Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Ц.Алтаншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогтбаатарын Алтаншагайд холбогдох 201716010066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, энэ жил 29 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн Жаргалант хорооллын 2-9 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Гөрөөчин овгийн Цогтбаатарын Алтаншагай. /РД: кд88080512/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Алтаншагай нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвийн Далай багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Алтаншагай мэдүүлэхдээ:” 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баярцог бид хоёр нохой зодолдуулахаар Батнямын гэрт очсон. Батнямтай уулзаад тэдний хашааг нь онгойлгоод Баярцог, Батням 2 нохойгоо дагуулаад орсон. Би хашааны гадаа үлдсэн. 2 нохой нь хоорондоо зодолдохгүй байж байгаад Батнямын нохой гэнэт Баярцогийг баруун тохойн дээрээс нь хазсан. Би Баярцогийг аваад эмнэлэг рүү очоод вакцин хийлгэх гэсэн эмнэлэгт вакцин байхгүй гэхээр нь эмнэлгээс гараад иртэл Батням бид хоёрын араас эмнэлгийн гадаа ирсэн байсан. Батнямын машинд суугаад  явж байхдаа би Батнямыг “1 шил архи аваад өгчих” гэж хэлсэн чинь Батням “чадахгүй та нар яасан даварсан хулгайчууд вэ” гээд, хэрүүл маргаан үүссэн. Ганбаярын дэлгүүрийн үүдэнд очиж буусан чинь Батням “та 2 наашаа ороод ир” гэж хэлсэн. Араас нь хашаа руу нь дагаад орсон чинь Батням түрүүлж яваад уяатай байсан нохойны цаанаас мод барьж гарч ирээд над руу дөхсөн. Би ухарсан чинь шууд над руу ирээд миний баруун талын бөөр, нурууны орчимд цохисон. Мод нь голоороо хугарахаар нь би модыг нь автал Батням хашаанаасаа гараад гүйгээд явсан. Баярцог бид 2 араас нь гараад очиход Батням “та 2 байж байгаарай” гээд гэр рүүгээ гүйгээд орсон. Бид 2 Ганбаярын дэлгүүрийн үүдэнд сууж байхад Батням бейсболын цохиур барьж гарч ирээд намайг цохих гээд далайхад нь би цохиуртай гарыг нь барихад намайг мөргөөд газарт унагаасан. Намайг босохын хооронд Баярцогийн нурууг цохиураараа цохиод газарт унагаасан. Би Батнямын цохиурыг булааж аваад, Батнямын мөр рүү нь цохиход доошоо тонгойгоод толгойдоо цохиулсан. Доошоо суухад нь би нэг өшиглөсөн гэхдээ Батнямыг оноогүй. Тэгээд би цохиурыг нь эхнэр Уянгаад нь өгөөд дэлгүүрийн гадаа сууж байхад Батням сууж байгаад машинаа унаад хашаа руугаа орж байсан. Би тухайн үед Батнямын биеийг зүгээр байна гэж бодож байсан. Удалгүй цагдаа ирээд Баярцог бид хоёрыг авч явсан. ...Хохирол төлбөрт эхлээд 5,000,000 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч, дараа нь 2,000,000 төгрөгийг эгчийнхээ малын зээлийг авч нийт 7,000,000 төгрөгийг өгсөн.... Батнямд гэмтэл учруулсандаа гэмшиж байна, надаас болж энэ маргаан гарсан.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудаст/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22 дугаар хуудаст/

Хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 23-26 дугаар хуудаст/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 27 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Баярцогийн мэдүүлэгт:“..Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ....Эмнэлэгт тариа байхгүй гээд буцаад гараад ирсэн чинь Батнямтай эмнэлгийн үүдэнд таараад гэртээ хүргүүлье гээд Батнямын машинд Алтаншагай бид хоёр суугаад Ганбаярын дэлгүүрийн үүдэнд очоод бууцгаасан. Үүнээс өмнө машинд байхад Алтаншагай Батнямыг ганц шил архи аваад өгчих гэж хэлж байсан. Батням үгүй, яахаараа архи авч өгдөг юм гэж уурлаад машинаас буусан байсан.Тэгээд Батням хашаа руугаа ороод хаанаас авсан бүү мэд нэг урт мод бариад буцаж ирээд Алтаншагайгийн нуруу руу нь цохиж, модоо хугалсан. Алтаншагай тэр модыг нь булаагаад авсан чинь Батням буцаад зугтааж байхдаа та хоёр байж байгаарай гээд буцаад гэрлүүгээ явах шиг болсон, бид хоёр хашааны гадаа зогсож байсан чинь Батням бэйсболын цохиур бариад гарч ирэхээр нь Алтаншагай цохиурыг нь булааж авах гээд зууралдаж байгаад Батням Алтаншагайг мөргөсөн. Би бас цохиурыг нь авах гээд хөөцөлдөөд ухарч байхдаа цохиураар миний зүүн талын хавирга орчимд цохисон. Би зүүн талын дэлгүүрийн хажууд очоод эвхрээд суучихсан тэгээд тэндээ унтаж байсан. Би дэлгүүрийн үүдэнд эвхрээд сууж байхдаа урагшаа харсан чинь Батням зам дээр сууж байсан. Тэгээд нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн байсан. Би зүүн талынхаа хавирган дээрээ бэйсболын цохиураар нэг удаа цохиулснаас болж хавирга орчимд гэмтэл учирсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Намайг Батням нэг удаа бэйсболын цохиураар цохисон....” /хх-ийн 30-31 дүгээр хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Алтаншагайгийн мэдүүлэгт:“....Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ....Батням хашааныхаа хойд талаас нохой уяаны орчмоос прүс хэлбэртэй мод аваад бид хоёр луу дөхөж ирсэн, бид хоёр арагшаа ухарсан чинь миний нуруу бөөр орчимд нэг удаа цохисон, мод нь голоороо хугарсан. Батнямын гарт нь үлдсэн хугархай модны үзүүрээс барьж аваад модыг нь Батнямаас би булааж авсан. Тэгсэн Батням хашаанаасаа гүйж зугтааж гараад хашааны гадаа гарчихаар нь бид хоёр араас нь гараад ирсэн чинь Батням бид хоёрыг байж байгаараа гэж хэлчихээд хашаа руугаа гүйгээд орчихсон, энэ хооронд Баярцог бид хоёр Ганбаярын дэлгүүрийн үүдэнд оччихсон байж байсан чинь Батням араас бэйсболын цохиур бариад гараад ирсэн. Тэгээд намайг цохих гээд цохиураараа далайхаар нь би цохиурнаас нь бариад авсан. Тэгээд цохиур булааж байх үедээ Батням намайг мөргөж, цохиуртай хамт намайг татаж газар унагасан. Дараа нь Батням бэйсболын цохиураар Баярцогийн нуруу орчимд нь цохьсон, тэгэхээр нь би босч очоод цохиураас нь барьж, цохиур төмрийг булааж аваад төмрөөр Батнямын зүүн талын хүзүү, чих орчимд нь нэг удаа цохьсон. Батням дороо газар суусан, дараа нь би хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэр нь оноогүй. Тэгээд би дэлгүүрийн үүдэнд очоод суусан. Батням машиндаа суугаад машинтайгаа хашаа руу орсон. Дараа нь цагдаа ирээд Баярцог бид хоёрыг аваад явсан. Батням миний нуруу болон зүүн талын бөөр орчимд модоор нэг удаа цохьсон мод нь голоороо хугарсан. Баруун талын нүд рүү мөргөсөн, мөн газар татаж унагаасан. Миний биед нуруу орчимд зөөлөн эдийн гэмтэл учирсан, нуруу сайн хөдөлж болохгүй байгаа. Баруун нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн талын цээж орчимд хөндүүртэй амьсгаа авахад хөндүүртэй байгаа....” /хх-ийн 34 дүгээр хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батнямын мэдүүлэгт: “....Би байцаалтаа өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй. ....Би хашаа руу гүйж орсон, араас Баярцог, Алтаншагай хоёр хашаанд орж ирээд надтай зодолдох гээд дарсан, би арагшаа ухарч байгаад хашаан дотор нохой уяаны хажуунаас мод аваад Алтаншагайг нэг удаа мөр орчимд нь цохисон, мод голоороо хугарсан, хугарсан модны нэг хугархайг Алтаншагай авсан, түүнээс хойш хашаанд хэсэг хугацаанд бид нар хоорондоо зодолдсон, би яаж зодолдсоноо сайн санахгүй байна. Гар, хөл мод чулуугаар зодолдсон, тэгж байгаад Баярцог, Алтаншагай хоёр модоо бариад хашааны гадаа гарчихсан байсан би араас нь бэйсболын цохиур аваад хашаанаас гарч очоод Баярцогийг нэг удаа зүүн хавирга орчимд нь цохисон, дараа нь Баярцог намайг модоор цохисон, би баруун гараараа толгойгоо хамгаалсан, миний баруун гар атгаж болохгүй болсон. Дараа нь Алтаншагай надтай ирээд зууралдсан, энэ үед Баярцог модоор цохиод байсан. Миний зүүн гарын сарвуу атгаж чадахгүй болчихсон байсан. Тэгээд гар атгаж чадахгүй болж, цохиур төмрийг Алтаншагайд алдсан. Дараа нь би тэр 2-оос холдож, зугтааж байгаад нэг мэдсэн газар уначихсан байсан. Би босох гэсэн чинь босч чадахгүй байхад Алтаншагай намайг өшиглөж байсан санагдаж байна....” /хх-ийн 38 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэгт: “...Өөрийн суудаг барааны дэлгүүр орох гээд гараад ирсэн чинь дэлгүүрийн зүүн талын хашааны урд талд Батням, Алтаншагай, Баярцог гурав маргалдаад гурвуулаа зогсож байсан. Тэгээд би дэлгүүрт Батнямын эхнэр Уянгаад Батням гадаа хүнтэй маргалдаад байна гэж хэл гэж хэлээд нэгдүгээр ангийн эрэгтэй хүүхэд явж байхаар нь хэлүүлчихээд би өөрөө барааныхаа дэлгүүр рүү орсон байсан. Тэгээд дараа нь би дэлгүүрээсээ гараад ирсэн чинь Тулга дэлгүүрийн урд талын зам дээр Батням газар уначихсан, эхнэр Уянга нь хажууд нь оччихсон байсан....” /хх-ийн 47 дугаар хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ганбаярын мэдүүлэгт: “....Батням баруун гартаа бейсболын цохиур барьчихсан байсан, тэгснээ бие биенээ түлхэлцсэнээ Батням цохиураар Алтаншагайг цохихоор ширвэсэн. Тэр хоёрын цаана Баярцог банз барьчихсан ойртоод иртэл Батням хоёр гараараа цохиураа барьж далайж байгаад Баярцогийн бөөр хавьцаа нилээд жинтэй нэг удаа цохьсон. Батнямд цохиулаад Баярцог дахиж тэр хоёр луу ойртоогүй. Тэр үед Алтаншагай цохиураас нь барьж, Батнямтай цохиурыг нь булаацалдсан. Тэр үед Батням цохиураа татаад Алтаншагайгийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Алтаншагай түүнд мөргүүлээд цохиураасаа чирэгдэх үед нь Батням цохиураа алдаад ухраад зугтсан. Атаншагай цохиурыг барьж аваад Батнямыг хөөтөл Батням ухарч явж байгаад замын ховилд бүдрээд хөл алдаад эргээд харах үед нь Алтаншагай бейсболын цохиураар тийм ч их хүчтэй биш саваад цохьсон. Цохиурын үзүүр Батнямын зүүн эрүү, шанаа орчим руу нь онох шиг болсон. Батням Алтаншагайд цохиулаад баруун талаараа газар унасан. Тэр үед Батнямын эхнэр Уянга ирж, Алтаншагайгаас цохиурыг нь авсан...” /хх-ийн 50-51 дүгээр хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Уянгаагийн мэдүүлэгт: “....Батнямын толгой руу Алтаншагай юмаар цохиод унагаж харагдсан. Унасан хойно Алтаншагай нөхрийг маань өшиглөж байсан. Би дундуур нь ороод хорьсон. Алтаншагайгийн барьсан юмыг би салгаж авсан. Тэр үед манай нөхөр унасан газраасаа босоод цаашаа очоод толгойгоо бариад суугаад байсан...” /хх-ийн 54 дүгээр хуудаст/

Мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн шинжээчийн 5204 дугаартай дүгнэлт: “... 1. Г.Батнямын биед зүүн чамархайн ясны антрумын ар ханын хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.” /хх-ийн 65 дугаар хуудаст/

Шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 268 дугаар дүгнэлт: “...1. Г.Батнямын биед зүүн чамархайн ясны антрумын ар ханын хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Шинжээч эмч М.Золжаргалын гаргасан 5204 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх-ийн 67-68 дугаар хуудаст/

Шүүгдэгч Ц.Алтаншагайн хувийн байдлыг нотлох Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 128/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 132/, Өмнөговь аймгийн Манлай сумын 2-р багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 130/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 136/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Алтаншагай нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын төвийн Далай багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Батнямын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг / хх-ийн 47, 50-51, 54 дүгээр хуудас/, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5204 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Алтаншагайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтаншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөн Ц.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын орлогогүй, хохирогчид төлсөн хохирол төлбөрийг ар гэрийн туслалцаа дэмжлэгтэй төлж барагдуулсан зэрэг түүний эдийн засгийн чадавхийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан торгох болон хорих ялын төрлөөс хорих ялыг сонгон ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заанаар Ц.Алтаншагайд тус хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял онгдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтаншагайн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Г.Батнямд эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Алтаншагайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ц.Алтаншагайд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Шүүгдэгч Ц.Алтаншагайд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйл үгүй, Ц.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Алтаншагайн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мод, 1 ширхэг бейсболын цохиур, хохирогч Г.Батнямын өмсөж явсан гэх майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, КТГ-ын 6 ширхэг зураг, 1 ширхэг CD-г хохирогч Г.Батнямд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Ц.Алтаншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Гөрөөчин овогт Цогтбаатарын Алтаншагайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.7 дугаар зүйлийн 1.3, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтаншагайг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Алтаншагайд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.Алтаншагай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батнямд 7,000,000 /долоон сая/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Алтаншагайн эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Алтаншагайн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг мод, 1 ширхэг бейсболын цохиур, хохирогч Г.Батнямын өмсөж явсан гэх майкыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, КТГ-ын 6 ширхэг зураг, 1 ширхэг CD-г хохирогч Г.Батнямд буцаан олгохоор тогтоосугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Алтаншагайд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН