Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0592/З |
Дугаар | 128/ШШ2023/0103 |
Огноо | 2023-01-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нар,
Маргааны төрөл: “Э” ХХК-ийн зөрчилд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-********* тоот нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Б.Б, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Э” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-*********** тоот нөхөн ногдуулалтын актаар 19,642,727.27 төгрөгийн нөхөн татвар, 5,892,818.18 төгрөгийн торгууль, 3,928,545.45 төгрөгийн алданги, нийт 29,464,090.9 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
3.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Манай компани татварт ямар нэгэн татварын өргүй 2021 оны татварын тайлангаа гаргаж татвараа төлж дуусан хэвийн үйл ажиллагаа явуулж байтал бидэнд огт мэдэгдэлгүй 2022 оны 01 сарын 21-ны өдөр “М ш” ХХК-аар дамжуулан Баянгол дүүргийн татварын албанаас шуудангаар 2022 оны 01 сарын 10-ний өдрөөс 2022 оны 1 сарын 10-ний өдрийг дуусталх 1 өдрийн хугацаанд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нар /НӨАТ хэсэгчилсэн/ шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэх нөхөн ногдуулалтын акт бүхий бичиг баримтуудыг бид хүлээн авсан. Энэ нь манай байгууллагаас ямар нэгэн баримт материал авч биечлэн уулзалгүй нөхөн ногдуулалтын акт үйлджээ. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ”, 12.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах”, 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”, 41.12д “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна”, 41.12.1-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах”, 41.12.2-д “татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх” 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах. гэх эдгээр Татварын ерөнхий хуулийг зөрчин байж нөхөн ногдуулалтын акт үйлджээ.
2/Уг нөхөн ногдуулалтын актын хөөн хэлэлцэх хугацааг
Татварын ерөнхий хуулийн 15.3.1 д хамааруулан тооцсон байна. Гэтэл уг 15 дугаар зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг ба 15.3.1-д хамаарагдах тайлан нь сар сараар буюу 1 сарын эцсийн үлдэгдэл нь 2 сарын эхний үлдэгдэл болж (3,6 сар) улирал тутам тайлагнадаг улирлын тайлан буюу үүнд сар бүрийн 05-ны дотор улсад тайлагнаж тушаадаг НДШ-ийн тайлангаас үүдэлтэй ажилчдын цалин хөлснөөс ХАОАТ-ийн тайлан үүсдэг ба сар сараар хуримтлагдаж улирал тутамд тайлагнадаг тайлангийн хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн байдаг. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татвар ямар ч хамааралгүй юм. Харин 15.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж борлуулалтаас үүдэлтэй үүсдэг Нэмэгдсэн өртгийн албан татварын хөөн хэлэлцэх хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг.Энэ хуулийн 15 дугаар зүйл өөрөө цаг хугацааны дарааллыг хамаарах тайлантай нь уялдуулан маш тодорхой заасан байхад цогцоор нь харж үзэхгүй зөвхөн нэг заалтыг сонгон авч түүнтэй хамааруулан шийдвэр гаргаж байгаа нь хуульд огт нийцэхгүй байна. Санхүүгийн тайлан тооцоог сарын, улирлын, жилийн гэсэн хугацаатайгаар гаргаж тайлагнадаг байтал сар бүр тайлагнадаг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг улирал бүр тайлагнадаг тайланд хамааруулж шийдвэрлэж байгаа нь хууль бус шийдвэр байна. Уг нөхөн ногдуулалтын акт-д хамаарах Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд бичигдсэн байх бөгөөд үүнээс хойш 4 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор мөрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан байх бөгөөд мөн татварын ерөнхий газрын албан ёсны https://mta.mn/c/view/11610 сайт.нд Татвар тайлагнах, төлөх хугацаа-г хүснэгтээр маш тодорхой зааж өгсөн байна.
3/Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 01 сарын 11-нд дууссан гэж үзжээ. Энэ нь мөн адил Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” , 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж хуульд заасан нь уг нөхөн ногдуулалтын актыг хэрэв татварын байцаагчдын үзэж байгаар хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 01 сарын 11-нд дууссан гэж үзсэн тохиолдолд уг хугацаанаас 15 өдрийн дараа хүлээн авсан бөгөөд энэ нь 2022 оны 01 дүгээр сарын 19-нд өдөр баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэх хуулийн дагуу 2022 оны 01 дүгээр 26-нд мэдэгдсэнд тооцогдох тул нөхөн ногдуулалтын акт нь хөөн хэлэлцэх хугацаанд багтаж хүчин төгөлдөр болохгүй байна.
4/Уг нөхөн ногдуулалтын актын гол үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж хуульд заасны дагуу уг актыг тавьсан байна. Гэвч уг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтыг тухайн үед бид санхүүгийн тайлан тооцоондоо бүртгэж, анхан шатны баримтуудыг хавсаргасан байтал ямар нэгэн хяналт шалгалт хийлгүй акт тавьсан нь хууль бус байна. Бид Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан байх бөгөөд манай байгууллагат нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон бусад нотлох санхүүгийн баримт байсаар байтал уг албан татварын хасалтыг хийхгүй байна.
1/Манай компани татварт ямар нэгэн татварын өргүй төлбөр төлөх нэхэмжлэлгүй 2021 оны татварын тайлангаа гаргаж татвараа төлж дуусан хэвийн үйл ажиллагаа явуулж байхад Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэх заалтын дагуу төлөх татварын ногдол огт байхгүй мөн хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх төлбөргүй байхад 1 өдрийн дотор 19,642,727.27 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, 5,892,818.18 төгрөгийн торгууль, 3,928,545.45 төгрөгийн алданги тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ийнхүү хууль бус шийдвэрээс үүдэлтэй нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараахь байдлаар зөрчигдөж байна. Татварын өртэй тул зарлагдсан Тендерт орж чадахгүй, ажилгүй, орлогогүй тул ажилчид цалингүй болж байна, ажлын байраа хаахад хүрч, орлогогүй тул татвар төлөхгүй болж, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ маш их хохирч байна. Үүнийг үнэн зөв шийдсэнээс бид цаашид үнэн зөв татвараа төлж, компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж ажилтай, орлоготой болох юм. Иймд уг нөхөн ногдуулалт актыг хүчингүй болгож үнэн зөв хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Нийт 5 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Үндэслэл 1 нь манай компани 2022 онд тайлангаа илгээгээд ямар нэгэн татварын өргүй байсан. Гэтэл Баянгол дүүргийн татварын хэлтсээс шуудангаар нөхөн ногдуулалтын акт ирсэн. Бидэнд мэдэгдэлгүйгээр нөхөн ногдуулалтын акт ирүүлсэн байдаг. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт ирсэн. Татварын ерөнхий хуулийн дагуу татварын хяналт шалгалт хийх тухай татвар төлөгчид 10-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Бид нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дугаар үндэслэлээс татгалзсан байгаа. Бидний нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа гол зүйл нь бидэнд мэдэгдэлгүй нөхөн ногдуулалтын акт хийгдсэн. Одоо явагдаж байгаа татварын хяналт шалгалтын хувьд мессеж, и-мэйлээр бүх баримтууд ирсэн. Хяналт шалгалтын бүх ажиллагаа нь ёс журмын дагуу явагдсан. Нэлээн их баримтуудыг нөхөн ногдуулалтын актаас хасуулсан байгаа. Одоо явагдаж байгаа шалгалт дээр маягт ХШ гээд маягтыг өгч баримт бүрдүүлсэн. Өмнөх хяналт шалгалтаар бидэнд баримт бүрдүүлэх боломж олдож байгаагүй. Манай компанид утсаар мэдэгдсэн гээд сүүлд нотлох баримт ирсэн байна. Энэ асуудалд тайлбар өгье. Мэдэгдсэн гэх утас нь нягтлан бодогч н.П дугаар. Нягтлан маань 5 өөр компани хариуцаж ажилладаг. Энэ компаниуд бүгд Баянгол дүүрэгт бүртгэлтэй. Тэгэхээр манай компанийг асуусан уу, өөр компанийг асуусан уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Манай компани руу 10-ны өдөр мессеж явуулахыг оролдоод мессеж нь алдаа заагаад яваагүй. Бүртгэлтэй хаяг байхгүй гэдэг боловч бүртгэлтэй хаягуудаа өгсөн. Шалгалт хийгдээд шийдвэр нь 9-ний өдөр ирж байгаа. 4-ний өдөр и-мэйл хаягаар татварын хяналт шалгалт орж байна гэж мэдээлэл ирсэн. Татварын томилолтын хуудас нь ч гэсэн. Өмнөх ажиллагаа дээр ийм мэдээлэл ирээгүй. Хамгийн сүүлд нөхөн ногдуулалтын акт л шуудангаар ирсэн. Нөхөн ногдуулалтын акт дээр “Г б” ХХК хий бичилттэй гэсэн. Бид анхан шатны баримтуудыг бүгдийг хавсаргаж өгсөн. Манайх татвараа тайлагначихсан байхад яагаад хасаж тооцохгүй байгаа юм гэдэг. Тэгэхээр цаад компани чинь хуурамч байгаа учраас танайхаас нэмэгдсэн өртгийн албан татвар хасахгүй байгаа гэсэн тайлбар өгсөн. Цаана байгаа компани хуурамч гэдгийг бид мэдэх боломжгүй. Бид давхар хохирч байгаа. Цаана байгаа компани татвараа төлж байгаа эсэхийг мэдэхгүй. Бидэнд Кью ар кодтой баримтаа өгсөн байдаг. Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд боломж олголгүйгээр цөөхөн хоногт хийгдсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Дүн шинжилгээ хийхэд татварын хий бичилт хийж, үнэт цаас шиг тамга тэмдэгтэй, бар кодтой баримт байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнаагүй “Г б” ХХК-ийг илрүүлсэн байна. Энэ компани өөр олон аж ахуйн нэгжид ийм үйл ажиллагаа явуулсан байх. Энэ төрлийн үйл ажиллагаа нь татварын мэдлэгтэй, татварын албанд танил талтай байдлаа ашиглаж хулгай хийж байгаа арга. Эрүүгийн цагдаагийн газар шалгагдаад дуусаж байгаа юм байна. “Г б” ХХК-ийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх ёстой. Гэхдээ татвараа тайлагнасан гэдэг нь нэхэмжлэгч компани мэдэхгүй байсан учраас тайлагнасан. Хэрвээ тайлагнаагүй бол гэмт хэргийн хамсаатан. Тэгэхээр эрүүгийн цагдаа дээр шалгагдаж дуусаагүй байхад аж ахуйн нэгжийн татвар төлөх хөөн хэлэлцэх дуусах гээд байгаа. Ийм учраас нэхэмжлэгч компаниар төлүүлчихье гэсэн арга хэмжээ авсан. Гэтэл 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Хугацаагаа алдчихсан. 30- аад сая төгрөгийн татварыг Ч.Б дээр тавьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлдөг. Нялх хүүхэд төрөөд дэлгүүрээс сүү авдаг. Эцсийн хэрэглэгчээс дэлгүүр татварыг нь авчхаад улсад тайлагнаагүйгээс хүүхдээс дахин татвар авч байгаатай адил юм аа. Гэм буруугүй хүүхдээр төлүүлж байгаа, эдийн засгийн утга учраараа. Үүнийгээ хуулийн дагуу зөв хийж чадаагүй. Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь заалтыг нулимж байна. Үүнийгээ ашиглаад шүүхээс өмнө актаар тогтоосон байна. Татварын байцаагч нар цаг хугацаанд хавчигдаж “Г б” ХХК-ийн төлөх татварыг нэхэмжлэгчээр төлүүлэх гэж байна. Процессын хувьд ажиллагаагаа буруу хийсэн учраас энэ акт хүчингүй болгох ёстой. Өөр хэлэх зүйлгүй” гэв.
5/Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/“Э” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолтыг авч 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тус ХХК-ийн нягтлан бодогч П-тай /*******/ утсаар холбогдож Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолтын талаар танилцуулахад маргааш өдөр нь 09.00-10.00 цагийн хооронд захирал Ч.Б-тэй хамт Баянгол дүүргийн татварын хэлтэст ирж ярилцлага хийхээр болсон. Энэ тухай татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, татвар төлөгчийн мэдээллийн баазад бүртгэлтэй утас болон мэйл хаяг руу системээс шаардлага мессеж илгээсэн болно. Татварын улсын байцаагч бид хяналт шалгалтад орох болсон тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж баримт материал болон нотлох баримтыг авчрах, ярилцлага хийхийг мэдэгдсэн боловч татвар төлөгч дуудсан хугацаанд ирж баримтыг өгөөгүй. Иймээс татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас “Г б” ХХК-аас Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч тайланд залруулга хийгээгүй Аж ахуйн нэгжүүдийг хавсралтаар хүргүүлсэн зөрчлийн мэдээлэл, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 07/904 тоот Татварын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанд гарсан албан бичиг, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн бичсэн "Танилцуулга”-д үндэслэн “Э” ХХК-д нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
2/”Э” ХХК нь Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн Удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэлд “Г Б” ХХК-ийн бичсэн 2017 оны 2 дугаар сард 1 ширхэг ********* дугаартай падаанаар 9,200,000.0 төгрөгийн, 2017 оны 4 дүгээр сард 1 ширхэг ********* тоот падаанаар 26,500,000.00 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сард 1 ширхэг ************* дугаартай падаанаар 88,000,000.00 төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сард 1 ширхэг *********** тоот падаанаар 72,727,272.73 төгрөгийн 2017 онд хамаарах нийт 196,427,272.73 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлийн хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “ Энэ хуулийн 15.2-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.2-д “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; тооцохоор хуульчилсан ба 2017 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 11 өдрөөс эхлэн тоологдож 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар байна” гэж үзсэн болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлантай нягт холбоотой ба нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого олсноос бусад тохиолдолд дээрх 2 тайланд тусгагдсан орлогын дүн тэнцүү байдаг. Тайлант хугацаанд борлуулалтын орлого, худалдан авсан бараа ажил үйлчилгээгээ буцаах тохиолдол гардаг ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нь өссөн дүнгээр тайлагнадаг учир дараа дараагийн улиралд болон жилийн эцэст буцаалтыг залруулах нөхцөл бүрддэг энэ үед аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлантай уялдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дараа дараагийн саруудад буцаах залруулах тохиолдол гардаг. Татвар төлөгчийн тайлангуудыг хүлээн авахдаа дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нягталж тайлангуудыг хүлээн авдаг ба шалгуур үзүүлэлт хангагдаагүй үед нотлох баримт тайлбарыг авч тайлан хүлээн авдаг. Ийм ч учраас тайлант хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн эцсийн хугацааг дараа оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолдог. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараахь байдлаар тоолно”, 15.3.1-д “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; тооцохоор хуульчилсан ба 2017 оны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 11 өдрөөс эхлэн тоологдож 2022 оны 1 дүгээр сарын 11 өдөр дуусахаар байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзэх үндэслэлгүй болно.
3/Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажуулаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй”, 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ”, 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ” 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно” гэж заасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр НА-********** тоот нөхөн ногдуулалтын актыг баталгаат шуудангаар илгээсэн болно. Хяналт шалгалтын ажлыг хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай асуудал яригдахгүй. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн тооцно” гэж гомдол гаргагчийн бичиж байгаа нь гарсан актыг мэдэгдэх гардуулахтай холбоотой асуудал болохоос биш хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй болно.
4/”Э” ХХК, “Г Б” ХХК-ийн бичсэн 2017 оны 02 дугаар сарын 1 ширхэг ********** дугаартай падаанаар 9,200,000.0 төгрөгийн, 2017 оны 04 дүгээр сард 1 ширхэг ********** тоот падаанаар 26,500,000.00 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сард 1 ширхэг ********* дугаартай падаанаар 88,000,000.00 төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сард 1 ширхэг ************ тоот падаанаар 72,727,272.73 төгрөгийн 2017 онд хамаарах нийт 196,427,272.73 төгрөгийн худалдан авалт хийж 2017 оны 2,4,7,9 сарын тайланд татвар ногдох орлогоос хасаж тооцон татвар ногдуулах орлого бууруулан тайлагнасан нь Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр нотлогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийх тухай, “Г б” ХХК-тай хийсэн худалдан авалттай холбоотой санхүүгийн баримтыг авчрахыг нягтлан бодогч Ч.П-д мэдэгдсэн боловч баримтыг авчраагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, НӨАТ падаан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй...." гэж зааснаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна. 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн хуралд нягтлан бодогч Ч.П 2017 оны баримт болохоор одоо ямар нэгэн гэрээ, анхан шатны баримт байхгүй, тэр үед өөр нягтлан бодогч ажиллаж байсан тухай тайлбар хэлсэн
5/ Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар толбол зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” 29 дүгээр зүйлийн 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасны дагуу “Г б” ХХК-тай хийсэн 2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдоогүй татварын улсын байцаагчдын зүгээс хяналт шалгалтын ажлын явцад холбогдох баримтаа гаргаж ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч холбогдох баримтаа гаргаж ирүүлээгүй. Анхан шатны баримт холбогдох гэрээ нотлох баримт байхгүй болохоо маргаан таслах зөвлөлийн хурал дээр мөн илэрхийлж байсан. Татварын улсын байцаагчдын зүгээс тухайн компани анхан шатны шаардлагатай баримтыг гаргаж ирүүлээгүй тул Татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээлэл, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас “Г б” ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч тайланд залруулга хийгээгүй Аж ахуйн нэгжүүдийг хавсралтаар хүргүүлсэн зөрчлийн мэдээлэл, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 07/904 тоот Татвар ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанд гарсан албан бичиг, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн бичсэн "Танилцуулга”-д үндэслэн хяналтын шалгалтыг хэрэгжүүлж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно” гэжээ.
Хариуцагч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанид утсаар мэдэгдсэн гэх 1 хуудас баримт ирсэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр “Э” ХХК-ийн нягтлан бодогч н.П-ын *********** дугаар луу утсаар ярьсан тэмдэглэл байна. 2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн татварын хяналт шалгалт орж байна гэдгийг утсаар ярьж хэлсэн нь шүүхэд ирсэн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч тал татварын нөхөн ногдуулалтын акт нэг л өдөр нисээд ирсэн юм шиг ярьж байгаа. Бодит байдал дээр томилолт орсон өдөр буюу 1 дүгээр сарын 5-ны өдөр нягтлан бодогчтой утсаар холбогдож “Г б” ХХК-ийн хий бичилтийн талаар ярьсан байдаг. Тэр үед н.П энэ талаар мэднэ, намайг эдийн засгийн цагдаа дээр дуудаж байсныг хэлсэн. Мөн нягтлан бодогч н.П нь захирал Ч.Б-ийн хамтаар маргаан таслах зөвлөлийн хуралд оролцсон. 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш утсаа авахаа больсон. Мессежийн хувьд системээс илгээдэг. Системийн мессежийг бид мэдэхгүй, тухай бүрд нь явуулж байсан. Танайд холбогдож албан ёсоор цахим мэдээллийн системд бүртгэлтэй ерөнхий нягтлан бодогч П-т томилолтыг танилцуулсан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно” гэж заасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, улсад төлөх татварыг бууруулсан гэж үзэж байгаа учраас эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт хийсэн. Мөн 2021 оны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.9-т “Хялбаршуулсан хяналт шалгалтыг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэлд үндэслэн цахим болон бусад хэлбэрээр хийнэ” гэж заасан. Тэгэхээр татварын нэгдсэн систем дээр үндэслэгдээд мөн цаад компанийн хуурамч бичилтээр нотлогдсон. Маргаан таслах зөвлөл дээр нягтлан бодогч болон компанитай холбоотой баримтууд ирээгүй. 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ч.Б захирлын гар утас руу холбогдсон байдаг. 1 сарын 5-ны өдөр нягтлан бодогчийн ********* дугаар руу залгаад татварын хяналт шалгалтын ярилцлага хийнэ гэхэд маргааш өглөөний 9-10 цагийн үед очно гээд ирээгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон. Энэ бидний хардлага ч гэсэн нэхэмжлэгч компани 1 дүгээр сарын 10-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байсан. 1 сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гээд утсаа аваагүй гэж үзэж байгаа. Бид нэхэмжлэгч талтай холбогдсон. Татварын хяналт шалгалт орж байгааг мэдсэн. “Г б” ХХК-ийн хий бичигдсэн 2017 оны падаантай холбоотой шалгалт байсан. Мөн 2018 оны “Г б” ХХК-тай хий бичилттэй холбоотой хяналт шалгалт 2023 оны 1 сараас өөр 2 байцаагч дээр үүссэн. Байцаагч нар маань “Г б” ХХК хий бичилт хийгдээд цагдаа дээр шалгагдаж байсан гэдгийг мэдэж байгаа. Манай татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийг дуудахад маш хурдан ирсэн гэсэн. Нэхэмжлэгч талаас ч тэр шүүх дээр шүүхдэж байгаагаа хэлсэн. Бидний зүгээс ч гэсэн татварын байцаагч нартаа хяналт шалгалтын ажлыг маш нарийн хийгээрэй гэдгийг хэлсэн. Бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дээр 2018 онд хамаарч байгаа хий бичилттэй холбоотой хяналт шалгалт байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр баримтууд бол ************ томилолтой холбоотой материал биш, энэ 2023 онд дахин хяналт шалгалт эхэлсэн. Тэр шалгалтын материал байгаа. Тиймээс нотлох баримтаас хасуулах саналтай байна. Мөн нотлох баримтын хавсралт дээр дурдагдсан нэхэмжлэгчийн харилцаа хамаарал бүхий 6 компанийн нэг болох “Ш т э т” ХХК-д татварын хяналт шалгалт ороод акт тавигдсан. Үүний дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр хянагдаад явж байгаа. Харилцан хамаарал бүхий 2 компани шалгалтаар орсон. Мөн энэ компанид 2 дахь удаагийн шалгалт орж байгаа нь хэр эрсдэлтэй татвар төлөгч вэ гэдэг нь харагдаад байна. Нэхэмжлэгч компани татварын хуулиа биелүүлж ажилладаггүй нь 2 дахь удаагаа хяналт шалгалтаар орж байгаагаас харагдана. Нэхэмжлэгч тал манайх татвараа тайлагнасан гэж тайлбарлаж байна. Тайлагнасан болохоор нэхэмжлэгч компанийн улсад төлөх татвар буурч байгаа. Мэдэхгүй байсан гэж байна. Мэдэхгүй байсан нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Татвар төлөгч тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Буруу тайлагнасан бол дараагийн жил тайлангаа залруулах эрхтэй. Энэ компанид 2 ч удаагийн татварын хяналт шалгалт орж байгаа. Шударга татвар төлөгч байсан бол 2017 оны татвар дээр акт тавигдсан байхад 2018 оны татварын тайлангаа залруулах боломжтой байсан. Залруулаагүйгээс болж эрсдэлд суурилж дахин шалгалт орж байгаа. “Г б” ХХК-тай холбоотой хэд хэдэн компани хий бичилттэй нь тодорхой болж эрсдэлд суурилсан шалгалтад орж байгаа. Бид Төрийн албаны болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд захирагдаж ажилладаг. Татварын 3 улсын байцаагч оролцож байгаагаас 2 байцаагч нь ёс зүйн хороонд харьяалагддаг. Бид ёс зүйтэй хандаж нэхэмжлэгч талын доромжилсон байдалд удаа дараагийн шүүх хуралдаан дээр хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тухайн байгууллагын харилцан хамаарал бүхий компани хяналт шалгалтад орсон, өөрөө 2 удаагийн хяналт шалгалтад ороод байгаа нь нэхэмжлэгч татвар төлөх үүргээ биелүүлдэггүй, тайлангаа үнэн зөвөөр өгдөггүй ёс зүйгүй татвар төлөгч гэдгийг харуулж байна. Иймд нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-************ тоот нөхөн ногдуулалтын актаар 19,642,727.27 төгрөгийн нөхөн татвар, 5,892,818.18 төгрөгийн торгууль, 3,928,545.45 төгрөгийн алданги, нийт 29,464,090.9 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.
2.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээжээ.
3.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б*******, Ш.Э******* нарын 2021 оны11 дүгээр сарын 30-ны өдрийн танилцуулгад “Г б” ХХК-ийг бусад хуулийн этгээдийг төсөвт төлөх татварыг бууруулах боломж олгосон байж болзошгүй талаар дурдаж Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ.
4.Уг танилцуулгын хавсралтад нэхэмжлэгч хуулийн этгээдийг дурджээ.
5.Хариуцагч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ************ дугаар томилолтоор нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, дээрх хугацаанд хамаарах нийт 196,427,272.73 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг падаанаар худалдан авалт хийсэн мэтээр, татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заажээ.
3.Нэхэмжлэгчээс “хяналт шалгалтыг мэдэгдээгүй, худалдан авалтыг тайланд тусгасан, хий бичилт хийгээгүй” гэж, хариуцагчаас “хяналт шалгалтын талаар нягтлан бодогчид нь мэдэгдсэн, хий бичилтийг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоосон” гэж тус тус маргажээ.
4.Нэхэмжлэгчээс дээрх 4 ширхэг падаанаар нийт 196,427,272.73 төгрөгийн худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан боловч зөрчил гэж үзсэн хариуцагч нарын үндэслэл хуульд нийцжээ.
5.Учир нь дээрх 4 ширхэг падаан, кассын орлогын ордер зэрэг нь дангаар хасагдах зардлыг нотолсон шууд нотолгоо болохгүй бөгөөд бусад төлбөрийн баримтаар /гэрээ, гүйлгээ орсон, гарсныг нотлох/ давхар хөтөлбөргүй нотлогдох учиртай.
6.Нөгөөтэйгүүр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2017 оны үйл баримт тул одоо ямар нэгэн гэрээ, анхан шатны баримт байхгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
7.Татварын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 11, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өдөр тутмын тэмдэглэлүүд, Татварын улсын байцаагчийн 2022 оын 01 дүгээр сарын 11-ний өдрийн утасны тэмдэглэлд тус тус 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус хуулийн этгээдийн нягтлан бодогч Ч.П-ын *********** дугаар утсаар НӨАТ-ын хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг танилцуулсан талаар тэмдэглэсэн, Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 2 дугаар ангийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 32/60 тоот албан бичиг, түүний хавсралтад “мөн өдөр тус дугаарт 1 дуудлага хийгдсэн бөгөөд үргэлжилсэн хугацааг 02:23 минут” гэжээ.
8.Дээрхээс дүгнэвэл хариуцагч нарыг хяналт шалгалтын талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
9.Харин Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэжээ.
10.Гэтэл тухайн хяналт шалгалт нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ************* дугаар томилолтоор үүссэн бөгөөд мөн өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн нягтлан бодогчид мэдэгдсэн нь дээрх хуульд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
11.Хэдийгээр хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу 10 хоногийн өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй зөрчил байгаа хэдий ч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх, нэхэмжлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн дээрх зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны / үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны / хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тооцох хувь хэмжээг тогтоосон бөгөөд тухайн хуулиудыг хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарт холбогдох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Ш.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-**************** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ