт үйлдэх, алданги төлөх албан шаардлага хүргүүлж, харилцах дансны дарлагын хөдөлгөөнийг хаах мэдэгдэл хүргүүлэх зэрэг зохих ажиллагааг гүйцэтгэсэн байхыг ойлгоно.  

11.Нэхэмжлэгч *******- нь 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд  хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн эсэх нь нотлогдохгүй, улсын байцаагч татвар төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл гэх баримтыг өөрийн тамгаар баталгаажуулан ирүүлснийг хуульд нийцүүлэн акт үйлдэж, зохих ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна. 

12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд  улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдлийг хариуцагчид гардуулсан, мэдэгдсэнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

13.Хариуцагчаас дээрх хугацаанд алданги төлөх талаар шаардлага, мэдэгдлийг хүлээн аваагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

14. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар хариуцагч нь алданги төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн мөнгөн хөрөнгийг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ИМЯ- ГҮТББ/рд:/-аас 64,737,651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 24,329,982 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ИМЯ- ГҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 279,600 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ