Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/00495

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: НКМ ХХК

Хариуцагч: О.Н холбогдох

3,033,884.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*, хариуцагч О.Н-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч НКМ- ХХК нь хариуцагч О.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,033,884.28 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Н.О нь тус байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 303200626 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1041 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус зээлийн нэхэмжлэхтэй холбоотой 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон 142/ШЗ2022/*тоот захирамж, мөн тус шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжилсан 142/ШШ2022/*тоот шийдвэр гарсан. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээл 995,930.79 төгрөг, үндсэн хүү 1,777,953.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260,000 төгрөг, нийт 3,033,884.28 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 303200626 тоот гэрээний төлбөрт 3,033,884.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны 02 дугаар сар хүртэл Орхон аймагт амьдарч байсан. Гэрээний үүргийг зөрчсөн хугацаа нь 2020 оны 01 дүгээр сараас хойш бүтэн 2 жилийн хугацаанд өөрийн Орхон аймаг дахь хаяг дээрээ амьдарч байсан. Би ажлаас гэнэт халагдаад орлогогүй болоод орон сууцны болон цалингийн зээлийг төлөх боломжгүй болсон. Ковидын үед бол орон сууцны зээлийг зогсоосон, цалингийн зээлтэй холбоотой маргаан яваад оны өмнө шүүхийн шийдвэр гарлаа. Нэхэмжлэгч тал гэрийн хаягаар очиход байгаагүй гэж хэлж байна. Миний төрсөн эх, миний төрсөн ах тухайн хаяг дээрээ амьдарч байхад намайг нэг ч удаа асуугаагүй, би өдөр нь байхгүй юм аа гэхэд орой нь байж л байсан. Хэрвээ мэдэгдэл өгөөд би олдохгүй байсан юм бол цагдаад өгөхөд л би гараад ирнэ. Танай Эрдэнэт салбарын хүмүүс чинь надтай фейсбүүкээр найз нөхөд байдаг. Ядаж фейсбүүкээр зургийг нь дараад явуулчихсан бол би зүгээр байхгүй байлгүй. Би 2019, 2020, 2021 онд би хуучин дугаар дээрээ байсан, 2022 онд утасны дугаар сольсон. Яаралтай үед холбоо барих манай найзуудын дугаар байгаа. Танай байгууллагын эдийн засагч нар дунд надтай ажиллаж байсан хүн байгаа. Миний албан ёсны гэрийн хаяг болох Орхон аймгийн 4 дүгээр байрны 57 тоот хаягаар мэдэгдэл хүргүүлээгүй, утас, е-мэйлээр надад ганц ч удаа яриагүй, дуудаагүй 2 жил, 9 сар, 1071 хоногийн хугацааны зээлийн хүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 995,930.79 төгрөгийг, зээлийн хүүд 597,558 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 130,000 төгрөгийг нийт 1,723,448 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:2018.12.05-ны өдрийн №303200626 зээлийн эрхийн гэрээ(хх-ийн3),хуулийн этгээдийн бүртгэл (хх-ийн4),итгэмжлэл(хх-ийн5-6),Орхон аймааг дахь Цагдаагийн газрын тоот(хх-ийн7),кридет дансны хуулга(хх-ийн38-15) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

4. Шүүхээс зохигчдын хүсэлтээр: зээлийн тооцоолол (хх-ийн30-32) баримтыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Орхон аймаг дах НКМ ХХК нь хариуцагч О.Н-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 995,930,79 төгрөг, зээлийн хүүд 1,777,953.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 260,000 төгрөгийг нийт 3,033,884.28 төгөргийг гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 995,930.79 төгрөгийг, зээлийн хүүд 597,558 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 130,000 төгрөгийг нийт 1,723,448 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг төлөхгүй гэж маргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж маргасан үндэслэлээ ... миний албан ёсны гэрийн хаяг болох Орхон аймгийн 4 дүгээр байрны 57 тоот хаягаар мэдэгдэл хүргүүлээгүй, утас, е-мэйлээр надад ганц ч удаа яриагүй, дуудаагүй байж 2 жил, 9 сарын зээлийн хүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

3.Нэхэмжлэгч НКМ ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байна.(хх-ийн4)

4.Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, жилийн 60 хувийн, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэхээр харилцан тохиролцож №303200626 тоот Зээлийн эрхийн гэрээ-г байгуулжээ. (хх-ийн3)

5.Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдрийн талаар талууд маргаагүй.  

6.Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчНКМ ХХК-иас 1,000,000 төгрөгийн зээлдсэн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн данснаас 272,000 төгрөгийг ашигласан талаар маргаагүй.

7.Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш надад нэг ч удаа мэдэгдлийг бичгээр болон утас, е-майлаар хүргүүлээгүй атлаа 2 жил 9 сарын 1071 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү 260,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

8.Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №303200626 тоот Зээлийн эрхийн гэрээ-ний:

2.1.-д зээлийн хэмжээ: 1,000,000/тоогоор/ нэг сая MHТ/үсгээр/;

2.2.-д зээлийн үндсэн хүү: 5% сарын /30 хоногийн/ таван хувь;

2.3.-д гүйлгээний шимтгэл 00 төг байна;

2.4.-д зээлийн төлөх төлбөр 10%;

2.5.-д төлбөр төлөх өдөр:сар бүрийн 10-ны өдөр;

2.6.-д хуулга гаргах өдөр:сар бүрийн 1-ний өдөр;

2.7.-д хугацаа хожимдуулсан шимтгэл: 10,000 төгрөг;

2.8-д зээлийн хугацаа 24 сар/тоогоор/ хорин дөрөв/үсгээр/ буюу 2018.12.05-наас 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл;

2.13-д зээлдэгч нь гүйлгээ хийх тутамд гарах гүйлгээний шимтгэл, үндсэн хүү, хугацаа хожимдуулсан шимтгэл,хугацаа хожимдуулсан хүү, гэх мэт төлбөрийг зээлдэгчид үл маргах журмаар төлнө.;

3.6-д зээлдэгч мөнгөн хөрөнгө нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдуулан гарах бусад зардлын төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйлийг компанийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрч,хуульд зааснаар барьцааны төлбөрийг барагдуулахад ямар нэгэн саад учруулахгүй байх; гэж тохиролцжээ.

9. Зээлийн гэрээний дагуу хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 186,000 төгрөгийн төлөлт хийснээс нэхэмжлэгч үндсэн зээл 163,553 төгрөгийг, зээлийн хүү 12,447 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 10,000 төгрөгийг хасаж тооцсон талаар талууд маргахгүй байна.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагчийг шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Манай мэдэгдэх хуудаст зээлдэгчээр гарын үсэг зуруулах форматтай байдаг. Хариуцагчид мэдэгдэх хуудсыг 3 удаа хүргүүлсэн боловч О.Н-гийн гарын үсэг зурагдаагүй тул нотлох баримтаар хэрэгт өгөөгүй. гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

11.Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

12.Хариуцагч О.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 16, 12 дугаар сарын 17, 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд зээлийн данснаас 272,000 төгрөгийн зарлагыг гаргаж ашигласан байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 723,930 төгрөгийн төлбөр дээр нэмэгдэж нийт үндсэн зээлийн төлбөрт 995,930 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

13.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-д Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно., 286.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

14.Хариуцагч О.Н- нь нэхэмжлэгч НКМ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдсэн, 2019 оны 12 дугаар сарын 16, 12 дугаар сарын 17, 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд 272,000 төгрөгийг зээлийн данснаас гаргаж ашигласан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

15.Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн үүргийг биелүүлэх талаар мэдэгдлийг хариуцагчид 3 дараа хүргүүлсэн гэж маргасан боловч, мэдэгдлийг хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

16. Хариуцагч нь зээлийн гэрээний 2.8-д зааснаар зээлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан гэж үзэж дээрх хугацааны зээлийн хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

17.Иймд О.Н-гаас үндсэн зээл 995,930.79 төгрөгийн, зээлийн хүүд 1,200,000 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүд 130,000 төгрөгийн нийт 2,325,930 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 603,813.54, нэмэгдүүлсэн хүү 130,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч О-Н-гаас 2,325,930 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч НКМ- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх үлдэх 603,813.54, нэмэгдүүлсэн хүү 130,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,161 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ