| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0202/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/208 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2539003440204 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А.....” караокены гадна Р.Б нүүрэн тус газарт нь цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539003440204 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Б : “...Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.
1.Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А.....” караокены гадна Р.Б нүүрэн тус газарт нь цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр тал),
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-14 дүгээр тал),
-Хохирогч Р.Б “...Би 2025 оны 3 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд хоёр найз болох А, А нарын хамт Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “А.....” караокед орж бид нар тэнд нэлээн сууж 2.5 литрийн савлагаатай том пиво 2 ширхгийг авч уугаад тэгээд орой болтол байсан юм. Тэгээд шөнө 01 цагийн орчимд би найз А хамт тамхи татахаар гарсан юм. Тэгээд гадаа байж байхад үл таних 3 залуутай маргалдсан тухайн үед яг юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л нэг нь намайг цохиод авсан. Тэгээд манай найз А салгаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед би газар унасан хойно нөгөө 3 залуучууд хоорондоо наадах чинь баашлаад хэвтээд байгаа юм биш үү наадах чинь ямар яав л гэж гээд яриад байсан юм. Миний бодлоор бол тэнд байсан намхан шар царайтай залуу нь намайг гэнэт л цохиж унагасан. Тэгээд миний зүүн нүдний дээд хэсгээс шууд цус гараад эхэлсэн юм. Би яг юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед тэр 3 залуу байсан. Бас манай найз А дотроос гарч ирсэн. Мөн манай найз А бас байсан юм. Өөр хүн байгаагүй. Би тухайн шөнө нь нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж үзүүлээд зүүн хөмсөгний хажуу талд 1 ширхэг оёдол тавиулсан мөн миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байна. Би шүүхийн шинжилгээний байгууллагад үзүүлж дүгнэлт гаргуулна. Би тэр хүмүүст огт гар хүрээгүй тэд нарын биед халдсан зүйл байхгүй. Би хуулийн дагуу шалгуулмаар байна... Би тухайн хүнд зодуулсны улмаас Улаанбаатар хотод очиж хувийн эмнэлэгт үзүүлэхэд 300,000 орчим төгрөгийн зардал гарсан. Би тухайн мөнгийг өөрөөсөө гаргасан. Мөн хамрын эмч намайг дахин ирж хагалгаанд ор гэж хэлсэн. Тухайн хагалгааны зардал хэд болохыг мэдэхгүй байна. Би өөрөөсөө гаргасан 300,000 орчим төгрөг болон хагалгааны зардлыг намайг зодсон хүнээс нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар тал),
-Гэрч О.О-н “...Би 2025 оны 3 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Хоёр найз болох Б Н нарын хамт Хэнтий аймгийн Х суманд үйл ажиллагаа явуулдаг “А.....” гэх караокены хойд талд явж байтал манай танил ах болох Д ах ажлынхаа гадаа 2 хүнтэй барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь бид 3 очоод салгах гэж байхад Д ах хойноос нь татаад унагаачихсан. Д ахын татаж унагасан ах газарт унаад 1-2 минут орчим хэвтэж байгаад гэнэт босож ирээд манай найз Б заамдаад бариад авсан. Тухайн ахыг босож ирэхэд нь хамраас нь цус гарсан байсан. Тэгээд манай найз Б та хүн андуураад байна би таныг ийм болгоогүй гээд дахиад түлхэхэд дахиад унаад өгсөн. Бас л ойролцоогоор 1-2 минут газарт хэвтэж байтал 2 цагдаа хүрээд ирсэн. Тэгээд тухайн 2 цагдаа Д ах, Б тухайн согтуу ах, тэр ахын 2 найз /нэг эмэгтэй, нэг залуу/ Н бид нарыг дахиж нэг цагдаагийн машин ирээд бүгдийг цагдаагийн газарт авч ирсэн. Бид 3-ыг очиход Д ах тухайн 2 ахтай хэрэлдээд байж байсан. Юунаас болж хэрэлдсэн гэдгийг мэдэхгүй. Миний сонссоноор тухайн согтуу ах нар дотогшоо орно гээд байсан. Харин Д ах их согтолттой хүнд үйлчлэхгүй гээд байх шиг байсан. Тухайн газар унаж өгөөд байсан ах ер нь маш их согтолттой харагдсан. Тухайн хүнийг Д ах хойноос нь татаад унагаахад тэр ахын хамраас цус гарчихсан. Харин тэр ах гэнэт босож ирээд манай найз Б заамдаад бариад авсан. Тэгээд манай найз Б та хүн андуураад байна би таныг ийм болгоогүй гээд дахиад түлхэхэд дахиад унаад өгсөн. Бас л ойролцоогоор 1-2 минут газарт хэвтэж. Биднийг анх очиход тэр ахын хамар нь цус болоогүй байсан. Харин Д ах түлхсэний дараа босож ирэхэд нь хамар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-31 дүгээр тал),
-Гэрч Х.Н ын “...Би өөрийн 2 найз болох Б О нарын хамт Хэнтий аймгийн Х суманд үйл ажиллагаа явуулдаг “А.....” гэх караокены хойд талд явж байтал манай найз Б Д ах ажлынхаа гадаа 2 хүнтэй муудаад байх шиг байна очиж харъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 очоод салгах гэж байхад Д ах хойноос нь татаад унагаачихсан. Д ахын татаж унагасан ах газарт унаад 1-2 минут орчим хэвтэж байгаад гэнэт босож ирээд манай найз Б руу чи намайг цохилоо гээд заамдаад дайраад байсан. Тухайн ахыг босож ирэхэд нь нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд Б би таныг цохиогүй гээд түлхээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч Р.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 133,812 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “...1.Р.Б биед зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хөмсөгт шарх гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Дээрх зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт сорви, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 65-67 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Б эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун сарвуунд шарх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Р.Б нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд баримтаар 202,680 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 100,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 134,900 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б аас үлдэх 102,880 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч нь баримтаар 202,680 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 100,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 134,900 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б аас 102,880 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН